Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

 

 

 

 

  2022         11        09                                         2022/ДШМ/21

 

   Н.Эд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Н.Энхтулга,

Яллагдагчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/493 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Энхтулгын гаргасан эсэргүүцлээр Н.Эд холбогдох 2238000000272 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овогт Наранцэцэгийн Э, ….. оны .... дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, . настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ................сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............................../.

Н.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед хохирогч Б.Хийн нүүр хэсэгт чулуу шидэж тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/493 дугаар захирамжаар яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Наранцэцэгийн Эд холбогдох эрүүгийн 2238000000272 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.

Прокурор Н.Энхтулга эсэргүүцэлдээ: ...Шүүхээс буцаасан үндэслэлийн тухайд

1.Яллагдагч Н.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Х, гэрч Х.Цэцэгдарь нарын мэдүүлгийн зөрүүг гаргах,

2.Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн, хэн үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Иймд мөрдөн шалгах туршилт хийж гэмт хэрэг гарсан газрыг тодруулах нь зүйтэй,

3.Насанд хүрээгүй гэрч Х.Э-д нь 5 настай иргэний эрх зүйн чадамжгүй байхад гэрчээр мэдүүлэг авч, таньж олуулах ажиллагаа явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна. Иймд гэрчээр мэдүүлэг авч, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн ба шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, шүүх зөв үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Үүнд:

1.Хохирогч Б.Х нь гэмт хэрэг гарсан даруйд эмнэлэгт хандаж эмчилгээ, үйлчилгээ авч, цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шууд нэрлэж заасан бөгөөд хэрэгт ээдрээ төвөгтэй, эргэлзээтэй байдал үүсээгүй байна.

Яллагдагч Н.Э нь өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, хэргийг нотлох үүргийг хүлээгүй бөгөөд яллагдагчаас бусад хүний мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудад ноцтой зөрүү тогтоогдоогүй.

2.Хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Хийн мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар тал/, гэрч Х.Цийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Х.Эын мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/, гэрч А.Бгийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, шинжээч эмч Г.А мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Эын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь бүрэн нотлогдсон бөгөөд Н.Эд холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон.

Тухайн хэрэг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр буюу 6 сарын өмнө гарсан тул насанд хүрээгүй гэрч Х.Э /5 настай/ нь биеийн хувьд өсөж, өндөр болсон, тухайн цаг хугацаанаас хойш өөрчлөгдсөн тул туршилтаар тухайн үйл явдлыг хэрэг гарах үед байснаар нь сэргээн дүрслэх боломжгүй, туршилт явуулснаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөн шалгах туршилт явуулахдаа хүний ...эрүүл мэндэд хохирол учруулахыг хориглоно” гэж заасан.

3.Шүүгчийн захирамжид насанд хүрээгүй гэрч Х.Э нь 5 настай иргэний эрх зүйн чадамжгүй байхад гэрчээр мэдүүлэг авч, таньж олуулах ажиллагаа явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж дүгнэсэн боловч ямар хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн талаар дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах талаар насны доод хязгаарыг зааж хориглосон заалт байхгүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой тул Х.Эоос мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан байна.

Нэгэнт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн бол хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Н.Эын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Х, гэрч Х.Ць нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа болон гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар хэлэлцэгдээгүй байхад шүүгч хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлд дээрх үндэслэлийг оруулж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь шүүхээс хэргийг буцааж хохирогч болон хэргийн оролцогч нарыг чирэгдүүлдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагддаг байдлыг арилгахад чиглэгдсэн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/493 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон эсэргүүцэл бичив гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зөрөөтэй байдаг бөгөөд мэдүүлгийн зөрөөг арилгахын тулд тэднийг нүүрэлүүлж мэдүүлэг авах ёстой гэж үзэж байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/493 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай яллах дүгнэлтээр Н.Эыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед чулуу шидэж хохирогч Б.Хийн нүүр хэсэгт онож тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих зүйл бүрэн нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагааг хийгээгүй, гэмт хэрэг гарсан эсэх, гарсан бол гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн болохыг шалгаж хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Иймд “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Улсын Их Хурал 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/493 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ        

                             ШҮҮГЧИД                              Б.СОСОРБАРАМ    

                                                                            Н.БАЯРХҮҮ