Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 125/ШШ2024/0017

 

 

 

 

 

 

2024       03          12                                             125/ШШ2024/0017

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн дарга ******* намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* (цахимаар), хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар *******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилсон байна.

1.2. Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 4 зорилт чиг үүргийн хүрээнд нийт 69 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс биелэлт 64.6 хувьтай дүгнэгдсэн байна.

1.3. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр хангалтгүй үнэлэгдсэн гэх үндэслэлээр   Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар “... Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон...” гэж дүгнэж нэхэмжлэгч *******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулж шийдвэрлэсэн байна.

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадарчийн ******* би Төрийн албанд 26 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч юм. Хөдөлмөрийн гараагаа 1996 онд Биеийн тамир спортын хорооны багш дасгалжуулагчаар эхэлсэн бөгөөд 2005-2012 оны хооронд Биеийн тамир спортын хорооны дарга, аймгийн Залуучуудын холбооны даргаар ажиллаж байсан. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

Ажиллах хугацаандаа мэргэшил, мэргэжлээ дээшлүүлэн суралцаж, залуу үедээ өөрийн ажлын арга барилаа зааж сурган дадлагажуулахын зэрэгцээ мэдлэг чадвар, туршлагаа ашиглан Төрийн албаны хууль болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байхад Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар "Албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар намайг хууль бусаар ажлаас халж байгаад гомдолтой байна. Энэхүү тушаалыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан юм. Миний бие ажлаа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн болно. Тухайн захирамж гарсан үед миний бие эмнэлгийн магадлагаатай өвчтэй байсан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар ******* миний албан тушаалыг бууруулж байгаа нь эсхүл ажлаас чөлөөлж байгаа нь эсхүл сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай захирамж болсон. Захирамжиндаа албан тушаал буруулах гэж бичсэн боловч ажлаас халах шийдвэр байсан. Засаг даргад Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын ажлаас чөлөөлөх эрхтэй боловч албан тушаал буруулах хуулиар эрх олгоогүй юм.

Ховд аймгийн Засаг дарга намайг чөлөөлсөн Б/05 дугаар захирамжийн үндэслэлдээ "үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагаань үр дүн, мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон" хэмээн тодорхойлсон байна. Миний бие жил бүрийн үйл ажиллагааны үр дүнгээ Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар хангалттай үнэлүүлж, үр дүнгийн урамшуулал авч байгаа болно. Мөн Ховд аймаг дахь төрийн аудитын газраас өөрчлөлтгүй дүгнэлт гарч ямар нэгэн санхүүгийн зөрчилгүй ажиллаж байсан. Аймгийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах шийдвэр гаргахаас өмнө Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй, намайг ажлаас чөлөөлөх үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, надад мэдэгдэхгүйгээр шууд албан тушаал буруулж байгаад гомдолтой байна. Үүнээс болж миний хөдөлмөрлөх эрх ашиг маань ноцтой зөрчигдөж байгаа тул эрхээ хамгаалуулахаар хуулийн дагуу шүүхэд хандаж байна.

Ховд аймгийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар ******* намайг ажлаа сайн хийгээгүй гэдэг үндэслэлийг нотлогдоогүй байхад маргаан бүхий захирамжийг гаргасан гэж би үзэж байгаа. Ажиллаж байх хугацаандаа миний хувьд Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд жил бүр ажлаа тайлагнадаг байсан бөгөөд яамнаас сайн үнэлгээ авч мөн цалин урамшуулал авч байсан. Аймгийн Засаг даргын хувьд эрхлэх хүрээний агентлаг биш. Манай зүгээс жишээ нь томилгоо хийхдээ хүртэл яамны сайдтай зөвшилцөж томилдог. Гэтэл хариуцагчийн зүгээс манай ажлыг оноогоор дүгнэсэн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд нийт аймгийн төсөвт 26 байгууллагын дүгнэчихсэн байгаа. Эдгээр 26 байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуйн газарын хувьд 6 дээр дүгнэгдсэн байна. Үүнээс дооших байгууллагууд нь Татварын алба, Биеийн тамир, спортын газар, Онцгой байдлын газар зэрэг улаан түвшинд орчихсон байгууллагуудтай хариуцлага тооцоогүй байж намайг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь нотлогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн. Үнэхээр миний хувьд ажлаа хангалтгүй биелүүлсэн бол хамтарч ажиллаж байсан байгууллагууд хүртэл сайн, муу байсан гэдэг саналаа өгөх ёстой байсан. Намайг тухай албан тушаалыг эрхлэж байх хугацаанд хамтран ажиллаж байгаа байгууллага болон ажлын хамт олон маань хүртэл надад ам сайтай байсан.

Тухайн үед миний хувьд утсаар залгаж асуухад манай байгууллагыг 3 дугаар байранд орсон байна гэж хэлсэн. Гэтэл маргааш нь манай байгуулагыг 7 дээр буюу мал эмнэлгийн газартай сольсон байна. Байгууллагын дарга нарын цуглаан болох үед би ******* даргад “Манай байгууллага яагаад 6-д орчихсон юм бэ? мал эмнэлэгийн газар чинь сүүлийн хоёр жил хязгаарлалтай дүгнэлт авчихсан байгаа. Эхний гуравт орох агентлаг биш шүү дээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш би хэл ам хийгээгүй. Манай байгууллагын хувьд эхний 6 дугаар байранд орчихоод байхад яагаад намайг ажлаас халсаныг ойлгохгүй байгаа. Маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үнэхээр 6 дугаар байранд орчихоод байхад надад хариуцлага тооцож байгаа юм? Манай байгууллагаас доош байгаа албан байгууллагын дарга нарт мөн адил хариуцлага тооцох ёстой байсан.

Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн захирамж гаргачихаад маргаан бүхий захиргааны актаа зөвтгөх гээд надад хамааралгүй баримтуудыг цуглуулж байгаад гомдолтой. Миний хувьд ажил албан үүргээ сайн гүйцэтгэж байсан гэж бодож байгаа.

Тамгын газрын дарга бид нарын ажлыг шууд дүгнэдэггүй. Харин тус газарт хяналт үнэлгээний алба гээд ажлын хэсэг байгаа. Тус ажлын хэсэг нь тодорхой шалгуураар оноо өгч дүн гаргадаг. Тухайн дүн нь 6 дугаар байр гээд манай байгууллагыг дүгнэсэн байдаг. Гэтэл шал өөр нэг дүн гаргаж ирээд ******* нь ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг зүйл ярьж байгаа бөгөөд манай байгууллагын ажлыг дүгнэх эрхгүй субьект дүгнэсэн байгаа юм. 

Миний хувьд өвчтэй зовлонтой байх үеэр тус захирамж гарсан. Уг захирамжийг би сүүлд ирээд мэдсэн. Үнэхээр гэм буруутай байсан бол үүнийг тогтоогоод дараа нь хариуцлага тооцдог болохоос биш эхлээд би ажлаас буруу хийсэн байж магадгүй юм байна, эсхүл ажлаа хангалтгүй хийсэн байж магадгүй юм байна гэх үндэслэлээр хариуцлага тооцож болохгүй.Тухайн маргаан бүхий Засаг даргын захирамж гарсаны дараа манай байгууллагад дотоод аудит болон төрийн аудитын шалгалтууд орсон.

Миний хувьд Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа маш олон ажлыг хийж гүйцэтгэж байсан. Мөн төслийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж олон ажлыг хийсэн. Жишээ нь: Ховдын тарвас олон жил газар зүйн заалтгүй байсан. Бид нар өөрсдийнхөө юмыг алдах хэмжээнд хүрчихсэн байж байхад би газар зүйн заалттай болгох талаар, цаашлаад Европын холбоонд бүртгүүлэх тал дээр хүртэл санаачилга, ажлын хэсэг гаргаад Хөдөө аж ахуйн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ер нь урьдын удирдлагууд нь хийгээгүй, мэргэжлийн гээд байгаа хүмүүс нь хийж байгаагүй олон ажлуудыг хийсэн. Надад гаргасан зөрчил байхгүй. Магадгүй, янз бүрийн байдлаар хувийн байдлаар ч юм уу, эсхүл алдаа дутагдал гаргадаг ч юм уу, ажлын байр дээрээ архидан согтуурдаг, янз бүрийн авлига, албан тушаалын хэрэгт орооцолддог асуудлууд гаргасан бол хариуцлагаа хүлээгээд явна шүү дээ.

Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлж байгаад үнэхээр харамсалтай байна. Ядаж тухайн албан тушаалаас чөлөөлж байгаа юм бол өөр ажлын байраар хангахгүй яасан юм бэ? Намайг өөр ажлын байраар хангасан зүйл байхгүй. Гэтэл маргаан бүхий захиргааны акт гарсанаас хойш бүтэн жил болж байна шүү дээ. Надад өөрийн гэсэн хувийн бизнес, цалин орлого байхгүй. Миний хувьд ар гэрээ тэжээдэг хүн. Гэм буруугүй байхад хүний амьдралаар тоглож болохгүй. Миний хувьд 28 жил төрд ажиллаж байна. Өмнө нь 10 жил Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдох үед ажлын байрны сонгон шалгаруулалтад орж 10 гаруй хүнээс нэгээр гарч тухай албан тушаалд томилогдсон байдаг.

Аймгийн Засаг даргын зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа надад танилцуулаагүй. Хэрэв “... тухайн захиргааны акт нь ийм ийм үндэслэлээр ингэж гарсан. Мөн таны ажлын хувьд ийм ийм алдаа дутагдал гарсан “гэдгийг тодорхой хэлж өгөөгүй, эсхүл Засаг даргын зүгээс намайг дуудаж уулзаад Хүнс, хөдөө аж ахуйн даргын ажлаа өгөөд өөр ажил хий гэдэг байдлаар ямар нэгэн хүсэлт тавиагүй байж маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаад маш их гомдолтой байна. Миний хувьд сэтгэл санаа болон эрх зүйн байдлаараа хохирч байна. Хэрэв би ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрнө гэв.

 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******аас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон шалтгаанаар *******ыг аймгийн Засаг даргын 2023 оны Б/05 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж, шийдвэрийн төсөл, сонсох ажиллагааны мэдэгдлийг танилцуулсан.Үүний дараагаар ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах шийдвэрийг гаргасан нь хуулийн үндэслэл бүхий, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, оролцогчид мэдэгдэж оролцоог хангасан шийдвэр гэж үзэж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга *******ийг томилсон ба албан тушаал бууруулах шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/18 дугаар тушаалаар *******ыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Маргаан бүхий захиргааны актын хувьд Ховд аймгийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн дарга *******ыг ажлаас чөлөөлсөн. Тухайн захирамж нь ямар нэгэн сахилгын шийтгэл биш, ажлаас халаагүй албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн утгатай захиргааны акт гарсан байгаа. Маргаан бүхий захиргааны акт гарах гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлд Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, мөн хуулийн 45 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зэрэг үндэслэлээр *******ыг албан тушаал бууруулж ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс Хяналт шинжилгээ, үнэлгээ гэж ярьсан. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр жил болгон сум байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэдэг байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гараад 17 сум, нийт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажлыг үнэлж дүгнэж, зөвлөн тусалдаг. Үүний хүрээнд агентлагуудаар явж ажлын хэсэг бүх ажил үйл ажиллагааны үр дүн, төсөв санхүү, хүний нөөц зэрэг тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, хууль тогтоомж гэх мэт ажлуудыг шалгаж үзээд, болж байгаа ажлыг нь болж байна. болохгүй байгаа ажлыг нь засаж залруулаарай гэдэг зөвлөмж өгдөг байгаа. Тухайн шалгаж байгаа байгууллагынхаа болж байгаа ажил дээр нь тодорхой оноогоор үнэлж байр эзлүүлэн жагсаалт гаргаж байр эзлүүлдэг байгаа.

 Өнгөрсөн жилийн хувьд албан байгууллагуудыг 3 түвшинд хуваан үзсэн байдаг. Нэгдүгээрт: Ногоон түвшин буюу ажил хангалттай, хоёрдугаарт: Шар түвшин буюу ажлаас сайжруулах шаардлагатай, гуравдугаарт: Улаан түвшин буюу ажил хангалтгүй байна гэсэн 3 үндэслэлээр дүгнэсэн байдаг. 2022 оны хувьд Хүнс, хөдөө аж ахуйн газрын хувьд хоёрдугаар түвшин буюу шар түвшинд буюу ажлаас сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн байдаг.

Уг хяналт, шалгалтын үр дүнгээр тухайн байгууллагын даргыг ажлаас халах, хариуцлага тооцох асуудал огт болоогүй. Тус шалгалтын дүнгээр ажлаа сайн хийсэн байгууллагын удирдлагуудыг урамшуулдаг, муу хийсэн байгууллагад нь хариуцлага тооцох зохицуулалт байгаа. 2022 оны хувьд хяналт, үнэлгээний шалгалтын үр дүнгээр ямар нэгэн байгууллагын дарга дээр арга хэмжээ авсан асуудал гараагүй байгаа.

******* даргын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хангалтгүй биелүүлсэн, тус төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хангалтгүй биелүүлсэн байна гэдэг байдлаар дүгнэсэн байсан. Уг дүнг Тамгын газрын хэлтсийн дарга нарын зүгээс ажлын хэсэг гарч тухайн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэж дүгнэсэн гэж ойлгож байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн газар нь уг дүгнэлтээр 52 гэсэн оноотой авсан бөгөөд тухайн үед Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* дарга гарын үсэг зурчихсан байсан.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын хувьд босоо удирдлагатай байгууллага биш, яаманд харьяалагддаггүй, орон нутагт харьяалагддаг байгууллага байгаа. Үүнийг тодруулах нь зүйтэй гэж бодож байна. Хөдөө аж ахуйн газрын даргыг Засаг дарга томилдог, яамны сайдтай зөвшилцөнө гэсэн хуулийн заалт хараагүй. Бусад байгууллагуудын дарга нарын хувьд агентлагийн даргатай нь зөвшилцөнө, яамны сайдтай зөвшилцөнө гэж байдаг. Хөдөө аж ахуйн газрын даргын хувьд яг сайдтай зөвшилцөнө гэдэг ойлголт байдаггүй юм байна лээ. Сонгон шалгаруулалтыг Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөл зарладаг бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар томилж, чөлөөлдөг байгаа. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хувьд Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлыг Хөдөө аж ахуйн яам үнэлдэггүй. Хавтаст хэрэг авсагдсан баримтаар буюу Хүнс, хөдөө аж ахуйн яамны албан тоот дээр тухайн аймгийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлыг үнэлнэ. Манайд хамааралгүй гэх утгатай бичиг байсан. Мөн Засгийн газрын 2022 оны 217 дугаар тогтоол байдаг. Уг тогтоолд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, үнэлэх, дүгнэх журам гээд байгаа. Уг журамд тодорхой заасан байгаа.

Иймд тухайн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлыг яам үнэлэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тамгын газар харьяа агентлагуудынхаа ажлыг үнэлнэ, Аймгийн Засаг дарга томилдог боловч тухайн байгууллагын ажлыг Засаг дарга өөрөө үнэлэхгүй харин Засаг даргын ажлын алба буюу Тамгын газар үнэлж байгаа. Энэ нь Монгол Улсын Засаг даргын нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн 67 дугаар зүйл дээр Засаг даргын ажлын албаны бүрэн эрхт чиг үүргүүд байгаа 67.1.4  дэх хэсэгт “харьяа байгууллагуудынхаа ажлыг үнэлж дүгнэх, хяналт тавих”  гэж заасан байдаг.

Тухайн үед яаж дүгнэсэн болон энэ ажил ийм байсан учраас ийм оноо өгсөн гэдэг талаар дэлгэрэнгүй хэлж чадахгүй байна. Тухайн үед шалгаж байсан ажлын хэсэг буюу хамтын шийдвэрээр гаргаж тус үнэлгээний хуудсыг гаргасан байгаа. Үүний дагуу ажлаа хангалтгүй хийсэн гэх шалтгаанаар ******* даргыг ажлаас чөлөөлж албан тушаал бууруулсан. Тухайн үед *******ыг хүнс хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр томилсон байдаг. Уг тушаал нь хэрэгт харагдаж байсан.

Маргаан бүхий актыг гаргахдаа хэлбэрийн шаардлага хангуулах, захиргааны ерөнхий хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд ийм арга хэмжээ авах гэж байна гэдэг талаараа мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан баримт байгаа. Уг сонсох ажиллагааны мэдэгдэлийг н.Баярсүх дарга өөрөө бэлдээд, миний хувьд ерөнхий хуулийн үндэслэлүүдийг нь хараад боловсруулаад гаргаж байсан бөгөөл тухайн үед Б.******* даргыг дуудаж ******* дарга өгч байсан боловч Б.******* дарга авахгүй гараад явж байсан. Манай зүгээс сонсох ажиллагааны мэдэгдлийг албажуулж тухайн хэргийн шийдвэрт нь хавсаргасан хэргийн материалд ирүүлсэн байгаа. Ер нь захиргааны акт гаргах урьдчилсан шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа. Манай зүгээс *******д мэдэгдэхгүйгээр захирамж гаргаж, *******ад мэдэхгүйгээр албан тушаал бууруулсан зүйл болоогүй. *******ад урьдчилж мэдэгдсэн тайлбар санал гаргах боломжоор хангасан гэж үзэж байгаа.

*******ын ажил хүлээлцэх ажлын хэсэг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд миний хувьд уг ажлын хэсэгт ажиллаж байсан. Манай ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан гуай өнөөдрийн шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгөхөөр ирсэн байгаа. Тухайн үед ******* даргатай маргаан бүхий захиргааны акт гарсан талаар утсаар ярьж байсан. Мөн 2-4 удаа Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр очиж байсан боловч *******ын хувьд ажил хүлээлцэхгүй явсаар байгаад 05 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцүүлж тухайн хурлын тэмдэглэл хөтлөгдсөн байдаг. Ийм процессын дагуу шийдвэр гаргаж ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа.

Иймд *******ыг ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн хуулийн шаардлага хангаагүй буюу хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Хуулийн дагуу уг ажиллагааг хийсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү. гэв.

 

2.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүнс, хөдөө аж ахуйн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 4 зорилт 69 арга хэмжээ төлөвлөгдсөн гээд 38 арга хэмжээ нь төрийн үйл ажиллагаа, чанар бүтээмжийг сайжруулах хүрээний арга хэмжээ. Мөн 12 арга хэмжээ нь хуулиар олгосон чиг хүрээ хүрээнд нийт төлөвлөсөн арга хэмжээнд гүйцэтгэл нь биелэлт нь 64,6%-тай үнэлэгдсэн гээд, хангалтгүй үнэлэгдсэн арга хэмжээнүүдийн хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас олгосон зээлд найдваргүй зээлдэгчдийн төлбөрийг барагдуулах санаачилга гаргаж ажиллаагүй. Тухайлбал: ХХК, Алтайн Номадс ХХК зэрэг хугацаа хэтэрсэн төлбөрүүд байна. Эдгээр компаниудын зээлийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй.

Хоёрдугаарт: Үндсэн ажил олгох, бэлчээр ашиглалтыг сайжруулах төлөвлөлтийг оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний сайжруулахыг хортон, шавж, царцааны устгал хийх талаар тусгасан боловч улсын төсвөөс хийгдсэн 7 худаг засварласнаас өөр ажил хийгдээгүй. Үйл ажиллагаандаа олон улсын болон бусад байгууллагыг татан оролцуулах бодлого, арга зүйн зөвлөгөөг сум, байгууллага тус бүрээр нь гаргаж танилцуулах бэлчээр ашиглалтыг сайжруулах, малын зохистой харьцааг бий болгох, хортон шавьжын устгал хийх зэрэг үүрэг даалгавар өгснийг хэрэгжүүлж ажиллаагүй.

Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/72 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд 5 дугаар зорилгын хүрээнд гадаадын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож ажиллах талаар тусгагдсан байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Гуравдугаарт:  Малын эрүүл мэндийг хамгаалах төлөвлөлт хийгдээгүй улмаас нийт сумдын хэмжээнд 14 сумын 29 баг 27 голомтод 12,400 мал өвчилсөн бөгөөд хариу арга хэмжээ авах ажлыг мэргэжлийн байгууллагын хувьд аваагүйн улмаас шүлхий өвчин тархсан зэрэг алдаа дутагдал гаргасан.

Мөн төрөөс малчдын талаар баримтлах бодлого Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан мал аж ахуй, малчдын талаар баримтлах бодлого, чиглэлийг сурталчлах, хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2 дугаар бүлгийн 2.4.1-д тусгагдсан боловч 2022 онд ийм ажил зохион байгуулагдаагүй, хангалтгүй ажилласан нь албан тушаалын тодорхойлолтын 5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, ашиглалт, хамгаалалт муу, сайжруулах тал дээр идэвх санаачилга гаргаагүй. Ховд аймагт баригдсан мянган тонны зоорины ажил 3 жилийн хугацаанд хийгдээгүй. Гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагын хувьд хяналт тавиагүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний арга хэмжээний зорилтыг тооцохдоо давхардуулж тооцсон нь тухайн арга хэмжээг бодитоор хэрэгжүүлээгүйг илтгэж байна гэв.

 

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Б.*******ыг Төрийн албаны тухай хуулийн 45.1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалыг нь бууруулах арга хэмжээ авсан мэтээр захирамж гарсан хэдий ч нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас халсан шийдвэр гарсан байгаа гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа.

Албан тушаал бууруулах гэдэг нэг албан тушаалаас, нөгөө албан тушаалд нь албан тушаалыг нь бууруулан томилж байгаа шийдвэр байх ёстой. Гэтэл Б.*******ыг албан тушаалыг бууруулж байгаа гэх шийдвэр гаргасан хэдий ч 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар Б.*******ыг ажлаас нь халсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын 7-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан хэдий ч *******ыг ажлын байраар хангах талаар тухайн захирамжийн 3 дахь хэсэгт нь заасан боловч тухайн захирамж нь биелэгдээгүй. Тус оны 06 сард нь нэг ажилд томилсон мэтээр шийдвэр гаргасан хэдий ч тухайн шийдвэртэй холбоотой төрийн албаны зөвлөлөл тогтоол, зөвлөмж гаргаагүй, мөн ажилтны ажлын байранд тавигдах шаардлага нь хангагдахгүй, диплом, хэрэгсэл нь таарахгүй тийм ажлын байранд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийг зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгийг зөрчсөн шийдвэр болсон юм. Тухайн шийдвэр нь *******ыг албан тушаал бууруулах биш, ажлаас халах шийдвэр гаргасан нь төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж гаргасан шийдвэр болсон байгаа юм.

Хоёрдугаарт: Тухайн шийдвэр гаргасан нөхцөл байдлыг шийдвэр гаргагч этгээдийн зүгээс захиргааны акт гаргасан албан тушаалтны хувьд тогтоогоогүй. Энэ талаар *******ад мэдэгдээгүй, *******аас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Хариуцагч талын зүгээс сонсох ажиллагаа явуулсан талаар тэмдэглэлийг гаргаж өгсөн хэдий ч тухайн ажиллагаанд ******* нь огт оролцож байгаагүй мөн оролцсон талаар гарын үсэг зурагдаагүй нөхцөл байдлууд байгаа. Нөгөө талаар тухайн шийдвэр гаргахтай холбоотой төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болох талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судлуулсан баримтуудын хүрээнд тогтоогдож байгаа.  Хариуцагчийн зүгээс Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөний дүгнэсэн илтгэх хуудсыг нотлох баримтаар хариуцагчийн хариу тайлбарт хавсаргаж өгсөн. Уг илтгэх хуудасыг үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам мөн журмын холбогдох хэсгийг зөрчиж, тухайн үнэлгээ хийгдсэн. Тухайн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тайлагнах, үнэлэх журмыг нь 4.9 дүгээр зүйлд зааснаар тухайн тайланг бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын дагуу үнэлэх ёстой байсан.

Гэтэл энэ журмын 2 дугаар хавсралтад заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах хүснэгтийн дагуу боловсруулагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөө дээр арга хэмжээ тутамд нь үнэлгээ өгөх ёстой байсан. Нийт 69 төрлийн арга хэмжээг гүйцэтгэлийн тайлан дээрээ бичсэн байгаа. Эхний ээлжид байгууллага дотроо тухайн гүйцэтгэлийн тайлангаа гаргаж тус бүрд нь үнэлгээ өгсөн байдаг. 69 арга хэмжээг бүхэлд нь гүйцэтгэсэн тайлангаа гаргаж баталж байгууллага хамт олны шийдвэрээр Засаг даргад хүргүүлсэн. Засаг даргад хүргүүлснийхээ дараа тухайн гүйцэтгэлийн тайланг Засаг дарга өөрөө эсхүл түүний итгэмжлэл олгосон этгээд эсхүл ажлын хэсэг гаргаж ажлын хэсгийг хүмүүс нь бүхэлдээ үүнийг үнэлэх ёстой байсан. Засаг даргын байгуулсан гэрээний биелэлтийг Засаг дарга өөрөө үнэлээгүй, тухайн ажиллагаан дээр оролцоогүй гэдгийг гэрч нар болон бусад баримт бичгийн хувьд нотлогдон тогтоогдож байгаа. Гэхдээ ажлын хэсэг гэдэг хүмүүст илтгэх хуудсаар дүгнэсэн мэтээр шүүхэд баримт ирүүлсэн. Илтгэх хуудсыг бичсэн 2 гэрчийг өнөөдрийн шүүх хуралдаанд асуулгах үед тухайн гэрч нар нь бид нар үүнийг дүгнэхдээ нэг нэгээр нь арга хэмжээ тутамд нь үнэлгээ өгөөгүй юм. Салбар хариуцсан мэргэжилтний үнэлгээг бид нарын зүгээс бататгаж гарын үсэг зурсан болохоос биш нэг нэгээр нь үнэлгээг тавиагүй гэдэг байдлаар хэлсэн. Ажлын хэсэг байгуулсан шийдвэрийг Засаг даргын зүгээс байгуулаагүй. Харин хэлтсийн дарга, мэргэжилтэн мөн тамгын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч зэргээр оролцож гарын үсэг зурсан илтгэх хуудас нь хууль ёсны болоогүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн үнэлгээний хуудас дээр арга хэмжээ тутмыг үнэлээгүй, арга хэмжээ болгон дээр журмын 4.9-д зааснаар бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмыг хэлнэ гэсний дагуу тухайн журмын хавсралтад зааснаар хүрсэн түвшин буюу гүйцэтгэлийн хувийг тодорхой бичих ёстой. Жишээлбэл: Хүнс, хөдөө аж ахуйн газрын арга хэмжээ болгон дээр өөрсдийнхөө үнэлгээг нь гаргаж 100-10 хүртэлх үнэлгээ тавьсан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс тухай 100 оноог яагаад 10 болгож тавьсан талаар тухайн хүснэгт дээрээ үнэлгээ хийж байгаа Засаг дарга эсхүл Засаг даргын итгэмжлэл олгосон этгээд нь тайлбарлан бичих ёстой.

Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн газраас гүйцэтгэлийн тайланг хангалтгүй хэрэгжүүлсэн шалтгаан нөхцөлийн талаар тодруулж өөрсдөөс нь хийсэн ажил байгаа юм уу, үгүй юм уу, яагаад хийсэн ажлаас 100 хувь гэж дүгнэж байгаа бидний зүгээс тухайн ажлыг 100 хийсэн гэж үзэх нотлох баримт байхгүй байна гэж үзвэл тухайн нотлох баримтыг шалгаж, хийсэн ажлыг нь тодруулах бүрэн боломжтой байсан хэдий ч энэ ажлыг огт хийгээгүй.

Гэрчийн хувьд үнэлгээ хийсэн дүгнэлтийн хуудсыг тусдаа үнэлгээний хуудсаар бид нар бичиж хадгалж байгаа гэсэн. Гэхдээ шүүхийн зүгээс үнэлгээний гэсэнтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж ирүүлээрэй гэдгийг шүүгчийн захирамжаар болон албан бичгээр Тамгын газраас гаргуулахыг хүссэн боловч үүнтэй холбоотой баримт бичиг ирээгүй байсан. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаан дээр ирсэн гэрчийн хувьд бид нарын зүгээс саяын үнэлгээг бууруулсан, багасгасан, хангалтгүй гэж дүгнэсэн шийдвэрүүдийг тусдаа үнэлгээ хийж үүнийгээ бид нар нотлох баримтын хамт хадгалж байгаа гэдэг асуудал ярьж байна. Гэтэл шүүхийн зүгээс албан бичгээр шаардсан байхад тухайн үед ирүүлээгүй байж гэрч нарын өнөөдрийн шүүх хурал дээр ирээд хадгалаж байгаа мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Үнэлгээг дүгнүүлж байгаа байгууллагаас гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан ажлуудыг хийсэн гэж хүргүүлсэн нь атлаа хариуцагчийн зүгээс хийгээгүй гэж дүгнэж байгаа шалтгааныг нь тодруулаагүй, үүнтэй холбоотой тайлбарыг нь бичээгүй байгаа тул тухайн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдугаарт: Тухайн арга хэмжээ тутамд нь Засаг даргын зүгээс үнэлгээ хийсэн шийдвэрийн шалтгаан нөхцөлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй учраас уг үнэлгээг огт хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн хариуцагчийн зүгээс үнэлгээ хийх үүргээ Засаг дарга Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай байгуулсан гэрээний биелэлтийг өөрөө биечлэн эсхүл түүний эрх олгосон этгээд нь үнэлгээ хийх ажиллагааг огт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мэдээж тухайн үнэлгээний шийдвэрийг тухайн байгууллагад урьдчилж танилцуулсан байх ёстой. Мөн тухайн үнэлгээ хийх ажиллагаанд *******ыг оролцуулан тухайн байгууллага нь яагаад гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хангалтгүй хэрэгжүүлсэн гэдгийг нь тайлбар авч тайлбар гаргах боломж олгож тухайн үнэлгээг дүгнэх ёстой байсан.  Гэтэл уг ажиллагаа огт хийгдээгүй учраас тухайн үнэлгээний дагуу байгууллагын даргын албан тушаалыг нь бууруулж байгаа шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Төсвийн байгууллагын шууд захирагч буюу Б.******* гэдэг хүний үнэлгээний асуудалтай холбоотой түүний ажлыг хэрхэн яаж дүгнэхтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дугаар зүйлд зааснаар байгууллагын үнэлгээ нь шууд захирагчийн үнэлгээ гэж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл төсвийн шууд захирагч Б.*******ын ажлыг тусдаа үнэлэхгүй. Зөвхөн байгууллагын үнэлгээгээр хийгдэнэ. Гэтэл хариуцагч талын зүгээс төсвийн шууд захирагч Б.*******ын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зүйл гаргаж өгсөн байгаа. Уг үнэлгээг огт үзэж байгаагүй, харж байгаагүй. Үүнийг Тамгын газрын даргын зүгээс үнэлгээ хийсэн мэтээр гаргаж ирүүлсэн. Гэхдээ хуулийг зөрчиж хийгдсэн үнэлгээ байх ч ёсгүй. Зөвхөн байгууллагын зүгээс үнэлгээгээ гаргуулж тухайн үнэлгээг төсвийн шууд захирагчийн үнэлгээ гэж үзэх ёстой. Төсвийн шууд захирагчийн үнэлгээний асуудал тухайн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээгээр давхар явагдах ёстой юм.

Тухайн үнэлгээгээр хангалтгүй авсан, аваагүйтэй холбоотой асуудлаар шүүхэд маргаан үүсний дараа гарч ирсэн асуудал байгаа. *******ын зүгээс 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн. Мөн яамнаас уг үнэлгээний шийдвэрийг үндэслэж Б.*******т урамшуулал олгосон байдаг. Өөрөөр хэлбэл 2023 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр сайдын шийдвэрээр 2022 оны үйл ажиллагааны дүнг хангалттай үнэлүүлсэн Б.*******т урамшуулал олгож шийдвэрлэж байсан. Хэрэв одоо байгууллага нь хангалтгүй эсхүл ажил сайжруулах үнэлгээ авсан байсан юм бол үр дүнгийн урамшууллыг авах боломжгүй байсан. Яам нь тухайн үнэлгээг *******аас аваагүй мэдээж Засаг даргын Тамгын газраас Б.*******ыг үнэлгээг хүргүүлээд, түүний дагуу урамшуулал авсан асуудал байгаа. Гэхдээ үнэлгээний зүйл дээр шүүхэд маргаан үүссэний дараа 85 байсныг 64,6 болгож өөрчилсөн асуудал байж болзошгүй гэдгийг байдлаар манай зүгээс хардаж байгаа.

Илтгэх хуудсан дээр бичигдсэн 8 төрлийн зөрчлийн асуудлын хувьд Нэгдүгээрт: Баялаг Буянт ХХК, Алтайн Номадс ХХК гэдэг хуулийн этгээдүүдийн өр төлбөртэй холбоотой төрийн аудитын өөрчлөлтгүй дүгнэлт дээр бичигдсэн байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн газар нь өр төлбөрийг барагдуулж ажилласан 17,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн өр авлагыг багасгасан гэдэг аудитын дүгнэлт бичигдсэн. Хариуцагч талын гаргаж өгч байгаа 2023 оны 7 сарын 20-ны өдрийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлт нь маргаан бүхий захирамж гарсны дараах асуудал байгаа учраас тухайн захиргааны актыг гарсан үед нэгэнт байгаагүй нөхцөл байдал байгаа. 2020 оноос эхлэн тухайн хуулийн этгээдүүдийн өр төлбөртэй асуудлаар шүүхэд хандаж шийдвэр гаргуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлсэнтэй холбоотой ажиллагаануудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн байгаа учир гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн илтгэх хуудас 1 дүгээрт нь бичиж байгаа. 2 хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа хийгээгүй гэж байгаа нь үгүйсгэгдэж байгаа юм. Хоёрдугаарт: Бэлчээрийг сайжруулахтай холбоотой ажил хийгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлээгүй, зөвхөн 7 худгийг шинээр гаргасан, мөн 7 худгийг засварласнаас өөр ажил хийгээгүй гэж байгаа.  Үүнтэй холбоотой гүйцэтгэлийн төлөвлөгөөнд дурдагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлуудыг хангалтгүй гэж үзэж байгаа бол тухайн байгууллагын төлөвлөгөөнд анх дурдаж төлөвлөгөөг батлах үед нэмж тусгаж өгөх эрх үүрэг нь Засаг даргад байсан. Бэлчээрийг сайжруулахтай холбоотой ажлуудыг нэмж хийхтэй холбоотой төлөвлөгөөнд нэмж тусгах эрх нь тухайн үед байсан хэдий ч зөвхөн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг 100 хувь хэрэгжүүлж ажилласан Б.*******ыг буруутгах боломжгүй Гэтэл үнэлгээг дүгнэсэн 2 дахь хэсэг дээрээ өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлж ажиллаагүй гэсэн байгаа. Хариуцагчийн хэлж байгаа өгсөн үүрэг даалгавар гэдэгт нь Б. ******* буюу Хүнс, хөдөө аж ахуйн газарт ямар ямар үүрэг даалгавар байсан хугацаатай байсан уу, хугацаагүй байсан юм уу? Тухайн үүрэг даалгаврыг хэрхэн яаж хийсэнтэй холбоотой дүгнэлт нь мөн хэрэг дотор байхгүй учраас өгсөн үүрэг даалгаврыг хийж хэрэгжүүлээгүй, ажиллаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй. Үүнтэй холбоотой өгсөн үүрэг даалгавар, мэдээлэл байхгүй түүнийгээ дүгнэсэн шийдвэр байхгүй учраас 2 дахь хэсэгт нь зааснаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Гуравдугаарт: Ховд үйлдвэрлэл технологийн парк барих үйл ажиллагаанд нь ажил удааширсан гэж байгаа. Уг ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцсан гэж байгаа. Үүнтэй холбоотой ямар ч баримт гүйцэтгэлийн төлөвлөгөө дээр байхгүй. Мэдээж уг ажил нь Засаг даргатай байгуулсан хуулийн этгээдийн хоорондын тендерийн үйл ажиллагаатай холбоотой ажил байгаа. Үүн дээр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг захиалагчийн албан тусдаа, мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын чиг үүрэгтэй холбоотой асуудал байгаа учир Хүнс, хөдөө аж ахуйн газрын чиг үүрэгтэй хамааралгүй мөн төсвийн шууд захирагч Б.*******ын ажлын чиг үүрэгтэй ямар ч хамаарал холбоогүй ажлыг хүнд хамаатуулан буруутгаж, үйл ажиллагааг нь хангалтгүй биелүүлсэн байна. Ажлыг нь сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнтэй холбоотой хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийг шүүхэд өгсний дараа буюу 7, 8 сарын хугацаанд ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Үүнийг бид нарыг зүгээс зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Дөрөвдүгээрт: Малын эрүүл мэндийг хамгаалах, бодлого төлөвлөгөө хийгээгүй гэдэг асуудлыг хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрч нар өөрсдөө Хүнс, хөдөө аж ахуйн газрын чиг үүрэгт хамааралгүй юм.  Энэ нь Мал эмнэлгийн газрын чиг үүрэгт шууд хамааралтай асуудал. Үүнийг бид нар мэдэхгүй гэдэг байдлаар хариулсан. Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөө дээр үүнтэй холбоотой хүлээсэн чиг үүрэг, төлөвлөгөө нэгэнт байхгүй учраас уг үндэслэлгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Тавдугаарт: Шүлхий өвчин гарсантай холбоотой асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн газрыг буруутгах үндэслэл байхгүй. Шүлхий өвчнөөс сэргийлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга орсон, ороогүй асуудалын талаарх баримт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа. Шүлхий өвчин гарсан шалтгаан нь хил дамжиж орж ирсэн асуудал байдаг. Үүнийг  аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, бусад холбогдох Засаг даргын зөвлөл чиг үүрэгт нь хамааруулан хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Хүнс, хөдөө аж ахуйн газрын чиг үүрэгт болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан дээр уг асуудал хамааралтай гэдгийг нь бичээгүй учраас үүнтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй.

Уг илтгэх хуудасанд дурдсан зөрчлүүдийг 69 төрлийн арга хэмжээг хэрхэн яаж хэрэгжүүлсэнтэй холбоотой ямар ч нотлох баримт байхгүй учраас үүнийг зөвшөөрөхгүй. Мөн  үйлдвэрлэгч Ховд хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн эргэн төлөлтийн асуудлыг мөн хангалтгүй хэрэгжүүлсэн гэж байна. Хэдий хэмжээний зээл олгосон, эргэн төлөлтийн хангалтгүй байдал нь ямар хэмжээндээ байгаатай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй, харин ч үйлдвэрлэгч Ховд төслийг  хэрэгжүүлэн олонд хүртээж ажиллаж байгаатай холбоотой нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд тайлбараа гаргасан. Үүнтэй холбоотой ямар ч бичиг баримт байхгүй атлаа Хүнс хөдөө аж ахуйн газар яагаад буруутан болдог юм бэ? Энэ асуудлын хувьд тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралтай юм уу, үүний хэд нь аж ахуйн нэгж, хэд нь иргэн тухайн төсөл арга хэмжээнд хамрагдаж, хэд нь амжилтгүй болсонтой холбоотой ямар нэгэн шийдвэр байхгүй. Гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөө гэдэг зүйлтэй холбоотой зарим нэг үг өгүүлбэр бичсэн хэдий 2023 оны 7 сарын 20-ны өдөр гаргасан шийдвэр байгаа шүү дээ. Тэгвэл Б.*******ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2023 оны 07 сарын 20-ны өдрөөс хойш гаргаагүй 2023 оны 3 дугаар сард гаргасан.

Дээрх үндэслэлүүдээр *******ын албан тушаалыг нь бууруулчхаад түүнийг ажлаас халсан шийдвэртэй холбоотой нотлох баримтыг 4 сарын дараа ингэж гаргуулсан мэтээр шүүхэд хүргүүлж байгаа явдал нь үндэслэлгүй юм. Тухайн нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлэх боломжгүй байна. Мөн хөрөнгө оруулалтын ажилтай холбоотой ашиглалт муу, хамгаалалт муу, сайжруулах тал дээр идэвх санаачилга гаргаагүй гэсэн тодорхой бус байдлаар буруутгаж түүний үйл ажиллагааг нь хангалтгүйгээр үнэлж сайжруулах шаардлагатай гэсэн байдалтай хандсаныг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үнэхээр хөрөнгө оруулалтын ажлын ашиглалт нь муу, хамгаалалт муу гэж байгаа бол ямар нотлох баримтаар хэрхэн яаж дүгнэж байгаа юм бэ?

Тухайн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэдийн хэд дэх хэсэг дээр заасан үүрэг байсан юм бэ гэдгийг тус бүрд нь ялгаж нарийвчлан заагаагүйгээсээ болж өнөөдөр ойлгомжгүй байдал бий болж байгаа. Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг тооцохдоо давхардуулж тооцсон гэдэг асуудал яригдсан. Тэгвэл тухайн 69 төрлийн арга хэмжээний алийг нь алинтай нь давхцуулж тооцсон гэдэг нь мөн тодорхой бус байгаа. Байгуулага тус бүрд нь ярихаар бол Хүнс хөдөө аж ахуйн газрын хувьд тухайн арга хэмжээний биелэлтийг давхардуулан тооцсон асуудал, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэдийн хэд дэх заасан арга хэмжээг хэдийн хэд дэх заасан арга хэмжээтэй давхардуулсан юм бэ? Үүнийг үнэлгээ дүгнэлт гаргасан ажлын хэсэг нь хэд байсан оноог нь хэд болгож бичсэн талаараа шалтгаан нөхцөлийг нь тодорхой бичих ёстой. Гэтэл тодорхой бус зүйлийг Хүнс хөдөө аж ахуйн газрын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Зургаадугаарт: Байгууллагуудын үнэлгээг хариуцагч тал гаргаж өгсөн. Нийтдээ олон байгууллага жагсаагдсанаас Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 6 дахь жагсаалтад байгаа. Үүнээс үзэхэд Хүнс хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Б.*******ыг мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй, үйл ажиллагааны үр дүнгээрээ хангалтгүй гэж үзэж албан тушаалыг нь бууруулж байгаа шийдвэр нь хуульд нийцээгүй байна. Мөн 64,6 гэдэг үнэлгээ нь “ажлыг сайжруулах шаардлагатай” гэсэн болохоос биш албан тушаалын хувьд болон мэргэжлийн түвшний хувьд ******* нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байна. Туйлын хангалтгүй гэж үнэлсэн шийдвэр биш юм байна гэдгийг шүүхийн зүгээс анхаарах ёстой. Мөн хариуцагчийн зүгээс Хүнс хөдөө аж ахуйн газрын өмнөх жилүүдийн үнэлгээнүүдийг харгалзан үзээгүй. Өмнөх жилүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн газраас нь дандаа хангалттай үнэлгээ авч байсан.

Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх журмын хариуцлага хэсэг дээр  удаа дараа хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд албан тушаал бууруулах, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргах асуудал яригдах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анх удаагаа ажлыг сайжруулах шаардлагатай дүгнэлт гаргуулсан байтал Б.*******ыг шууд албан тушаалыг нь бууруулсан шийдвэр гаргасан. Гэхдээ албан тушаал бууруулсан шийдвэр гэж байгаа болохоос биш *******ыг ажлаас нь халсан байдаг. Гэтэл хариуцагч талд нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүрэг даалгавар өгсөн. Гэтэл уг ажиллагаа хэрэгжээгүй. ******* нь өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Хариуцагчийн зүгээс 2023 оны 03 дугаар сард гарсан шийдвэр нь 05 дугаар сард биелэгдсэн гэж ярьж байна. *******ын хувьд 2023 оны 05 дугаар сард ажлаа өгсөн ч гэсэн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын малын бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоон дээр томилчихсон байгаа. Уг орон тоотой холбоотой түүний ажлын байрны буюу мэргэжлийн шаардлага хангасан албан тушаалыг нь бууруулж томилох гэдэг нь Б.*******ын хувьд эрх зүйч мэргэжилтэй учраас тухайн усан хангамж хариуцсан мэргэжилтнээр ажиллах боломжгүй. Уг албан тушаалд *******ыг бууруулж томилсон гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн албан тушаал бууруулж томилж байгаа нөхцөл байдал нь өөрөө тухайн хүний ажлын байранд тодорхойлд нь заасан шаардлагыг хангахгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа. Энэ ажлын байранд томилогдон ажилласан ч гэсэн цаашид ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийг зөрчиж “албан тушаал бууруулсан” шийдвэр гаргасан хэдий ч тухайн шийдвэр нь ажлаас халах шийдвэр байсан.

Хариуцагчийн хэлж байгаа дүгнэлт нь үндэслэлгүй байсан бөгөөд уг дүгнэлтэд дурдсан илтгэх хуудас нь журмын дагуу гараагүй. *******ын ажлыг нь журмын дагуу үнэлээгүй.  Иймд Ховд аймгийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эргүүлэн тогтоон шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.5. Хариуцагч өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд дараах дүгнэлт, тайлбарыг гаргаж байна. Маргаан бүхий акт нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаартай тушаал гарсан. Уг тушаалын үндэслэх хэсэг, тогтоох хэсэг нь хоорондоо нийцэж байна уу, үгүй юу, тухайн нөхцөл байдал дээр хангагдаж байна уу, үгүй юу? гэдэг дээр шүүх дүгнэлт хийх байх.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярихдаа *******ыг ажлаас нь чөлөөлсөн байна гэж ярьж байна. Гэтэл маргаан бүхий тушаалаас харахаар *******ыг албан тушаалаас бууруулсан байдаг. *******ыг ажил албан тушаалаас нь бууруулсантай холбогдуулан тухайн Хүнс, хөдөө аж ахуйн даргын ажлаас чөлөөлөх үйл явц явагдсан юм.

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 1.3 дахь заалтуудыг баримтлан маргаан бүхий актыг гаргасан. Үүнд дээр үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь шаардлага хангахгүй гэдэг ийм үндэслэл байгаа. Уг үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан эрх үүргийг хариуцагч гаргах эрхтэй юу, эрхгүй юу гэдгийг шалгаж үзэхээр, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх нийтлэг үндэслэл” мөн хуулийн 52.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл эрх бүхий байгууллага нь хэн бэ гэхээр *******ын ажлын байрны гүйцэтгэл, төлөвлөгөө, үр дүнд нь хэн үнэлэлт дүгнэлт өгдөг юм гэдэг дээр шүүх дүгнэлт хийх байх.

Бид нарын хувьд дүгнэлт хийхээр эрх бүхий албан тушаалтан нь Засаг дарга байна.  Тэгэхээр уг үнэлэлт дүгнэлтийг өгөх эрхтэй этгээд нь Загас дарга мөн гэж үзэж байгаа. Энэ нь юугаар юугаар нотлогдож байна вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан үндэслэлээр нотлогдож байна. Мөн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан байгаа.Тус ажлын байрны тодорхойлолт дээр юу гэж заасан байна вэ гэхээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга хэний өмнө ажлын үр дүнгээ танилцуулах, тухайн ажлаа тайлагнах талаар тодорхой заасан байгаа. Уг албан тушаалын тодорхойлолтыг хариуцагч гаргаж иргээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн баталсан журмын дагуу гаргасан журмыг ирүүлсэн байгаа. Уг журмыг Засаг дарга гаргаагүй өмнө нь батлагдчихсан тодорхойлолт байсан юм. Уг тодорхойлолтод Шинэ төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан байдаг. Уг ажлын байрны тодорхойлолтыг зорилго, зорилт, чиг үүрэг дээр нь Хүнс , хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалыг тодорхой заачихсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудын бодлогын зөвлөгөө, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, чиг үүргийн хүрээнд агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулан гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын хариуцан тайлагнана гэж байгаа. Үүнийг маргаан бүхий акт гаргасан Засаг дарга гэнэт гаргаж ирээд тухайн албан тушаалтаныг ажлаас нь халсан зүйл байхгүй. Хуульд нийцүүлээд эрх бүхий байгууллага нь баталчихсан байна. Үүний дагуу уг тушаалыг гаргах эрх бүхий албан тушаалтан Засаг дарга мөн байна.

Хоёрдугаарт: Тухайн албан тушаалыг бууруулж томилох тухай заалтын хувьд Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд тодорхой заасан байгаа.

Дүгнэсэн тохиолдолд “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж байгаа үүнийг хуульд болон ажлын байрны тодорхойлолт тусгайлан заагаад өгсөн байгаа. Мөн Төрийн байгууллагын шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үр дүнгээр дүгнэнэ гэж байгаа юм. Тухайн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг яаж гаргах вэ гэхээр төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн гэдэг дээр тухайн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, өөрийнх нь ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө аль алийг нь харгалзаж үзнэ гэж хурлын үед шатад мэтгэлцсэн байгаа.

Гуравдугаарт: Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө” талаар тодорхой заасан байгаа. Тэгвэл төрийн жинхэнэ албан хаагч нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулна. Тухайн байгууллагын төсвийн жил гэдгийг Төсвийн тухай хууль дээр “төсвийн жилийг тухайн оны 1 сарын 1-ний өдрөөс 12 сарын 31-ний хооронд” гаргана гэж заасан байдаг. Энэ гүйцэтгэлийн төлөвлөгөөг маргаан бүхий захирамжийг гаргасан Засаг дарга мөн гэнэт гаргаж ирээгүй. Уг төлөвлөгөөг хэн баталгдаг талаар гэрч болон шүүхийн хэлэлцүүлэг ярьсан. Тухайн байгууллагын төлөвлөгөөг байгууллагын дарга өөрөө гаргадаг. Тухайн албан тушаал бууруулж байгаа ******* гэдэг хүн нь зүгээр нэг мэргэжилтэн биш юм. Бүхэл бүтэн салбарын бодлогыг хариуцдаг, салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг, төсвийн мөнгө дахин зарцуулдаг албан тушаалтан байгаа.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна” төсвийн төвлөрүүлэн захирагчийн хувьд шууд захирагчид шилжүүлж байгаа тохиолдолд төсвийн захирагч нарын албан тушаал нь өөр өөр болоод байдаг юм байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс ажлаа хэнд хариуцан тайлагнадаг вэ гэхээр Засаг даргын өмнө хариуцдаг юм байна. Тэгэхээр Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагчийн эрхийг хоёуланг нь эдэлнэ гэж “Төсвийн тухай хууль” дээр заасан байгаа юм. Харин шууд захирагчийн хувьд ерөнхийлөн захирагчийн эрхийг эдлэхгүй.  Төрийн албаны тухай хуульд заасан шууд захирагчийн эрхийг ерөнхийлөн захирагч төсвийн тухай хууль болон төрийн албаны тухай хуулиар эдэлсэн учир үндэслэл бүхий байсан байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Дөрөвдүгээрт: Тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэлийн талаар Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т тодорхой заасан байна шүү дээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гүйцэтгэлийн биелэлтийн төлөвлөгөөг ярьж байсан. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэхдээ гүйцэтгэлийн зорилго, арга хэмжээний биелэлт, мэдлэг чадварын зорилго, арга хэмжээний биелэлт, хандлага, ёс зүй, ур чадвар зэргээр үнэлдэг байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн албан тушаалд хэнээр томилогдоод хэнд очиж ажлаа тайлагнаад, хэний бодлого төлөвлөлтөд хамтран орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг барьж байгаа хүн дээд шатынхаа албан тушаалтан дээр ажлаа тайлагнадаггүй, мөрийн хөтөлбөр зорилго зорилтод нь нийцэж ажилладаггүй байж 3 гэдэг үнэлгээг авч байгаа нь харин ч өндөр үнэлгээг авсан байна гэж миний хувьд харж байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ажлаа тайлагнадаггүй, энэ намайг мэдэх эрхгүй мэтээр ярьж ийм хандлага гаргаж байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн мэдлэг чадварын үнэлэсэн үнэлгээний хувьд нэхэмжлэгчийн өөрийнх нь мэдлэг чадвараа яаж дээшлүүлсэн талаар баримт байхгүй учир үүн дээр 0 оноо өгсөн гэж ойлгож байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс тухай үнэлэсэн 69 заалтын үнэлсэн үнэлгээ дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярихдаа 100 гэсэн үнэлгээг яагаад бууруулчихсан юм бэ гэдэг байдлаар ярьж байна. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа 2020 оны Засгийн газрын журамын 4.10-д Гүйцэтгэлийн үнэлгээний дүн нь Төрийн албаны тухай хуулийн 52-д заасны дагуу хариуцлага тооцох, мэргэжлийн түвшингийн үнэлгээ болно гэдэг байдлаар заасан байгаа. Тэгээд мэргэжлийн түвшний үнэлгээг нь үндэслээд албан тушаал бууруулж болно шүү гэж журам болон хууль заасан байна шүү дээ. Мөн гэрч н.Бямбасүрэн гэдэг мэдүүлснээр *******ын хувьд төсвийн шууд захирагч буюу ажлаа хариуцан тайлагнадаг хүнтэйгээ хамтарч ажилладаггүй юм байна. Өөрөө толгой мэдээд орон нутгийн хөгжлийн бодлогыг ******* нь бие дааж хэрэгжүүлдэг юм шиг уг ажлыг хийдэг юм байна.

Мөн нэхэмжлэгч нь өрсөлдөх чадварын үнэлгээ бууралттай байна гэж дүгнэгдсэн. Яагаад өрсөлдөх чадварын үнэлгээ буурсан бэ гэдэг дээр бизнесийн орчин нөлөөлсөн гэж уг дүгнэлт дээр дурдагдсан байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хамгийн гол орон нутагт ядуурлыг бууруулна, ажилтай орлоготой болгоно гэж хамгийн том бодлогыг хэрэгжүүлж авчхаад надад хамаа байхгүй тэр чинь гээд сууж байна. Харин Засаг даргын зүгээс төлөвлөгөө дээр заасан жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар юу хийсэн талаар асуусан боловч нэхэмжлэгчийн зүгээс олон нийтэд мэдээлээд зар сурталчилгаа явуулах хүмүүсийг оролцуулах талаар ажлыг хийгээгүй байдаг. Хэдийгээр аудитын дүгнэлт нь маргаан бүхий актын сүүлд гарсан ч гэсэн илтгэх хуудаснаас зөрөөгүй байна гэж харж байна.

Асуулт хариултын үе шатад нэхэмжлэгчээс өөрөө нь хүсэлт асуусан шүү дээ ямар ямар хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ гэж. Гэтэл нэхэмжлэгч нь трактор гээд өөрөө хэлсэн тэр трактор дээр чинь гэрээний хэрэгжилт явагддаггүй юм байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг ажлыг хийгээгүй мөн гэрч Бямбасүрэнгийн мэдүүлэгээр тухайн төлөвлөлтөө хөгжлийн бодлогын төлөвлөлт болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулаагүй байна гэж байгаа юм. Үүнээс харахаар удирдах албан тушаалтан нь төлөвлөлт хийж тухай төлөвлөлтөө шаардлага хангахгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засаг даргаар батлуулаад хэрэгжилт, зохион байгуулалт, тайлагнах, дүгнүүлэх гээд заасан байна. Тэгэхээр  Тамгын газрын дарга өөрөөр хэлбэл Засаг даргын ажлыг хийгээд уг дүгнэлтийг гаргаад илтгэх хуудсанд үнэлгээг нь хийгээд байна шүү дээ. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл дээр үр дүнгийн гэрээ гэж байна даа. Гэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т "үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээ авна. эсхүл заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулна, эсхүл хариуцлага тооцоно гэж заасан. үүнээс үзхэд Төсвийн тухай хуулиараа нэхэмжлэгч нь шууд захирагддаг Засаг даргын өмнө хариуцлага хүлээнэ. Төрийн албаны тухай хуулиар гэсэн Засаг даргад эрх нь олгогдчихсон байдаг юм байна. нэхэмжлэгчээс асууж байсан та ер нь энэ иргэдийн хуралтайгаа ажлаа тайлагнадаг юм уу, иргэдийн хурлаас ямар баталсан хөтөлбөрийг та хэрэгжүүлдэг юм бэ гэх мэтээр асуулт асуусан.

Үүнийг hovd.khural.mn сайт дээр хэн хэнтэй холбоотой хөтөлбөрүүдийг байдаг талаар бичиж оруулсан байна шүү дээ. Жишээ нь: Хариуцлагатай, тунгалаг төр аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, залуу малчин, тариалан дэд хөтөлбөр батлан гаргах тухай, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, үйлдвэрлэгч Ховд хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл сонгон шалгаруулах журмыг нь батлаад уг хөтөлбөрийг нь гаргаж байсан. Мөн бэлчээр ашиглалтыг сайжруулах хөтөлбөр гээд байна.

Тэгэхээр *******ын хувьд иргэдийн хурлаас нь гаргаж байгаа хөтөлбөрөө ч мэдэхгүй хүн яаж бодлогоо тодорхойлох юм бэ? ******* нь орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг хангалттай хэрэгжүүлж байна гэж үзэх боломж байгаа юм уу?

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь аймгийн Засаг дарга болон аймгийн иргэдийн хуралтайгаа хамтарч ажилладаггүй, тэдгээрээс гарч байгаа бодлого хөтөлбөрийг мэддэггүй хүн өнөөдөр салбарын бодлогыг хэрэгжүүлээд явна гэж байхгүй. Төсвийн шууд захирагчийн хувьд Б.******* гэдэг хүн хуульд заасан төлөвлөлтөө хийж чадаагүй буюу бодлогын бичиг баримтад зориулж л төлөвлөлтөө хийх ёстой.  Төлөвлөлтөө анхнаасаа хийж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий актыг ажлаас халчихсан тушаал гаргасан байна шүү дээ гэж тайлбарлаад байсан. Гэтэл ажлаас халсан гэдэг заалт дээр бууруулах гэдэг заалт нь өөрөө хуульд нийцсэн юм байна гэж үзэж байгаа. Нөгөө талаараа нэхэмжлэгч нь яам намайг дүгнэдэг гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар яамнаас шүүх баримт бичиг татаж авсан байдаг. Тухайн яамны бичиг дээр уг тайланг дүгнэсэн үр дүнг Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлсэн хуудсыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас ав гээд хуулийн заалтыг нь бичээд, аймаг, нийслэлийн захирагчид тайлангаа хүргүүлнэ шүү. үр дүнгээ хэрэгжүүлнэ шүү гэдэг бичиг ирүүлсэн байдаг. Яамнаас урамшуулал олгож байгаа аймгийн Засаг даргаар дамжихгүйгээр төсвийн шууд захирагч буюу Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирсэн урамшууллыг өнөөдөр гүйцэтгэлийн тайлан гэж тайлбарлах боломж байхгүй гэж үзэж байна.

Мөн тухайн ажлыг дүгнэхдээ нэхэмжлэгчээс яагаад тайлбар аваагүй юм бэ гэж ярьсан. Энэ нь  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын дагуу баталсан тайлан гаргах хавсралтыг нь бэлэн баталж, холбогдох хуулиудаар нь дүгнэнэ гэдгийг нь тодорхой заачихсан байхад нэхэмжлэгчийн зүгээс тухайн шалгалт үнэлгээний ажлыг хийж байхдаа надаас ямар нэгэн тайлбар аваагүй шүү дээ гэдэг байдлаар ярьж байна. Гэтэл энэ талаар хуульчлаад 12 сарын 01-ний дотор нэгэнт ажлаа төлөвлөнө 12 сарын 31-ний өдөр ажлаа дүгнүүлнэ шүү гээд үүрэг болгочихсон хуулиар үүрэг хүлээлцдэг.

Иймд нэхэмжлэгийн зүгээс нөхцөл байдлыг шалгаагүй, тогтоогоогүй, өөрөөс нь тайлбар аваагүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм.

Сонсох ажиллагааны тухайд хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Нэхэмжлэгчид даргын хувьд 2023 оны 04 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн утсаар сонсох ажиллагааг хийсэн байсан. Тухайн захиргааны акт хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэхээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдсэнээр гэж заасан байдаг боловч нэхэмжлэгчид сонсох ажиллагааг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болоогүй байна. Ажлыг нь хүлээлцсэн үйл явц нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгаа юм. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий актын талаар мэдэгдэх үед өвчтэй, чөлөөтэй байгаа талаар хэлээд байсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчид хангалттай хугацаа өгч боломж олгоогүй гэж ярих үндэслэл байхгүй.

Тийм учраас маргаан бүхий акт үндэслэл бүхий байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж дүгнэв.

2. Учир нь аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжийн хавсралтаар баталсан ажлын хэсгээс нэхэмжлэгч *******т маргаан бүхий актыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр албан ёсоор танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий актын талаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэж авсан.

3. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/1588 дугаар албан бичгээр “... *******т холбогдуулан хуурамч боловсролын үнэмлэхтэй байж болзошгүй гэх гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгснөөр шүүхэд ханджээ.

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

5. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.8. хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал; гэж зааснаар төрийн захиргааны удирдах албан тушаал байна.

6. Иймд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заасан зохицуулалтад хамаарна.

 7. Нэхэмжлэгчийг  албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн гэх аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжид “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж дурдаж, ажлын байраар хангах санал боловсруулж танилцуулахыг Засаг даргын орлогчид үүрэг болгожээ.

8. Хариуцагчаас нэхэмжлэгчийг байгууллагын 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаар 69 төсөл арга хэмжээг 64.6 хувийн биелэлтттэй дүгнүүлсэн нь “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж үзэх үндэслэлтэй гэж маргажээ.

9. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.5.агентлагийн дарга тус агентлагийн төсвийн; гэж тус тус зааснаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж баталж, хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байх ба 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан байна.    

10. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2.Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг Засгийн газар батална. гэж зааснаар Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 2.7.Аймаг, нийслэл, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагчтай зөвшилцөж тухайн шатны Засаг дарга болон өөрийн харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн захирагчаар хянуулан энэ журмын 2.6-д заасан хугацаанд батална. 4.5. Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг дараахь хугацаанд харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ: 4.5.1. сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид; гэж тус тус зааснаас үзвэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайлангаа аймгийн Засаг даргад хүргүүлэхээр байна. 

11. Хүнс хөдөө аж ахуйн газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд заалт тус бүрээр оноог тавьж хэрэгжилт 99.5 хувь гэж хэрэгжилтийг нэгтгэсэн хүний нөөц, тайлан мэдээ, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн , хянасан дарга ******* гэж гарын үсэг зурсан байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тайлагнасан Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, хянасан аймгийн Засаг дарга гэж гарын үсэг зурагдсан тайлангийн гүйцэтгэлийн хувь гэсэн хүснэгтэд тайлагнасан байгууллагын үнэлгээ дор балын хар харандаагаар хувиар үнэлгээ өгч  “нийт 69 төсөл арга хэмжээ 64.6 хувьтай байна” гэж тэмдэглэжээ. 

12. Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн  2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудаст“ төлөвлөгөөнд тусгагдсан 4 зорилт чиг үүргийн хүрээнд нийт 69 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс бодлогын зорилтын хүрээнд 38 арга хэмжээ, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд арга хэмжээ 16, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд арга хэмжээ12, хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд 4 арга хэмжээ төлөвлөснөөс байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 64.6 хувьтай дүгнэгдсэн байна.” гэж дурдаад хангалтгүй гүйцэтгэсэн гэж 8 ажлыг нэрчлэн дурдсан байна.

13. Илтгэх хуудаст хангалтгүй гэж дурдсан ажлууд гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тухайн нэршил томъёололоор тусгагдаагүй байх тул агуулгын хувьд төлөвлөгөөний хэд дэх заалтад хамаарах, хэдэн хувиар үнэлэгдсэн талаар тодорхойгүй, холбогдох нотлох баримт байхгүй байх тул дүгнэлт хийх боломжгүй байна.

14. Хариуцагч, төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Гэрч , нар мэдүүлэхдээ “...Хүнс хөдөө аж ахуйн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн илтгэх хуудсыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Үнэлгээний хувьд бодлогын асуудлыг хариуцсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлсэн. Яагаад 64.6 хувьтай үнэлсэн талаар мэдэхгүй, холбогдох баримтыг хараагүй. Албан тушаалын чиг үүргийн хувьд илтгэх хуудсыг баталгаажуулсан ” гэж тус тус тайлбарлажээ.

15. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын 4.9-т “Төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлнэ” гэж заасан.

16. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор баталсан журмын  2-т “Энэ журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, хавсралтаар Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмыг хавсралтаар баталжээ.

17. Уг журмын зургаадугаар хэсэгт хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг тодорхойлсон зохицуулалтаас үзвэл бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хүрсэн түвшинг үнэлэхдээ урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тогтоосон аргачлал /томъёолол/-ын дагуу хувиар илэрхийлэн үнэлэхээр заасан байх ба аймгийн Засаг даргаас энэ журамд нийцүүлэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх хяналт, шинжилгээ үнэгээний тусгайлсан журам батлаагүй байна.    

18. Иймд нэхэмжлэгчийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг ямар аргачлалаар хэрхэн үнэлсэн, үнэлгээний хувийг өгөхдөө ямар нотлох баримт, мэдээлэлд үндэслэсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын тайлбарласнаар 2022 оны үйл ажиллагааны дүнгээр аймгийн төсөвт байгууллагуудыг 3 түвшинд хувааж үзсэн. Үүнд: нэгдүгээрт: ногоон түвшин буюу ажил хангалттай, хоёрдугаарт: шар түвшин буюу ажлаас сайжруулах шаардлагатай, гуравдугаарт: улаан түвшин буюу ажил хангалтгүй гэжээ. Нийт 26 байгууллага дүгнэгдсэнээс 1-ээс 4 дүгээрт эрэмбэлэгдсэн байгууллага ногоон түвшинд,  5-аас 20 дугаарт эрэмбэлэгдсэн нь шар түвшинд, 21-ээс 26 дугаарт эрэмбэлэгдсэнийг улаан түвшинд хамааруулсан бол Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 6 дугаарт буюу шар түвшинд ажлаа сайжруулах шаардлагатай  гэж дүгнэгджээ.

20. Мөн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын  2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 80.09 хувиар үнэлж, дарга *******т үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн зэрэг үйл баримтаас үзвэл тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэж үзэхээр байна.

21. Харин нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үнэлсэн эсэх тухайд Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын 4.10-т “Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ. заасан тул гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлсэн үнэлгээг түүнд танилцуулж тайлбарлах боломж олгох, үнэлгээг хүлээн зөвшөөрөх эсэх гомдол гаргах эрхийг хангах ёстой.

22. Учир нь Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 6.5-д “Үнэлгээний баг албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн, үнэлгээний 85-100 оноог “Маш сайн”, 70-85 хүртэлх оноог “Хэвийн”, 70 хүртэлх оноог “Хангалтгүй” үнэлгээний ангилалд хамруулан эрэмбэлнэ. гэж заасныг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  442 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан байх тул нэхэмжлэгчийн байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд хамаарахгүй буюу 64.6 хувийн үнэлгээг хангалтгүй үнэлгээний  ангилалд хамруулах үндэслэлгүй.

            23. Мөн журмын 6.6-т “Үнэлгээний баг нь үнэлгээний ангиллаас хамааран холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх саналыг төсвийн шууд захирагчид гаргана. 6.6.3."Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамрагдсан төрийн албан хаагчийн хувьд: г).албан тушаал бууруулах (2 удаа дараалан "Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамрагдсан); гэж тодорхойлсон байх ба хариуцагчаас нэхэмжлэгчийг удаа дараа хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдэж байсан талаар маргаагүй.  

24.Иймд нэхэмжлэгчийг 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж албан тушаал бууруулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

25. Албан тушаал бууруулсан албан тушаалын тухайд: аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжийн 2 дахь заалтаар *******ыг ажлын байраар хангах санал боловсруулж танилцуулахыг Засаг даргын орлогчид үүрэг болгожээ.

26. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнөөс хойш 3 сарын дараа буюу Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тус газрын малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

27. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж маргаж байгаа тул  тухайн ажлын байранд очиж ажиллаагүй мөн мэргэжил таарахгүй гэж тайлбарлана.

28. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн  45.1Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: 45.1.2.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон; 45.2Энэ хуулийн 45.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана. гэжээ.

29. Эндээс үзвэл албан тушаал бууруулах нь төсвийн шууд захирагчид хамаарахааргүй байна. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 14.1.Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:

14.1.20.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн.

16 дугаар зүйлийн 16.1.Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.

16.4.Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:

16.4.5.агентлагийн дарга тус агентлагийн төсвийн; гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч буюу аймгийн нь Засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.

30. Мөн албан тушаал бууруулах гэдэг нь  хуульд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл буурахыг ойлгох ба буурч ажиллах албан тушаалыг шийдвэрт зааж өгснөөр шууд хэрэгжих боломжтой байх юм.

31. Харин ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд төсвийн шууд захирагчийг албан тушаал бууруулах үндэслэлгүй.

32. Маргаан бүхий актын хувьд нэхэмжлэгчийг албан тушаалаас бууруулсан гэсэн атлаа ажлаас чөлөөлсөн гэх агуулгаар гаргаж, өөр ажлын байраар хангахаар  зохицуулсан нь эрх зүйн зөрчилтэй болжээ.

33. Иймд маргаан бүхий акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ын “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07ы өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг  хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

34. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоогдсонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг иргэний шүүхийн журмаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

35. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн Засаг даргын тамгын газар/-аас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.12 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугар зүйлийн  7.1, 45 дугаар зүйлийн, 45.1, 45.1.2   дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07ы өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ын  урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн Засаг даргын тамгын газар/-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай. .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ