| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/01079/И |
| Дугаар | 183/шш2024/03903 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 183/шш2024/03903
| 2024 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2024/03903 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны р танхимд
Нэхэмжлэгч: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны тоотод оршин суух, регистрийн дугаар 00000, Боржигон овогтой Э.Цын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны тоотод оршин суух, РД:000000, Оууд овогт Тын Б.д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулж, дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Д.Цэнгэлмаа, хариуцагч Т.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Юмсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, гэрч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Т.Б.тай анх 2019 онд танилцаж, хамтран амьдарч, 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бидний хүү Б.С төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд нөхөр маань үл ялих зүйлээс болж намайг шалтгаангүй зодож байсан, аяга шидэж аяга нь хагарч хөл зүсэж байсан, цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан. Т.Б. нь уурлахаараа биеэ барих чадваргүй болж намайг зодож, зодохгүй бол гэр доторх тавилга бусад зүйлээ хагалж, хэмхэлж байж тайвширдаг. Энэ байдалд хадам ээж маш их нөлөөлдөг гэртээ тавилга авах болон өөр зүйл төлөвлөчихсөн байхад хадам ээж өөрчилж, нөлөөлж, үг зааж өгч биднийг муудалцуулдаг. Манай нөхөр бүх л зүйлийг ээжээсээ асууна, ээж нь миний зөвшөөрөлгүй манай амьдралын бүхий л асуудлыг шийдвэрлэдэг. Нөхөр маань одоо 40 настай энэ байдлаасаа гарах ямар ч боломжгүй, мөн миний 9 настай хүүг ад үзэж, дэргэд нь хашгирч дарамталж, дээрэлхэж, хүүхдийн сэтгэл зүйд асар их дарамт учруулдаг. Цаашид энэ байдал үргэлжилбэл бага насны 2 хүүхэд болон миний эрүүл мэнд, амь насанд аюултай тул бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Сэд эцэг Т.Б.аас тэтгэлэг гаргуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны 64 тоот хаягт байрлах орон сууцнаас надад болон хүүхдүүдэд оногдох хэсгийг шинжээчийн дүгнэлтэд заасан орон сууцны ханшаар тооцож, мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү. Б.С бол Т.Б.ы хүүхэд, Б.С бол үрчилж авсан хууль ёсных нь хүүхэд юм, хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа. Мөн хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Би хоёр хүүгээ хамтад нь байлгах, хамтад нь өсгөх хүсэлтэй байна. Бага хүү маань мэдээ орохоосоо эхлээд ахтайгаа хамт байсан. Бие биедээ ээнэгшин дассан. Хүүгээ Т.Б.д өгөхгүй гэж шалтгаан бол Т.Б. гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Сүүлд Б.Сыг хоёр удаа зодож нүүрийг нь болгосон. Дээрээс нь намайг удаа дараа зоддог байсан. Жирэмсэн байхад хүртэл зодсон. Т.Б. архи, тамхи хэрэглэдэггүй, дандаа эрүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Жоохон юманд дээр уурлаад нэг бол намайг зодож тайвширдаг, эсвэл гэр орныхоо юмыг хагалж тайвширдаг. Тэрнээс нь болоод хүүхдүүд сэтгэл зүйн дарамттай, асуудалтай болчихсон байсан. Тусдаа байх 2 жилийн хугацаанд хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал хамаагүй тогтворжсон. Тэр үед манай бага хүүхэд 2 настай байсан орилж хашгирсанаас болоод шөнө унтаж чадахгүй болчихсон байсан. Одоо тусдаа байснаас хойш хамаагүй тайван, сэтгэл зүйн байдал хэвийн болсон. Б.С бол байнга энэ хүнээс айдаг. Би ч өөрөө айдаг болсон. Согтуу бол согтуу байгаа юм байна гээд хүүхдүүдээ аваад явчихна. Эрүүлдээ орж ирээд юу яриад, зодчих юм билээ гэсэн айдастай байдаг. Тийм учраас 2 хүүгээ болон өөрийгөө бүрэн бүтэн байгаа дээр салъя гээд салах шийдвэрээ гаргасан. 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу бүтэн сайн өдөр Б.Сыг тоглоомоо хураа гэж хэлэхдээ зүгээр хэлэхгүй хүүхэд рүү юм шидэж зандарсан байдлаар би чи хүүхэдтэй аятайхан харьцаач ээ гээд хэлэхэд над руу дайрч барьж байсан юмаа шидсэн.Тэгэхээр нь би чиний занг засрах юм болов уу гээд удаан тэслээ, одоо больё. Би 1 дэх өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад чамаас сална гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан өдөр буюу 02 дугаар сарын 14-ний өдөр дүүдээ бэлэглэлийн журмаар байраа шилжүүлсэн байсан, энэ байранд тухайн үедээ би 2 сая төгрөгийг зээлж тухайн байранд оролцуулсан, гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө учраас дундын өмчлөлиийн хөрөнгө гэж үзэж өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Э.Ц нь би Т.Б.тай 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн бидний дундын өмч болох Хан-уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа хороолол, Архивчдын гудамж 1060 дугаар байрны 64 тоот хаягт байршилтай орон сууцыг 2021 оны 02 сарын 14-ний өдөр худалдаж авсан бидний дундын өмчлөлийн орон сууцыг Т.Б. нь өөрийн хамаатны эгч болох Г.Юмсүрэнтэй орон сууц бэлэглэх бэлэглэлийн гэрээ 2022 оны 02 сарын 14-ний өдөр хийсэн байгаа нь насанд хүрсэн гэр бүлийн гишүүн миний зөвшөөрөлгүй хууль зөрчиж хийсэн байх тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Б.С бол эрэгтэй хүүхэд учир сургалт хүмүүжил энэ асуудал дээр Э.Цыг дангаараа хяналт тавьж чадахгүй гэж бодож байгаа. Тэр тусмаа 2 хүүхэдтэй. Энэ 2 хүүхдээ ганцаараа өсгөхөд учир дутагдалтай гэж харж байна. Харин Б.Сыг Э.Цын асрамжид үлдээхэд татгалзахгүй, тэтгэлэг өгөхгүй. Н.Сын хувьд төрсөн эцэг нь байдаг, уулзуулчихдаг. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх хүүхдийг тэжээн тэтгэхэд адил үүрэг оролцоотой байна гэж заасан. Иргэний хуульд дундын хөрөнгийн талаар заасан заалтаар тухайн эд хөрөнгө нь хэрвээ гэрлэснээс өмнө үүссэн гэдгийг нотолж чадсан тохиолдолд гэж байгаа. Нотлох гээд баримт гаргасан, гэрч дуудсан. Т.Б. Эрдэнэт хотод төрсөн, 1999 онд хотод оюутан болж ирсэн. Хариуцагчийн аав 1999 онд нас барсан байгаа. нТ ээж дүү нарын хамт үлдсэн. нТ аавынх захиж үлдээсэн 14,000,000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байр, 49 тоот буюу Э.Цын хэлээд байгаа 19 дүгээр хорооллын байрыг худалдаж аваад Т.Б.ы нэр дээр байсан. Т.Б.ы нэр дээр байсан шалтгаан нь ээж нь Солонгос улс, Америк улс руу явж, гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийдэг. Т.Б. 1999 онд нэгдүгээр курсэд байсан. Нэгдүгээр курст байхдаа ямар хөрөнгөөрөө тухайн байрыг бий болгох вэ гэдгийг шүүх шалгаж үзээсэй гэж хүсэж байна. Эцэг эхээс өгсөн мөнгөөрөө энэ байшингаа авсан. Тухайн үед 14,000,000 төгрөгөөр н.Солонго гэж хүнээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авч байсан. Тэр үед Т.Б.д зориулж аваагүй. Хариуцагчийн хамгийн бага дүү Г.Юмсүрэнг ээж аав 2 нь найздаа үрчлүүлчихсэн. Тэр хүүхдэдээ энэ байрыг бэлдэх зорилготой байсан. Охидууддаа байр орон сууцыг нь бэлдэнэ. Ганц эрэгтэй хүүхэд нь өөрөө байраа авна гэсэн нөхцөл байдалтай байсан. Энэ байрны гэрчилгээ олон жил Т.Б.ы нэр дээр явсан. Одоо дүү нь Улаанбаатар хотод оршин суумаар байна гэж хэлээд байр шилжсэн. 2021 оны 05 дугаар сард 90,000,000 төгрөгөөр урьд нь амьдарч байсан байраа зарсан. Ээжийнхээ хадгаламжийг барьцаалж 15,000,000 төгрөг зээлээд, н.Саранчимэгээс 2,000,000 төгрөг зээлээд 107,000,000 төгрөг болгоод тухайн байрыг худалдаж авсан. Маргаан бүхий байрыг худалдаж авахад Э.Цын нэг ч төгрөг ороогүй. Э.Ц энэ байрыг нэхэмжилж байгаадаа ичих хэрэгтэй. Хүн бас дотортой байх ёстой. Нэхэмжлэгч хариуцагч 2 хамт амьдраад нэхэмжлэгч зээлнээс нь төлөлцөөд байрыг бий болгоход хүч хөдөлмөрөө оруулсан болохыг нотлох баримт хэрэгт байхгүй6 Хувь оролцооны хэмжээгээр нь ноогдох хэсгээ шаардах зохицуулалттай. Үүн дээр Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх; тус хуулийн 127.1.2-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгийг гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөд хамаарахаар заасан. Нөгөө талаасаа энэ байр хариуцагчийнх биш багадаа өргөгдөөд явсан дүү Г.Юмсүрэнгийн байр байгаа. Магадгүй нэхэмжлэгч хариуцагч нар өнөөдрийг хүртэл хамт амьдарч байсан бол өөр шинэ байранд ороод урьдчилгаанд нь Г.Юмсүрэнтэй тохиролцоод энэ байраа тавих тал дээр гэр бүлийн харилцаа байж болох байсан байх. Гэвч тийм зүйл болоогүй салж байна. Маргаан бүхий эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд өгсөн. Хариуцагчийн доод талын дүү нь н.Болормаа гэж хүн байсан. Энэ хүн одоо хүртэл Бүгд найрамдах Солонгос улсад хараар амьдарч байгаа. н.Болормаа мөн гэрлүүгээ мөнгө өгдөг байсан. Түүнийг Т.Б. хүлээж аваад зохицуулдаг байсан. Явуулсан мөнгийг нь ээж нь хадгалаад Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч байр авахад өгсөн. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй талаар заасан байдаг. Хариуцагчийн хуваарь хөрөнгө гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг өөрөөс нь асуух, хуваах шаардлага байхгүй. Тийм учраас Г.Юмсүрэн рүү шууд шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэгч үүнийг нь мэдэж байгаа. Өөрөө нэг ч төгрөг гаргаагүй, хариуцагчийн нас барсан эцгийн үлдээсэн байрыг зарж олсон мөнгө хөрөнгөөр худалдан авсан. Мөн талийгаач эцгийнх нь охиндоо үлдээсэн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө мэтээр ярьж нэхэмжилж байгаад гомдолтой байна. Машины тухайд маргахгүй байгаа тул тайлбар байхгүй. Иймд дээрх татгалзлын үндэслэлийг харгалзан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг заасныг үндэслэн тус нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанд зохигчид ...Т.Б. миний бие Цд 76-64 улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота кровн машины ноогдол зарагдсан үнийн 0 хувийг өгөхөд татгалзахгүй, хүлээн зөвшөөрсөн Э.Ц... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд Г.Юмсүрэнгийн ээж нТ нь ухамсрынхаа хүрээнд, аавынх нь үлдээсэн мөнгөөр байр авсан тухайгаа хэлдэг. Нэхэмжлэгч мөн хүйтэн байранд нь амьдарч байсан гэж хэллээ. Хуваарьт хөрөнгөд нь хамт амьдарч байсан байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэрээ оруулаагүйд учир шалтгаан байгаад байна. Цаад хүмүүсийн хувийн амьдралыг ойлгохгүй байна. Айлд өргөгдөөд оччихсон хүүхэд, одоо насанд хүрчихсэн. Магадгүй шүүхийн шийдвэрийг дараа нь уншвал намайг хэрэггүй гээд айлд хаяихсан юм шиг л яриад байна. Хүүг аавд нь үлдээвэл Т.Б.ы эгчид өргүүлнэ гэж нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Тийм зүйл байхгүй. Бага хүүг аавд нь үлдээвэл Г.Юмсүрэн энэ байрандаа үргэлжлүүлээд ахыг амьдруулахад татгалзах зүйл байхгүй гэж өөрөө хэлж байгаа. Мөн нэг зөрүүтэй зүйл яриад байна. Нэхэмжлэгч 90,000,000 төгрөг дээр 18,000,000 төгрөг ээжээс нь авсан, би 2,000,000 төгрөг гаргасан гэж хэлээд байна. Тэгэхээр 120,000,000 төгрөг болчихгүй юм уу. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа бол тооцооллоо сайн гарга, нотлогдохгүй байна, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.С, Б.С нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 2021/ЗШ/1134 дугаартай Шийтгэвэр, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 2022/ЗШ/518 дугаартай Зөрчлийн шийтгэл ногдуулах тухай Шийтгэвэр, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, Б.Сын үрчилсний бүртгэлийн лавлагаа, Э.Цаас Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандан гаргасан гомдлын лавлагаа, том хүүгийн хөл, нүүр хэсгийн фото зураг, өмгөөлөгчийн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн тайлбар, Цын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас 2023 оны 10 сарын 11-ний өдрийн хариу тайлбар, Жигүүр гранд ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 221 дугаартай тодорхойлолт, 2021 оны 06 сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хасбанкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн баримт, Ч.Тийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Ам бүлийн тодорхойлолт, Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, ашиглалтын байцаагчийн тодорхойлолт, Хасбанкны дансны хуулгууд, Голомт банкны мемориалын баримт, Moneygram төлбөрийн системийн төлбөрийн баримтын нэгтгэл, Moneygram төлбөрийн системийн баримт, Гүйлгээний баримтын хэрэглэгчид очих хувь, мөнгөн шилжүүлгийн үйлчилгээний баримтууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгөв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэлийг гаргаж өгөв.
Шүүхээс дараах ажиллагааг хийж, нотлох баримтуудыг бүрдүүлсэн:
1. 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 08/272 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч Т.Б.ы нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 05 сарын 16-ны өдөр хариу лавлагааг ирүүлсэн.
2. 2022 оны 05 сарын 3-ний өдрийн 09651 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж,1060 дугаар байрны 64 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Автотээврийн үндэсний төвөөс хариуцагч Т.Б.ы өмчлөлд байсан болон одоо өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 06 сарын 13-ны өдөр хариу лавлагаа, Г.Юмсүрэнгийн нэр дээрх Ү-2206079641 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэсээс 2022 оны 06 сарын 23-ны өдөр Т.Б.ы нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагааг тус тус ирүүлсэн.
3. 2022 оны 08 сарын 11-ний өдрийн 13493 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтээс Т.Б.аас Г.Юмсүрэнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны 64 тоот хаягт байршилтай 63.93 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсээс 2022 оны 08 сарын 19-ний өдрийн албан бичгийн хавсралтаар хувийн хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Г.Юмсүрэнгийн нэр дээрх Ү-2206079641 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн.
4. 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 16338 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны 64 тоот хаягт байршилтай 63.93 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 76-64 УАХ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тогтооход Вендо ХХК-г шинжээчээр томилж, шинжээч Вендо ХХК-аас 2022 оны 12 сарын 01-ний өдрийн Хөрөнгө үнэлсэн тайланг тус тус ирүүлжээ.
5. 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 18049 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар хүү Б.Сын саналыг асуухаар, Ч.Тийг гэрчээр асуухаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг хүүхдийн асрамжтай холбоотой асуудлаар шинжээчээр томилж, 2024 оны 07 сарын 03-ны өдрийн албан бичгээр Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс шинжээчийн дүгнэлтийг ирүүлж, 2024 оны 10 сарын 01-ний өдөр хүү Б.Сын саналыг асууж, Ч.Тийг шүүх хуралдаан дээр гэрчээр дуудан мэдүүлэг авсан.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
. 1. Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Т.Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Б.С, Б.Сийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны 64 тоот хаягт байршилтай 63.93 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 0000 УАХ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах, 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь 76-64 улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота кровн машины ноогдол зарагдсан үнийн 50 хувийг нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид тохиролцож, эвлэрсэн.
3. Хариуцагч Б.Сыг эхийн асрамжид буюу нэхэмжлэгч Э.Цын асрамжид үлдээхийг зөвшөөрсөн (шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь тал).
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрлэгчдийн тайлбараас үзэхэд гэрлэгчид 2018 онд анх танилцаж, 2019 оны 05 сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна (хэргийн 5 дахь тал).
6. Хамтын амьдралтай байх хугацаанд гэрлэгчид хувийн таарамжгүй харилцаатай байсан, түүнчлэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 2021/ЗШ/1134 дугаартай Шийтгэвэрт зөрчилд холбогдогч Т.Б. нь эхнэр Э.Цын нуруу, толгой хэсэгт гараараа цохиж зодсон зөрчил гаргасан болох нь тогтоогдож, Т.Б.д 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 2022/ЗШ/518 дугаартай Зөрчлийн шийтгэл ногдуулах тухай Шийтгэвэрт Эхнэр Э.Цтай маргалдаж шат руу түлхэх, гар руу нь цохих зэргээр зодсон үйлдэл гаргаж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.4.4.1 дэхь заалтад зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст нэхэмжлэгч Э.Цаас хандан гомдол гаргаж байсан зэргээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид бие махбодийн хүчирхийлэл үйлддэг байсан, хариуцагч үрчилж авсан хүү Б.Сыг нүүрэн тус газар нь алгадсан зэрэг нөхцөл байдал нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ (хэргийн 11, 21-23, 32-34 дэхь тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-9 дэхь тал).
7. Иймд шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14.4-т заасан нөхцөл байдал үүссэн үндэслэлээр, түүнчлэн гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгааг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14.1-т заасны дагуу Т.Б., Э.Ц нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
8. Зохигчдын дундаас 2019 оны 12 сарын 25-ны өдөр хүү Б.С (РД:000000) төрсөн байна (хэргийн 6 дахь тал). Харин 2012 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.С (РД: 0000000)-ыг хариуцагч Т.Б. өөрийн нэрээр овоглож, 2019 оны 06 сарын 14-ний үрчилж авсан болох нь хэрэгт авагдсан Б.Сын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Үрчилсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна (хэргийн 10, 31 дэхь тал).
9. Хариуцагч нь том хүү Б.Сыг нэхэмжлэгч Э.Цын асрамжид үлдээхэд татгалзахгүй гэх тайлбарыг харгалзан харилцан тохиролцсон үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дахь хэсгийг баримтлан хүү Б.Сыг нэхэмжлэгчийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
10. Харин бага хүү Б.Сийг хариуцагч өөрийн асрамжид авахаар, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
11. Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна. Хуулийн дагуу талууд хүүхдийн асрамж дээр маргаантай байгаа тохиолдолд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх, хүүхдийн саналыг харгалзан үзэх шалгууртай байна.
12. Шүүх 2024 оны 06 сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн буюу шинжээчийн дүгнэлтэд ...хүүхдийн хувьд ээнэгшил, эрхийг хангах тал дээр ээж Э.Ц нь илүү ээнэгшилтэй байгаа учир Б.Сийг ээж Э.Цын асрамжид үлдээх саналтай байна... гэж дурдсаныг (хэргийн 194, 203-204 дэхь тал), хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа (хооллох, тоглох, цэцэрлэгт явах гэх мэт)-нд эх нь дэмжлэг үзүүлж байсан нөхцөл байдал, хариуцагч Т.Б.ы эх Б.Цд бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүү Б.Сийг эх Э.Цын асрамжид үлдээж шийдвэрлэлээ (шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь тал).
13. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д хүүхдийн эрхийг хамгаалахад хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх зарчим үйлчлэхээр, Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр, мөн хуулийн 26.2-т эцэг, эх нь хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар заасан. Хүүхдийг тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг байх бөгөөд төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийг ялгаж болохгүй. Иймд Б.С болон Б.Сыг эхийн асрамжид үлдээсэнтэй холбогдуулан төрсөн болон үрчилж авсан эсэхийг үл хамааран аль алинд нь эцэг Т.Б.аас хүүхдийн тэжээн тэтгэх үүргийг хангуулах үүднээс Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
14. Зохигчид Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны тоот хаягт байршилтай 63.93 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө дээр маргаантай байх бөгөөд хариуцагч нь тус орон сууцыг хуваарьт хөрөнгө гэж үзэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Юмсүрэнд бэлэглэсэн, харин нэхэмжлэгч нь тус орон сууц гэрлэснээс хойш бий болсон, 2,000,000 төгрөгийг орон сууцыг худалдаж авахад оролцуулсан гэж тайлбарлаж байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Юмсүрэн нь аав, ээжийнх нь үлдээсэн мөнгөөр бий болсон, орон сууцыг хариуцагч өөрийн нэр дээр гаргуулаад дараа нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн, нэхэмжлэгч уг байранд мөнгө оруулаагүй, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж маргаж байна.
15. Маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн тайланд орон сууцны үнэлгээг 142,723,725 төгрөгөөр үнэлсэн байна (хэргийн 85-86, 102 дахь тал).
16. Хэрэгт авагдсан Хан-уул дүүрэг дэхь улсын бүртгэлийн хэлтэсийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр Ү-2206079641 дугаартай Хан-уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1060 дугаар байрны тоот хаягт байрлах 69.96 м2 талбайтай 3 өрөө орон сууц байршилтай орон сууц нь анх 2021 оны 06 сарын 26-ны өдөр иргэн Т.Б.ы өмчлөлд бүртгэгдэж, 2022 оны 02 сарын 14-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Юмсүрэнд шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна (хэргийн 46, 60-64 дэхь тал).
17. Иргэний хуулийн 127.1.2-д өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө нь хуваарьт хөрөнгөд хамаарахаар заасан. Хэрэгт авагдсан 2021 оны 06 арын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Т.Б. нь Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19 хороолол 39 байр, 49 тоот 27 м2 орон сууцыг Э.Алтанцэцэгт 90,000,000 төгрөгөөр худалдаж түүнээс Хас банкны 5000951721 дугааартай дансаар 18,200,000 төгрөг, Хаан банкны 5210144006 дугаартай дансаар 70,000,000 төгрөгийг хүлээн авснаар, хариуцагч өөрийн эх болох Ч.Таас 15,000,000 төгрөгийг авч нийт 106,000,000 төгрөгөөр маргаан бүхий орон сууц болох Ү-2206079641 дугаартай Хан-уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1060 дугаар байрны 64 тоот хаягт байрлах 69.96 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр худалдан авсан болох нь Ч.Тийн Худалдаа хөгжлийн банкны дансны зарлагын гүйлгээ, Орон сууц хувьчлах товчооны баримт 2021 оны 06 сарын 08-ны өдрийн Т.Б.аас Дэ Да Шинд 106,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна (хэргийн 159, 160-163 дахь тал). Түүнчлэн гэрч Ч.Т нь маргаан бүхий байрыг худалдаж авахад Э.Ц, Т.Б. нар нэг ч төгрөг оруулаагүй, Америкт ажиллаж байхдаа олсон мөнгөө хуримтлуулсан,...тэр мөнгөнөөс би байр худалдаж аваад Т.Б.ы нэр болгосон. ...Г.Юмсүрэн жаахан байсан. Тухайн үед Т.Б.д Чи их сургуулийн 2, 3 дугаар курсийн оюутан. Би чамд байр авч өгч чадахгүй, энэ байраа өргүүлсэн дүүдээ өгөөрэй. Аав чинь амьд байхдаа тэгж ярьж байсан. Насанд хүрэхээр нь дүүдээ байраа өгөөрэй. гэж ярьж байсан. Сүүлд Хан-Уул дүүрэгт 3 өрөө байр аваад орсон. Би тэр байран дээр нь мөнгө нэмээд, дүүгийнхээ нэр дээр болгоорой гэж хэлсэн. Тэгсэн дүүгийнх нь бичиг баримт ирээгүй байна гэж хэлсэн. Сүүлд би 15,000,000 төгрөг өгсөн ... гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлийн 12-13 дахь тал), хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээд Г.Юмсүрэнгийн маргаан бүхий байрыг худалдаж авах орлогын эх үүсвэрийг хариуцагч талаас бүрдүүлсэн, хожим өргүүлсэн дүү Г.Юмсүрэнд үнэ төлбөргүй шилжүүлсэн гэх тайлбараар тогтоогдож байна.
18. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий орон сууцыг худалдан авахад зориулж дүүгээсээ зээлж 2,000,000 төгрөг гаргасан гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч тус 2,000,000 төгрөгийг буцааж дүүдээ төлсөн байна (шүүх хуралдааны тэмдэглэлийн 12-13 дахь тал).
19. Иймд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, 1060 дугаар байрны 64 тоот хаягт байршилтай 63.93 м2 талбайтай 3 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 127.1.2-д зааснаар мөнгөн хуримтлал, эд хөрөнгийг худалдсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө байх тул Т.Б.ы хуваарьт хөрөнгө гэж үзэх ба тухайн хөрөнгийг Иргэний хуулийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг мөнгөөр тооцон гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
20. Иргэний хуулийн 127.2-т гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь өөрийн хуваарьт хөрөнгөө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Юмсүрэнд 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн зөвшөөрөл шаардахгүй. Иймд тус Бэлэглэлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 56.1.8-д заасан ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх үндэслэл тогтоогдоогүй, Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр.
21. Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
22. Нэгтгэн дүгнэвэл шүүхээс гэрлэлтийг цуцалж, хүү Б.С, Б.С нарыг эхийн асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдүүдийн тэтгэлгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий орон сууцнаас нэхэмжлэгч болон хүүхдүүдэд ногдох хэсгийг мөнгөөр гаргуулах, Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
23. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Т.Б. болон Э.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан хүү Б.Сыг нэхэмжлэгч Э.Цын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.6 дахь хэсгийг баримтлан хүү Б.Сийг нэхэмжлэгч Э.Цын асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан хүү Б.С, Б.С нарт 11 нас хүртэл хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Хан-уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1060 дугаар байрны 64 тоот хаягт байрлах 69.96 м2 талбайтай 3 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч болон хүүхдүүдэд ногдох хэсгийг мөнгөөр гаргуулах, 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан хариуцагч нь 76-64 улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота кровн машины ноогдол зарагдсан үнийн 50 хувийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч шүүгч Б.Ганцэцэг