Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 598

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Э.Одончимэг

шүүгдэгч Ц.У  түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг

хохирогч Р.Ууганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн,  Ховд аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй У д  холбогдох эрүүгийн 1705001120109 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.У  нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Pizza Hut  хоолны газрын гадна Р.Ууганцэцэгийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Ц.У  шүүхийн хэлэлцүүлэгт: Би хороололын 10000 барааны дэлгүүрийн 2 давхарт эмэгтэй бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр би нэг нэг размерийн хувцас авч гараад Pizza Hut  хоолны газрын үүдэнд зогссон. Тэнд байдаг эмээ намайг зогсож хувцас зарахыг зөвшөөрсөн байсан юм. Би гэрэлтэй газар бараадаад угаасаа урд орой нь буюу 7 сарын 6-ний орой зогсож хувцас зарсан. Тэгээд 7 сарын 7-ны өглөө Pizza Hut  хоолны газрын үүдэнд бараагаа аваад очтол Ууганцэцэг намайг “чи зайл, чи баян гээ биз дээ, дэлгүүр лүүгээ орооч” гээд ширээний хөл өшигчөөд хувцаснууд авч шидээд байхаар нь би Ууганцэцэгт “болиоч ээ, намайг энд зогсохыг эмээ зөвшөөрсөн юм” гэж хэлсэн. Тэгэхэд намайг Ууганцэцэг ах дүү нартайгаа нийлж зодсон. Манай нөхөр над руу ирэх гэхэд нь хүмүүс барьж авчихаад хөдөлгөхгүй байсан гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр “та нар болиоч ээ, наад хүн чинь 5 сартай жирэмсэн ш дээ” гэж хэлсний дараа эд нар тарцгаасан. Тухайн үеийн байдал камерийн бичлэгт бичигдсэн байх ёстой. Тэгэхэд камерийн бичлэгийг мөрдөн байцаагч шалгаагүй. Би өөрөө жирэмсэн байсан болохоор яаж ч чадаагүй. Манай бэр Дөлгөөн зодоонд огт оролцоогүй. Би өөрөө хохирсон төлөхөөр гомдолтой байна. Би хохирол төлбөр төлөхгүй гэв.

 

Хохирогч Р.Ууганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Миний зарж байсан бараа Уянгын зарж байсан бараатай ижил төрлийнх. Би бараагаа хямд үнээр зарж байсан юм. Тухайн өдөр би өөрийнхөө зогсдог байрандаа бараагаа машинаас буулгаад тавьж байтал У  ирээд намайг алгадаж миний биед гэмтэл учруулсан. Би У ас компьютер томаграфи хийлгэсэн 140000 төгрөг, эмчилгээнд 120000 төгрөг, нүдний шилний 60000 төгрөг буюу нийт 320.000 төгрөг нэхэмжилж байна. Эдгээр гарсан зардлаа л авна өөр гомдол саналгүй гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Р.Ууганцэцэг мөрдөн байцаалтанд: “...2017 оны 7 дугаар сарын 7-ны орой 19 цагийн үед талбай дээрээ ирээд өөрийнхөө зогсдог байрандаа бараагаа машинаас буулгаад өрж байсан чинь нэг танихгүй эмэгтэй гарч ирээд би энд бараа тавина гээд миний урьд өдрүүдэд зогсож байсан байрыг булаалцалдсан тэгэхээр нь би, би энд нилээн хэд хоног зогсож байгаа гэсэн чинь би энд мөнгө  төлж зогсдог саяны эндээс явсан эмээд мөнгө өгч зогсдог гэж утгагүй юм ярьж намайг бараагаа аваад зайл гудамжны амьтан гэж хэлж доромжлоод өөрийнхөө барааг гаргаж тавьж бараагаа засаад байсан. Тэгэхээр нь би хажууханд нь бараагаа өрөх гээд гарч ирсэн чинь миний бараагаа өрөх гэж байсан цааснуудыг өшиглөөд шидлээд хэл амаар доромжлоод эхэлсэн тэгэхээр нь би нэг газар зогсчихьё гээд ширээг нь жоохон холдуулсан чинь миний нүүр рүү гараараа цохиод маажаад үсэдсэн. Тэгэхэд миний араас толгой руу тэр эмэгтэйгийн найз гэх хамт байсан эмэгтэй нь дагз хэсэг рүү 3 удаа цохьсон тэгсэн хүмүүс салгасан...” /хх-ийн 27/ гэсэн,

 

Гэрч Б.Азбилэг мөрдөн байцаалтанд: “...Би эхнэр У ад 19 цагийн орчим 10.000 нэрийн барааны дэлгүүрийн гадаа зарах барааг нь буулгаж өгчихөөд машинаа тавиад буцаад ирэхэд У  эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан. Гэтэл тэр эмэгтэй У агийн бараа тавьсан ширээний хөлийг өшиглөж унагаад ширээн дээр байсан барааг газар авч шидээд байхаар нь уг ширээг нь босгож тавихаар дахин өшиглөөд унагаад барааг газар руу шидээд байсан. Энэ үед эхнэр нөгөө эмэгтэйг бараа авч шидээд байсан учраас цаашаа холд гээд гараараа түлхтэл хажуу талаас өөр нэг эмэгтэй үсдээд дарчихсан...” /хх-ийн 29/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнхбат мөрдөн байцаалтанд: “...2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гадаах лангуун дээрээ сууж байсан чинь хажууханд Ууганцэцэг эгч У  гэх эмэгтэй талбай булаалцалдаад маргалдаад байх нь сонсогдож байсан. Тэгэхдээ би тухайн үед айхтар зодоон цохион болчихгүй байх гэж бодоод сууж байсан чинь  У  нь Ууганцэцэгийг тас хийтэл алгадаад үсдээд авсан тэгэхээр нь би гүйгээд очих хооронд Уянгын нөхөр,  миний ах Батмөнх нар хоёр тийш нь салгаад авч байсан. Тэгээд зодооны асуудал намжаад цагдаа дуудсан...” /хх-ийн 30-31/ гэсэн,

 

Гэрч М.Отгонзаяа мөрдөн байцаалтанд: “...У  нь Ууганцэцэгийн хөл рүү нь өшиглөөд баруун гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа хүчтэй цохисонд Ууганцэцэг газар унасан тэгэхэд манай лангууны тоглоомууд унахаар нь би тоглоомуудаа газраас түүчихээд харсан чинь 2 нөхөр нь бас Уянгын эмэгтэй найз нар салгаж харагдсан. /хх-ийн 33/ гэсэн,

 

Гэрч Б.Батмөнх мөрдөн байцаалтанд: 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр эхнэр Ууганцэцэгийн хамт Pizza Hut нэртэй  хоолны газрын урд талын талбайд лангуу буюу хайрцаг тавьж юм зарахаар очсон. Тэгээд машинаас юмнуудаа зөөж байсан чинь У  нэг эрэгтэй, эмэгтэй хүний хамт гарч ирээд Ууганцэцэг бид 2-ын зогсох гэж байсан газар өөрсдөө зогсоно гээд маргаан үүсгэсэн. Би тэд нартай нэг их маргалдаагүй жоохон зайтай машинаасаа юмаа буулгаад зогсож байхад эхнэр Ууганцэцэг,  У тай маргалдаад зогсож байсан. Тэгсэн чинь намайг харж байхад У  гараараа Ууганцэцэгийг цохиж дээрээс нь дарж газар унагааж цохиж хэвтсэн тэгэхээр нь би гүйж очоод Ууганцэцэг, У  нарыг салгаад харсан чинь Ууганцэцэгийн нүүр нь маажигдсан зүүн чих орчим нь улайсан байдалтай байсан тэгэхээр нь цагдаа дуудсан. Тухайн үед У  нь маш их харьцааны соёлгүйгээр шууд дайрч давшилж хэл амаар доромжилж өөрсдөө зогсох гэж хэл амаар доромжилж бид нарын өрсөн байсан хайрцгыг өшигчиж байсан. /хх-ийн 35/ гэсэн,

 

Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд: “...нэг том биетэй охин өлгүүртэй хувцас зарахаар гарж ирээд ...ганцхан цаг зогсчихьё гэж хэлэхээр нь би орой  болж байгаа юм чинь тэг тэг гээд бараагаа хураагаад байж байсан чинь миний зүүн талд гутал гар дээрээс зардаг 30 гаран насны эмэгтэй намайг буухаар миний бараа зарж байсан газар дээр зогсох гэсэн үү дотор дэлгүүрээс гарч ирсэн охин дээр ирчихсэн зогсож байснаа утсаар цаанаасаа эгчийгээ дуудаад нөгөө охинтой хэрүүл хийгээд тал талаас нь барьж идэх гээд байсан...” /хх-ийн 37/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8801 дугаартай: Р.Ууганцэцэгийн биед тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-ийн 41/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8809 дугаартай: Ц.У д зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул зэрэг тогтоогдохгүй /хх-ийн 45/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1132 дугаартай: 13920 дугаартай яаралтай тусламжийн хуудаст дурдагдсан өвчний оношийг дүгнэлтэнд тусгасан, зулбаагүй тул гэмтэлд хамааруулахгүй. Уянгын гэмтэл авсан гэх үеийн гэрэл зургаар дүгнэлт гаргахгүй. /хх-ийн 65/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ц.Уянгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, ял шалгах хуудас /хх-ийн 55/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 53/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 21а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.У  нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Pizza Hut  хоолны газрын гадна Р.Ууганцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Ууганцэцэгийн”...би нэг газар зогсчихьё гээд ширээг нь жоохон холдуулсан чинь миний нүүр рүү гараараа цохиод маажаад үсэдсэн...” /хх-ийн 27/, гэрч Б.Мөнхбатын”...У  Ууганцэцэгийг тас хийтэл алгадаад үсдээд авсан...” /хх-ийн 31/, гэрч М.Отгонзаяагийн “...У  нь Ууганцэцэгийн хөл рүү нь өшиглөөд баруун гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа хүчтэй цохисонд Ууганцэцэг газар унасан тэгэхэд манай лангууны тоглоомууд унахаар нь би тоглоомуудаа газраас түүчихээд харсан чинь 2 нөхөр нь бас Уянгын эмэгтэй найз нар салгаж харагдсан...” /хх-ийн 33/, гэрч Б.Батмөнхийн“...намайг харж байхад У  гараараа Ууганцэцэгийг цохиж дээрээс нь дарж газар унагааж цохиж хэвтсэн тэгэхээр нь би гүйж очоод Ууганцэцэг, У  нарыг салгаад харсан чинь Ууганцэцэгийн нүүр нь маажигдсан зүүн чих орчим нь улайсан байдалтай байсан тэгэхээр нь цагдаа дуудсан...” /хх-ийн 35/, гэрч Б.Жаргалсайханы”...дотор дэлгүүрээс гарч ирсэн охин дээр ирчихсэн зогсож байснаа утсаар цаанаасаа эгчийгээ дуудаад нөгөө охинтой хэрүүл хийгээд тал талаас нь барьж идэх гээд байсан...” /хх-ийн 37/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8801 дугаартай: Р.Ууганцэцэгийн биед тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-ийн 41/ гэсэн дүгнэлт болон хохиролтой холбогдох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос Ц.У д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ц.Уянгыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон гэмт хэргийн тухайн зүйл хэсгийн торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.У  “намайг Ууганцэцэг ах дүү нартайгаа нийлж бүлэглэж зодсонд гомдолтой байна, би гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж,                түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг “хэргийг хангалттай шалгасан боловч эргэлзээтэй байгаа тул миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү”                                    гэсэн санал дүгнэлт гаргав.

Шүүх, шүүгдэгч Ц.Уянгыг “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэнийг нотлосон дээрхи хохирогч Р.Ууганцэцэг, гэрч Б.Мөнхбат, гэрч М.Отгонзаяа, гэрч Б.Батмөнх, гэрч Б.Жаргалсайхан нарын мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8801 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ц.Уянгын “гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг нь няцаагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

  

Түүнчлэн Ц.У  өөрийгөө бусдад зодуулсан гэх байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй байх бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8809 дугаартай: Ц.У д зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул зэрэг тогтоогдохгүй /хх-ийн 45/ гэсэн дүгнэлт,

       шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1132 дугаартай: 13920 дугаартай яаралтай тусламжийн хуудаст дурдагдсан өвчний оношийг дүгнэлтэнд тусгасан, зулбаагүй тул гэмтэлд хамааруулахгүй. Уянгын гэмтэл авсан гэх үеийн гэрэл зургаар дүгнэлт гаргахгүй. /хх-ийн 65/ гэсэн  анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэг эргэлзээгүйгээр дүгнэсэн дүгнэлтүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Ууганцэцэг нийт 320000 төгрөг нэхэмжилснээс шүүх хуралдаан дээр гаргасан эмчилгээний 120000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан компьютер томографийн 140.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул эдгээрийг хангаж 260000 төгрөг шүүгдэгч Ц.У ас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн нэхэмжилж буй нүдний шилний 60000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ талаархи баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.У  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.У  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.У ас 260000 төгрөг гаргуулж хохирогч Р.Ууганцэцэгт олгож, хохирогч холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ