Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 597

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч С.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Ст холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын  иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид пульмётчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ст холбогдох эрүүгийн 1705012050248 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.С 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит баарны гадаа иргэн Н.Аюурзанатай хувийн таарамжгүй харьцаанаас  маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт “ Мэдүүлэг өгөхгүй. Миний мэдүүлсэн зүйлс яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Прокуророос 450.000 төгрөгөөр торгох санал гаргасныг би хүлээн зөвшөөрч байгаа. 450.000 төгрөгийн торгуулийг би 2-3 хоногт төлөх бүрэн боломжтой гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Аюурзана мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрөөд найз Мөнх-Эрдэнийг Их дэлгүүрийн ойролцооноос аваад бид хоёр хорооллын эцэст байрлах Элит паб караокед орохоор болсон...гадаа гараад байж байтал 3 залуу эмэгтэй хүнийг явуулахгүй хоргоогоод өдөөд байхаар нь би болиоч гэж хэлсэн. Тэгэхэд миний хэлснийг сонсоогүй бололтой би очоод дүү нар тамхи байна уу гээд очтол намайг нэг залуу С заамдаж аваад түлхсэн. Тэгэхээр нь зууралдаад хальт нэг удаа цохиход  намайг шууд зүүн нүдний дээд хэсэгт гараараа цохисон. Би газар зууралдан унахад бас нэг удаа дээрээс цохисон. /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг

Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид сайн дураараа эвлэрсэн /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Дэлгэрмөрөн мөрдөн байцаалтанд: “...Бид 3 тамхилаад зогсож байхад Аюурзана гэх залуу гуйвж мөрөлж хажууд ирсэнээ тамхи байна уу гэж нэхсэн тэгтэл С байхгүй гээд түлхсэн. Тэр үед Аюурзана гэх залуу Сыг нэг удаа хальт гараараа зүүн шанаа руу нь цохисон тэгтэл С уурлаад тэр залууг 2 удаа өөрийн гараа атгаж байгаад цохиж зууралдаад унахаар нь би салгасан. /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Б.Буянжаргал мөрдөн байцаалтанд: “ 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой...Аюурзана гэх залуу бид гурвын дундуур орж ирээд тамхи өг гэхэд С тамхи алга байна цаашаа яв гээд түлхсэн чинь Аюурзана Сыг цохиод авсан. ..тэгтэл С нөгөө Аюурзаныг нүүрэн тус газар нь гараараа цохиод барьцалдаж аваад газар зууралдаад унасан. /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар С.С мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны караокед найз нарын хамт ороод 1 шил 0,5 граммын архи хүний нэг нэг пиво авч ууж суусан. Тэгээд Элит баарны гадаа тамхи татаад зогсож байтал одоо хохирогч Аюурзана бид гурвын дундуур орж ирээд бид нараас тамхи өг гэж нэхэхээр нь би Аюурзаны гараас нь татаад чи хойшоо бай гээд татсан чинь миний зүүн шанаан тус газар нэг удаа цохиод авахаар нь би Аюурзаны зүүн нүд орчимд баруун гараараа нэг удаа цохиод бид хоёр хоорондоо зууралдаад газар унасан чинь манай хоёр найз Дэлгэрмөрөн, Буянжаргал нар бид хоёрыг газраас татсан. Аюурзана бид хоёр нэг нэгнийгээ нэг нэг л цохисон. /хх-ийн 29/ гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 13640 дугаартай шинжээчийн: Н.Аюурзанын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт

 

Шүүгдэгч С.Сын хувийн байдалтай холбоотой түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, ял шалгах хуудас /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 34/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 35/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.С нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит баарны гадаа иргэн Н.Аюурзанатай хувийн таарамжгүй харьцаанаас  маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Аюурзанын”...би очоод дүү нар тамхи байна уу гээд очтол намайг нэг залуу /С/ заамдаж аваад түлхсэн. Тэгэхээр нь би зууралдаад хальт нэг удаа цохиход  намайг шууд зүүн нүдний дээд хэсэгт гараараа цохисон. Би газар зууралдан унахад бас нэг удаа дээрээс цохисон...”/хх-ийн 10/, гэрч Д.Дэлгэрмөрөнгийн”...Аюурзана гэх залуу Сыг нэг удаа хальт гараараа зүүн шанаа руу нь цохисон тэгтэл С уурлаад тэр залууг 2 удаа өөрийн гараа атгаж байгаад цохиж зууралдсан...”/хх-ийн 14/, гэрч Б.Буянжаргалын”... С нөгөө Аюурзаныг нүүрэн тус газар нь гараараа цохиод барьцалдаж аваад газар зууралдаад унасан /хх-ийн 15/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон яллагдагчаар С.Сын  ...би Аюурзанын зүүн нүд орчимд баруун гараараа нэг удаа цохисон /хх-ийн 29/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчийн хохиролыг төлж гомдолгүй болгож бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн би хохиролд 2000000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй гэсэн хүсэлт, бид сайн дураараа эвлэрсэн гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг С.Ст танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ