Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 125/ШШ2024/0014

 

 

 

 

 

 

2024      03          01                                           125/ШШ2024/0014

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор нэхэмжлэгч *******ийн Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлж, Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар томилогдсон.

1.2. Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалаар “...Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдааны үеэр архидан согтуурч төлөөлөгчдийг хэл амаар доромжлон хуралдааны үйл ажиллагааг саатуулж хуралдах нөхцөл боломжгүй болгосон, улс төрийн аливаа нөлөөнд автахгүй төвийг сахих, аливаа хэлбэрээр оролцохгүй байх хуулийн заалт зөрчин Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргыг огцруулахыг шаардаж хуралдааны үйл ажиллагааг таслан зогсоосон, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ намдаа бичгээр өгөөгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчиж ажлын цагаар архидан согтуурсан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндийг унагаах зүйл бичих үйлдэл удаа дараа гаргасан, албан тушаалын зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, албан ажлын компъютер эвдэж төрийн байгууллагын эд хөрөнгийг гамтай ашиглаагүй, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны үеэр ажлаас халагдах хүсэлтээ амаар гаргасан ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтний албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 03 сарын 01-ны өдөр багийн Засаг даргаар ажиллаж байгаад төрийн албаны тусгай шалгалтыг өгч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ажлын албаны мэргэжилтнээр томилогдсон. Тухайн албан тушаалд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Би ажлаасаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр халагдсан тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Намайг төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.5, 39.1.7 дахь заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2- т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэх заалт байх бөгөөд би Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтнаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд орон тооны 3 субъект байдаг. Үүний хоёр нь дарга, миний хувьд мэргэжилтнээр нь ажилладаг байсан.  Намайг ямар үндэслэлээр албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох” гэх үндэслэлийг дурдсан байсан. Миний хувьд өмнө нь Дуут сумандаа багийн даргаар бие даан нэр дэвшин сонгогдон ажиллаж байсан. Тухайн үед улс төрийн албан тушаалтан гэж явдаг байсан боловч намын гишүүний батлах гэх зүйл надад байдаггүй. Манай аав, ээж ардчилсан намын гишүүн дэмжигч гэж явдаг байсан. Тэр утгаараа ингэж ойлгоод байх шиг байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7-д “ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох” гэх заалт байгаа. Уг үндэслэл мөн тогтоогдохгүй байгаа дээрх үндэслэлээр намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна.

Мөн албаны компьютер эвдсэн гэж байгаа. Намайг анх ажилд орох үед 2008 онд ашиглалтад авсан компьютер байсан бөгөөд уг компьютер нь эвдэрхий байсан.

Олон нийтийн сүлжээ ашиглаж доромжилсон гэж байна. Миний хувьд тус албан тушаалд томилогдсон цагаас хойш ямар нэгэн гутаан доромжилж бичсэн зүйл байхгүй. Мөн ажлын цагаар ажлын байран дээр архидан согтуурсан гэх зүйл бичсэн байсан. Миний хувьд ажлын цагаар өрөөндөө архи уусан гэх зүйл тогтоогдоогүй.

Хариуцагчийн зүгээс ажлаас чөлөөлсөн гэх сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулсан гэдэг боловч надад мэдэгдсэн зүйл байхгүй. Намайг ******* утсаар дуудсан. Би бодохдоо захиргааны албан хаагчид тангараг өргөх ёслол болох гэж байсан болохоор тэр талаар ярих гэж дуудаж байгаа юм байна гэж бодсон. Очоод хурлын даргын өрөөнд орсон. Гэтэл нууцаар бичлэг хийсэн байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

2.2. Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Хишигтөмөр нь Ховд аймгийн Дуут  сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр 2023 оны 03 дугаар сард томилогдсон. Урьд нь багийн Засаг даргаар ажиллаж байсан. Төрийн албан хаагч нь улс төрийн намын гишүүн байх ёсгүй байдаг. Хэрэв улс төрийн намын гишүүн байсан бол гишүүнээс түдгэлзэх ёстой.  Улс төрийн алба хаагчаар ажиллаж байсан хүн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор тухайн байгууллагын захиргаа болон харьяалагдсан намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх ёстой гэснийг зөрчсөн. Э.Хишигтөмөр нь харъяалагдсан намын гишүүнээс түдгэлзсэн гэх мэдэгдлээ албан ёсоор гаргаж өгөөгүй.

*******ийн ажлаас нь халсан тушаал гаргасны дараа Ардчилсан намын гишүүдийн цахим группт Эрдэнэбаатарын Хишигтөмөр гэх цахим хаягнаас “...сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг ямар мэргэжилтэй хүн хийхийг төрийн албаны тусгай шаардлагад тодорхой заасан байтал Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нь тус албан тушаалд сумын газрын даамлыг түр орлон гүйцэтгэгчээр томилчихоод хууль журамдаа нийцэж байна гээд байдаг, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг хүч хүрдэггүй юм байх даа. ******* нь 2 жил гаруй ажиллахдаа 7 төрийн албан хаагчийг халж, сольж дураараа дургиж байна. Одоо бүр сумын газрын даамал нь төрийн албан хаагчийг халж сольдог боллоо. Төр засаг гэж байна уу? Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 14 төлөөлөгчтэй зарим нь 15 төлөөлөгчтэй гээд бөөн маргаан болдог юм. Яг хэдэн төлөөлөгчтэй вэ? ******* дарга аа хариултаа өгчих төлөөлөгч нарынхаа учрыг олж чадахгүй байж дарга хийх дуртай гэсэн...” зүйлийг намын бүлгийн цахим группэд бичсэн байсан.

Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны ээлжит 3 дугаар хуралдаан  2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт эхэлж тухайн хуралдаанаар сумын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцээд бусад асуудлыг дараа хэлэлцэхээр  завсарлага авч, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10:00 цагаас үргэлжлүүлэн хуралдсан. Тухайн хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас эхлэх байтал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан. ******* нь тухайн хурлын редакцын комиссоор ажиллах ёстой байсан. Ардчилсан намын бүлэг өдөржин хуралдаад орой 16:00 цагийн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан үргэлжлэх гэж байтал ******* гаднаас согтуу орж ирээд “...лайв хийж байна...” гээд утсаа барьсан орж ирээд хурлын даргатай маргалдсан. Үүнээс болж тухайн хуралдаан хуралдаж чадалгүй төлөөлөгч нар тарсан. Мөн хурлын даргатай маргалдаж хурлын танхимаас гараад татварын байцаагчийн өрөөнд ширээ цохиж маргаан үүсгэсэн. Энэ бүхэн бичлэгт бичигдсэн байгаа ба энэ бичлэгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.

******* нь тус өдөр архи ууж агсам тавьж, Иргэдийн төлөөлөгчдийн хурал тараасан талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн байгаа. Мөн намайг элдвээр доромжилж байгаа нь бичлэгээс тодорхой харагддаг. Ингээд хурлын дарга цагдаа дуудаж *******ийг өгч явуулсан.

Сумын Засаг даргын Тамгын газар нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тусдаа бие даасан байгууллага. Иймээс Э.Хишигтөмөрийн асуудалтай холбоотой Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооноос дүгнэлт гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Тус асуудал болсны дараа өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд хурлын дарга бид хоёр *******ийг ажилдаа ирэх байх гэж бодсон боловч ирээгүй. Тэгсэн хэдий ч түүний 2023 оны 7 дугаар сарын цалин хөлсийг бүрэн олгосон. Ажилдаа огт ирэхгүй байсан учраас арга буюу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуудаад сонсох ажиллагаа явуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гар утасны бичлэгээс би үйлчлүүлэгчээ согтуу байгаа гэж харахгүй байна. Их уурласан бухимдсан, ажлын бус цагаар ажиллуулсан гэсэн яриа байгаа. Энэ бичлэгээр *******ийг согтуу гэдгийг дүгнэх боломжгүй. Мөн нүүр царай нь харагддаггүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хариуцагч талаас гаргаж өгсөн бичлэг юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимын хүлээн зөвшөөрөгдсөн бичлэг биш, хувь хүний хийсэн бичлэг байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Уг нь прокурорын зөвшөөрлөөр Тагнуулын байгууллагын албан тушаалтан, авлигатай тэмцэх газрын мөрдөгч, эрүүгийн цагдаагийн албан хаагч нар гар утсаар бичлэг хийхийг зөвшөөрдөг. Гэтэл энэхүү бичлэг нь хуульд заасан арга хэрэгслээр авсан баримт биш, хууль зөрчиж авсан бичлэг, бусдын зөвшөөрөл авалгүйгээр, хариуцагч нь харилцан тохиролцож нууцаар бичлэг хийсэн байна.  Уг бичлэгээс харахад хурлын дарга ******* ч гэсэн адилхан орилж байна. Хэн нь согтуу байгааг энэ бичлэгээс тогтоох боломжгүй. Мөн *******ийг согтуу гэж үзэж байгаа бол цагдаагийн албан хаагч түүний согтолтын зэргийг тогтоох ёстой. Түүний согтолтын зэргийг тогтоосон баримт байхгүй.

Сонсох ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй. Сонсох ажиллагаагаар урьдчилаад утсаар дуудаж сахилгын шийтгэл оногдуулах талаар хэлж дуудах ёстой. Гэтэл Д.Сэргэлэн гэх хариуцагч нь нэхэмжлэгч *******ийг огт дуудаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Одбаатар дуудаж байна гэж дуудсан. Хурлын дарга Ц.Одбаатар нь *******ийг ажилд томилж, чөлөөлөх  эрх бүхий албан тушаалтан биш. Ц.Одбаатар дуудаж байна гэж дуудаж уулзахдаа сонсох ажиллагааны талаар нэг ч үг хэлээгүй, үүнийг хариуцагч өөрөө сая зөвшөөрсөн.

Хариуцагчаас нэхэмжлэгч *******тэй төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй байдаг. Мөн ажлын бус цагаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд 7 хоногийн ажлын цаг 40 цагаас илүүгүй байна гээд заасан. Гэтэл нэхэмжлэгчтэй ажлын бус цагаар ажиллуулах талаар гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй байна.  

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаар төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан бол түүнийг тухайн байгууллагын ёс зүйн зөвлөл хэлэлцэн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл ёс зүйн зөвлөлөөс түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоосон зүйл байхгүй.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад төсвийн асуудлыг 12 дугаар сард шийдвэрлэхээр хуралдааныг хаая гэсэн саналыг төлөөлөгч нараас гаргаж хуралдааныг хаасан байдаг. Түүнээс биш *******өөс болж хуралдааныг хаая гэж дурдаагүй.

Маргаан бүхий актад нэхэмжлэгч *******ийг олон зөрчил гаргасан мэт бичсэн байна. Энэ олон зөрчлөөс тогтоогдсон зүйл байдаггүй. Ардчилсан намын гишүүдийн байдаг цахим групп дээр нэхэмжлэгч ******* нь пост бичснээр Ардчилсан намын гишүүн болчихгүй. Ардчилсан намын гишүүн биш гэдэг нь холбогдох баримтаар тогтоогдсон.

  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.4. Хариуцагч, Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч *******гийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль, 2020 онд батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм, 2023 онд шинэчлэн батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Дуут сумын ёс зүйн хорооны ажиллах журам зэрэг хууль, дүрмийг үндэслэн дараах дүгнэлт гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь гэм буруугүй хүн биш. Нэхэмжлэгчийн хурлын дарга болон ******* нар гүтгэсэн зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******ийн буруутай үйлдлүүд тогтоогдсон байгаа.

******* нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг зөрчсөн. Ажлын байр гэдгийг тухайн ажилтны суудаг өрөөгөөр хязгаарлахгүй. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ******* ажлын цагаар согтуу орж ирж Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж байхад агсам согтуу тавьсан нь гэрчийн мэдүүлэг болон бичлэгээр тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг зөрчсөн. Учир нь албан үүргээ хангалтгүй биелүүлэн, багуудын хуралдааны материалыг үдэж цэгцэлж архив өгөх ёстой байдал энэ ажлаа хийгээгүй.  

Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх гэж заасныг зөрчсөн. Тухайн сумын фэйсбүүк групп чат дээр “...******* нь ажлаа хийж чаддаггүй, ажиллаж байх хугацаандаа 7 хүнийг ажлаас нь халсан.  Одоо бүүр сумын газрын даамал, төрийн албан хаагчийг хольж сольдог боллоо, төр гэж байна уу, Дуут сумын зарим хүмүүс 14, 15 төлөөлөгчтэй гээд бөөн маргаан болдог юм. ******* даргаа хариу өг 15 төлөөлөгчдийнхөө учрыг олж чадахгүй байж дарга хийх бас дуртай...” гэх зэргээр төрийн албан хаагчийн гаргаж болохгүй үйлдэл гаргасан байдаг.

Дуут сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөл нь нэхэмжлэгч *******ийг ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй биш. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар гэх байгууллага нь хоёр өөр байгууллага юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас үндэслэлгүй халсан гэх Дуут сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалд гомдол  гаргах журмаар төрийн албаны зөвлөлд хандахгүйгээр шүүхэд хандсан байх ба Төрийн албаны  тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж заасан тул шүүхэд хандах хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас таталзах үндэслэлгүй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн  тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, тусгай шалгалтын дүнгээр Дуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын мэргэжилтний албан тушаалд томилогдож 3 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллажээ.

4. Нэхэмжлэгчийн ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.7. аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал; гэж зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.

5. Тэрээр тус албан тушаалд ажиллах хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн тангарал өргөөгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй байх ч сул орон тоонд хууль, журмын дагуу нэр дэвшиж томилогдсон тул тангараг өргөсөн эсэхээс үл хамааран төрийн жинхэнэ албан хаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан гэж үзнэ.

6. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан зохицуулалтад хамаарна.

 7. Хариуцагчаас нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй, ажлын цагаар архидан согтуурсан, улс төрийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцохгүй байх хориглолтыг зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг сахих, төрийн албаны нэр хүндэтгэх үүргээ биелүүлээгүй, олон нийтийн сүлжээнд зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх хязгаарлалтыг зөрчсөн, байгууллагын эд хөрөнгийг гамтай ашиглаагүй гэх зэрэг үйлдэл гаргасан гэж буруутгаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4.төрийн албанаас халах; гэж заасан.

9. Маргаан бүхий актын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

37.1.3.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;

37.1.4.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх;

37.1.5.хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх;

37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

37.1.9.албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;

37.1.10.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;

 

39 дүгээр зүйлийн 39.1.Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх;

39.1.5.улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;

39.1.7.ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох; гэж гэж тус дурджээ.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт болон талуудын мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5, 37.1.9, 37.1.10-д заасан үүргээ биелүүлээгүй,  мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.5, 39.1.7-д заасан хориглох үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж мэтгэлцэж чадаагүй болно.

11. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа”... нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 хуралдааны үеэр архидан согтуурч албаны үүргээ гүйцэтгээгүй, хуралдааны үйл ажиллагаанд саад учруулсан, багийн Иргэдийн нийтийн хурлын материал эмхтгэж архивлаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй” гэж, нэхэмжлэгчээс “...ажлын байранд архи уугаагүй, хуралдаан хуралдаж эхлэхгүй удсаар ажлын цаг дууссаны дараа эхэлсэн учраас хурлын даргатай үл ойлголцол үүссэн. Багийн иргэдийн нийтийн хурлын материалууд албаны компьютер дээр хадгалагдсан байгаа хэвлэж амжаагүй байгаа, архивлахад бэлдэж байгаа...” гэж тус тус тайлбарлаж маргасан.

12.  Дуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/03 дугаар тушаалаар баталсан  мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч нь ажлын байрны 4 зорилтын хүрээнд нийт 25 албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар заажээ.

13. Албан тушаалын зорилго нь “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, багийн Иргэдийн нийтийн Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, олон нийтийн оролцоог хангах, архив, албан хэрэг хөтлөлтийг эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнг сумын Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын өмнө хариуцна.” гэж заасан байх тул Сумын болон багийн хурал хуралдах үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

14. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаар хуралдааны үеэр албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, хуралдааны үеэр согтуу орж ирж Хурлын даргатай маргалдсан болох нь гэрч *******, *******, *******. ******* нарын мэдүүлэг болон хариуцагчийн гар утсаар хийсэн бичлэгээр хангалттай нотлогдож байна гэж үзлээ.

15. Согтуурсан байсан эсэх тухайд сумын хэсгийн цагдаа *******ийн “... тэр өдрийн орой  гэртээ амарч байхад Хурлын дарга ******* над руу утасдаад согтуу хүн ирээд хурал үймүүлээд хэл ам хийгээд байна гэсэн. 17 цаг өнгөрч байхад иргэний танхимд орж ирэхэд Хурлын дарга *******, ажилтан ******* хоёр хоорондоо маргалдаж байсан. Э.Хшигтөмөр харагдах байдал нь согтуу, архи үнэртэж байсан. Тэгээд дагуулж гарч цагдаагийн байранд авч ирсэн. Тухайн үед манай драгерийг баталгаажуулахаар хот руу явуулсан байсан учраас согтолтын зэргийг тогтоож чадаагүй. Ингээд эхнэртэй нь утсаар холбогдож дуудаж хүлээлгэж өгөөд гэр лүү нь явуулсан. Орой 19:00 цаг өнгөрч байхад ******* дарга залгаж ******* ирж хэрүүл хийгээд байна гэхээр нь иргэний танхимд дахин очиход ******* эхнэртэйгээ ирсэн байсан. Ингээд *******ийг эхнэртэй нь хамт авч гарч гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг ”, гэрч гийн “...хуралдаан тарах үед ******* орж ирээд хурлын даргатай маргасан. Хурал тарсны дараа намайг татварын байцаагчийн өрөөнд сууж байхад ******* араас нь ******* дарга орж ирээд маргаад байсан. ******* согтуу байсан”, гэх мэдүүлэг, гэрч ы “Тэр өдөр манай найз залуу , ******* нар ын машинд архи ууж байсан. Намайг өдөр цайндаа явахад Тамгын газрын хашааны гадаа машины цонх онгойлгочихсон архи тавьчихсан ууж байсан” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “...тэр өдөр 12 цагийн үед татварын улсын байцаагч надад хэлэхдээ түүний найз залуу Хишигтөмөр хоёр гадаа машинд архи ууж байсан гэсэн. Би цайндаа явахаар гарахад тамгын газрын хашааны гадна цагаан машин дотор тэр 2 архи ууж байсан. Хуралдаан эхлэх гэж байхад нарийн бичгийн дарга ******* *******ийг утсаар дуудаад байсан. ******* согтуу орж ирээд хурлын даргатай маргалдаад утсаа гаргаж ирээд бичлэг хийж байна, та нар хурлын даргыг халж чаддаггүй гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг, гэрч ын “*******тэй 7 дугаар сарын 18-ны өдөр 2 цагийн орчим уулзаад миний машинаар дэлгүүр явж 2 литртэй 1 пиво аваад Тамгын газрын зогсоол дээр уусан. Дараа нь 0.75литр хэмжээтэй хараа архи авч уусан. ******* бас 1 ах бид 3 хувааж уусан.” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч нь ажлын цагаар согтууруулах ундаа зүйл хэрэглэж согтуурсан болох тогтоогдож байна.

16. Иймд нэхэмжлэгчийг маргаан бүхий актад дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх; 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 37.1.13. “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” үүргээ тус тус хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

17. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараахь үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна.1.3.1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн; гэж, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна. “2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно.” гэж тус тус заажээ.

18. Журмаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох ба үндэслэлийг шалган тогтоож өөрт нь мэдэгдсэн байхыг шаардахаар байна. 

19. Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийн тухайд шалгалт явуулж шалган тогтоох шаардлагагүй нийтэд илэрхий үйлдэл байх тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй.

20. Мөн журмын 3.3-д “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзаж үзнэ. 3.3.1. зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар; 3.3.3. албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал; 3.3.4. бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл; 3.3.6. гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал; гэж заасан ба нэхэмжлэгчийн ажлын байранд гаргасан үйлдэл нь албан үүргээ гүйцэтгээгүйгээс гадна төрийн албаны нэр хүнд, бусад албан хаагчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц үр дагаврыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

21. Маргаан бүхий актыг гаргахаас өмнө хариуцагч талаас нэхэмжлэгчийг дуудаж уулзахад тэрээр гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүйгээр хариуцагчаас ямар ч шийдвэр гаргасан маргана гэдгээ илэрхийлсэн байдаг.

22. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөртөө гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан ч эвлэрээгүй, шүүх хуралдаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

23. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухайд: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.”, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-т “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.”гэж заасан.

24. Нэхэмжлэгч төрийн захиргааны албанд тушаалд томилогдсон өдрөөс хойш 4 сар ажиллаж байхдаа албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр согтууруулах ундаа хэрэглэж ажлын байранд удирдах албан тушаалтантай зүй бус харьцан маргаан үүсгэсэн үйлдлээс харахад түүнийг төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийг буруутгахааргүй гэж дүгнэлээ.

25. Нэхэмжлэгчээс зөрчлийг ёс зүйн хороогоор шалган тогтоолгох ёстой байсан гэж маргаж, хариуцагчаас сумын Хурал 3 албан тушаалын орон тоогоор ажилладаг учраас ёс зүйн хороо байгуулаагүй, сумын Засаг даргын тамгын газрын ёс зүйн хороогоор шалгуулах үндэслэлгүй гэж тайлбарласан.

26. Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгууллагын ажилтан албан хаагчдын баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаргасан зөрчил, гомдол мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх ёс зүйн хороог байгуулсан .

27. Тушаалын хавсралтаар баталсан байгууллагын ёс зүйн хорооны ажиллах журмаас харвал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хаагчдын талаар гомдлыг хянан шийдвэрлэх талаар тусгагдаагүй, хоёр байгууллага хамтарч батлаагүй байх ба сумын Засаг даргын тамгын газрын дарга нь Хурлын мэргэжилтнийг шууд удирдах албан тушаалтан биш юм.

28. Иймд нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоохоос үл хамааран Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй.

29. Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий актад үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчид хориглох үйл ажиллагааг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй тул  мөн хуулийн 48 дүгээр зүйлийн 48.8-д “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан нь нэхэмжлэгчид хамаарахгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

30. Дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.,7 дугаар зүйлийн 7.1.Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах гэж заасныг зөрчин төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүрэг, төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ зөрчиж сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

31. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаа зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн “Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ