Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2023/0040/З |
Дугаар | 125/ШШ2024/0013 |
Огноо | 2024-02-29 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ2024/0013
2024 02 29 125/ШШ2024/0013
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн *******т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* (цахимаар), Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* (цахимаар), Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлах 2800 кв метр газрыг ирэн эзэмшүүлжээ.
1.2. Иргэн , нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар ийн эзэмшлийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлах 2800 кв метр газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлж, ойжуулалтын зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
1.3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч ******* багтсан байна.
1.4. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн маргаан бүхий газар хамаарах Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлах 2800 кв метр газрыг ойжуулах зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар нийт 36 айлын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тухайн захирамжийн хавсралт хэсэгт миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.Тухайн захирамж гарсныг надад мэдэгдээгүй, хөрш айлаасаа сонссон юм. Дээрх Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжид дурдсанаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь газар эзэмших гэрээгээ удаа дараа зөрчөөгүй, газраа зориулалтын бусаар ашиглаж байгаагүй, газрын төлбөрөө зохих журмын дагуу төлөөд явж байсан бөгөө ямар ч байгаль орчны байцаагч болон мэргэжилтний дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй болно.
Тухайн газрыг 2021 онд ХХК-нд хандаж хэрхэн нөхөн сэргээх мод үржүүлэх талаар хамтран ажиллаж зөвлөгөө аваад тухайн зөвлөгөөг хэрэгжүүлж зохих хөрөнгө мөнгө зарцуулж, арчилж хамгаалж, худаг гаргаж хашаа хайс татаж, манаач авч ажиллуулан цалинжуулж ирсэн. 2020 оноос хойш Ковид-19 халдварт өвчний үед бүх нийтийн хорио цээрийн дэглэм үйлчилж байсан.
Хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохоосоо өмнө сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.Сонсох ажиллагаа хийгээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авч архивын баримт болон газар эзэмшүүлэх тухай хувийн хэрэгтэй танилцаж, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргаж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, үүнтэй холбогдуулан хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ гомдолтой байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг заасан бөгөөд хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэснийг Засаг дарга дээрх шийдвэр гаргах ажиллагаандаа баримтлаагүй.
Захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байхаас гадна тодорхой ойлгомжтой байх шаардлагатай. Гэтэл дээрх захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтын яг аль хэсгийг нь зөрчсөн гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй байна.
Маргаан бүхий дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж манай эзэмшлийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тогтоолууд гаргасан байна. Энэхүү шийдвэр нь миний Монгол улсын Үндсэн хуульд заасан эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд энэхүү эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын дугаар бүхий 2800 кв метр талбай бүхий газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар 11 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2022/08455 тоот гэрээ байгуулагдсан.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон.
Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 сарын 13-ны өдрийн А/65 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан.Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2022/08455 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг.
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.
Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2021 оны 44832, 2022 оны 100872, 2023 оны 212872 төгрөгийг маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэхэмжлэгчийн газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж улсын байцаагчийн 2023 оны 6 сарын 12-ны өдрийн 02-32-04/102/17 дугаартай дүгнэлтээр “...******* нь ойжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй...” гэсэн дүгнэлт гарсан тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1-д заасныг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.
Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.
Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаяг байрлалтай, тоот нэгж талбарын дугаартай 2800 кв метр талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
2.3. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* нь Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр болон Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Төгөлдөр нартай утсаар ярьж биечлэн уулзахаар болсон байдаг. Гэвч нэхэмжлэгч нь товлосон цагтаа ирээгүй тул хариуцагч талаас эвлэрэх боломжгүй, шүүх хурлаар шийдвэрлүүлье гэх хариу өгсөн. Үүнийг би өнөөдөр шүүх хуралдаан дээр дамжуулж хэлж байна.
Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт миний бие орж ойн бүсэд газар эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшлийн байдалд хяналт шалгалт хийх үедээ зөрчлийн талаар *******ийн нөхөрт хэлж байсан. 2022 оны 10 сарын 19-ны өдрийн дүгнэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ний үед утсаар ярьж мэдэгдэж байсан.
Нэхэмжлэгч ******* нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, шинээр мод тариагүй, хуучин тарьсан мод ургасан байдалтай байсан. Мөн гэрээгээ дүгнүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байсан ба энэ талаар хэрэгт баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.4. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******т Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар ойжуулалтын зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг. Уг газар эзэмшигчийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн тухайд гэвэл нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Газар эзэмшүүлэх гэрээний 2.3-д газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлнө, 2.4-д газар эзэмшүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс газрын төлбөр хийх хугацааг тооцно, 2.5-д нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх бол гэрээнд өөрчлөлт орлон оруулна, 4.5-д газрын төлбөрийн ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө гэж тус тус заасан. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газар эзэмшигч нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөхөөр үүрэг болгосонтой холбогдуулан газар эзэмших гэрээнд дээрх заалтуудыг тусгасан.
Гэтэл нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2021, 2022, 2023 оны газрын төлбөрийг захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмшигч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар дүгнэлтээр ******* нь “ойжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй” нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, гэрээний 3.1, 4.1 дэх заалтуудыг зөрчсөн болохыг нь тогтоосон тул энэ үндэслэлээр хүчингүй болгосон байгаа.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчийн үүргийг тусгайлан нэрлэн заасан. Үүнд: Гэрээний 4.11-т “газар эзэмшигч нь гэрээг дүгнүүлэх”, 7.2-т “газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдөр тайлагнах” үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан. Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтийг тайлагнаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.5. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.
Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.
Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 3 үндэслэлээр мэтгэлцсэн. Нэгдүгээрт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжаар *******ийн ойн бүсэд холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Маргаан бүхий актын хувьд сонсох ажиллагааг хийгдээгүй байдаг. Уг маргаан бүхий сонсох ажиллагааг фейсбүүк сайтад тавьсан нь сонсох ажиллагаа хийсэн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа. Энэ захиргааны ерөнхий хуульд заасан сонсох мэдэгдэх ажиллагаа биш юм. Тухайн хариуцагч байгууллагын өөрийнх нь цахим сайтад тавьсан мэдээлэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг нь тогтоогдоогүй учир сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Хоёрдугаарт: Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Хариуцагчийн зүгээс тайлбар ирүүлэхдээ нэхэмжлэгчийг 3 жилийн газрын төлбөрийг төлөөгүй гэх тайлбар хэлдэг. Үүнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг явуулаагүй, хариуцагч нарын зүгээс сонсох ажиллагаа явуулсан гэдэг гэхдээ уг сонсох ажиллагааг татварын албанаас нэхэмжлэх үүсгэсэн нь өөрөө сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг. Гэтэл сонсох ажиллагаа гэдэг нь нэхэмжлэл үүсгэсэн байдлыг хэлдэггүй юм. Сонсох ажиллагаа явуулсан бол энэ талаар тэмдэглэл үйлдсэн байхыг сонсох ажиллагаа гэж хэлж байгаа. Мөн тухайн Татварын алба нь сонсох ажиллагаа явуулах эрхтэй этгээд биш, маргаан бүхий захиргааны актыг гаргаж гэж байгаа этгээд сонсох ажиллагааг хийх ёстой. Тухайн эрх ашгийг хөндөж бай этгээд нь өөрөө сонсох ажиллагааг явуулна. Уг этгээд сонсох ажиллагаа явуулсан талаарх баримт хэрэгт байхгүй учир хариуцагчийн хэлж байгаа сонсох ажиллагаа хийсэн гэж ярьж байгаа нь хууль бус юм.
Гуравдугаарт: Маргаан бүхий газрыг зориулалтыг бусаар ашигласан гэх үндэслэл дээр сонсох ажиллагааг хариуцагчийн зүгээс явуулсан юм уу? явуулаагүй юм уу, хэн явуулсан гэдэг зүйл заавал яригдана. Сонсох ажиллагаа гэдэг нь зүгээр утсаар ярьсан, утас руу нь залгаад утсаа аваагүй гэх тэмдэглэл үйлдэх нь сонсох ажиллагааг явуулсанд тооцогдохгүй. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг яаж явуулсан талаар асуухад 2022, 2023 онуудын улсын байцаагчийн дүгнэлт нь хүчин төгөлдөр байгаа. Энэ нь сонсох ажиллагаа гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хариуцагчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн захирамж гарах байдлаар улсын байцаагчийн дүгнэлтийг талуудад мэдэгдээгүй, гардуулаагүй гардуулсан эсэх талаар баримт хэрэгт байхгүй байгаа.
Шүүхээс нотлох баримтыг шинжлэн судалсан ******* гэдэг хүний хувьд 2020 оны 04 дүгээр сард захирамж гарч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээгээ авч гэрээгээ байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн *******ийн газрын тухай хуульд заасан эрх, үүрэг нь хэрэгжээд явна. *******ийн газар эзэмших гэрчилгээ дээр ойжуулалт, нөхөн сэргээх гэсэн зориулалтай, харин захирамж дээрээ ойжуулалт гэсэн зориулалтай. 2023 онд цахим системээс гаргаж өгсөн баримт дээр мод үржүүлгийн зориулалтай гэх 3 өөр зориулалтаар захиргааны байгууллага өөрийнхөө албан бичгийг ойлгомжгүй байдлаар гаргасан байна.
Захиргааны байгууллагын шийдвэр нь өөрөө хуульд нийцэн ойлгомжтой, тодорхой байх ёстой. Гэтэл захиргааны байгууллага нь буруу тайлбарлачхаад өнөөдөр шүүх хуралдаан дээр энэ зориулалт нь зөв гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь буруу юм. Хэдэн онд ямар ямар үйл ажиллагаа явуулах талаараа гэрээндээ тодорхой тусгасан байх ёстой. Жишээ нь ойжуулалт гэж ийм ийм зүйл хийсэн байхыг хэлнэ, ийм ийм зүйлийг нөхөн сэргээлт хийсэн гэж үзнэ гэдэг байдлаа тодорхой тусгаж өгөх нь тухайн захиргааны байгууллагын үүрэг юм.Гэтэл хариуцагчийн зүгээс мод үржүүлэг буюу ойжуулалтынхаа талаар тодорхой хариулт өгч чадахгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрын ямар байдалтай авсан нь хэрэгт байгаа гэрэл зургаар тогтоогдож байгаа. 2023 оны 06 дугаар сард шүүхээс үзлэг хийх үед маргаан бүхий газарт худаг гаргасан. Худаг гаргасны улмаас ногоон ургаж, өнгө үзэмж сэргэсэн байдалтай байсан. Мөн улсын байцаагч нарын дүгнэлтээр марган бүхий газар нь нөхөн сэргэсэн гэх дүгнэлт зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Дөрөвдүгээрт: Маргаан бүхий газрыг огт ашиглаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Хариуцагчийн зүгээс тухайн газрын зуслангийн зориулалтаар ашигласан гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл хуульд зуслангийн зориулалтаар ашиглах гэх заалт байдаггүй. Үүнийг хариуцагч тал өөрөө нотолж тогтоогоогүй.*******ийн хувьд маргаан бүхий газрыг хашаалаад гэр барьж харуул хамгаалалтай байгааг нь зуслангийн зориулалттай ашигласан гэж үзэх юм уу? нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрыг нөхөн сэргээх үүднээс худаг гаргаж, хашаалж хамгаалсан. Хашаалж хамгаалсны үүднээс маргаан бүхий газар нь нөхөн сэргэсэн байгаа шүү.
Иймд захиргааны ерөнхий хууль болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.7. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч ******* нь 2021 оны газрын төлбөр 43,832 төгрөг, 2022 оны газрын төлбөр 26,040 төгрөг, 2023 оны газрын төлбөр 112,000 төгрөг, нийт 212,872 төгрөгийн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөөгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс газрын төлбөрийн төлөөгүй бол 30 хоногийн дотор газрын төлбөр төл гэж хэлэхгүй яасан бэ гэх байдлаар тайлбарлаж байна. Газрын тухай хуульд тухайн газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ гэж заасан. Гэрээнд тодорхой нөхцөл болзолтойгоор буюу газрын төлбөрийг хугацаанд нь төлнө, зориулалтын дагуу ашиглана гэх болзолтойгоор маргаан бүхий газрын эзэмшүүлсэн байдаг.
Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдэнэ гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Үүнийг хариуцагчийн зүгээс нууж байгаад гэнэт гараад ирсэн зүйл огт биш. Нэхэмжлэгчийн хувьд 2020, 2021, 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй байх буюу хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн бусдаас шалтгаалан газрын төлбөрөө төлөөгүй гэх баримт нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс сонсох ажиллагааг хийгээгүй гэж ярьж байна. Сонсох ажиллагааны хувьд 2022 оны 12 дугаар 21-ний өдөр нэхэмжлэгчтэй утсаар холбогдож “...газрын хуульд зөрчсөн байна, ирээд уулзаарай” гэдэг байдлаар буюу тайлбар гаргах боломжийг нэхэмжлэгчид олгосон. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар тайлбараа гаргаж өгөөгүй. Төрийн байгууллага буюу эрх бүхийн албан тушаалтнууд удаа дараа шалгалт хийж байх үед нэхэмжлэгч энэ талаар маргаан үүсгээгүй байж гэнэт маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа ингэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм.
2023 онд хийж байсан үзлэгээр маргаан бүхий газрын зуслангийн зориулалтаар ашиглаж байсан. Гэтэл үүнийг өмгөөлөгч нь гуйвуулан ярьж байгаа нь үндэслэлгүй юм.
Татварын албанаас баримт ирүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь мөн төлбөрийг төлөөгүй, хуулийн хугацаанд нэхэмжлэхийг үүсгэж байсан нь тогтоогдож байгаа.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар заасан.
Нэхэмжлэгч нь 2020 онд болон 2022 онд газар эзэмших цахим гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний нөхцөл огт өөрчлөгдөөгүй байгаа. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх, зориулалтыг дагуу ашиглах гэх мэт нөхцөлүүд гэрээнд байгаа. Үүнийг хариуцагчийн зүгээс өөрчилсөн зүйл байхгүй юм.
Цахимтай холбоотой Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын геодези зураг зүйн газрын 2021 оны А/187 дугаартай тушаалаар нэхэмжлэгч нь гэрээний нөхцөл болзолтой танилцах үүрэг нь хэм хэмжээний актад тусгагдсан байгаа. Хуулийг мэдэхгүй байгаа нь үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Газрын төлбөрийн алдангийг нэмэгдүүлэх эрх нь газрын албанд алданги тооцох эрх байгүй. Хэрэв алданги тооцох асуудал байгаа бол түүнийг татварын алба тооцох ёстой.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.8. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч : Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. гэж заасны дагуу дараах нотлох баримтад үндэслэж тайлбараа гаргая.
Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай”, мөн өдрийн 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж харж байгаа. яагаад гэвэл Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэх үед буюу цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай тогтоол гарах үед Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын захиргааны акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Хүчингүй болсон буюу хүчингүй болгосон албан тушаалтныг шийдвэр болон шүүхийн шийдвэр байгаагүй.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 13/05, 13/15 дугаар тогтоолуудыг гаргасан ба энэ тогтоолуудыг гаргахад процессын болон ямар нэгэн алдаа гараагүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар баталж, эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх тогтоолуудыг гаргасан. Хууль зөрчсөн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн маргаан бүхий А/283 дугаартай захирамжийн талаар нэг зүйлийг хэлье.
Хэрэгт авагдсан нотлох баримтад татварын төлбөр төлөөгүй нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан тоотоор нэхэмжлэгч нь 2020-2023 оны хооронд газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдсон. Мөн Ховд аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотын хавсралтаар нэхэмжлэгч ******* нь 2021, 2022, 2023 онуудын газрын төлбөрөө төлөөгүй болох нь харагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэгдсэн системээс авсан 2 хуудас баримаар нэхэмжлэлийн дугаар зураг баримтууд нь таарч байгаа. Нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй болох нь харагдаж байгаа. Газрын төлбөрийн нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасны дагуу төлөх үүрэгтэй талаар зааж өгсөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл үүссэн даруйд нь төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлж хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрийн байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар 03-ны өдөр шүүхэд гаргасан ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон гэж дүгнэж, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 125/ШЗ2023/0168 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШТ2023/0803 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба Хурлаас маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил бус гэж үзсэн учраас нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж үзэв.
4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бөгөөд хариуцагчтай эвлэрэх боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцож буй өмгөөлөгч *******гаас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн талаар тайлбар гаргасан бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийг хариуцагчтай утсаар ярих боломжийг олгохыг хүссэн тул шүүх хуралдааныг түр завсарлуулж эвлэрэн хэлэлцэх боломж олгосон боловч талууд эвлэрээгүй.
6. Нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” 91.5.Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нь Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар 2800м.кв газрыг оос эрх шилжүүлэн эзэмшиж, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авчээ.
8. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг газрын төлбөр 2021 онд 44832 төгрөг, 2022 онд 100872, 2023 онд 212872 төгрөгийг тус тус төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн буюу газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэж буруутгажээ.
9. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ. Үүнд:
2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар гэрээний Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2-т Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд заасны дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулна. 2.3-т Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж тус тус заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.
10. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.
11. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2021-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.
12. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.” гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй.
13. Шүүхээс газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн нэгж талбарын дугаартай маргаан бүхий газрын 2020 онд 44832 төгрөгөөр 2 удаа нэхэмжлэл үүссэн боловч 44832 төгрөг нь цуцлагдсан, 2021 онд 44832 төгрөгөөр 2 удаа нэхэмжлэл үүсч 89664 төгрөг болон 2020 оны үлдэгдэл 44832 төгрөгийн нэхэмжлэл, 2022 онд 112000 төгрөг, 56040 төгрөг нийт 168040 төгрөг болон 2020 оны үлдэгдэл 44832 төгрөг, 2021 оны 89664 төгрөг нийт үлдэгдэл 134496 төгрөг, 2023 оны төлбөр 112000 төгрөг болон урьд онуудын үлдэгдэл 156832 төгрөг нийт 268832 төгрөгийн нэхэмжлэл тус тус тухайн ондоо үүссэн байх боловч төлөгдөөгүй харагдана.
14. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн урьд онуудын төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй, 2021 оны 26899 төгрөг болон 2022 онд 56040 төгрөг, 2023 онд 112000 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй гэж тодруулж маргасан тул тухайн онуудын газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг авч үзлээ.
15. Газрын кадастрын мэдээллийн системийн дэлгэрэнгүйг авч үзвэл 2021 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 121020915547 дугаартай нэхэмжлэлээр үүссэн 2021 оны 1 дүгээр улирлын 26899 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дугаартай нэхэмжлэлээр үүссэн 2022 оны 2 дугаар улирлын 56040 төгрөг, 2023 оны оны 3 дугаар сарын 17-ны дугаартай нэхэмжлэлээр үүссэн 2023 оны 1 дүгээр улирлын 112000 төгрөг тус бүртгэгдсэн байна.
16. Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгчийн маргаан бүхий газраас өөр эзэмшил газрын төлбөрийн лавлагаа давхар ирүүлсэн байх тул дээрх маргаан бүхий газрын нэгж талбарын дугаар болон 3 нэхэмжлэлийн дугаараар төлөлтийг тулгаж үзэхэд төлбөр төлөгдөөгүй болох нь нотлогдож байна.
17. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь 2021, 2022 он, 2023 оны 1 дүгээр улирлын төлбөр газрын төлбөрийн ногдуулалт тухайн ондоо хийгдсэн нь тогтоогдож байна.
18. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно.
19. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4- д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг 2021, 2022 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, 2023 оны 1-р улирлын төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.
20. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан.
21. Нэхэмжлэгч нь газар эзэмшсэнээс хойш гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлсэн талаар баримт байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.
22. Учир нь гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх асуудал зөвхөн нэг талын бус 2 талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралтай бөгөөд аль нэг тал дангаараа шийдвэрлэх боломжгүй.
23. Мөн нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэдэгт хамаарахгүй гэж дүгнэв.
24. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлтийн хавсралтын 8-т хуучин газар эзэмшигч ийн нэрээр /нэхэмжлэгч эрх шилжүүлэн авсан гэдгийг бичсэн/“... зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/17 дугаартай дүгнэлтэд “... 2020-2023 оны газрын төлбөрөө төлөөгүй, ойжуулах чиглэлээр үйл ажиллагаа хийгээгүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус зөрчсөн...”гэж тус тус дүгнэсэн байх ба дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон.
25. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр хашаалсан газарт 1 гэр барьсан, худаг гаргасан боловч тарьж ургасан мод байхгүй, ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийгдээгүй байсан тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа зориулалтаар ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.
26. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж маргасан ч, зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна.
27. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.
28. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.
29. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн этгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан, хуралдаан дээр зарим иргэдийн төлөөлөгч нар асууж тодруулахад захирамж хүчин төгөлдөр болсон тул тогтоол гаргах боломжтой талаар тайлбарлаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
30. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2 үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
31. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч *******ийн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв .
32. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батхишигийн ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.Батхишигт холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ