| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2111012550379 |
| Дугаар | 2022/ДШМ/939 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ДШМ/939
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батцэцэг,
шүүгдэгч Г.Б,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/621 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох 2111 01255 0379 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Г.Б, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт ****** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: **********/;
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, *** байрны гадна зогсоолд байсан Ч.М-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Х**** ***” загварын тээврийн хэрэгслийг бусдад 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулж 7.000.000 төгрөгийг нь завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 10 сар 28 хоногоор тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.14 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Б-ийн 1 жил 10 сар 28 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд **** дүүрэг, ** дугаар хороо, **** тоот хаягаас зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөхөөс бусад зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-аас 7.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М /РД:**********/-т олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Б би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож шүүхээс 1 жил 10 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаа **** дүүргийн ** дугаар хороо, **** тоот хаягтаа, зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах хөдөлмөрлөхөөс бусад зорчих эрхээ хязгаарлуулсан. Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй зөв амьдрах болно. Хувийн байдлын хувьд ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг бөгөөд хот хооронд тээвэр хийдэг. Хохирогч Ч.М-ын хохирлын 7.000.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг барагдуулж хохиролгүй болгоно. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд миний ар гэрийн амьдралыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өнгө үү. ...” гэв.
Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Б-д хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Г.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарахгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр **** дүүргийн * дугаар хороо, *** байрны гадна зогсоолд байсан Ч.М-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “***** ***” загварын тээврийн хэрэгслийг бусдад 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад 7.000.000 төгрөгийг нь завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.М-ын “... Г.Б нь нэг нутгийн гаралтай, гааль дээр дуудлагын жолоочоор ирдэг байсан бөгөөд 2018 оны сүүлээр танилцаад өөрийн туслахаар ажилд авсан юм. ... Ингээд гаалиар орж ирсэн “***** ***” загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз М-д худалдахаар боллоо гэж надад хэлсэн. Улмаар Г.Б нь М-ийг дагуулаад нотариатаар худалдах, худалдан авах гэрээг 10.000.000 төгрөгийн үнийн дүнд байгуулан, урьдчилгаа төлбөрт авсан 5.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр өгсөн. Тэрээр М-ээс 5.000.000 төгрөг авсан гэж хэлээгүй. Үлдэгдэл 7.000.000 төгрөгийг “***** *****” ББСБ-аас зээл гаргуулж өгнө гэж хэлсэн. Уг газраас М худалдан авч байгаа “***** ***” тээврийн хэрэгслийг барьцаалан 5.000.000 төгрөгийн зээл авч түүнийг Г.Б-д өгсөн. ...” /хх 34/,
гэрч Б.Г-ын “... Г.Б нь М гэх хүнийг дагуулж орж ирээд “Ч.М ахын машиныг зээлээр авах гэж байгаа юм, танайх зээл гаргаж өгөөч” гээд хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг манай байгууллагаас судалж үзээд Ч.М-ын өмчлөлийн гаалиар оруулж ирсэн “***** ***” автомашиныг байгууллагын нэр дээр барьцаалан зээлийг М-ийн данс руу шилжүүлэн өгч байсан. Одоо **-** УБЕ улсын дугаартай “***** ***” загварын автомашин манай байгууллагын нэр дээр байгаа М машинаа унаад зээлээ хэвийн төлөөд явж байгаа. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар 10.000.000 төгрөгөөр худалдсан байсан. Тухайн 10.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 5.000.000 төгрөг дээр нь машинаа манайд барьцаалсан юм байна лээ. ...” /хх 38/,
гэрч С.М-ийн “... Г.Б нь Ч.М-ын итгэмжлэлтэй байсан тул Ч.Б-тай гэрээ хийж, автомашины үнэ болох 10.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдсэн 5.000.000 төгрөгийг “****** *****” ХХК- иас зээл аван бүрэн гүйцэт тооцоогоо хийж машинаа хүлээн авсан. ...” /хх 39/ гэсэн мэдүүлгүүд,
худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 6-7/, зээлийн гэрээ /хх 12-13/, мөнгө хүлээн авсан тухай баримт болох банкны депозит дансны хуулга /хх 73-96/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г хохирогч Ч.М-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “***** ***” загварын тээврийн хэрэгслийг бусдад 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад 7.000.000 төгрөгийг өгөлгүйгээр завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч Г.Б-ийн “... шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх ...” талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 42 хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ялаас хасаж тооцохдоо үлдэх ялыг “1 жил 10 сар 28 хоног” гэж тооцооллын алдаа гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд ****** дүүргийн ** дугаар хороо, ***** тоот хаягаас зайлшгүй тохиолдлоос бусад зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь бүсчлэлийн хувьд хэт хязгаарлагдмал, бодит байдалд нийцэхгүй байх тул бүсчлэлийн хязгаарыг тэлж ****** дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/621 дугаартай шийтгэх тогтоолын:
- тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудын “... 1 жил 10 сар 28 хоног...” гэснийг “... 1 /нэг/ жил 10 /арав/ сар 18 /арван найм/ хоног ...” гэж,
- тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Шүүгдэгч Г.Б нь 1 жил 10 сар 28 хоногийн хугацаанд ******* дүүргийн ** дугаар хороо, ***** тоот хаягаас ...” гэснийг “Шүүгдэгч Г.Б нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд ****** дүүргийн нутаг дэвсгэрээс ...” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР