Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 125/ШШ2024/0018

 

 

 

 

 

 

2024       03          20                                             125/ШШ2024/0018

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар “...Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тус тус газар эзэмшүүлэх...”-ээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “*******” ХХК нь Бугат баг, шинэ суурьшлын бүсэд байрлах нийт 0,6 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

1.2 Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр дурдсан 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон...”-ны дотор “*******” ХХК-нийн эзэмшлийн гэх нийт 0,6 га газрын газар эзэмших эрх  багтсан байна.

1.3. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар албан бичгээр “*******” ХХК-нийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгдсэнээр 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.           

 

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн засаг даргын 2020 оны 03-р сарын 31-ний өдрийн А/189 дугаартай захирамжаар ******* дугаартай гэрчилгээтэй. ******* нэгж талбартай ******* дугаартай улсын бүртгэлтэй Ховд аймгийн Жаргалант сум 4-р баг Шинэ суурьшилын бүсэд 0,6м² нийтийн орон сууцны зориулалттай газрыг "*******" ХХК нэр дээр 2020 оны 4-р сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Би энэ газарт 2020 онд 13 000 000 /арван гурван сая / төгрөгийн банз худалдаж аваад хашаа барьсан. Гэтэл 2020 оны 11 сараас эхлээд Монгол болон дэлхий даяр "КОВИД 19" гэдэг бузрын өвчин гарч хөл хорио тавигдсан, бүх хил гааль хаагдсан. Орлогогүй болсон, барилга барих боломжгүй болсон, барилгын материалын үнэ өссөн, эдийн засгийн хямралд орсон, 2022 оны 12 сараас эхэлж хөл хорио тавьсан. Хөл хорио тавигдаж барилга барих геодезийн зургаа 5 000 000 / таван сая/ төгрөгөөр хийлгэсэн. Барилгын зураг төслийг 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр эрх бүхий байгууллагаар хийлгэж дуустал гэнэт утсаар газрыг чинь хүчингүй болгосон гэж хэлсэн. Яваад очиход газрыг хүчингүй болгосон гэж захирамж өглөө. Хүнд хэцүү үед амьдралын аргагүй байдлыг харж үзэхгүйгээр газрыг хүчингүй болгосонд гомдолтой байна. Ховд аймгийн засаг даргын 2023 оны 07-р сарын 21-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох А/410 дугаартай засаг даргын захирамжийн "*******" ХХК -нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

2.2. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр дэлхий даяар ковид-19 цар тахал гарсан бөгөөд Монгол улсад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд хил гааль хаагдаж, эдийн засгийн хямрал болсон. Ковид-19 цар тахал гарч ирснээс болоод иргэд дэлгүүрээс хүнс болон эм тариагаа авч чадахгүй нөхцөл байдал үүссэн байхад барилга бариагүй гэх үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосонд туйлын харамсалтай байна. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 484 дугаартай алан бичгээр Ховд аймагт 2021 оны 03 дугаар сард анх удаа ковид-19 цар тахал бүртгэгдэж, 2021 онд 19837, 2022 онд 8011, 2023 онд 45 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хавдар өвчин судлалын үндэсний төвийн 43 долоо хоногийн мэдээгээр Монгол улсад 2023 онд 26 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд хоруу шинж чанар нь арилаагүй байгаа талаар албан бичиг авсан. Хүндэтгэн үзэх шалтгааны талаар Газрын тухай хуульд байгалийн давагдашгүй хүчин зүйл, газар эзэмшсэн иргэн гадаадад байгаа, өвчтэй гэдэг байдлаар тайлбарласан. Манай байгууллагын зүгээс яалтчгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн байхад газрыг гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Мөн газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон үйлдэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. “*******” ХХК-нийн зүгээс 2020, 2021, 2022 онуудад газрын төлбөрөө төлсөн. Дараа нь 2023 оны 07 дугаар сард газрын гэрчилгээг хүчингүй болгосон. “*******” ХХК нь 2013 оноос хойш барилга барьсан туршлагатай бөгөөд Ховд аймгийн Магсаржав багт 27 айлын 2 блок орон сууц, Ховд аймгийн Зэрэг суманд цагдаагийн байгууллагын барилга, Ховд аймгийн Алтай суманд цагдаагийн барилга, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт орон сууц, эмнэлэг, Ховд аймгийн Дарви суманд спорт заалны барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Түүнчлэн Ховд аймгийн шинэ суурьшлын бүсэд Багшийн хөгжлийн төв гэх барилга барьж дуусгаад ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болчихсон байна. Тухайн газрын төлбөрийг жилдээ багтааж төлөхөө мэдэж байсан боловч гэрчилгээг хүчингүй болгосон асуудал гарсан. “*******” ХХК-нийг эзэмшиж байсан газрыг хариуцагч талаас сонсох ажиллагаа хийхгүйгээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “*******” ХХК-нийн зүгээс тухайн эзэмшиж байсан газар дээрээ хашаагаа бариад, кадастрын зургаа гаргуулсан бөгөөд тендерт ганцхан манай компани шалгарсан. Иймд Ховд аймгийн Засаг даргын гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд "*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ховд аймгийн Засаг даргын захирамжаар тухайн компанийн газар эзэмших эрхийг хуульд заасан 2 үндэслэлээр хүчингүй болгосон. "*******" ХХК нь Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаартай захирамжаар тус газрыг эзэмшиж эхэлсэн боловч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, нийтийн орон сууц өнөөдрийн байдлаар барьж эхлээгүй байна.

2. "*******" ХХК нь газрын төлбөрийг захирамж гарсан өдрийн байдлаар төлөөгүй байсан нь эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Газрын тухай хуульд заасан дээрх үндэслэлүүд тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

2.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аймгийн Засаг даргаас 2023 онд А/400 дугаартай захирамж гарсан. Захирамжийн гол үндэслэл нь дуудлага худалдаагаар газар эзэмшиж байсан нийт 13 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг хүчингүй болгосон. Захиргааны актын үндэслэх хэсэг болсон Аймгийн Засаг даргын бүрэн эрх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрыг хүчингүй болгосон. Аж ахуйн нэгжүүд ерөнхийдөө 2020 оны 03 дугаар сарын дуудлага худалдаагаар газраа аваад 2020 оны 04 дүгээр сард газар эзэмших гэрээгээ байгуулсан. Талууд хууль болон гэрээгээ үүрэг хүлээсэн. Иргэд ковид-19 цар тахлын нөхцөл байдал руу хүндэтгэн үзэх шалтгаанаа чихдэг боловч 2022 оны эхний хагас жилийн байдлаар ковид-19 цар тахал арилсан бөгөөд хил гааль нээгдсэн. Тухайн маргаан бүхий акт 2023 оны 07 дугаар сард гарсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын өндөржүүлсэн бэлэн байдал хэдий хугацаанд үргэлжилснийг тогтоосон баримт хэрэгт байгаа учраас шүүхээс анхаарч үзэх байх.

Мөн Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан. Мөн зүйлд заасан зориулалтын дагуу эзэмшсэн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг “газар эзэмшсэнээс хойш хуанлигаар бүртгэн 2 жилийн дотор эзэмшсэн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлээгүй” гэж ойлгоно. Үүнийг барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт зүйлүүдийг ойлгохоор хуулийн заалтыг дэлгэрэнгүй тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд 3 тал хашаа барьснаас өөр ажил хийгээгүй байгааг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. Газрын төлбөрийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дэлгэрэнгүй тайлбарлах байх. Тухайн газрын төлбөрийн хувьд жил бүр бүрэн төлөх үүргийг газар эзэмшигч хүлээдэг. Газар эзэмших гэрээ дээр төлбөр төлөх асуудлыг тодорхой заасан. “*******” ХХК-ийн хувьд 2020 онд 153,000 төгрөг, 2021, 2022 онд 216,000 төгрөгийн газрын төлбөр төлөөд, 2023 онд газрын төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал тогтоогддог. Газар эзэмших гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зориулалтын дагуу эзэмшээгүй болон газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын А/410 дугаартай захиргааны акт үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаж гарсан гэв.

 

2.5 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаартай захирамжаар тухайн аж ахуйн нэгжид орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн. Тухайн газрыг Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаагаар авах ёстой газар байсан. Гэтэл тухайн үед орон сууцны үнийг бууруулах, иргэдэд аж ахуйн нэгждээ газрын мөнгөө өгөөд орон сууцны үнийг буруулах зорилгоор эзэмшүүлсэн. “*******” ХХК эзэмшсэн газраа ашиглаагүй буюу 3 тал хашаа барьсан асуудал нь шийдвэр маань хэрэгжээгүй гэж ойлгохоор байна. Өнөөдрийн байдлаар орон сууцны үнэ ханш ямар байдлаар нэмэгдсэн талаар болон тухайн үед орон сууцаа барьчихсан бол иргэд бага хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцтай болох боломж бүрдэж хэрэгжээгүй.

Мөн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тодорхой хариулсан. Газрын төлбөр төлөх талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд төлбөрөө улирал бүрийн 25-ны өдөр төлөхөөр заасан. 2023 оны 07 дугаар сард газрын гэрчилгээг хүчингүй болгохоор гарсан захирамж нь газар эзэмшигч төлбөрөө 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор хагас жилээр төлсөн байх ёстой байсан. Тухайн аж ахуйн нэгжийн хувьд 2023 онд 900,000 төгрөгийн төлбөртэй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тухайн аж ахуйн нэгж 2022 оны 12 дугаар сараас хойш эрх зүйн акт гарах 7 сарын хугацаанд зураг төслөө батлуулах боломжтой байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй гэх асуудлын талаар тайлбар гаргаж байна. Засаг даргын захирамж гарах үеэр газар эзэмших гэрээг хүчингүй болгох талаар иргэд болон аж ахуйн нэгж нарыг бүгдийг нь дуудаад гэрээгээ жил бүр дүгнүүлэх ажлаа хийгээгүй талаар хэлсэн. Гэрээнд тусгагдсан утасны дугаараар холбогдох хүн рүү нь холбогдоод гэрээ дүгнэсэн талаар хэлээд үүргийн гүйцэтгэлийг дүгнэх актыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нямчулуун гэдэг хүний гарын үсэг зурсан. Тухайн газрыг орон сууцны зориулалтаар авчхаад зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээр ажил хийгдээгүй учраас хүчингүй болгох эрх зүйн акт гарч байгааг хэлсэн. “*******” ХХК-ийн хувьд газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа тул гэрээг дүгнэж байгаа. Танай аж ахуйн нэгжийн зүгээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төсөл сонгон шалгаруулалтаар авсан учраас дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, орон сууц баригдаагүй, газрын төлбөр 2023 онд төлөгдөөгүй гэх үндэслэлүүдийг тайлбарлахад тодорхой зүйл хэлээгүй учраас гарын үсэг зурж өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК-наас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан  Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ. 

3. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/189  дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон үндэслэлээр нэхэмжлэгч компанид Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг, шинэ суурьшлын бүсэд амины орон сууц хороолол  барих зориулалтаар  0.6 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж ******* тоот гэрчилгээг олгож, 2020 оны оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 08401-2020/00127 дугаар газар эзэмшүүлэх гэрээг бичгээр байгуулсан байна.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

5. Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч тайлбарлахдаа “...Газар эзэмшсэнээс хойш 2020-2021 оны хугацаанд дэлхийн дахинд тархсан Ковид-19 цар тахлыг улмаас хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор барилгын ажил эхлүүлэх боломжгүй байсан. Барилгын ажил эхлэхээс өмнө барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, эзэмшил газраа хашаалсан зэрэг бэлтгэл ажлыг хангасан ...” гэж тайлбарлана.

 6. Барилгын тухай хуулийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.” гэж заасан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.15."барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг; 4.1.20-д барилгын үйл ажиллагаа гэж  барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх” гэж тус тус тодорхойлсон.

7. Эндээс үзвэл барилга барих зориулалтаар газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж зохих зөвшөөрлийг авсны  дараагаар  үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой байна.

8. Нэхэмжлэгч компани нь “” ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ББЗТ-01/2022 дугаартай “234 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ” байгуулсан байх ба гэрээний төлбөрийн урьдчилгаа 50.000.000 /тавин сая/  төгрөгийг төлсөн болох нь гүйцэтгэгч “” ХХК-нийн 2024 оны Т/01 тоот албан бичгээр нотлогдож байна.

 9. Зураг төсөл боловсруулах гэрээний хугацаа гэсэн хэсэгт “Ажил эхлэх хугацаа нь хуанлийн 183 хоног ба 2023 оны 03 сарын 01-ний эхлэн 2023 оны 09 сарын 01-ний өдөр гэхэд дуусган БХТ-р зураг төслийн хуваарилуулан цааш 14 хоногт багтаан зураг төслийг магадлалаар бүрэг гаргаж хүлээлгэж өгөх болно.” гэж, төлбөрийн нөхцөл гэсэн хэсэгт “Захиалагч нь гүйцэтгэгчид үйлчилгээний төлбөрт төлөх дээд хэмжээ нь НӨАТ-гүй 90.000.000 /ерэн сая төгрөгөөр тохиролцов” гэж тус тус заажээ.

 10. Мөн хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...  Нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх зорилгоор 2023 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал *******ыг дуудаж уулзахад тэрээр газраа зориулалтын дагуу ашиглах ямар нэгэн ажил эхлүүлээгүй, барилгын зураг төсөл боловсруулсан эсэх талаар тайлбарлаагүй.” гэх тайлбар, гэрч ийн “...Барилгын ажлын зураг дээр эхлээд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга гарын үсэг зурсны дараа аймгийн Ерөнхий архитектор нь тухайн бүсэд баригдах ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэхэд хяналт тавьж гарын үсэг зурдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга гарын үсэг зураагүй байсан учраас барилгын ажлын зургийг батлаагүй ” гэх мэдүүлэг, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 87 тоот албан бичигт “ *******” ХХК нь шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хорооллын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, зураг төсөл хянуулах хүсэлтийг албан бичгээр болон хот байгуулалтын кадастрын цахим системд ирүүлээгүй.” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас өмнө барилгын ажлын зураг төслөө хийлгээгүй байсан нь тогтоогдож байна гэж үзлээ.

11. Хавтаст хэрэгт авагдсан “Үйлчилгээтэй 234 айлын орон сууцны барилга”-ын загвар зураг гэсэн баримтын нүүр хэсгээс үзвэл барилгын ажлын зургийн төсөл дээр захиалагч болон гүйцэтгэгч нарын гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд зураг үйлдсэн газар Улаанбаатар, огноо нь 2023 он гэж бичигдсэн. “Батлав” гэсэн хэсэгт аймгийн ерөнхий архитектор гарын үсэг зурахаар “Хянасан” гэх хэсэгт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, Онцгой  байдлын газрын дарга , Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга гарын үсэг зурахаар байх ч гарын үсэг зурагдаагүй байх ба энэ талаар талууд маргаангүй.

12. Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, ...-ийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэж заасан нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил  дараалан ашиглаагүй нь  хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг ойлгоно.

13. Иймд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчийн хувьд 2 жилийн хугацаанд амины орон сууцаа бариагүй, барьж эхлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулна.

14. Улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн  Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарласан.

15. Газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан үеэс газраа ашиглаж эхлэх 2 жилийн хугацаа тоологдох ба  Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио тогтоосон хугацааг эс тооцвол нэхэмжлэгч маргаан бүхий акт гаргахаас өмнө нь газраа гэрээнд заасан болзол нөхцөлийн дагуу ашиглахын тулд юуны өмнө барилгын зураг, төслөө хийлгэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, эзэмшил газраа хашаалснаас өөр хийсэн зүйлгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

16. Газрын төлбөрөө дутуу төлсөн  гэх үндэслэлийн тухайд:  Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд: 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 08401-2020/00127 тоот гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2 Газрын төлбөрийн хэмжээ: нэгжийн үнэ 50 төгрөг бүгд 216000 төгрөг үүнээс улирал бүр 54000 төгрөг гэж, 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Ховд аймаг Төрийн сан банкин дахь дансанд шилжүүлсэн байна гэж заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.   

17. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж тус тус заасан.

18. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2022 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

19. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан  гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.” гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

20. Газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын төлбөр 2020-2022 онд хийгдсэн  ногдуулалт бүрэн  төлөгдсөн, 2023 оны төлбөр 900.000 /есөн зуун мянган/ төгрөг нэхэмжлэл үүссэн төлөвтэй харагдах ба энэ нь Татварын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

21. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно. 

22. Нэхэмжлэгч нь  2023 оны газрын төлбөрийг он дуусахаас өмнө төлөх боломжтой гэж тайлбарласан ч газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн байх тул маргаан бүхий акт гарахаас өмнөх байдлаар 1, 2 дугаар улирлын газрын төлбөрөө төлөх боломжтой байсан гэж үзнэ.

23. Хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлээгүй гэж буруутгасан ч маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй байх тул дүгнэлт хийхээс татгалзав.

24. Дүгнэвэл нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хүчингүй болгосон үндэслэл нь тогтоогдож байх тул  маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн,  бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж дүгнэж, “*******” ХХК-нийн “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

25. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5, 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-нийн “Ховд аймгийн  Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ