| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/03205/И |
| Дугаар | 183/ШШ2024/03593 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2024/03593
2024 оны 9 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/03593 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Т ХХК-д холбогдох
20,368,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* ******* ******* ХХК нь хариуцагч Т******* ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,368,188 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Н******* ******* ******* ХХК болон Т******* ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр TRD2204 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр худалдагч тал болох Н******* ******* ******* ХХК нь худалдан авагч талын захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч талд гол нөхцөлд заасны дагуу нийлүүлэх, худалдан авагч нь хүлээн авсан бараа материалыг төлбөрийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Н******* ******* ******* ХХК-ийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 71,763,871 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг хариуцагчид нийлүүлсэн. Талуудын байгуулсан 2204 дугаартай худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авагч нь худалдагчийн илгээсэн үнийн саналыг хүлээн авахыг зөвшөөрч, баталгаажуулсны дараа худалдан авалтын төлбөрийг урьдчилан шилжүүлэх, эсхүл бэлнээр төлнө гэж заасан. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлөлт хийдэггүй ба 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 58,185,079 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Өнөөдрийн байдлаар 13,578,792 төлбөрийн үлдэгдэлтэй байх ба төлбөрийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа хариуцагчид утсаар мэдэгдэхэд удахгүй төлнө гэж шалтаглан өдийг хүрсэн. Мөн тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээр 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан ба хариуцагч 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байх тул 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13 578 792 төгрөгийн 0,3 хувь буюу 48,730 төгрөгөөр өнөөдрийг хүртэл хоног тутам алданги тооцогдож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул нийт алданги 50 хувь буюу 6,789,396 төгрөг болно. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,578,792 төгрөг, алданги 6,789,395 төгрөг, нийт 20,368,188 төгрөгийг хариуцагч Т******* ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т******* ******* ******* ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн болон алдангитай санал нийлэхгүй байна. Бид дахин тооцоо нийлсэн акт үйлдэж үнийн дүн болон бодогдсон алдангитай холбоотой дахиад нягтлах шаардлагатай” гэжээ.
Нэхэмжлэгчээс Н************** ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн актын хуулбар хувь, зарлагын баримтуудын хуулбар хувь, НӨАТ-ын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар Нийслэлийн налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н************** ******* ХХК нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Т******* ******* ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр TRD2204 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 71,763,871 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг хариуцагчид нийлүүлсэн. 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 58,185,079 төгрөгийг хэсэгчлэн төлсөн боловч үлдэгдэл 13,578,792 төлбөрийг төлөөгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,578,792 төгрөг, гэрээний 7.2-т зааснаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх 6,789,396 төгрөгийн хамт гаргуулахаар хариуцагч Т******* ******* ******* ХХК-аас шаардах эрхтэй” гэжээ.
Хариуцагч Т******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үнийн дүн зөрүүтэй гэж татгалздаг.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Н************** ******* ХХК нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Т******* ******* ******* ХХК-ийн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, Т******* ******* ******* ХХК нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. (хавтаст хэргийн 126 - 129 дэх тал)
3.2. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу Т******* ******* ******* ХХК нь Н************** ******* ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 8,208,472 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 7,546,218 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5,564,904 төгрөгийн, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 10,601,829 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 35,461,656 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 403,032 төгрөгийн болон 875,750 төгрөгийн, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийн, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 102,000 төгрөгийн бараа худалдан авсан. (хавтаст хэргийн 10 - 33 дахь тал)
3.3. Зохигч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 13,578,792 өглөг авлагатай талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн. /огноо тодорхойгүй/ (хавтаст хэргийн 9 дэх тал)
Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин *******дөр эсэх талаар хэн аль нь маргаагүй бөгөөд эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин *******дөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, төлвөл зохих төлбөрийн хэмжээнд маргаантай гэх агуулгатай хариу тайлбарыг ирүүлсэн байх боловч татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзаа хууль заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлох эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 13,578,792 өглөг авлагатай талаар тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13,578,792 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэж гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13 578 792 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож, 6,789,396 төгрөг нэхэмжилсэний 3,937,849.68 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй байна.
Учир нь зохигчид 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны тооцоо нийлээд 13,578,792 төгрөгийн авлага өглөг гарсаныг харилцан баталж, тооцоо нийлсэн байх тул уг тооцоо нийлсэн актад 2023 оны 03 сарын 31-ны өдрөөс өмнөх хугацаанд тооцогдох алдангийг авлагад тооцоогүй байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны алданги төлөх үүргийг дуусгавар болгосон байна гэж шүүх үзлээ.
Харин тооцоо нийлсэн акт үйлдсэн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2024 оны 6 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх 70 хоногийн хугацаанд тооцогдох (13,578,792*0,3*70/100=2,851,546.32) алдангийн төлбөр 2,851,546.32 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Т******* ******* ******* ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 13,578,792 төгрөг, алдангийн төлбөрт 2,851,546.32 төгрөг, нийт 16,430,338.32 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н******* ******* ******* ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,937,849.68 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т******* ******* ******* ХХК-иас 16,430,338.32 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,937,849.68 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,102 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР