Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/03680

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 9 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/03680

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.М нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.А холбогдох

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.М*******нь хариуцагч Б.А*******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “А.Мягмарням Б.А******* нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийх эрхтэй П******* В******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг нийт 89,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан. Хувьцаа худалдах, худалдан авах Гэрээний 3.1-т А.Мягмарням нь П******* В******* ХХК-ийн 50 хувийн 75,020 ширхэг хувьцааг 89,000,000 төгрөгөөр худалдах, гэрээний 3.2-т төлбөрийг хариуцагч Б.А******* нь 2023 оны 12 сарьш 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 04 сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 01-ний өдрийн дотор 29,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч Б.А******* нь гэрээний үүргийн зөрчил үүсгэж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж, намайг хохироож байна. Нэхэмжлэгч миний зүгээс Б.А*******тай байгуулсан гэрээний үүргээ зөрчөөгүй ба Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.3-т гэрээг УБЕГ-ын ХЭУБГ-т төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа бүртгүүлэх үүргийг хүлээсэн. Эхний хуваарьт төлбөр төлөх хугацаа хэтрээд 4 cap 24 хоног, 2 дахь хуваарьт төлбөр төлөх хугацаа хэтрээд 24 хоног өнгөрсөн боловч өнөөдрийн байдлаар төлбөр төлөгдөөгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний эхний хуваарьт төлбөрийг төлөх талаар мэдэгдэж, нэхэмжлэхийг zaya66653@gmail.com, *******@remax.mn хаягуудаар, 2 дах хуваарьт төлбөр төлөхийг өмгөөлөгчөөр дамжуулан 2024 оны 04 сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй хэвээр байна. Бидний хооронд байгуулагдсан гэрээний төлбөр төлөх эхний 2 хуваарь зөрчигдсөн байгаа тул гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000,000 төгрөгийг Б.А*******гаас гаргуулж өгнө үү. Сүүлийн хуваарьт төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тул энэхүү нэхэмжлэлд оруулаагүй болно. Иймд Хувьцаа худалдах, худалдан авах Гэрээний 3.2-т заасан гэрээний хуваарьт төлбөр 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “нэхэмжлэгч О.Мягмарням болон хариуцагч Б.А******* нар нь хамтран 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр *** регистрийн дугаартай П******* В******* ХХКомпанийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж, компанийг дүрмийг баталсан. П******* В******* ХХКомпани нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй байгуулагдсан бөгөөд компанийн дүрмийн 5.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А******* нь нэг бүрийн үнэ нь 100 төгрөгийн үнэлгээтэй 75,020 ширхэг буюу нийт 7,502,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж, нэхэмжлэгч А.Мягмарням нь мөн нэг бүр нь 100 төгрөгийн үнэлгээтэй 75,020 ширхэг буюу нийт 7,502,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж хувьцаа эзэмших хувь хэмжээ, эрх үүргийг тодорхойлж өгсөн. Нөгөө талаар талууд харилцан тохиролцож, П******* В******* ХХКомпанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч А.Мягмарнямыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж,  баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч А.Мягмарням нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлсэн. Компанийн дүрэм болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу компанийн хувьцаа эзэмшигч нь эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээгээр компанийн өмнө үүрэг хариуцлага хүлээх, компанийн гүйцэтгэх удирдлага нь эдийн засаг, нийгмийн харилцаанд компанийг төлөөлөн, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үйл ажиллагааны тайлан, үр дүнг хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд тайлагнах үндсэн эрх, үүрэгтэй бөгеөд нэхэмжлэгч А.Мягмарнямын хувьд компанийг үүсгэн байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхдээ компанийн дүрэм болон Компанийн тухай хуульд заасан эрх үүргийг огтоос хэрэгжүүлэлгүй компанийн гүйцэтгэх удирдлагыг бүрэн орхигдуулсан. Нөгөө талаас компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн үйл ажиллагаанд оролцох, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй орхигдуулсан бөгөөд компанийг өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүгийн орлого зарлага, татвар, түрээс гэх мэт тасралтгүй хэрэгжих нийгэм, эдийн засгийн харилцаанд хувьцаа эзэмшигчийн хувьд оролцож, эрх үүргээ хэрэгжүүлж байсан үйл баримт байхгүй болно. Компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хариуцагч Б.А*******гийн зүгээс компанийг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн **** дугаар байр *** Плаза төвийн 101 тоотод орших түрээсийн байранд үйл ажиллагааг нь эхлүүлэхээс аваад нэхэмжлэгч А.Мягмарнямын хуулийн дагуу хүлээсэн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбож өөрт байгаа бүхий л нөөц боломжоо П******* В******* ХХКомпанийн үйл ажиллагаанд зориулсан байдаг бөгөөд компанийг үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртлэх хугацаанд өөрийн зүгээс 178,911,610 төгрөгийг бодит хөрөнгө оруулалтыг тус компанид оруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдох боломжтой юм. Өнөөдрийн байдлаар П******* В******* ХХКомпани нь харилцагч байгууллага, хувь хүн иргэдээс нийт 43,920,300.70 төгрөгийн авлагтай бөгөөд бусдад 52,703,727.17 төгрөгийн өр төлбөртэй байна. Тухайн нөхцөл байдлыг засаж залруулах, компанийг дүрэмд заасан чиглэлийн хүрээнд ашиг, орлоготой ажиллуулах зорилгоор хувьцаа эзэмшигч Б.А*******гийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан бөгөөд нэхэмжлэгч А.Мягмарнямын зүгээс 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн сайн дурын хүсэл зоригын дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг хариуцагч Б.А*******д шилжүүлж, хүлээлгэн өгсөн. Тухайн цаг хугацаанаас эхлэн хувьцаа эзэмшигч Б.А*******гийн зүгээс П******* В******* ХХКомпаний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг эрх үүргийг зэрэг хэрэгжүүлж компанийн доголдолтой явж буй үйл ажиллагааг сэргээх, үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор хувийн зүгээс 178,911,610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийж ажилласан бөгөөд 2023 оны 4 дүгээр улирал гэхэд компанийн үйл ажиллагаанд санхүүгийн хувьд ашигтай ажиллах боломжтой нөхцөл байдлууд тогтоогдож эхэлсэн. Гэтэл тухайн цаг хугацаанаас эхлэн нэхэмжлэгч А.Мягмарням нь компаний үйл ажиллагаанд оролцож компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох саналыг хариуцагч Б.А*******д тавьж эхэлсэн бөгөөд хариуцагч Б.А*******гийн хувьд нэгэнт 178,911,610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хувийн зүгээс оруулж, компанийн үйл ажиллагааг сэргээх, тогтворжуулах зорилготой ажиллаж байгаа учир өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдах сонирхолгүй байгаагаа илэрхийлэхэд А.Мягмарням нь өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдан авах санал, шаардлагыг 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тавьж эхэлсэн. Хариуцагчийн хувьд А.Мягмарнямын 50 хувийн хувийн хувьцаагаа худалдах саналыг хүлээн авах боломжгүй байсан бөгөөд А.Мягмарнямд ”... компанийн үйл ажиллагааг бүрэн тогтворжуулж үйл ажиллагааг нь хэвийн хэмжээнд хүргэж чадвал чиний 50 хувийн хувьцааг худалдан авах боломжтой гэж үзэж байна. Харин яг энэ байдлаараа байгуулагдсан цагаасаа эхлээд алдагдалтай ажилласан үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлага нь алдагдсан компанийн 50 хувийн хувьцааг миний бие худалдан авах боломжгүй юм ...” гэх тайлбар, мэдэгдлийг удаа дараа өгч байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ ****2 бүртгэлийн дугаартай компаний эрх шилжүүлэх гэрээнүүдэд хариуцагч Б.А******* миний бие өөрийн хүсэл зоригийн дагуу оролцоогүй, тухайн гэрээг талууд хожим хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан хэлцэл биш юм. Тухайн гэрээний хэрэгжилтын явцад нэхэмжлэгч А.Мягмарням нь би хувьцаагаа чамд зарахаа болилоо өөрийн ахад зарахаар болсон гэж 2024 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд явсан бөгөөд хожим түүний ах нь түүний хувьцааг худалдан авахгүй гэж мэдэгдсэнээс хойш Б.А******* надтай байгуулсан гэрээний дагуу худалдан ав гэх шаардлагыг удаа дараа тавьдаг болсон. Миний бие түүнд өөр өөрсдийн оруулсан бодит хөрөнгө оруулалтаа тооцоод компанийн өнөөгийн санхүүгийн байдалд аудит оруулан дүгнэлт гаргаад өөр өөрсдийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээгээр үүрэг хариуцлагаа хүлээгээд П******* Висда ХХКомпанийг татан буулгая гэх саналыг өөрт нь тогтвортой хэлж мэдэгдсэн болов ч тэрээр өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд үүрэг хариуцлага хүлээхээс татгалзаж тухайн хувьцааг Б.А******* намайг худалдан ав гэх хууль бус шаардлагыг тавих болсон. Хариуцагч Б.А*******гийн зүгээс талуудын дунд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ ****2 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн гэрээнээс нэхэмжлэгч А.Мягмарням нь өөрөө сайн дураараа татгалзсан, талууд тухайн гэрээ, хэлцлүүдэд өөрийн хүсэл зоригын дагуу оролцоогүй гэж үзэж байгаа тул гэрээний үүрэгт нэхэмжлэгч А.Мягмарнямд 60,000,000 төгрөгийн төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлгүйгээр нэхэмжлэгч А.Мягмарнямаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: “А.Мягмарнямын хувьд компани үүсгэн байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхдээ компанийн дүрэм болон Компанийн тухай хуульд заасан эрх үүргийг огтоос хэрэгжүүлэлгүй компанийн гүйцэтгэх удирдлагыг бүрэн орхигдуулсан.  Нэхэмжлэгч Б.А*******гийн зүгээс компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлж компанийн үйл ажиллагааг, доголдолгүй удирдан зохион байгуулж ажиллах шаардлагыг хариуцагч А.Мягмарнямд 2022 оны 03 дугаар сараас эхлэн удаа дараа өгч байсан бөгөөд тэрээр шаардлагыг тухай бүр нь хүлээн авч ажиллаагүй, гүйцэтгэх удирдлагыг алдагдуулснаас болоод компанийн үйл ажиллагаа байгуулагдсан цагаасаа эхлээд удирдлага зохион байгуулалтгүй, санхүүгийн хувьд алдагдалтай явж эхэлсэн. Тухайн нөхцөл байдлыг засаж залруулах, компанийг дүрэмд заасан чиглэлийн хүрээнд ашиг, орлоготой ажиллуулах зорилгоор хувьцаа эзэмшигч Б.А*******гийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан бөгөөд хариуцагч А.Мягмарнямын зүгээс 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр өөрийн сайн дурын хүсэл зоригийн дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг нэхэмжлэгч Б.А*******д шилжүүлж хүлээлгэн өгсөн. Тухайн цаг хугацаанаас эхлэн хувьцаа эзэмшигч Б.А*******гийн зүгээс “П******* В*******” ХХКомпаний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын эрх үүргийг зэрэг хэрэгжүүлж компанийн доголдолтой явж буй үйл ажиллагааг сэргээх, үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор өөрийн зүгээс 178.911.610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийж ажилласан бөгөөд 2023 оны 4 дүгээр улирал гэхэд компанийн үйл ажиллагаанд санхүүгийн хувьд ашигтай ажиллах боломжтой нөхцөл байдлууд тогтоогдож эхэлсэн. Гэтэл тухайн цаг хугацаанаас эхлэн хариуцагч А.Мягмарням нь компанийн үйл ажиллагаанд оролцож компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох саналыг нэхэмжлэгч Б.А*******д тавьж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.А*******гийн хувьд нэгэнт 178.911.610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хувийн зүгээс оруулж, компанийн уйл ажиллагааг сэргээх, тогтворжуулах зорилготой ажиллаж байгаа учир өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдах сонирхолгүй байгаагаа илэрхийлэхэд хариуцагч А.Мягмарням нь өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдан авах санал, шаардлагыг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн тавьж эхэлсэн. Нэхэмжлэгч Б.А*******гийн хувьд хариуцагч А.Мягмарнямын 50 хувийн хувийн хувьцаагаа худалдах саналыг хүлээн авах боломжгүй байсан бөгөөд А.Мягмарнямд Компанийн үйл ажиллагааг бүрэн тогтворжуулж үйл ажиллагааг нь хэвийн хэмжээнд хүргэж чадвал чиний 50 хувийн хувьцааг худалдан авах боломжтой гэж үзэж байна ...” Харин яг энэ байдлаараа байгуулагдсан цагаасаа эхлээд алдагдалтай ажилласан үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлага нь алдагдсан компанийн 50 хувийн хувьцааг миний бие худалдан авах боломжгүй юм ...” гэх тайлбар, мэдэгдлийг удаа дараа амаар өгч байсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” ****2 бүртгэлийн дугаартай “Компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдэд нэхэмжлэгч Б.А******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу оролцоогүй, тухайн гэрээг талууд хожим хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан хэлцэл биш юм. Тухайн гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч А.Мягмарням нь "... Би хувьцаагаа чамд зарахаа болилоо өөрийн ахад зарахаар болсон ...” гэж 2024 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд явсан бөгөөд хожим түүний ах нь түүний хувьцааг худалдан авахгүй гэж мэдэгдсэнээс хойш нэхэмжлэгч Б.А******* надтай байгуулсан гэрээний дагуу худалдан ав гэх шаардлагыг удаа дараа тавьдаг болсон. Миний бие түүнд өөр өөрсдийн оруулсан бодит хөрөнгө оруулалтаа тооцоод компанийн өнөөгийн санхүүгийн байдалд аудит оруулан дүгнэлт гаргаад өөр өөрсдийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээгээр үүрэг хариуцлагаа хүлээгээд П******* В******* ХХКомпанийг татан буулгая гэх саналыг өөрт нь тогтвортой хэлж мэдэгдсэн болов ч тэрээр өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд үүрэг хариуцлага хүлээхээс татгалзаж тухайн хувьцааг нэхэмжлэгч Б.А******* намайг худалдан ав гэх шаардлагыг тавих болсон. Нэхэмжлэгч Б.А*******гийн зүгээс талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” ****2 бүртгэлийн дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн гэрээнээс хариуцагч А.Мягмарням нь өөрөө сайн дураараа татгалзсан, талууд тухайн гэрээ, хэлцлүүдэд өөрийн хүсэл зоргын дагуу оролцоогүй гэж үзэж байна. Хариуцагч А.Мягмарнямын хувьцаа эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй орхигдуулсан, 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас П******* В******* ХХКомпаний уйл ажиллагаа тасалдах, санхүүгийн хувьд алдагдал хүлээх, компанийн эзэмшил бүхий нэгж хувьцааны үнэ зах зээлийн бодит үнэ цэнээ алдах эрсдэл 2023 оноос эхлэн үүссэн цаашид дээрх эрсдэл бүхий нөхцөл байдал засагдах боломжгүй, хариуцагч А.Мягмарням нь компанийн хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэх хүсэл зорилгогүй, хувьцаа эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэхээс бодитой зайлс хийсээр байгаа тул нэхэмжлэгч Б.А*******гийн зүгээс Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах бодит хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзэж байна. Зүй нь Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй ...” гэж заасан бөгөөд хуульд заасан дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.А******* нь талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Нөгөө талаас талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****2 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь мөн өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтээс шууд шалтгаалах нөхцөлтэй гэрээ бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс талууд татгалзсан тохиолдолд ****2 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь бодит байдлаар хэрэгжих боломжгүй, дуусгавар болох шууд хууль зүйн үр дагавар үүсгэнэ. Талуудын дунд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны хууль зүйн үр дагаварт Компанийн эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болсныг шүүхийн журмаар тогтооход хуульд харшлах зүйлгүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч А.Мягмарням нарын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзах, гэрээнээс татгалзсаны хууль зүйн үр дагаварт талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****2 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл гэрээнээс татгалзсан учраас гэрээ дуусгавар болгосныг тодорхойлох гэсэн үйл агуулгад шаардлага гаргасан. Гэтэл бид хамгийн түрүүнд хууль зүйн шаардлагын хувьд гэрээнээс татгалзах эрхтэй эсэхийг нь тодорхойлох нь зүйтэй үзэж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөөд үр дүн хэрэв гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй байгаа. Гэтэл А.Мягмарнямын хувьд талуудын хооронд хугацаа олгох, тогтоох гэрээний хувьд харахаар гэрээний үүргээ зөрчсөн зүйл бол огт байдаггүй. Харин эсрэгээрээ Б.А******* гэрээний үүргээ зөрчсөн учраас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа гэдэг. Энэ агуулгаар үндсэн нэхэмжлэлээ гаргасан байдаг. А.Мягмарнямыг гэрээнээсээ татгалзсан, би авахаа больсон гэдэг  хүсэл зориг илэрхийлсэн гэж яриагүй. Тэгэхээр энэ талаар баримт байхгүй. А.Мягмарнямын зүгээс хэрэв тийм хүсэл зориг илэрхийлсэн бол өнөөдөр нэхэмжлэл гаргах шаардлагагүй байгаа. Талуудын хооронд хувьцаагаа худалдах талаар санал гаргасан А.Мягмарнямын ах гэдэг хүн яригдаад байна л даа. Тэгэхээр энэ хүний хувьд бол яах вэ, хувьцаа сонирхож асуухын хувьд бол асуусан. А.Мягмарням түүнийг холбож өгсөн. Энэ дээр А.Мягмарням зөвхөн өөрийнхөө хувьцааг заръя, би Б.А*******гийн хувьцааг больё гэдэг асуудал ерөөсөө яригдаагүй. Тэр хүн хэрвээ авах юм бол бүхэлд нь одоо 100%-ийн хувьцааг нь сонирхож байна гэсэн. Тухайн үед компанийн үйл ажиллагааг удирдаад явж байсан хувьцаа эзэмшигч нь Б.А******* байсан учраас Б.А*******тай холбох үүргийг гүйцэтгэсэн. Түүнээс биш талуудын хооронд уулзалт хийгээд гэрээ байгуулахаас өмнө харилцаа үүссэн ч юм уу, тийм зүйл бол огт байдаггүй. Тэгэхээр үүнийг А. Мягмарнямын гэрээнээс татгалзсан гэдгийг тайлбарлах боломжгүй. Гэрээний хүчин төгөлдөр байдал хэвээр үргэлжилж байгаа учраас гэрээний үүрэг шаардах эрхтэй байгаа. Дээрээс нь гэрээний үүргийн зөрчил гаргасан этгээд нь Б.А******* учраас бид нар гэрээний үүргийн гүйцэтгэлээр нь шаардаад байгаа. Тэгэхээр Б.А*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар хувь, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ****1 дүгээр худалдах худалдан авах гэрээний хуулбар хувь, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ****2 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар хувь, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар мэдэгдэл, *** дугаар нэхэмжлэх, и-майл хаягаар илгээсэн и-мэйлын хуулбар, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр итгэмжлэл, П******* в******* ХХК-ийн дүрмийн хуулбар хувь зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч А.Мягмарням нь хариуцагч Б.А*******д холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ****1 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ****1 бүртгэлийн дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ****2 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн гэрээнээс нэхэмжлэгч А.Мягмарням нь өөрөө сайн дураараа татгалзсан, талууд тухайн гэрээ, хэлцлүүдэд өөрийн хүсэл зоригын дагуу оролцоогүй гэж үзэж байгаа тул гэрээний үүрэгт нэхэмжлэгч А.Мягмарнямд 60,000,000 төгрөгийн төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж татгалздаг.

 

3. Хариуцагч Б.А******* нь сөрөг нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5-д заасныг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзах, гэрээнээс татгалзсаны хууль зүйн үр дагаварт талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****2 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.Мягмарням нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ зөрчсөн зүйл бол огт байдаггүй. Нэхэмжлэгч А.Мягмарнямын зүгээс гэрээнээс татгалзах санал гаргаж байгаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалздаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Талууд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлийн ****1 дугаартай Худалдах худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/ байгуулж, уг гэрээгээр А.Мягмарням нь өөрийн 50 хувьд ногдох 75,020 ширхэг хувьцааг Б.А*******д 89,000,000 төгрөгөөр  худалдахаар тохиролцсон байна. (хавтаст хэргийн 5 дахь тал) 

 

4.2. Талууд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлийн ****2 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч А.Мягмарням нь хувьцаанд ногдох эрх, үүргээ эрх шилжүүлэн авагч Б.А*******д шилжүүлнэ гэж тохиролцсон байна. (хавтаст хэргийн 6 дахь тал) 

 

4.3. Нэхэмжлэгч талаас 2024 оны 04 сарын 11-ны өдөр *** дугаартай мэдэгдэл хүргүүлж, гэрээний төлбөрийг шаарджээ. (хавтаст хэргийн 7 дахь тал) 

 

Зохигчид 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлийн ****1 дугаартай Худалдах худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлийн ****2 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Хувьцааны төлбөрийг 2023.12.01-ний дотор 30,000,000 төгрөг, 2024.04.01-ний дотор 30,000,000 төгрөг, 2024.10.01-ний дотор 29,000,000 төгрөг төлж барагдуулахаар, гэрээг УБЕГ-ын ХЭУБГ-т төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа бүртүүлэхээр тохирсон тухайд маргаангүй болно.

 

Харин нэхэмжлэгч А.Мягмарням гэрээнээс татгалзах санал гаргасан эсэх, талууд гэрээнээс татгалзсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 260 дугаар зүйлийн 260.1-д “үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтуу нэгэн адил хамаарна” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч А.Мягмарням нь гэрээнээс татгалзах хүсэл зориг байгаагүй, гэрээний үүргийг дуусгавар болгоход чиглэсэн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Б.А*******д хандаж гаргаагүй гэж тайлбарлаж байх ба гэрээнээс татгалзах хүсэл зоригийг А.Мягмарням илэрхийлээгүй, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байх тул гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч гэрээнээс татгалзсан гэх хариуцагч Б.А*******гийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.5-т “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэгч А.Мягмарнямыг 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас П******* В******* ХХКомпаний үйл ажиллагаа тасалдах, санхүүгийн хувьд алдагдал хүлээх, компанийн эзэмшил бүхий нэгж хувьцааны үнэ зах зээлийн бодит үнэ цэнээ алдах эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн, засагдах боломжгүй, компанийн хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэх хүсэл зорилгогүй, хувьцаа эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэхээс бодитой зайлсхийсээр байгаа тул Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах бодит хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзэж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж байх боловч дээрх үндэслэлүүд нь гэрээ байгуулахаас өмнө үүссэн үйл явдлууд байх бөгөөд нэхэмжлэгч Б.Мягмарзаяаг гэрээгээр хүлээсэн ямар үүргээ зөрчсөн болох, гэрээнээс татгалзах ямар үндэслэл ирээдүйд бий болох талаар баримтаар нотлож, тайлбарлаж чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр байх тул 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****2 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгийг баримтлан, хариуцагч Б.А*******гаас 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Мягмарнямд олгож, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****1 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзах, гэрээнээс татгалзсаны хууль зүйн үр дагаварт талуудын дунд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ****2 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгийг баримтлан, хариуцагч Б.А*******гаас 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Мягмарнямд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 457,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******гаас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Мягмарнямд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР