Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 586

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  Чингис караокед бармен зөөгч ажилтай, ам бүл 2, найз охины хамт амьдардаг, оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б өд холбогдох  201726021340 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Б  2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын автобусны буудал дээр иргэн Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн Хуавей П9 загварын гар утсыг 890.000 төгрөгөөр худалдан авъя, өөрийнхөө ажиллуулдаг ТҮЦ-нээс орж мөнгө аваад ирье гэж хуурч шилжүүлэн авч  1.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би facebook-s утас зарна гэсэн зар байхыг хараад холбогдож 900.000 төгрөгөөр зарна гэснийг нь 860.000 төгрөгөөр авахаар тохирсон. Би хохирогчид АТМ-ээс мөнгө авч өгнө гэж хэлээд дагуулж яваад манайх гэр бүлээрээ ажиллуулдаг ТҮЦ байдаг юм. Тэндээс мөнгө авч өгье гэж хэлж нэг ТҮЦ-рүү ороод нөгөө талынх нь хаалгаар гараад явчихсан. Би өрөнд орсон байсан учир энэ үйлдлийг хийсэн гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн Хуавей маркийн гар утсаа зарна гэж фейсбүүк дээр зар тавьсан. Тэгсэн чинь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр над руу 94710101 дугаараас нэрээ хэлээгүй хүн чиний гар утсыг үзэх гэсэн юм би хороололд байна 100 айл дээр уулзъя гэсэн. Тэгэхээр нь би 19 цагийн үед найз Чойжжалтай хамт 100 айлын автобусны буудал дээр очоод нөгөө хүний утас руу залгасан чинь гадуур ажилтай байна гээд 20 цаг өнгөрч байхад Сэлбэ гүүрний хажуу талд уулзъя гээд би найз залуутайгаа нөгөө газар нь очсон чинь 20-25 насны залуу байсан. Тэгээд уулзсан чинь өөрийгөө саяхан Солонгос улсаас ирсэн, ямархуу гар утас юм гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж үзүүлээд 900.000 төгрөгөнд зарна гэсэн чинь нөгөө хүн жаахан үнээ бууруулаач гээд байсан. Тэгсэн хажууд нэг приус 20 маркийн машин ирсэн чинь энэ манай найз гээд миний гар утсыг үзүүлээд асуугаад байсан. Тэгээд нөгөө хүн 890.000 төгрөгөнд авья гэснээ надад мөнгө байхгүй 11 дүгээр хорооллын Экспресс банкнаас очиж мөнгө авна гэхлээр нь хамтдаа алхаад Экспресс банкны үүдэн дээр ирсэн чинь нөгөө залуу би орчихоод ирье гээд ороод удалгүй гарч ирсэнээ  миний мөнгө хүрэхгүй байна баруун 4 зам орж өөрийнхөө түцнээс мөнгө аваадхая манай гэр бүлээрээ ажиллуулдаг гэхлээр нь хамтдаа такси бариад явж байсан чинь нөгөө хүн миний гар утсыг түр өгч бай өөрийнхөө симийг хийгээд хүнтэй утсаар яриад явж байснаа Баянгол дүүргийн 16 дугаар хороо баруун 4 зам дээр байрлах түцний харалдаа такси зогссон чинь залуу миний гар утсаар ярьсан чигтээ явж буугаад автобусны буудлын түц рүү оронгуутаа нөгөө хаалгаар нь гүйгээд зугатаачихсан. Тэр үед манай найз бид хоёр араас нь гүйгээд гүйцээгүй...” /хх-ийн 10/ гэсэн,

Би гар утасны хохирол болох 1.200.000 төгрөгийг бүрэн авсан. Б  эхлээд 800.000 төгрөгийг өгсөн, дараа нь Б тэй хамт хэрэг үйлдээгүй боловч мөнгийг нь хамт үрэлцсэн гэх Мөнх-Эрдэнэ гэх залуугийн аав надад үлдэгдэл 400.000 төгрөгийг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй /хх-ийн 48/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ч.Энхболд мөрдөн байцаалтанд: 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн орчим намайг тус ломбардан дээр ажлаа хийгээд байж байсан чинь 22 цагийн орчим би ломбардаа хаах гэсэн чинь нэг залуу ахаа гар утас тавих гэсэн юм гэхлээр нь би утсыг нь шалгасан  чинь хар саарал өнгийн Хуавэй гэсэн нэртэй гар утас байсан. Тэгээд би шалгасан чинь нөгөө залуу нууц кодоо өөрөө гаргаад хуруугаараа уншуулж тайлаад байсан. Тэгээд би тухайн үед хэдэн төгрөгөөр тавих юм гэсэн чинь тулсан үнэнд нь тавих гэсэн юм гэхээр нь 200000-250000 төгрөгөөр барьцаанд авна гэсэн чинь нөгөө залуу ахаа мөнгө хүрэхгүй байна нэг мөсөн зарчихъя мөнгөний хэрэг гарчихаад байна авбал хэдээр авах уу гэхлээр нь би худалдаж авахгүй гэсэн чинь хувиараа аваад барьчих наад гар утас чинь ямар ч иймээ тиймээ зүйл байхгүй би бичиг баримттайгаа наад гар утасны чинь бүх түгжээ кодыг би өөрөө мэдэж байгаа гэхлээр нь би бичиг баримтыг нь үзье гэсэн нөгөө залуу иргэний үнэмлэхний хуулбар надад үзүүлсэн тэгэхлээр нь би зургийг гар утсан дээрээ дарж авсан. Тэгэхээр нь би хулгайн гар утас биш байх гэж итгэсэн. Тэгээд би зөвшөөрөөд 380.000 төгрөг нөгөө залууд өгөөд тухайн гар утсыг худалдан авсан. ...хуавей гар утсыг чинь хаячихсан гэж надад хэлсэн. /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Э.Б  мөрдөн байцаалтанд: 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим би Фейсбүүк дээр гар утас зарна гэсэн зарын дагуу  холбогдох утасны дугаараар 9591-тэй дугаар руу өөрийнхөө утаснаас залгаад зарын дагуу ярьж байна наад гар утсыг чинь үзье гэсэн чинь тэгье гэхээр нь би уулзъя гэж тохирсон...тэр эмэгтэй 870.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд ярилцаад байж байсан чинь манай найз Мөнх-эрдэнэ гэх залуу ирэхээр нь уулзаад явуулчихаад би тэр охинд АТМ-ээс мөнгө аваад өгье гэж хэлээд хамт АТМ орчихоод би мөнгө хүрэхгүй байна гэж худлаа хэлээд баруун 4 зам дээр би ТҮЦ ажиллуулдаг гэж хэлээд нөгөө эмэгтэйг дагуулаад явсан. Тэгээд явсаар автобусны буудал дээр ирээд  би нөгөө эмэгтэйгийн гар утсыг нь өгч бай гэж хэлээд аваад буугаад  ТҮЦ-рүү ороод зүүн талын хаалгаар нь гараад зугатсан. Тэгээд буцаад Мөнх-Эрдэнэтэй уулзаад хамтдаа нөгөө утсыг нь ломбарданд тавих гээд ...модны 2 орчим ирээд Лаки гэх нэртэй ломбард онгорхой байхаар нь ороод гар утсаа үзүүлээд эхлээд 350.000 тавина гэсэн чинь өөдөөс нөгөө ах зарах юм уу гэхээр нь би зүгээр тавина гэсэн чинь нөгөө ах та нар ингээд хаячихаас хойш би нэмээд 50000 төгрөг нэмье, зарчихгүй юм уу гэхлээр нь зөвшөөрөөд 370.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Мөнх-Эрдэнийн данс руу хийсэн. Тэгээд бид хоёр бүх мөнгийг хамтдаа үрсэн. /хх-ийн 18/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51/ болон

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, ял шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б  2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын автобусны буудал дээр иргэн Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн Хуавей П9 загварын гар утсыг 890.000 төгрөгөөр худалдан авъя, өөрийнхөө ажиллуулдаг ТҮЦ-нээс орж мөнгө аваад ирье гэж хуурч бага бус хэмжээний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:              

хохирогч Д.Бямбасүрэнгийн“...нөгөө хүн миний гар утсыг түр өгч бай өөрийнхөө симийг хийгээд хүнтэй утсаар яриад явж байснаа...түц рүү оронгуутаа нөгөө хаалгаар нь гүйгээд зугатаачихсан /хх-ийн 10/, Би гар утасны хохирол болох 1.200.000 төгрөгийг бүрэн авсан. /хх-ийн 48/ гэх мэдүүлэг, гэрчээр Ч.Энхболдын: би 380.000 төгрөг нөгөө залууд өгөөд тухайн гар утсыг худалдан авсан...хуавей гар утсыг чинь хаячихсан гэж надад хэлсэн. /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг, сэжигтнээр Э.Б ийн”...автобусны буудал дээр ирээд  би нөгөө эмэгтэйгийн гар утсыг нь өгч бай гэж хэлээд аваад буугаад ТҮЦ-рүү ороод зүүн талын хаалгаар нь гараад зугатсан...” /хх-ийн 18/ гэсэн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Бямбасүрэнгийн”...Э.Б өөс 1.200.000 төгрөг хүлээн авлаа...” гэсэн баримт /хх-ийн 22/, гар утасны баталгааны хуудас /хх-ийн 23/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Э.Б өд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. 

 

Шүүгдэгч Э.Б  2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр  гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Прокуророос Э.Б ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хуурч залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”  үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Э.Б ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 34.14 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Э.Б ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Э.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ