Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/893

 

Э.Э холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Г.Баясгалан,

          шүүгдэгч Э.Э өмгөөлөгч Г.Наранбаатар,

          иргэний нэхэмжлэгч П.Г,

          нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

      Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч П.Г гаргасан давж заалдах гомдлоор Э.Э холбогдох **** 00135 ****  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

         Боржигон овгийн Э.Э, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт **** дүүргийн * дугаар хороо,  ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ***********/;

         Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн орчим Налайх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М,т” сувиллын газрын 307 тоот өрөөний коридорт хохирогч Д.О “найз залууг маань архи уулгаж, уруу татсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеэс зуурч татах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь 120.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.776.900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Д.О 1.103.100 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Г 1.150.900 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж шийдвэрлэжээ.

      Иргэний нэхэмжлэгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.150.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн Иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь:

        Шүүгдэгч Э.Э нь хохирогч Д.О эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулж Д.О нь гавал доторх гэмтэл оношоор Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 8 хоног хэвтэн эмийн эмчилгээ хийлгэсэн болох нь гэрч М.Д мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04/2949 дугаартай албан бичиг, хохирогч Д.О-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/181 дугаартай албан бичиг, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

        Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоолыг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын 5715 дугаарт бүртгэн, дагаж мөрдөж байна. Уг тогтоолын хавсралт    1-ийн 58 дугаарт гавал доторх гэмтэл оноштой өвчтөнг хэвтүүлэн эмийн эмчилгээ хийхэд шаардагдах зардлыг 1.150.900 төгрөг байхаар тогтоожээ.

        Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/181 дугаартай албан бичиг, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас зэрэгт зөвхөн хохирогч Д.О-ийн 8 хоног хэвтэхдээ хэрэглэсэн эм, тариа, дуслын систем, бээлий, хөвөн бамбар, шприцийн зардал нь 37.305 төгрөг гэж тодорхойлсон.

        Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1.150.900 төгрөг нь хохирогч Д.О-д хийсэн цус, шээс, биохими, эхо, компьютер томографикийн шинжилгээнүүд болон хэрэглэсэн хоолны зардал, тог цахилгаан, сувилагч, эмчийн үйлчилгээ зэрэгт хамаарахаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын          28-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтын Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хэсэгт заасан байх тул тусгайлан баримт шаардахгүй юм.

      Иймд хохирогч Д.О-ийн 8 хоног хэвтэн эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1.150.900 төгрөгийг шүүгдэгч Э.Э-гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлэхээр шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

     Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, хохиролтой холбоотой баримтуудад яг энэ эмчилгээтэй холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүй. Хохирогч 4 сарын сүүлээс 5 сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтсэн гэдэг. Нэхэмжилж байгаа төлбөрийг 5 сард гарсан зардал гэдэг байдлаар нэхэмжлээд байгаа нь мөн төлбөрийн задаргаанаас үзэхэд эм, эмийн хэрэгсэл гэж нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна. ...” гэв.  

     Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.Э-гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О-д тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан. Хохирогч 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд Налайх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 5 дугаар сард эмчилгээ дууссан учраас 5 сард төлбөрийн нэхэмжлэл гарна. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.150.900 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлтэй. Энэ нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь эмнэлгийн байгууллагын бүх үйлчилгээний улмаас гарсан зардал юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгогдсон. Иймд иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

     Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Налайх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М, т” сувиллын газрын 307 тоот өрөөний коридорт хохирогч Д.О-тэй “найз залууг маань архи уулгаж, уруу татсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеэс зуурч татах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.О-ийн “... Б.Б дэлгүүр явна гээд өрөөнөөс гараад явсан. Тэгтэл удаагүй гаднаас Б-ын найз охин Э гэх охин орж ирээд над руу “та яагаад хүний найз залуу уруу татаж архи уулгаад байгаа юм бэ” гэж уурлахаар нь гэнэт миний уур хүрээд түүнд “би ямар уулгачихсан юм уу” гэж хэлтэл Э.Э над руу уурлаж дайраад коридорт намайг үсдэж аваад зуураад, баруун гараас татаж чангаагаад намайг зодсон. ... Би өрөөнөөс гараад гараад явж байтал Э.Э араас ирээд миний үснээс татаад, цээж рүү өшиглөөд цохиод байсан. ...” /хх 7, 9/,

гэрч Б.Б-ын “... Амралтын газрын 307 тоот өрөөнд Д.О, найз Э.С бид гурав хамт байж байтал гаднаас Э.Э орж ирээд намайг загнахаар нь тэр хэдийг үлдээгээд гараад явсан. Удалгүй Д.О, Э.Э хоёр хэрэлдэж муудалцаад зодолдсон гээд цагдаа ирчихсэн байсан. ...” /хх 15-16/,

гэрч Э.С-ын “... Сувилалын 307 тоот өрөөнд Б.Б, сувилагч Д.О бид хэдийг байж байхад гаднаас Б.Б-ын  найз охин Э.Э орж ирээд Б.Б-д уурлаад, түүнийг Д.О-тэй хардаж, хэрэлдсэн. ...” /хх 20/,

шинжээч С.Төгсбуянгийн “... Д.О-ийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад баруун шилбэ, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.О-ийн биед тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх 223 дугаартай дүгнэлт /хх 26-27/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

       Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

      Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

    Иргэний нэхэмжлэгч П.Г-аас “... Хохирогч Д.О-ийн 8 хоног хэвтэн эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1.150.900 төгрөгийг шүүгдэгч Э.Э-ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дансанд шилжүүлэхээр шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

      Учир нь, шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, үүний улмаас хохирогч нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн /хх 55/ байх ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь  хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл”-д тусгаснаар Д.О нь 2022 оны 5 дугаар сард 1.150.000 төгрөгийн /хх 82/ үйлчилгээ авсан гэх баримт хэрэгт авагджээ.

      Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба прокурорыг хэрэгт Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч П.Г-ын нэхэмжилсэн 1.150.900 төгрөгийг шүүгдэгч Э.Э-ээс гаргуулж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

      Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой зарим баримтууд тодорхойгүй боловч үүнийг гэрчийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар нотлон тогтоосон гэж үзлээ.

      Цаашид Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхдээ тухайн эрүүл мэндийн байгууллагаас өвчтөн хэвтэн эмчлүүлэхдээ ямар тусламж үйлчилгээ авсан, ямар хэмжээний хувьсах зардал гарсан зэрэг тооцоог гарган нотлох баримтын шаардлага ханган хэрэгт хавсаргаж байх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогч Д.О-ийн 1.103.100 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Г-ын 1.150.900 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогч Д.О-ийн 1.103.100 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 1.150.900 төгрөгийг гаргуулж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

        

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР