Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 125/ШШ2024/0019

 

                                                                                   

 

 

 

2024       04          05                                             125/ШШ2024/0019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “*******ийг ажилд томилох тухай” захирамжуудыг  тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даалгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг дарга нарт холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “*******ийг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даалгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний  өдөр эхэлж, уг хуралдаанд Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгээс сумын Засаг даргыг огцруулах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргаж, хуралд оролцсон  төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, 11/01 дугаар “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1-р хавсралтын 1 дэх хэсэгт  Сумын засаг даргыг огцруулах тухай, 2 дахь хэсэгт Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай  асуудлыг,  тогтоолын 2-р хавсралтын  2-т Сумын Засаг дарга огцруулах тухай, 3-т сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр баталж,  улмаар  мөн өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай” тогтоолоор  сумын Засаг даргаар ажилласан Чойдог овогтой Нэргүйг  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн  11 буюу 100 хувийн саналаар огцруулж, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор  Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаанд оролцсон 11 төлөөлөгчөөс 11 буюу 100 хувийн саналаар ******* овогтой *******  Буянт сумын засаг даргаар нэр дэвшүүлж Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлжээ.

Улмаар Ховд аймгийн Засаг дарга 2023 оны 11  дүгээр сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжаар *******г 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Буянт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулж,  мөн өдрийн Б/31 дугаар “*******ийг ажилд томилох тухай” захирамжаар *******ийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Буянт сумын Засаг даргаар томилжээ.

3. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймаг дахь эхиргааны хэргийн анхан шатны шүүхийн 125/ШШ2022/0014 дугаартай шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/МА2023/0174 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 219 дүгээр тогтоолын дагуу Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаартай "*******г ажилд эгүүлэн томилох тухай" захирамжийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн томилогдон ажиллаж байсан юм.

Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар Сумын Засаг даргыг огцруулах, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлуудыг хуралдаан болохоос 2 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулаагүй атлаа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцэн миний биеийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтыг баримтлан үндэслэлгүй, хууль бусаар огцруулах тогтоол гаргаж, тухайн тогтоолын хууль зүйн үндэслэлийг нь хяналгүйгээр Ховд аймгийн Засаг дарга ******* огцруулах захирамж гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн А/07 дугаартай "Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдааны тов зарлах тухай" захирамжаар хуралдааныг 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 09:00 цагт сумын ИТХ-ын ажлын албаны өрөөнд хуралдуулж Малын тоо толгойн албан татвар хөнгөлөх тухай илтгэлийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд төлөөлөгч нарт ч зөвхөн дээрх асуудлыг хэлэлцэх тухай урилгыг хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө ирүүлсэн юм. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд оруулах эрхтэй" мөн зүйлийн 47.2-т "Энэ хуулийн 47,1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар тодорхой хуульчилсан.

Тодруулбал 2023 оны 09 сарын 29-ний өдрийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг оруулаагүй, энэ талаарх холбогдох баримтыг гаргаж танилцуулаагүй атлаа мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахдаа огцруулах асуудлыг шууд оруулж надаас тайлбар, мэдүүлэг зэргээр бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг хийх үүргээ биелүүлэлгүйгээр, Засаг даргын хуульд заасан эрхийнх нь хүрээнд тайланг нь хэлэлцүүлэлгүйгээр, үндэслэлгүйгээр намайг огцруулсан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дүгээр хуралдааны 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 11/01 дугаартай шийдвэрээр намайг Буянт сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн. Миний хувьд өмнө нь 1 жил 6 сарын хугацаанд шүүхээр явж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Буянт сумын Засаг даргаар эгүүлэн ажилдаа томилогдон ажиллаж байгаад сар гарны дараа ажлаас чөлөөлөгдсөн.

Сумын Засаг даргаас иргэдийн хуралд албан бичиг явуулсны дагуу иргэдийн хурал хуралдаж тухайн сумын Засаг даргын оруулж ирж байгаа асуудлыг хэлэлцдэг. Гэтэл уг ажиллагааг хийлгүйгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хуралдааныг 25-ны өдөр зарлаж, 29-ний өдөр тухайн хурлыг хийсэн.

Уг хурлыг хийхдээ ядаж 7-14 хоногийн өмнө хурлын төлөөлөгч нарт зар тарааж мэдэгдсэн байх ёстой. Гэтэл уг ажиллагааг хийгээгүй. Уг хуралдаан дээр малын хөлийн татвар гэдэг зүйлийг хэлэлцсэн байсан. Уг малын хөлийн татварын асуудлыг Засаг дарга өөрөө иргэдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл хууль бус хурал хуралдуулан намайг ажлаас чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах байдлаар хариу хүргүүлж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.7-д заасны дагуу Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн, шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг даргад санал тавьсны дагуу хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргасан болно.

6. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Буянт сумын иргэн *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай "Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдааны тов зарлах тухай" захирамжаар хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны өрөөнд хуралдуулж Малын тоо толгойн албан татвар хөнгөлөх тухай илтгэлийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, төлөөлөгч нарт урилгыг хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө хүргүүлсэн.

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит XI хуралдаан дээр Сумын Засаг даргыг огцруулах тухай, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг Монгол Ардын намын бүлэг оруулж ирэн баталж хэлэлцэн шийдвэрлэсэн.

Энэхүү үйлдэл нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд оруулах эрхтэй" мөн зүйлийн 47.2-д "Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэснийг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед хурлын даргаар ажиллаж байсан нь тухайн хуралдааныг зарласан байсан. Хурлыг зарлахдаа 7-оос доошгүй хугацаанд зарладаг хуулийн шаардлагыг зөрчсөн. Мөн малын тооллогын татварыг хөнгөлөх асуудлын хувьд Засаг дарга нь Иргэдийн хуралд санал хүргүүлсний үндсэн дээр хэлэлцэх ёстой. Тухайн хуралдаан нь хууль бус гэж үзэж байгаа гэв.

7. Гуравдагч этгээд ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Буянт сумын иргэн *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит ХІ дүгээр хуралдааны 2023 оны 09 сарын 29-ны өдрийн 11/01 дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй.

2. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит X1 дүгээр хуралдааны 2023 оны 09 сарын 29-ны өдрийн 11/02 дугаартай тогтоолоор "Засаг дарга *******г огцруулах тухай" тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан.

3. Монгол Ардын намын бүлгээс Засаг даргыг огцоруулах тухай хүсэлтийг 2023 оны 09 сарын 22-ны өдөр Буянт Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүргүүлсэн.

4. Уг огцруулах хүсэлт буюу мэдэгдлийг Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХІ дүгээр хуралдаанд хүрэлцэн ирнэ үү гэсэн урилгын хамт хурлын нарийн бичиг Д.Баттулга, хурлын ажлын албаны ажилтан нар сумын Иргэдийн төлөөлөгч нарт хуралдаан болохоос 2 хоногийн өмнө тараасан болно.

5. Иймд иргэн *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэр малын тоо тооллогын асуудлыг хэлэлцэхээр байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 6-д “анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана” гэж заасан. Гэтэл уг шийдвэрээр зөвхөн малын тоо тооллогын талаар асуудлыг хэлэлцэхээр товлосон.

2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаан эхлэхэд  Ардын намын бүлгийн дарга “Манай намын бүлгээс сумын Засаг даргыг огцруулах тухай албан бичгийг хүргүүлсэн, хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэж өгнө үү” гэдэг саналыг гаргаснаар хэлэлцэх асуудлыг 1 дүгээр асуудалд сумын Засаг даргыг огцруулах, 2 дугаар хэлэлцэх асуудалд сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, 3 дугаар асуудалд малын тоо толгойн албан татвар хөнгөлөх тухай хэлэлцэх асуудлыг дарааллыг хурал дээр 11 төлөөлөгч  баталсан байдаг.

Уг дараалал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасан заалтуудыг зөрчсөн. 

Хэдийгээр гэрч нар Ардын намын бүлгээс ирүүлсэн албан бичгийг төлөөлөгч нарт тараасан гэдэг боловч тухайн хурлын тэмдэглэлээс харахад хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Хурлын дарга хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулсан ямар нэгэн захиргааны акт гаргаагүй.

Хэдийгээр хуралдааны хэлэлцэх асуудалд оруулахаар шийдвэрлэсэн ч төлөөлөгчдөд энэ талаар тооцоо судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг урьдчилан 2 хоногийн өмнө танилцуулаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа болсон гэж үзэж байна.

Мөн дээд шүүхийн зөвлөмжөөр Захиргааны хэргийн шүүх улс төрийн шинжтэй шийдвэрийг хянахгүй, зөвхөн тухайн шийдвэр гаргах процесс нь өөрөө хуульд нийцэж байна уу эсэхийг хянахаар зохицуулсан байдаг.

Тэгэхээр уг хурлын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хууль бус шийдвэрээс үндэслэж гарсан дараа дараагийн бүх захиргааны актууд бүгдээрээ хууль бус гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******  нь  Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалт, 2 дугаар хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “*******ийг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даалгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2.Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухайд:

3.1. Нэхэмжлэгч нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг  тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар ...энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/01 дугаар “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1-р хавсралтын 1 дэх хэсэгт  Сумын засаг даргыг огцруулах тухай, 2 дахь хэсэгт Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай  асуудлыг,  тогтоолын 2 дугаар хавсралтын 2-т Сумын Засаг дарга огцруулах тухай, 3-т сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр баталж, мөн өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай” тогтоолоор  сумын Засаг даргаар ажилласан Чойдог овогтой Нэргүйг  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн  11 буюу 100 хувийн саналаар огцруулж, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор  Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаанд оролцсон 11 төлөөлөгчөөс 11 буюу 100 хувийн саналаар ******* овогтой *******  Буянт сумын засаг даргаар нэр дэвшүүлж Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлжээ.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэжээ.

3.4. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааныг хууль бус болох талаар тухайн өдөр нь албан тоотоор хуралд хандаж байсан. Намайг огцруулсан шийдвэрийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 20-нд  миний ширээн дээр тавьчихсан байсан тэгээд мэдсэн...” гэж тайлбарладаг.

3.5. Нэхэмжлэгч *******д маргаан бүхий актуудыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.6. Гэрч Д.Баттулгын “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн   хуралдаанаас гарсан тогтоолуудыг  гарын үсэг зуруулж албажуулсан. *******г сумын Засаг даргаас  огцруулах тухай  11/02 дугаар тогтоолыг  манай хурлын ажлын албаны ажилтан д Засаг дарга *******д хүргүүлээрэй гэж хэлчихээд аймаг руу явсан. уг тогтоолыг ******* даргад танилцуулаад тамгын газрын бичиг хэргийн ажилтанд өгчихлөө. ******* дарга ууртай байна гэж утсаар ярьсан...” гэх мэдүүлэг,

3.7. гэрч ы “...Буян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/02 дугаар тогтоолыг иргэдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Баттулга гаргаж намайг Засаг даргын тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч д хүргэж өг гэхэд нь би хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч гийн “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  Буянт сумын Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын ажилтан уг тогтоолыг надад авчирч өгсөн. Гэхдээ ямар нэгэн албан бичиггүй ганц тогтоол байсан. Би тогтоолыг ирсэн бичгийн бүртгэлд бүртгээд  тэр өдөр нь буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* даргын өрөөнд оруулж ******* даргад өгсөн. Ирсэн бичгийн бүртгэл дээр бүртгээд өрөөнд нь оруулж өгсөн учраас гарын үсэг зуруулаагүй” гэх мэдүүлэг,

Шүүхээс Буянт сумын Засаг даргын тамгын газрын “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-д үзлэг хийхэд ирсэн бичгийн бүртгэлийн 205 дугаарт Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11/02 дугаар Огцруулах тухай тогтоол бүртгэгдсэн  зэргээс үзэхэд Сумын Иргэдийн төлөөлөлөгчдийн хурлаас 11/02 дугаар тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сумын Тамгын газарт хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. 

3.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 67.1.4-д хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх... гэж зааснаас үзвэл сумын Тамгын газар нь хурлын шийдвэрийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх чиг үүрэгтэй байна. 

3.9. Хэдийгээр Ирсэн, баримт бичгийн бүртгэлд 11/02 дугаар тогтоол бүртгэгдсэн ч хүлээн авсан хүний гарын үсгийг зуруулаагүй байдлыг гэрч “... 2023 оны 10 дугаар сарын 18-нд Ирсэн бичгийн бүртгэл дээр бүртгээд өрөөнд нь оруулж өгсөн учраас гарын үсэг зуруулаагүй” гэж мэдүүлдэг ч нэхэмжлэгч “...би 11/02 дугаар тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ширээн дээр байхад нь авч танилцсан” гэх тайлбараас харахад  нэхэмжлэгчид маргаан бүхий актыг 2023 оны 10 дугаар сарын 20-нд мэдэгдсэн байх тул  нэхэмжлэгч нь Буянт сумын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гарсан тогтоолуудтай холбогдуулан  нэхэмжлэл гаргах эрх 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүснэ.  

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхтэй.

3.11. Гэвч нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дээрх маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болох нь шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардас тэмдэгээр тогтоогдох тул нэхэмжлэл гаргах хугацааг 11 хоногоор хэтрүүлсэн гэж үзнэ. 

3.12. Иймд Захиргааны хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “...энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг  тус тус хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

4. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

4.1. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/01 дугаар “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолоор  сумын иргэдийн төлөөлөгчдийн  хурлын ээлжит 11-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын 1-р хавсралтын 1 дэх хэсэгт  Сумын засаг даргыг огцруулах тухай, 2 дахь хэсэгт Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай  асуудлыг,  тогтоолын 2-р хавсралтын 2-т Сумын Засаг дарга огцруулах тухай, 3-т сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр баталж, мөн өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай” тогтоолоор  сумын Засаг даргаар ажилласан Чойдог овогтой Нэргүйг  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн  11 буюу 100 хувийн саналаар огцруулж, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор  Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаанд оролцсон 11 төлөөлөгчөөс 11 буюу 100 хувийн саналаар ******* овогтой *******  Буянт сумын засаг даргаар нэр дэвшүүлж Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлжээ.

4.2. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11  дүгээр сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжаар *******г 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Буянт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулж,  мөн өдрийн Б/31 дугаар “*******ийг ажилд томилох тухай” захирамжаар *******ийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Буянт сумын Засаг даргаар томилсон байна.

4.3. Нэхэмжлэгчээс “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  11 дүгээр хуралдаанаар  сумын Засаг даргыг огцруулах, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчсөн. Уг хурлын хууль бус шийдвэрийг үндэслэн намайг Буянт сумын засаг даргаас огцруулж, *******ийг Буянт сумын Засаг даргаар томилсон нь үндэслэлгүй...”  гэж маргажээ.

4.4. Нэхэмжлэгч нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаас гарсан  шийдвэрт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр  тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхээс тус хуралдаанаас гарсан шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй бөгөөд тухайн шийдвэрүүдийг хүчинтөгөлдөр болсон гэж үзнэ. 

4.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 64 дүгээд зүйлийн 64.2-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна, 64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан, 56.6-д Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг ...сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга ... томилно гэж заасан бөгөөд аймгийн Засаг дарга нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/02, 11/03 дугаар тогтоолуудыг  тус тус үндэслэн  Ч. Нэргүйг Буянт сумын Засаг даргаас огцруулж, *******ийг Буянт сумын Засаг даргаар томилсон нь хуульд  заасан  өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан  хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байна.

4.6. Өөрөөр хэлбэл тухайн Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал буюу өөрийн томилуулсан Засаг даргыг хуульд заасан хугацаанаас өмнө огцруулах үндэслэл бий болсон гэж үзэж, уг байдлыг Хурлын хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэсэн нөхцөлд огцруулах үндэслэл нь тогтоогдсон эсэх, улмаар огцруулах санал гаргах нь үндэслэлтэй эсэхийг шийдвэр гаргах эрх бүхий дээд шатны Засаг дарга хянах боломжгүй, харин тус саналыг хүлээн авч огцруулахаар, эсхүл хүлээн авалгүй огцруулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээтэй болохыг дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т ...саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй гэж тодотгон заасан байна.

4.7. Тодруулбал, сумын Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргаас томилж, чөлөөлөх шийдвэрийг гаргах үндэслэл нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхын санал байхаар хуульчлагдсан байна.

4.8. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч *******г  Засаг даргаас огцруулахаар, сумын засаг даргад *******ийг томилуулахаар Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гаргасан саналыг тус Хурлын 11 дүгээр хуралдаанаар 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцээд сумын Засаг дарга *******г огрцуулах гэж  хуралдаанд оролцсон нийт 11 төлөөлөгчийн 100 хувийн саналаар, *******ийг Засаг даргаар томилуулахаар 11 төлөөлөгчийн 100 хувийн саналаар  11/02, 11/03 тогтоолуудыг  батлан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Буянт сумын Засаг дарга *******г огцруулж  *******ийг Засаг даргаар томилж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

4.9. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан, дээр дурдсанаар Хурлаас гаргасан огцруулах саналыг хянах дээд шатны Засаг даргын эрх хэмжээ нь Хурлын санал хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах бөгөөд огцруулах эсхүл эс огцруулахаар шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байна.

4.10. Нэгэнт Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн байх тул  нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даалгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

4.11. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга *******г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг  тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.3, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Буянт сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “*******ийг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даалгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагуудыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ