Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/1043

 

 

 

 

 

2022                11             02                          2022/ДШМ/1043                                

 

Б.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Майбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/1975 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Б.Х-д холбогдох 2211011650255 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х-,

 

Б.Х- нь:

1. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шарын голын уурхайд мах ачуулах гэж байгаа юм, урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд, маргааш махны тооцоогоо хийе” гэж хуурч, Ц.О-ээс 6.696.000 төгрөгийн үнэлгээ бүхий 558 кг үхрийн махыг шилжүүлэн авснаас 2.180.000 төгрөгийг төлж, үлдэх 4.516.000 төгрөгийг,

2. 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-369 тоотод үйл ажиллагаа явуулах “Аялгуу” дэлгүүрт 1кг хонины сүүлийг 5000 төгрөгөөр худалдаж, ашгаа хувааж авна” гэж хуурч, Б.А-оор дамжуулан иргэн Г.Н-аас 11.232.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1440 кг хонины сүүлийг шилжүүлэн авч,

3. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “14 хоногийн хугацаагаар түрээсэлнэ” гэж “*****” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан хуурч, иргэн Ц.А-ын “*****” ХХК-д түрээслүүлэхээр өгсөн байсан 8.465.811 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota prius 20 загварын *****УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч,

4. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын автобусны буудал дээр “зээлийн төлбөрт авсан, нэр шилжих боломжгүй, зарна” гэж иргэн Б.С-т “Toyota prius 20 загварын *****УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

5. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах махны агуулахын орчим “1 кг нь 8500 төгрөгөөр хиаман цехэд мах худалдаж авна, та урьдчилгаа мөнгөө намайг дагаж яваад авчих” гэж хуурч, иргэн О.Н-гээс 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 гулууз буюу 210 кг хонины махыг шилжүүлэн авч,

6. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “фейсбүүк олон нийтийн сүлжээнд мах өндөр үнээр авна” гэсэн зар оруулж, “хонины мах 1 кг-ийг 8500, ямааны мах 8000 төгрөгөөр авна, манайх хувийн компани байгаа юм, БНХАУ руу махаа гаргадаг, мөн уурхайтай гэрээ байгуулж махаа шахдаг” гэж хуурч, иргэн Д.Э-с 4.740.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонины 398 кг, ямааны 116 кг махыг шилжүүлэн авч,

7. 2021 оны 7 дугаар сарын 21, 25-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны орчимд “мөнгө хэрэгтэй байна, мах аваад эргэлтэд оруулаад өгье” гэж хуурч, иргэн М.Ө-с 2 удаагийн гүйлгээгээр нийт 12.800.000 төгрөгийг шилжүүлэн авч,

8. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” мах боловсруулах үйлдвэрт иргэн А.Х-с “1 кг-ийг нь 8300 төгрөгөөр худалдаж өгнө” гэж 28.680.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3.545 кг үхийн махыг шилжүүлэн авч “Номин” мах боловсруулах үйлдвэрийн цехэд худалдаж, төлбөрийг өөрийн Голомт банкны 1705166714 дугаартай дансаар шилжүүлэн авсан атлаа хохирогч А.Х-д махны төлбөрийг “Номин” мах боловсруулах үйлдвэрээс шилжүүлээгүй” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 28.680.000 төгрөгийн хохирол учруулж,

9. 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхүүд инвест” ББСБ-ын захирал Д.Н-с 12.024.239 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota prius 20 загварын *****УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “хоёр хоногийн хугацаатай түрээсэлнэ” гэж түрээсийн гэрээ байгуулан хуурч, шилжүүлэн авч,

10. 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд “би банк бусад ажилладаг, энэ машин өр зээлээ төлж чадаагүй болохоор манайхаас гаргаж байгаа юм, 4.000.000 төгрөгөөр зарна” гэж “Toyota prius 20 загварын *****УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Ч.Э-с 4.000.000 төгрөгийг өөрийн 1705166714 тоот дансаар шилжүүлэн авч,

11. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Сайн” авто угаалгын газраас “түрээсэлнэ” гэж тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээгээр халхавчлан хуурч, иргэн Б.Н-с 13.626.957 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota prius 30” загварын 14-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч,

12. 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “1 кг нь 14.000 төгрөгөөр тооцож, нийт 11.956.000 төгрөгөөр авна, маргааш махаа шулаад зарахаараа мөнгийг нь өгнө” гэж хуурч, иргэн Х.Л-с 7.515.200 төгрөгийн үнэлгээ бүхий 36 гулууз буюу нийт 854 кг хонины махыг шилжүүлэн авч,

13. 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо “Бичил хороолол”-ын орчим “5.537.000 төгрөгөөр тооцож авна, урьдчилгаанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хэд хоногоос шилжүүлье” гэж хуурч, иргэн Н.О-с 6.728.600 төгрөгийн үнэлгээ бүхий 791 кг хонины махыг шилжүүлэн авч,

14. 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*****” ХХК-ийн захирал Э.А-од “...“Булган мах маркет” ХХК-иас мах худалдан авч, хамтарч ажиллах тухай санал тавьж, улмаар “Булган мах маркет”, “*****” ХХК-уудын хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээг ашиглан, “*****” ХХК-д хүлээлгэн өгнө” гэж хуурч, “Булган мах маркет” ХХК-иас 19.204.400 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 2342 кг үхрийн махыг шилжүүлэн авснаас 1.000.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлж барагдуулалгүй “*****” ХХК-ийг 18.204.400 төгрөгийн төлбөрт оруулж ,

15. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ш-с урьд тээврийн хэрэгсэл түрээсээр авч ашиглаж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “түрээсээр авч ашиглаж байгаад худалдаж авна” гэж хуурч, 8.295.573 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota prius” загварын **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч,

16. 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа хорооллын автобусны буудал дээр “автомашиныг түрээсэлнэ” гэж хуурч, С.М-с 15.821.784 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai porter 2 **** УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч,

17. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар гудамж, 27 тоот хашаанд засуулахаар үлдээсэн “Hyundai porter 2 загварын 04-37 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг “2.500.000 төгрөгөөр зарна, 1 төлөлт үлдсэнээ төлөөд нэр шилжүүлж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Х.Б-с 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

18. 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шарын голын уурхайд би мах нийлүүлдэг, зах зээлийн үнээс арай үнэтэйгээр буюу үхийн махыг 1 кг-ийг 9500 төгрөгөөр, хонины махыг 1 кг-ийг 8500 төгрөгөөр тус тус тооцож, 7 хоногийн хугацаатай зээлээр авъя” гэж хуурч, мах худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж, иргэн Т.Г-с 34.402.100 төгрөгийн үнэлгээ бүхий 981 кг үхрийн мах, 3022 кг хонины махыг шилжүүлэн авч,

19. 2021 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хашаанаас иргэн М.С-с урьд мах худалдаж авч, мөнгийг бүрэн төлж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “хужаа нарт өгөх гэж байгаа юм, зараад мөнгийг нь өгье” гэж хуурч 27.405.000 төгрөгийн үнэлгээ бүхий 609 кг үхрийн борц, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан жингийн хамт, мөн “мах аваад буцаагаад өгье” гэж хуурч 3.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, түүнд 31.355.000 төгрөгийн хохирол учруулан,

нийт 19 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, 231.707.664 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор яллагдагч Б.Х-д нийт 16 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан өөрчлөлт оруулж, тухайн тогтоолыг яллагдагч Б.Х-д даруй танилцуулж, дахин мэдүүлэг авахыг мөрдөгчид даалгасан байна. /6хх 21-26/ Мөрдөгч нь прокурорын даалгасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байхад мөн өдрөө буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлж ирүүлжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокуророос “Б.Х-д 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татаж байцаалт авсан” хэмээн тайлбарласныг үндэслэн шалгаж үзэхэд 1 дүгээр хавтас хэргийн 1-2 дугаартай хуудсанд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2111011650255 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд “2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.О-ээс 197 кг үхрийн мах авсан” гэх, мөн “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.А-ын “Toyota prius 20” загварын *****УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан” гэх, мөн “2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.Шүрэнцэцэгийн “Toyota prius 20” загварын 25-95 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан” гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан өөрчлөлт оруулсан тогтоол авагдсан байх бөгөөд тухайн тогтоолын дагуу 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан /1хх 104-107/, бусад 13 удаагийн үйлдлийн хувьд тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллагдагчаар татаж байцаалт авсан болох нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийн мэдүүлэг /1хх 237, 2хх 147-148, 214-216, 3хх 20-21, 123-124, 178-180, 241-242, 4хх 44-46, 89-90, 165-167, 5хх 22-23, 105-106, 171-172/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Дээр дурдсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан 13 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татсан 3 удаагийн үйлдэлтэй нэгтгэн нийт 16 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн прокурорын шийдвэрийг яллагдагч Б.Х-д танилцуулж, мэдүүлэг аваагүй нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан шийдвэртэй танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх”-ийг яллагдагч Б.Х-д эдлүүлээгүй, түүний хууль ёсны эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох үндэслэл болж байна.

2. Яллагдагч Б.Х-д холбогдох хэрэгт хөрөнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх 63, 2хх 21-22, 135-139, 169-171, 243-250, 3хх 149-151, 4хх 74-76, 115-116, 188-189, 246-248, 5хх 68-71, 72-74, 130-132, 198-200, 212-214/ нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх тул тухайн дүгнэлтийг дахин гаргах шаардлагагүй байна.

Харин тухайн шинжээчийг томилсон мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын ОЛСОН нь хэсэгт “иргэн Ц.О- нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361 кг үхрийн мах зараад 7.451.000 гэх хэрэгт” гэж бичсэн хэрнээ 2021 оны 5 сард Монгол Улсад орж ирсэн Porter-2 энгийн 100 мотор, энгийн кроп үнэлүүлэх”-ээр шийдвэрлэсэн /5хх 74/ нь ойлгомжгүй, мөн мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын ОЛСОН нь хэсэгт “иргэн Ц.О- нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361 кг үхрийн мах зараад 7.451.000 гэх хэрэгт” гэж бичсэн хэрнээ 2019 оны 2 дугаар сард Монгол Улсад орж ирсэн “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг үнэлүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь /5хх 215/ ойлгомжгүй, зарим тогтоолыг хохирогч, яллагдагч нарт хэн алинд нь танилцуулаагүй /1хх 65, 2хх 20, 3хх 151, 4хх 187, 5хх 71, 74, 200, 215/, зарим тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй нь /2хх 171, 4хх 76, 113, 250/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээч томилсон тогтоолтой... танилцах эрхтэй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

3. Хохирогч нараас хэрэгт хавсаргуулахаар өгсөн зарим бичиг баримтыг тэмдэглэл үйлдээгүй шууд хуулбар баримт хүлээн авч хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэх шаардлагыг хангаагүй байна /2хх 114-115, 4хх 25/. Хуульд тухайн ажиллагааг мөрдөгч, прокурор явуулна гэж тодорхой заасан бөгөөд хэргийн оролцогч хуулбарлаж өгнө гэж заагаагүйг цаашид анхаарах нь зүйтэй байна. Мөн 4 дүгээр хавтас хэргийн 108 дугаар хуудсанд “мэдүүлэг өгсөн гэрч Э.Энхзол” гэж гарын үсэг зурсан хэрнээ Г.Тэмүүлэн гэх хүний биеийн байцаалт байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан бөгөөд дээр дурдсан зөрчлийг арилгах, залруулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111011650255 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж, хэрэг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Прокурор Ц.Майбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч Б.Х-г “Шарын голын уурхайд мах ачуулах гэж байгаа юм, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгөөд, маргааш махны тооцоогоо хийе” гэж хуурч, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.О-ээс 197 кг үхрийн гуяны цул махыг 1 кг-ийг 14.000 төгрөгөөр, 361 кг үхрийн хааны цул махыг 1 кг-ийг 13.000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 7,451,000 төгрөгийн үнэ бүхий 558 кг үхрийн махыг шилжүүлэн авч түүнээс 2,180,000 төгрөгийг төлж, үлдэх 5,271,000 төгрөгийг төлөөгүй гэх хэрэгт холбогдуулан 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2111011650255 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Б.Х-д урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүндрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ял сонсгосон ба мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Очироо 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тухайн тогтоолыг яллагдагч Б.Х-д танилцуулж, хэргийн талаар мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад дүүрэг дэх Цагдаагийн газраас яллагдагч Б.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байсан хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар Нийслэлийн прокурорын газраар харьяалал тогтоолгож ирүүлснийг тухай бүр нь хүлээн авч нэгтгэн шалгасан. Яллагдагч Б.Х-д нэгтгэсэн тогтоолыг тухай бүр нь танилцуулж, гарын үсэг зуруулсан ба мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Очироо 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаас дахин мэдүүлэг авахдаа шүүгчийн захирамжид дурдсан 10 хэргийн талаар мэдүүлэг авсан байдаг. Прокурор яллах дүгнэлт үйлдэх үедээ “гэмт хэргийн улмаас хохирол учирсан хүнийг буюу хохирогчийг зөвтгөх, гэмт үйлдлийн шинж, арга, зэрэгт өөрчлөлт оруулж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх” шаардлагатай байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг тогтоолыг яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан. Тухайн тогтоолоор хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй, яллагдагч Б.Х-гээс хэргийн талаар тайлбар, мэдүүлгийг хангалттай авсан тул түүнээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан шийдвэртэй танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх"-ийг яллагдагч Б.Х-д эдлүүлээгүй, түүний хууль ёсны эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Шүүх хэрэгт авагдсан “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх тул тухайн дүгнэлтийг дахин гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн атлаа шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, тогтоолын олсон нь хэсэгт Ц.О- нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361 кг-ийн мах зараад 7.451.000 гэх хэрэгт гэж бичсэн хэрнээ “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг үнэлүүлэх”, “Porter” загварын тээврийн хэрэгслийн мотор, кроп үнэлүүлэх" зэргээр бичсэн нь ойлгомжгүй гээд тухайн зөрчлийг шүүхийн шатанд арилгах боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч Б.Х-д холбогдох хэргийн анхны буюу үндсэн хэрэг нь хохирогч Ц.О- хохирсон хэрэг бөгөөд түүнд нэгтгэгдэн шалгагдсан хэргүүдэд шинжээч томилохдоо тухайн хэргийн утгыг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй, уг асуудлыг шүүхийн хэлэлцүүлгээр зөвтгөх боломжтой юм. Мөн яллагдагчийн хаа байгаа газрыг олж тогтоохоос өмнө хэрэг бүртгэлтийн шатанд шинжээч томилсон тохиолдолд яллагдагчид уг тогтоолыг танилцуулах боломжгүй бөгөөд уг тогтоолыг танилцуулаагүй нь хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй юм. Шинжээчийн дүгнэлтийг буюу хөрөнгийн үнэлгээний тайланг хэргийн оролцогчдод бүгдэд нь танилцуулсан байгаа болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогч нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтас хэрэгт бэхжүүлж, тусгуулах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч тухайн баримтуудыг хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтас хэрэгт тусгаж хавсаргасан болно. Мөн 4 дүгээр хавтас хэргийн 108 дугаар хуудаст авагдсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”-д мөрдөгч нь гэрч Э.Энхзолоос мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг өгөгчийн биеийн байцаалт хэсэгт түүний нэрийг Г.Тэмүүлэн гэж буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа байна. Уг мэдүүлгийг шүүх хуралдаанд Э.Энхзолыг оролцуулан энэ байдлыг тодруулснаар зөрчлийг засах, нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Шүүгчийн захирамжид дурдсан /2хх 114-115, 4хх 25/ баримтуудыг болон гэрч Э.Энхзолын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх шийдвэрлэх боломжтой байсан. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж нотолсон, хэрэгт авагдан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хууль ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Прокуророос Б.Х-г 2021 оны 5 дугаар сараас 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 19 удаагийн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 231,707,664 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, өөрчлөлт оруулсан тогтоолыг дагуу яллагдагч Б.Х-гээс мэдүүлэг аваагүй, ...шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулаагүй, ...гэрч Э.Энхзолын биеийн байцаалтыг Ганчимэгийн Тэмүүлэн гэж зөрүүтэй бичсэн, ...хохирогч нараас хэрэгт хавсаргуулахаар өгсөн зарим бичиг баримтыг тэмдэглэл үйлдээгүй хуулбар баримт хүлээн авсан. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,  2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа /6хх 21-26/ тухайн тогтоолыг яллагдагч Б.Х-д танилцуулж, дахин мэдүүлэг авахыг мөрдөгчид даалгасан байхад мэдүүлэг авалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.”, 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасныг зөрчсөн байх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагатай гэж үзнэ.

 

Хохирогч нараас хэрэгт хавсаргуулахаар өгсөн бичиг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн авах нь хуульд нийцнэ.

 

Харин шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн гомдол, хүсэлт гараагүй мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн биеийн байцаалт зөрүүтэй бичигдсэн байдлыг шүүх хуралдаанд оролцуулах замаар нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/1975 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Майбаярын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлийн 2 болон 3 дахь заалтуудыг хүлээн авч, 1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН