Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 601

 

                                                                                                                         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

иргэдийн төлөөлөгч Т.Туул

шүүгдэгч С.М , түүний өмгөөлөгч Б. Долгорсүрэн

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанхуяг

гэрч Ж.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах эгчийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  М т холбогдох эрүүгийн 1705000540001 дугаартай  хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.М   2017 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим согтуугаар иргэн Ц.Хатанбаатартай маргалдан тархины битүү гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.М  шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг хавтаст хэрэгт  үнэн зөв бичигдсэн байна. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Би архи уусан байсан болохоор тухайн үеийн асуудлыг санахгүй байгаа болохоор миний хувьд гэрчүүдийн мэдүүлгүүдийг хүндэтгэн үзэж байна. Төрсөн дүү шигээ явсан дүүгийнхээ амь насыг хохироосонд маш их гэмшиж байна гэв. 

 

Хохирогч хууль ёсны төлөөлөгч Ц. Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт: Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Талийгаач маань эхнэр хүүхэдтэй байж байгаад эхнэрээсээ салаад удаж байна. Одоо хүүхэд нь 16 настай. Шүүхээс хүсэхэд оршуулгын зардалд гарсан 4.355.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Өөр хэлж ярих зүйл алга байна гэв.

 

Гэрч Ж.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт: Өдөр нь архи ууцгааж байсан залуус орой нь 22-23 цагийн үед алаад өгье, алаад өгье гээд орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн нь үнэн гэв.

  

Хавтаст хэргээс:

гэрч Л.Доржийн мөрдөн байцаалтанд “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед С Мөөгий, Хатанбаатар, Саруул, Ганхуяг бид тавуулаа нэг шил архи авч уугаад байж байтал Хатанбаатар миний бие муудаад байна би явж хэвтлээ гэтэл С Мөөгий араас нь чулуу шидээд энэ муу ингэж санаа гаргаад байдаг юм гээд шанаа руу нь 2-3 удаа цохитол муухай дуугараад унаад өгсөн тэгээд Мөөгийг буцаад ирэхэд нь шуудайтай юмаа аваад зугатаачихсан юм. Гараараа шанаа руу нь 3 удаа цохьсон. Баруун талын шанаа руу нь цохьсон. Хатанбаатарын нуруун дээр нь оносон. Өөр цохиж зодсон хүн байхгүй. Зодолдоогүй Мөөгий өөрөө эхэлж очоод цохиод унагасан юм. Барс захын хойд талын гурван давхар шар байшингийн тэнд болсон. 5-уулаа 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Хэрэлдэж маргалдаагүй. Таарсан үедээ бол байнга дарамталж байдаг юм заримдаа цохиж зоддог юм. Бид нийлж хог түүдэг юм аа мөнгө олохоороо архи авч уудаг юм. Бид хоёр найз нөхдийн холбоотой байдаг юм. Хэнтийд эгч нь байдаг гэсэн. Тэр талаар мэдэхгүй байна” /хх-ийнн 24-25/ гэсэн,

 

гэрч Б.Хүүхэнбаатарын мөрдөн байцаалтанд “ Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 73-р байрны Залуус СӨХ 25-р байрны сахиул ажилтай. Өнөөдөр өглөө буюу 2017 оны 7 дугаар сарын 19-ний 07:50 цагийн үед би хоёр орцныхоо хогийг хаяад байж байтал хажууд нь нэг хүн хэвтэж байсан би тэр хүнийг хартал толгой нь мэдэгдэх юм байхгүй цус болсон байсан би тэгээд барилгын манаачийг чи утсаараа түргэн дуудаад өгөөч гэтэл утас цэнэггүй гэж байсан би тэгээд гэр рүү гээ ороод түргэн дуудсан удалгүй түргэн ирээд тэр хүнийг аваад явсан. Тэр барилгын манаач зодолдож байсан хүнийг нь харсан гэж байсан тэр манаач өглөө ээлжнээсээ буугаад яваад өгсөн. Барилгын манаач хэлэхдээ шөнөжин тэнд 3-4 үүлээ архи уугаад байсан гэж байсан. Толгой нь цус болсон ухаангүй ам ангайсан хэвтэж байсан. Барилгын манаач 2-3 хүн байсан гэж хэлж байсан.” /хх-ийн 28/ гэсэн,

 

гэрч М.Мэндбаярын мөрдөн байцаалтанд “2017.07.18-ны орой би эхнэртэйгээ гадуур явж байгаад орой 21 цагийн орчим гэрийнхээ гадаа иртэл манай гэрийн гадаа 3 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан тэгээд тэд нар хоорондоо чанга чанга дуугараад хэрэлдээд байсан нэг нь намхан нөгөө хоёр нь арай өндөр байсан тэгээд хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан чанга чанга дуугараад нэг нь пизда гээд орилоод байсан би тэгээд эхнэртэйгээ машинаасаа буугаад гэр рүү гээ орохдоо та нар битгий чанга орилоод бай болиоч гэж хэлээд гэр рүүгээ яваад орсон. Тэгээд би гэртээ ороод ямар нэг зүйл болж магадгүй эргэж гаръя ядаж машинаа эргэе гэж бодож байгаад унтаад өгсөн. Ямар ч байсан нэг нь нэгнийгээ нэг удаа алгадсан яг сайн анзаарч хараагүй. Цагдаа дуудъя гэж бодоод харахад архичид байхаар нь цагдаа дуудаагүй. Гэртээ орсоны дараа дахиж сонсоогүй. Харанхуй байсан болхоор царайг нь бол танихгүй өмсөж явсан хувцсаар нь барагцаалж танина.” /хх-н 30/ гэсэн,

 

Гэрч С. Даблетхааны мөрдөн байцаалтанд “ Би Барс зах дээр гүрүүшиг хийдэг мөн Барс захаар хог түүдэг архи уудаг хүмүүстэй найзалж нөхөрлөдөг юм. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж байгаад М , Хатанбаатар, Ганхуяг, Дорж нартай уулзсан тэр үед бид нар бүгд л архи уусан бага зэргийн согтолттой байсан тэгээд 5-уулаа 2 шил архи аваад Барсын ар талд байдаг байрны ард очиж уусан юм. Архи ууж байхдаа М  Хатанбаатар руу уурлаад чи мөнгө өгөөгүй байж үнэгүй архи уулаа гээд тэр 2 маргалдаад Хатанбаатарыг газар сууж байхад нь М  нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон энэ үед Хатанбаатар хажуу тийшээ налаад хэвтээд унасан, тэгээд газар хэвтэж байхад нь М  газраас чулуу аваад Хатанбаатарын ар нуруу хэсэг рүү чулуугаар цохьчихоод ахиж зодох гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь М  над руу дайраад байхаар нь Дорж ах бид 2 түрүүлээд явсан. Тэгээд М , Хатанбаатар нар маргалдаад Ганхуяг хажууд нь суугаад үлдсэн тэрнээс хойш юу болсоныг нь мэдэхгүй байна. Их согтсон байсан. М  талийгаач Хатанбаатарыг архи авахад мөнгө гаргаагүй байж үнэгүй архи уулаа гэж анх хэрүүл маргаан эхэлсэн. Миний харсанаар талийгаач Хатанбаатарыг сууж байхад нь М  хажуунаас нь нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон мөн газар хэвтэж байхад нь ар нуруу хэсэг рүү нь чулуугаар цохиж байсан. Дараа ахиж зодох гээд дайраад байхаар нь би салгах гэтэл М  над руу дайраад байхаар нь би Доржтой хамт тэднийг орхиод явсан. Талийгаач Хатанбаатарыг М аас өөр цохиж зодсон хүн байхгүй. Талийгаач М т цохиулсаны дараа газар хэвтээд босч ирэхгүй байна. Тийм байхад нь л М  ахиж зодох гээд дайраад байсан. Тухайн үед бид нар бүгд л их согтсон байсан. М  архи уухаараа ер нь агсан их дээрэлхүү зантай биднээс том биетэй болоод тэгдэг юм байлгүй.” /хх-ийн 31-32/ гэсэн,

 

Гэрч Ж.Нямдоржийн мөрдөн байцаалтанд “Би барилгын манаач ажилтай. Энэ өдөр ажил дээрээ байж байтал нэг хүн алаад өгьө алаад өгьө гээд орилоод байхаар нь би 102 дуудаж энд хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн тэгээд мэдээллийг авлаа гэж надад хэлсэн тэгээд удалгүй цагдаа нар ирээд 2-ыг нь авч яваад нэгийг нь үлдээсэн тэгээд харанхуй байсан болохоор би тийшээ явалгүй өрөөндөө үлдсэн. Дуу чимээ багатай байсан 3 хүн тэгж яриад байсан өөр зүйл 23:00-00:00 цагийн үед болсон уг хүмүүс эрт 21 цагийн үед сууж байсан. Маргалдаж байсныг хараагүй алаад өгьө гэж л яриад байсан. 3-уулаа байсан аль нь тэгэж хэлснийг мэдэхгүй байна. Танихгүй харанхуй байсан болохоор хараагүй. ” /хх-ийн 35/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1461 дугаартай “Талийгаачийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн талын чамархай дух зулай суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, өвчүү болон баруун 5, 6, 7, 11, 12-р хавирганы хугарал, хуйх баруун чамархай, зүүн хөмсөгт шарх, хуйх, ууц баруун шанаа, зүүн шанаа, зүүн эгэм, төвөнх, зүүн бугалга, зүүн тохой баруун тохой, баруун шуу, баруун шанаа, баруун өвдөгт зулгаралт, хуйх болон баруун зүүн чамархай булчин, 2 нүдний дээд доод зовхи, зүүн чихний дэлбэн баруун шанаа, цээж хэвлий, зүүн бугалга, зүүн шуу, баруун мөр зүүн өвдөг баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой.  Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас  нас баржээ. Талийгаач нь ГССҮТ-д эмийн эмчилгээ хийгдсэн учир цусанд мансууруулах болон согтууруулах бодис илрүүлэх шилжилгээ хийх боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хх-н 37-39/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-11,/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 14-15/,

Талийгаач Ц.Хатанбаатарын төрсөн эгч хэрэгт хохирогчоор тогтоогдсон Цэндийн Дэлгэрмаа “...Би эцэг эхээсээ 4-лээ. Манайх Хэнтий аймгийн Чингис xотдоо амьдардаг байсан. Талийгаач дүү Хатанбаатар нь айлын дээрээсээ 2 дахь ба  миний доод талын дүү байгаа юм. Манай талийгаач дүү Хатанбаатар нь 1976 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод төрсөн, бага насыг эцэг эхийн гар хүмүүжсэн, 1982 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр 10 жилд элсэн орж суралцсан. 1992 онд 10 дугаар ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 10 жилд суралцаж байхдаа сэргэлэн цовоо, хичээл номондоо сайн, хүнтэй нийтэч, хүүхэд байсан. Сургуулиа төгсөөд дээд сургуульд ороогүй, орон нутагтаа хувиараа наймаа хийж, Орос, Хятад руу байнга гарч бараа оруулж ирж зардаг байсан. Тэгээд 1995 оноос эхлээд Улаанбаатар хотод орж ирээд наймаагаа үргэлжпүүлэн, дэлгүүрт лангуу түрээслэж бараагаа зардаг болсон. Тэгээд 1997 онд лангуугаа ажиллуулахаа болиод солонгос улс руу явж ажилласан. Солонгос улсад 4 жил болоод 2001 онд Монгол улсад ирсэн. Солонгос улсад эхнэр болох Шүрхүү гэх эмэгтэйтэй танилцаад ирсэн. Тухайн үед эхнэр нь жирэмсэн ирээд 2001 ондоо төрөөд хүүтэй болсон. Тэгээд хороололд Тумбааш, 1000 нэрийн дэлгүүрт лангуу түрээслэж пүүз гутал зардаг байсан. Лангуу ажиллуулах явцдаа байнга Солонгос, Хятад, Монголын хооронд явж бараа оруулж ирдэг байсан. Тэгээд манай дүү нь 3.4 дүгээр хороололд өөрийн гэсэн орон байр, унах унаа машинтай болсон байсан. Ер нь бол маш сайхан амьдарч байсан. Тухайн үед архи дарс нээх хэрэглэдэг байгаагүй. Өмнө гэмт хэрэг холбогдож байгаагүй. Тэгээд 2009-2010 оны хооронд манай дүү Хатанбаатар нь эхнэр болох Шүрхүүтэй маргалдаж улмаар салсан. Тэгээд амьдарч байсан байраа зараад 2 тийшээ болсон. Тэгээд 2011 онд байхаа Солонгос улс руу явж ажиллаж байгаад 2013 онд Монгол улсад ирсэн. Тэрнээс хойш Хэнтий аймагт манай гэрт нэг хэсэг амьдарч байхдаа ямар нэгэн ажил хийдэггүй, бие нь өвддөг болсон. Тэгээд манай дүү Хатанбаатар нь Улаанбаатар хотод очиж ажил хийнэ гэж яваад Илд бамбай гэх хамгаалалтын албанд 2 жил ажиллаж байсан. Тэр үедээ төмөр замын орчимд хүмүүстэй танилцаад архи уудаг болсон. Сүүлд 2015 оноос ажил хийхгүй, гадуур архи угаад дэмий тэнэх болсон. Тэгээд 2017 оны 01 дүгээр сард бие нь өвдөөд нэг хэсэг манай гэрт амьдарсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд явсан. Тэгээд хоорондоо утсаар ярьж холбогдоход ажил хайж байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдөр өөрийнхөө дүү Хатанбаатарыг нас барсан талаар мэдсэн.

Манай дүү нь яриа хөөрөө сайтай, хүнтэй маргалдаж муудалцаад байхааргүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, Хороололд гутал зардаг. Эхнэрээсээ салсанаасаа хойш архи уух болсон, өмнө архи угаад байдаггүй байсан. Архи уусан үедээ ямар зан ааш гаргаад байдаг мэдэхгүй, миний хажууд архи ууж харагддаггүй байсан. Одоо хүүхэд нь 16 настай ээж дээрээ амьдардаг, эхнэр одоо Завханд байдаг гэсэн. Эхнэрээсээ салсанаас хойш өөр хүнтэй сууж байгаагүй. Мэдээж миний дүүг алсан хүнд гомдолтой байна. Миний ганц эрэгтэй дүү байгаа юм. Одоо нэг эмэгтэй дүүтэй, нөгөө эмэгтэй дүү минь 2005 онд нас барсан. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү.” /хх-н 17-18/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч С. М ын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-н 159/, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-н 171-176/,

хүнд гэмт хэргийн холбогдогч С. М ын сэтгэцийг шалгасан Шүүх сэтгэц гэм судлалын “...Шүүгдэгч С. М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С. М  нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С. М  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С. М  нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 862 тоот дүгнэлт /хх-н 110-111/  болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.М   2017 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим согтуугаар иргэн Ц.Хатанбаатартай маргалдан тархины битүү гэмтэл учруулж Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүх шинжлэн судласан:

гэрч Л.Доржийн“...Хатанбаатар миний бие муудаад байна би явж хэвтлээ гэтэл Мөөгий араас нь чулуу шидээд энэ муу ингэж санаа гаргаад байдаг юм гээд шанаа руу нь 2-3 удаа цохитол муухай дуугараад унаад өгсөн...Өөр цохиж зодсон хүн байхгүй...Мөөгий өөрөө эхэлж очоод цохиод унагасан юм...” /хх-н 24-25/ гэсэн,

гэрч Б.Хүүхэнбаатарын“...Өнөөдөр өглөө 07:50 цагийн үед би хоёр орцныхоо хогийг хаяаад байж байтал хажууд нь нэг хүн хэвтэж байсан би тэр хүнийг хартал толгой нь мэдэгдэх юм байхгүй цус болсон байсан...Тэр барилгын манаач зодолдож байсан хүнийг нь харсан гэж байсан...” /хх-н 28/ гэсэн,

гэрч М.Мэндбаярын“...манай гэрийн гадаа 3 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан тэгээд тэд нар хоорондоо чанга чанга дуугараад хэрэлдээд байсан нэг нь намхан нөгөө хоёр нь арай өндөр байсан тэгээд хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан чанга чанга дугараад нэг нь пизда гээд орилоод байсан...”  /хх-н 30/ гэсэн,

гэрч С.Даблетхааны“...Архи ууж байхдаа М  Хатанбаатар руу уурлаад чи мөнгө өгөөгүй байж үнэгүй архи уулаа гээд тэр 2 маргалдаад Хатанбаатарыг газар сууж байхад нь М  нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон энэ үед Хатанбаатар хажуу тийшээ налаад хэвтээд унасан, тэгээд газар хэвтэж байхад нь М  газраас чулуу аваад Хатанбаатарын ар нуруу хэсэг рүү чулуугаар цохьчихоод ахиж зодох гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь М  над руу дайраад байхаар нь Дорж ах бид 2 түрүүлээд явсан...” /хх-н 31-32/ гэсэн,

гэрч Ж.Нямдоржийн “...алаад өгьө гэж л яриад байсан. 3-уулаа байсан аль нь тэгж хэлсэнийг мэдэхгүй байна...” /хх-н 35/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн“...Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас орж нас баржээ...” гэсэн 1461 тоот дүгнэлт /хх-н 37-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 14-15/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Сүхээгийн М ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Шүүгдэгч С.М  Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлд заасан хүний амьд явах эрхэд халдаж  Ц.Хатанбаатарын амь насыг хохироосны улмаас учруулсан хохирол /хор уршиг/ оршуулгын зардалд нийт 4.355.000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх  тул гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. М ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. С. М т оногдуулсан 10 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.М ын цагдан хоригдсон 153 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.М аас 4.355.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанхуягт  олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлэгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.М ыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                       ШҮҮГЧИД                                        Ц.ДАЙРИЙЖАВ

                                                                                           

                                                                                 А.АЛТАНХУЯГ