| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 1938004870106 |
| Дугаар | 2022/ДШМ/22 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.У |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ДШМ/22
2022 11 09 2022/ДШМ/22
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Уламбаяр,
Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/496 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Уламбаярын гаргасан эсэргүүцлээр У.Цэд холбогдох 1938004870106 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Эрхүүт овогт Уын Ц, ......... оны ........... дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Э” ХХК-нд механик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын .............дүүргийн ..... дугаар хорооны ..... хэсгийн ...........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.
У.Ц нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтой маргалдаж харилцан зодолдож улмаар хохирогч Б.Бын нуруун тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/496 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхүүт овогт Уын Цэд холбогдох эрүүгийн 1938004870106 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч У.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 1938004870106 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн богино куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хэрэгт хавсарган ирүүлсэн СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Э.Уламбаяр эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б, У.Ц нар нь маргалдаж харилцан зодолдож, улмаар Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол, У.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.
1.Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бямбалхам нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр У.Ц, Б.Б нарыг яллагдагчаар татах санал гарган прокурорт ирүүлсэн байх ба хяналтын прокурор Ц.Мөнхжаргал нь хэргийг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй /дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох/ үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь мөрдөгчийн саналыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
2.Дээрх гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх ба гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэмт хэргийн шинж тогтоогдож байх тул хуульд заасан хугацаанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэжээ. Үүнээс үзэхэд шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана, уг шийдвэрийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэг гарсан цаг хугацаанд гэмт хэргийн шинж тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулан хохирогчоор тогтоон мэдүүлэг, тайлбарыг авч шинжээч томилон хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийсэн.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлнэ. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх...”-ээр хуульчилжээ.
Гэвч хэрэг бүртгэлтийн хэрэг хаах шийдвэр нь “хэргийг” хаах буюу тухайн хэрэгт зарим яллагдагчид холбогдох хэргийг хаах тухай ойлголт биш юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “...Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх ...тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно...” гэж тодорхой зохицуулсан.
Б.Б нь У.Цийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” болох нь тогтоогдсон.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар заасан тул Б.Быг яллагдагчаар татаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад “яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” шийдвэр гаргах үндэслэлгүй.
Иймд шүүгчийн 2022/ШЗ/496 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
У.Ц нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтой маргалдаж харилцан зодолдож улмаар хохирогч Б.Бын нуруун тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүх “прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/268 дугаартай захирамжаар “мөрдөгч, прокурор нь... У.Цийн биед учирсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тодруулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй” гэсэн үндэслэл зааж, У.Цэд холбогдох эрүүгийн 1938004870106 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна /1 дүгээр хавтаст хэргийн 235-243 тал/.
Хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хуульчлан тогтоосон.
Гэтэл прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 119а дугаартай яллах дүгнэлтээр У.Цийн хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ дээрх шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл У.Цийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 384 дугаартай дүгнэлт, Б.Быг “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал хэрэгт авагдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 30.10 дугаар зүйлийн 1, 3 дахь заалт, 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30.17 дугаар зүйлийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.
У.Цийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн тухайд У.Ц нь эрх зүйн байдлын хувьд яллагдагчаар бус хохирогчоор тогтоогдсон байх учиртай бөгөөд энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар дүгнэлт хийсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийг яллагдагч У.Цэд танилцуулсан байгаа нь хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангах нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэх тул “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Улсын Их Хурал 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/496 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ