Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 587

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Стандарт Финанс ББСБ-ын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705011510237 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Б  2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFC түргэн хоолны газрын гадаа иргэн Б.Хосбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Хосбаяр мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFC түргэн хоолны газар ажлынхандаа бургер авах гээд асуусан чинь ажилтан нь 6 ширхэг гарахгүй 5 ширхэг байна гэж хэлсэн...миний араас үл таних залуу нуруу руу  түлхээд чи хурдал даа гэж хэлэхээр нь би захиалгаа өгч байна байж бай гэж хэлэхэд дахин түлхэхээр нь  яараад байвал урдуур ороод захиалгаа өг гээд ард оочирлож байсан залууг урдуураа оруулаад захиалгыг нь өгүүлчихээд дахиад оочерлоод зогсож байсан чинь миний урдуураа оруулсан залуу над руу хараад юугаа харсан юм гэж хэлэхээр нь би харах нүдээ нуухгүй чи харагдмааргүй байвал явж болно ш дээ гэж хэлээд зогсож байхад чи гараад ир гээд миний ханцуйнаас зулгааж татахаар нь би гарыг нь тавиулаад би чамайг дагаж гарахгүй гэж хэлээд эргэж хараад захиалгаа  өгөөд зогсож байхад дахин миний куртикны ханцуйнаас татаад гараад ир гэж хэлсэн тэр үед  хоёр хүүхэд нь ааваа гээд хажууд нь тоглоом барьчихсан гүйж явахаар нь хүүхэдтэйгээ явж байгаа юм чинь гайгүй байлгүй гээд дагаад гадаа гарсан чинь нөгөө залуу надтай хэн ч ингэж харьцдаггүй юм гээд шууд миний хамар руу мөргөсөн би тэгэхээр нь биеэ хамгаалаад хоёр гурван удаа цохисон тэгээд хоорондоо ноцолдоод байж байсан чинь хүүхдүүд нь ааваа гээд уйлахаар нь чи эхнэр хүүхэдтэйгээ явж байж ичдэггүй юм уу гэж хэлсэн чинь дахин хоёр удаа хамар дух хэсэг рүү мөргөөд миний хамар хугарч, хөмсөг цөмрөөд духны яс цуурсан. /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч У.Ундрах мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 2-ний өглөө захирал Хосоотой хамт КFC-д хоол авах гээд орсон...тэр хүн бид хоёрыг зай тавьж өгөхөд захиалгаа түрүүлж өгчихөөд биллээ аваад буцаад ард зогссон. Тэгж байснаа тэр ах Хосоо ахыг гаръя гээд дагуулаад гарсан...Хосоо ах Б тай заамдалцсан Хосоо ахын хамарнаас цус гарчихсан, нөгөө залуугийн дух нь цус болсон байдалтай байсан. /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг

 

Сэжигтнээр Д.Б  мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 4 цагийн үед КFC түргэн хоолны газар эхнэр, 2 хүүхдийн хамт орсон. КFC-д ороод би захиалгаа өгөх гээд байж байтал миний урд байсан 30 орчим насны залуу кассчинтай маргалдаад захиалгаа өгөхгүй байсан. Тэгэхээр нь би ардаас нь хурдлаач ээ дараагийн хүмүүс чинь хүлээгээд байна гэж хэлсэн...нөгөө залуу хоолоо хүлээж байхдаа над руу сонин хараад байсан. Тэгэхээр нь би юугаа хүн хараад байгаа юм гэхэд нөгөө залуу миний өмнөөс маргалдсан...бид хоёр гадагшаа хамт гараад би нөгөө залуугийн хамар руу мөргөсөн. Намайг мөргөтөл тэр залуу зөрүүлээд цохиод бид хоёр харилцан зодолдсон. /хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13319 дугаартай дүгнэлтэнд: Б.Хосбаярын биед тархи доргилт, баруун талын дух ясны гадна ялтасын цөмөрсөн хугарал, баруун талын нүдний ухархайн дээд ханын хугарал, хамар ясны нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 11/ гэсэн дүгнэлт

 

Хавтаст хэргийн 40 дүгээр талд хохирогч Б.Хосбаяр хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “Б ас хохирол болох 3.000.000 төгрөгийг гаргуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”  гэжээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18/, ял шалгах хуудас /хх-ийн 19/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 20/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 21-22/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б  2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFC түргэн хоолны газрын гадаа иргэн Б.Хосбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Хосбаярын”...нөгөө залуу надтай хэн ч ингэж харьцдаггүй юм гээд шууд миний хамар руу мөргөсөн би тэгэхээр нь биеэ хамгаалаад хоёр гурван удаа цохисон тэгээд хоорондоо ноцолдоод байж байсан чинь хүүхдүүд нь ааваа гээд уйлахаар нь чи эхнэр хүүхэдтэйгээ явж байж ичдэггүй юм уу гэж хэлсэн чинь дахин хоёр удаа хамар дух хэсэг рүү мөргөөд миний хамар хугарч, хөмсөг цөмрөөд, духны яс цуурсан...”/хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг, гэрч У.Ундрахын”...Хосоо ах Б тай заамдалцсан Хосоо ахын хамарнаас цус гарчихсан, нөгөө залуугийн дух нь цус болсон байдалтай байсан...” /хх-ийн 14/, сэжигтнээр Д.Баттулгын”...бид хоёр гадагшаа хамт гараад би нөгөө залуугийн хамар руу мөргөсөн. Намайг мөргөтөл тэр залуу зөрүүлээд цохиод бид хоёр харилцан зодолдсон...”/хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13319 дугаартай /хх-ийн 11/ дүгнэлт, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-ийн 37/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос Д.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Д.Баттулгыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсныг харгалзан түүний холбогдсон гэмт хэргийн тухайн зүйл хэсгийн торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, Д.Б  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ