Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2024/0015

 

 

 

 

 

 

  2024         03           04                                   125/ШШ2024/0015

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч С.Оюунгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн урьдчилсан хэлэлцүүлгээр

Нэхэмжлэгч: “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ, “*******” НҮТББ, “*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн газрын ховор элемент, цацраг идэвхт бодисын илэрц бүхий газарт *******,*******” ХХК-нийн эзэмшиж буй ******* болон ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталсан Мянгад сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Урьдчилсан хэлэлцүүлэгт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга , гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: “**************" ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 242, 243 дугаар шийдвэрээр ХХК-ний эзэмшиж байсан, Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй дэх анх 2000 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон (2441 гектар талбай бүхий) хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн анх 2001 оны 12 дугаар сарын 28-нд олгогдсон ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2004 оны 2 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авсан. 2012-2013 онд "**************" ХХК Халзан бүрэгтэй дэх дээрх тусгай зөвшөөрлүүд бүхий талбайд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг үйл ажиллагаа нь олон зөрчлийг агуулж байгаа талаар хэвлэл мэдээллээр мэдээлэл, нийтлэлүүд гарч, уг мэдээллийг тухайн үеийн аймгийн удирдлага анхааралдаа авч, улмаар хяналт шалгалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад, "**************" ХХК-ны Халзан бүрэгтэйд явуулж буй уг үйл ажиллагаа нь тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.3, 26.3.1, 26.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж олгогдсон, мөн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хугацаандаа Ашигт малтмалын тухай хуулийн 6-р зүйлийн 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлүүдэд заасныг бүрэн хэрэгжүүлээгүй байсан учраас 2012 оны 10 дугаар сарын 29-ны дугаартай "ашиглалтын лицензийг цуцлуулах нь зүйтэй" гэсэн дүгнэлт гаргасан.

            Энэ компанийн явуулж байгаа үйл ажиллагаанаас болж байгаль орчин мал амьтны эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй тул Мянгад сумын нутгийн өөрөө удирдах байгууллага, багууд, ард иргэд,  иргэний нийгмийн байгууллагууд компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж зогсоосон 2022 он хүртэл тус компани үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2022 онд хайгуулын өрөмдлөг явуулах зорилгоор тухайн онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг Мянгад сумын Засаг даргаар батлуулсан бөгөөд Мянгад сумын Засаг дарга уг төлөвлөгөөг батлахдаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөөгүй, ард иргэдийн эсэргүүцлийг үл ойшоон баталсан байна.

            Тус газарт Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/877 дугаар зөвлөмжид тус хайгуулын талбайд цацраг идэвхт изотопуудын илэрц, тунгийн хэмжээ нь Цөмийн энергийн тухай хууль болон мэргэжлийн стандартад заагдсан "чөлөөлөгдөх хэмжээ"-нээс даруй 20 орчим хувиар хэтэрсэн байдалтай байгаа тул цөмийн аюулаас хамгаалах стандарт болон дүрэм журмыг зайлшгүй мөрдөх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Тэрчлэн уг газар нь цөмийн энергийн тухай хуулийн 3.1.5, 3.1.15-д тус тус заасан цөмийн бодис, цөмийн эх үүсвэр материалыг агуулсан, цацраг идэвхт ашигт малтмал бүхий орд газар гэдэг нь уг дүгнэлтээр нотлогдсон байна. Эдгээртэй холбоотойгоор аймгийн онцгой комисс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны едер хуралдан ************** ХХК-ны Халзан бүрэгтэй дэх уул уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.

Гэтэл Мянгад сумын Засаг дарга нь нутгийн ард иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, мөн нийтийн эрхийг хамгаалагч төрийн бус байгууллагуудад болзошгүй аюултай нөхцөл байдлаас сэрэмжлэх, нийтийн эрх ашгийг сэргийлэн хамгаалах үүднээс 2023 оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа гэсэн мэдээллийг өгсөөр байсан хэрнээ компаний уг төлөвлөгөөг хууль бусаар нууцаар баталж өгснийг бид олж мэдсэн юм.

Одоо “************** ХХК-нийн 2023 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний үйлчлэх хугацаа дуусаж байгаа, мөн “************** ХХК-ны  2023 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас батлаад өгчихсөн, Мянгад сумын Засаг даргад хамааралгүй болчихсон байгаа.

Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мянгад сумын Засаг даргын батлах ёсгүй төлөвлөгөө байсан гэж үзэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам төлөвлөгөөг шинээр баталсан. Тийм учраас нэгэнт тухай шийдвэрийг үйлчлэх хугацаа нь дуусгавар болж байгаа учраас манай зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Мянгад  сумын Засаг дарга тай уулзахад маргаан бүхийн төлөвлөгөөг эргэж хараад хүчингүй болгох үндэслэлтэй байна гэдгийг хэлж, ярьж байсан. Нэгэнт хариуцагчтай ойлголцсон учраас нэхэмжлэлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгэнт хариуцагчид хамааралгүй болсон, хариуцагч үүрэг хүлээхгүй байгаа учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

Хариуцагч, Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбар болон урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6, 38.2, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах, тайлагнах журмын 3.5-д зааснаар хайгуулын ажлын явцад хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг сум дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан Засаг даргаар батлуулна гэж зааснаар “************** ХХК-нийн 2023 оны орчны менежментийн төлөвлөгөөг баталсан хэдий ч 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шалгалт ирж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг Байгаль орчны яамнаас баталж мөрдүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж  үзэн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баталсан төлөвлөгөөг тус компани мөрдөн ажилласан тул сумын Засаг даргын баталсан 2023 оны менежментийн төлөвлөгөө мөрдөгдөөгүй, хүчингүй болсон. Нэхэмжлэгчтэй бид уулзаж энэ талаар ярилцаж зөвшилцөлд хүрсэн учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гэв.

Гуравдагч этгээд “************** ХХК-нийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хариуцагчтай ойлголцсон учраас татгалзана гэж ярьж байна. Нэхэмжлэгч нь нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Иймд өнөөдрийн байдлаар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаараа дүгнэлт хийх хэрэгтэй байх.

Хэрвээ маргаан бүхийн захиргааны актын үйлчлэх хугацаа дууссан гэж үзэж байгаа бол захиргааны хэргээр шийдвэрлэх маргаан биш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан болчихно. Яагаад гэвэл хүчин төгөлдөр акт дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Тэгэхээр хүчин төгөлдөр бус үйлчлэхгүй байгаа актын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан шүүх дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл харагдаж байна гэж ойлгож байна.

Өнөөдөр нэхэмжлэгчийн гаргаж байгаа хүсэлт буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэдэг нь хуульд харшилж байгаа учир уг үндэслэлийг хүлээн зөвшөөрч болохгүй байна.

Харин маргаан бүхийн актын хуулийн үйлчлэх хугацаа дууссан гэдэг нь үнэн. Уг маргаан бүхий актын үйлчлэх хугацаа нь 02 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон. Энэ актын хугацаа дууссан гэх үндэслэлээр харьяаллын бус маргаан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэхээр байна гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан *******,*******” ХХК-нийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2023 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталсныг хууль бус гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргажээ.

Гуравдагч этгээд *******,*******” ХХК-нийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа“...нэхэмжлэгч маргаан бүхий актын хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Харин  нэхэмжлэгчээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгох нь  гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөнө...” гэжээ. 

Маргаан бүхий акт нь 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буюу актын үйлчлэл дуусаагүй байхад  шүүхэд хандсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын үйлчлэл дууссан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх тухайд: Хариуцагч маргаан бүхий актыг баталсан хугацаанд  мөрдөгдөөгүй, хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй талаар тайлбарласан, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөөг дахин баталж, хяналтыг хэрэгжүүлж ажилласан байх ба талууд энэ талаар маргаагүй.  

Иймд маргаан бүхий актын улмаас гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх буюу зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ба татгалзлыг хүлээн авч батлах нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг бичгээр илэрхийлсэн хүсэлтийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ, “*******” НҮТББ, “*******” НҮТББ-ын Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн газрын ховор элемент, цацраг идэвхт бодисын илэрц бүхий газарт *******,*******” ХХК-ны эзэмшиж буй ******* болон ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталсан Мянгад сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            С.ОЮУНГЭРЭЛ