Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/923

 

                                                               Б.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

       Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

        прокурор Ц.Сайнзаяа,

        нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1684 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнзаяагийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Б-д холбогдох **** 01889 **** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

      ***** овгийн Б.Б, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нэхмэл технологийн оператор мэргэжилтэй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт ****** дүүргийн ** дугаар хороо,**-*** тоотод оршин суудаг, /РД: **********/,

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

         Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Яллагдагч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зогсоолд Д.С тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь хагарсан шил тулган хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, түүний эзэмшлийн 835.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси А71” загварын гар утсыг хууль бусаар авсан,

2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Ч.Э-ээс “гар утсаар нь ярьчхаад өгье” гэж хэлж гарт нь байсан 170.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Вай-6” загварын гар утсыг,

2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Ц.Ж-аас түүний найз А.Н-ын эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг,

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо байрлах нийтийн байранд байх үед нь Ө.Б-аас “ярьчихаад өгье” гэж түүний эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 6 плас” загварын гар утсыг,

2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд үйлчлүүлж байх үед нь Б.Б-аас “утсаа өгч байгаач, эгчтэйгээ яриад өгье” гэж түүний эзэмшлийн 380.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, илээр хууль бусаар авсан,

Үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 2021 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд байх А.О-ийн Монгол гэрээс 2 ширхэг мөнгөн толь, 2 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн аяга, 1 ширхэг саарал судалтай Чүнчигноров хөөрөг зэрэг 3.670.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах Р.Б-ын гэрээс 10.000.000 төгрөгийн үнэ бүхий шүрэн толгойтой, хаш чулуун хөөргийг,

2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.М-ийн эзэмшлийн “*********” хүнсний дэлгүүрээс 740.000 төгрөгийн гар утасны нэгж, архи, тамхи, бэлэн 340.000 төгрөг, нийт 1.080.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Үргэлжилсэн үйлдлээр, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хашааны гадна байрлуулсан байсан Ц.Д-ийн эзэмшлийн **-*7 УБЕ улсын дугаартай “Хьюндай Верна” загварын тээврийн хэрэгслийг,

2021 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан С.Г-ын эзэмшлийн **-** УБИ улсын дугаартай “Тоёота Королла” загварын автомашиныг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2021 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байх үед нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сү Жин Чинийг “зулын тос зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2.024.000 төгрөгийг иргэн Н.У-ийн Хаан банкны 53******** дугаарын данснаас шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 29А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн **** 01889 **** дугаартай хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Харин тус дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Цогт-Эрдэнэ нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/2725 дугаартай албан бичгээр энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Яллах дүгнэлт нь эрүүгийн хэргийг шүүхийн журмаар хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлийг бий болгодог эрхийн акт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал”-ыг тусгахаар хуульчилсан. Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгасан шүүхийн харьяаллыг өөрчлүүлэх боломжгүй юм. Түүнчлэн, прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн нэрийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна...” хэмээн тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд яллах дүгнэлтэд шүүхийн нэрийг буруу бичсэн гэх нөхцөл байдлыг “үг, үсгийн алдаа”-нд тооцож огт болохгүй. Дээрхээс нэгтгэн дүгнээд, яллагдагч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэргийн хамт буцаан хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг тус тус дурдаж, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сайнзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч Б.Б нь 11 удаагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, нэр бүхий 11 хохирогчид нийт 19.259.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Б.Б-н үйлдсэн гэмт хэргүүдийн сүүлийн үйлдэл нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төгссөн байсан ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу шүүхийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 4 заалт бүхий үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурор хэргийг хүлээн аваад, захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэн яллагдагч Б.Б-т холбогдох хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр дахин 29А дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад харьяалах шүүхийн нэрийг “Сонгинохайрхан” гэхийн оронд “Баянгол” гэж бичиж, үг алдан техникийн шинжтэй алдаа гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад “Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан. Уг заалтын дагуу прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын яллах дүгнэлтэд үг алдаж бичсэн техникийн шинжтэй алдаагаа залруулах хүсэлтийг гаргаж оролцсон.

Прокурор яллах дүгнэлтдээ үг алдаж техникийн шинжтэй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөг ба урьд нь хэрэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж, шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцэж байсан буюу шүүхийн харьяалал тогтсон байсан, мөн хяналтын прокурор яллах дүгнэлтдээ шүүхийн нэрийг буруу бичиж техникийн алдаа гаргасан хэдий ч уг хэргийг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Цогт-Эрдэнийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/2725 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн зэрэг нь яллах дүгнэлтэд “Баянгол” гэж буруу бичиж техникийн алдаа гаргасныг нотолж байгаа болно.

Иймд шүүхээс шүүхийн нэрийг буруу бичсэн асуудлыг “үг, үсэг техникийн шинжтэй алдаа” гэж огт үзэхгүй гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн 3 үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг прокурорт буцааж болохоор хуульчилсан.

Гэтэл шүүгчийн захирамжаар прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Яллагдагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хоригдсон, гэм буруугийн талаар маргадаггүй, хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлт удаа дараа гаргадаг цаашлаад дээрх хэрэгт өмчлөх эрх нь зөрчигдөж, эд хөрөнгийн хохирол амссан нэр бүхий 11 хохирогчийн эрх ашиг хөндөгдөж байна.

Хэргийн шүүхийн харьяалал нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллынх болох нь нэгэнт тогтоогдсон, яллах дүгнэлтэд харьяалах шүүхийн нэрийг буруу бичсэн асуудлаар хэргийн оролцогч нарын зүгээс гомдол, хүсэлт огт гаргаагүй ба хэргийг дээрх үндэслэлээр прокурорт буцаалаа гээд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1684 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд харьяалах шүүхийн нэрийг буруу бичсэн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэ хэргийг урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, прокурор шүүгчийн захирамжид заасан нэмэлт ажиллагаа хийж дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ шүүхийн харьяаллыг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргажээ.

Нэгэнт тогтоогдсон шүүхийн харьяаллыг дахин өөрчилсөн талаарх баримт авагдаагүй тул яллах дүгнэлтэд бичигдсэн шүүхийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж үзэх ба энэ талаар бичсэн прокурор Ц.Сайнзаяагийн эсэргүүцлийг хүлээн хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сайнзаяагийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 13  дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1684 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сайнзаяагийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                  Б.АРИУНХИШИГ

                       ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР