Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/1044

 

 

 

 

 

 

    2022             11            02                                      2022/ДШМ/1044

                                                       

 

М.С-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, М.Хандармаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-о, шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.С-од холбогдох эрүүгийн 2010014311163 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С-,

Шүүгдэгч М.С- нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15,372,706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13,000 /арван гурав мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С- хохирогч “*****” ХХК-д 15,372,706 /арван таван сая гурван зуун далан хоёр мянга долоон зуун зургаа/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч М.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-о давж заалдах гомдолдоо: “...“*****” ХХК нь М.С-той 2018 оны 4 дүгээр сараас эхлэн өөрийн “Лавай” центр үйлчилгээний төв дээр шатахуун түгээх станц байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, түүнийг “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилон, бусадтай гэрээ хэлэлцээр байгуулах, нэгдүгээр гарын үсгээр гүйлгээ хийх зэрэг компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой бүхий л эрх, үүргийг шилжүүлсэн байдаг. Гэтэл М.С- нь итгэл эвдэн компанийн эд хөрөнгийг их хэмжээгээр ашиглан, шамшигдуулсан, дур зоргоор аашилсан бөгөөд компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно. М.С- нь компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоолгохоор “Нью эстимэйтор аудит” ХХК-д хандсан. “Нью эмтимэйтор аудит” ХХК-ийн ажлын тайланд М.С- нь “*****” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 16,377,610.30 төгрөгийн дутагдал гаргасан гэж, мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийгдсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... “2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын орлогыг тулган шалгахад 15,372,706.10 төгрөгийн дутагдал гарсан, 78,428,882.30 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаагаас 36,316,331 төгрөгийн авлагыг М.С-оос тодруулж, тогтоох шаардлагатай” гэх дүгнэлт гарсан. Компани бусдаас 36,316,331 төгрөгийг авлагатай гэх боловч бодит байдал дээр ийм авлага байхгүй, авлага гэх боловч уг 36,316,331 төгрөгийг М.С- компанид мэдэгдэлгүйгээр хувьдаа авч ашигласан, энэ талаарх тайлбар мэдүүлэг, нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байдаг.

Анхан шатны шүүхээс М.С-той холбоотой 36,316,331 төгрөгийн авлагын асуудлыг шалгаагүй, тодруулах ажиллагаа хийгдээгүйгээс хохирогч “*****” ХХК-д учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлж чадаагүй. М.С- нь компанитай харилцагч иргэн хуулийн этгээдээс өр төлбөрт өгсөн “Mercedes Benz ML 350” загварын автомашиныг хувьдаа авсан бөгөөд дээрх үйлдлээ компанид мэдэгдээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.С- “...шатахуун авсан “Нутгийн их үйл” ХХК-иас 4,947,543 төгрөгийн төлбөрт “Mercedes Benz ML 350” загварын автомашин авсан, улмаар би уг машиныг зарж мөнгийг ашиг гэж өөртөө авсан энэ талаар Ц.С-од хэлсэн” гэж мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд М.С-од иргэн аж ахуй нэгж байгууллагаас компанид өгөх төлбөрт өгсөн машин техникийг хүлээж авах, захиран зарцуулах эрх олгогдоогүй байсан. “Нутгийн их үйл” ХХК-иас төлбөртөө төлсөн “Mercedes Benz ML 350” загварын автомашиныг захиран зарцуулсан, автомашин худалдан борлуулсан мөнгийг хувьдаа завшсан бөгөөд уг мөнгө нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан М.С-оос тодруулах шаардлагатай 36,316,331 төгрөгийн авлагатай холбоотой мөнгө юм. Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй, уг М.С-той холбоотой гэх 36,316,331 төгрөгийн авлагатай холбоотой асуудал дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. “*****” ХХК нь бусдаас 36,316,331 төгрөгийн авлагатай гэх боловч уг мөнгийг М.С- бэлнээр болон тээврийн хэрэгслээр харилцагч компаниудаас аль эрт авч ашигласан, ийм авлага компанид одоо байхгүй. М.С-ын учруулсан бодит хохирлын хэмжээг анхан шатны шүүх буруу тодорхойлсон. Иймд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/586 шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирлын хэмжээг 15,372,706 төгрөг гэж тодорхойлсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хохирогчид учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хохирогчид учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед хохирогч гэгдэх Ц.С-о нь надтай 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус гэрээний дагуу “*****” ХХК дээр үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг. Тус гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар А тал /Ц.С-о/ нь борлуулалт хийх газарт шатахуун түгээх станцаар борлуулалтын үйл ажиллагааг хангаж ажиллах ба цэвэр ашгийн 85 / наян тав/ хувь ногдоно, “Б” тал болох миний бие шатахуун түгээх станцад барааны тасралтгүй нийлүүлэлтийг олж, борлуулалтыг хийх ажлыг хангаж ажиллах ба тохирсон цалинг авч, цэвэр ашгийн 15 /арван тав/ хувь ногдоно гэж заасан. Мөн тус гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар А тал компанийн санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ба Б тал компанийн бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан, улмаар шатахуун станцын үйл ажиллагаа эхэлснээс хойш 3 сар буюу 2019 оны 7 сард 2 дугаар улирлын санхүүгийн баланс тайланг гэрээнд заасан зүйл заалтаар А талын нягтлан бодогч Т.Б- гаргасан, гэрээнд заасан нөхцөлөөр А тал /С-о/ нь цэвэр ашгийн 85 хувийг өөртэй авч хэрэглэсэн, миний бие тохирсон цалинг авсан боловч, цэвэр ашгийн 15 хувийг амаар нэхэмжлэхэд надад өгөөгүй. 2019 оны 10 дугаар сард баланс тайлан гаргахаар өгье гэж Ц.С-о хэлсэн, миний бие Ц.С-о захиралд итгэсэн гэвч дахиад өгөөгүй/ 1 дэх удаагийн бага зэргийн маргаан үүссэн. /2020 оны 1 дүгээр сард баланс тайлан гаргахаар өгье гэдэг тайлбарыг өгсөн боловч өгөөгүй /2 удаагийн хүндэвтэр зэргийн маргаан үүссэн/ ингээд нэлээн зөрөлдсөний үндсэн дээр нэг жилийн ой буюу 2020 оны 4 дүгээр сард баланс тайлан гаргахаар өгье гэдэг дээр шийдэлд хүрсэн боловч ашгийг өгөөгүй /3 дахь удаагийн эцсийн маш хүнд маргаан болсон/ тул надад итгэх итгэл байхгүй болсноор би хамтран ажиллах хүсэлгүй болсон, ажлаа өгье гэсэн боловч намайг шууд хөөсөн тул 2020 оны 4 дүгээр сарын 19-ны ажлаас гарсан. Би тооцоо нийлж, ашгаа бодуулж авъя гэдгийг олон удаа нэхэмжилсэн боловч цагдаад худал мэдүүлэг өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулснаар надад ашгийг өгөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэтэл хоёр иргэний маргаан байхад цагдаа болон прокурор эрүүгийн хэрэг үүсгэж хүний эрхийг ноцтой зөрчсөн, шүүхэд алдаатай яллах дүгнэлтийг үйлдэж, 4 удаа дахин давтан засуулахаар шүүх шийдвэрлэн хойшлуулсан боловч уг яллах дүгнэлтийг албан ёсоор надад гардуулж өгөөгүй, техникийн алдааг зассан мэтээр хэвлэж /тамга тэмдэгээр баталгаажаагүй/ б, мөн намайг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг бүрэн нотлоогүй байхад, шүүх буруутай хэмээн үзэж торгох шийтгэл оногдуулсан. Иймд миний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хохирогч Ц.С-о, гэрч Т.Б-, Б.О-, А.О-, Л.Сугармаа, Н.Ундрах нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухай баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэсэн байна. Гэтэл хохирогч Ц.С-о болон гэрч Т.Б-, Б.О-, А.О-, Л.Сугармаа, Н.Ундрах нарын мэдүүлэгт М.С- байгууллагын эд хөрөнгө, мөнгийг хувьдаа авч завшсан талаар шууд зааж мэдүүлсэн мэдүүлэг байхгүй. Эдгээр хүмүүс ямар үйл баримтыг гэрчилсэн гэхээр тооцоо хийхэд бэлэн мөнгөний дутагдалгүй, хэрэв дутагдал гарвал учир байдлыг тайлбарладаг, мөн шатахууны зардал гэж шатахуун зөөсөн жолооч нарт 200,000-400,000 төгрөг бэлнээр өгдөг байсан, өдөр тутмын орлогоос АТМ уншихгүй үлдсэн бутархай мөнгийг бэлнээр авч банкинд тушаадаг байсан гэсэн үйл баримтын талаар мэдүүлдэг. Эдгээр зүйлүүдийг М.С- ч гэсэн хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гэхдээ энэ бол М.С-ыг 15,372,706 төгрөгийг завшсан гэдгийг нотолж чадахгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтээр “... түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад 15,372,706 төгрөгийн дутагдал гарсан ... эдгээр зөрчил, дутагдал, авлагын тооцоог тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, түгээгч нар хариуцна” гэж дүгнэсэн. Уг дүгнэлт хэт ерөнхий байдлаар гарсан. Тодруулбал, 15,372,706 төгрөгийн дутагдал нь яг хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг дутсан бэ гэдэг нь тодорхойгүй, мөн эзэн нь тодорхойгүй, байгууллагын дансанд байсан мөнгө дутсан юм уу, эсхүл бэлэн кассын орлого дутсан уу, орж ирэх байсан орлого орж ирэлгүй дутсан уу, бараа материал дутсан уу гэх зэрэг яг ямар мөнгө дутсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Яагаад ганц М.С-ыг дутаасан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Бэлэн мөнгөтэй эрхлэгч ч гэсэн харьцдаг. Шинжээч томилсон тогтоолыг М.С- болон өмгөөлөгчид танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд уг тогтоолын дагуу гарсан шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэхээр байна. Уг дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж үзэх бас нэг үндэслэл гэвэл М.С- ажлаас гарахдаа кассын орлогоос 4,000,000 төгрөг бэлнээр авч явсан. Үүнийгээ М.С- өөрөө хэлдэг, мөн гэрч А.О- “2020 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдөр гарч байхад ирээд эхлээд 1,150,000 төгрөг, дараа нь 1,600,000 төгрөгийг авч явсан тэр мөнгийг тушаагаагүй гэж ” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30 хүртэл хугацааг хамарч гарсан. Гэтэл 2020 оны 04 сард дутагдал гарсан талаар дүгнэлтэд тусгагдаагүй байгаа байдлаас харахад уг шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, буруу гарсан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг прокурорт удаа дараа гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/836 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар таны хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ гэж хариу өгсөн атлаа энэ талаар ажиллагаа хийгээгүй, мөн дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа хэргийг шүүхэд шилжүүлж оролцогчийн эрхийг зөрчсөн. М.С-од холбогдох хэргийг анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/253 дугаартай захирамжаар прокурорт буцаахдаа “гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоож чадаагүй, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж бичсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй” гэсэн хоёр үндэслэл заасан. Гэвч давж заалдах шатны шүүхээс “... прокурор урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлтээ гарган яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах боломжтой” гэж дүгнэж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх явцад яллах дүгнэлтэд гарсан алдааг засуулахаар хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингээд прокуророос яллах дүгнэлтэд гарсан алдаагаа засаж дахин яллах дүгнэлт үйлдэж М.С-од гардуулж өгсөн. Гэвч уг яллах дүгнэлт нь прокурорын байгууллагын тамга тэмдгээр баталгаажиж албажаагүй байсан. Үүнийг шүүх “...шүүгдэгчийн холбогдсон хэргийн шинж байдлаас дүгнэхэд М.С- дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд прокурор яллах дүгнэлт бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргаж, М.С-ын холбогдсон хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3” гэж техникийн шинжтэй алдаатай бичигдсэн дээрх яллах дүгнэлтийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой, ... шүүх хуралдааны явцад шүүмжлэлийн шатанд улсын яллагч төрийн нэрийн өмнөөс санал гаргахдаа М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон гэж санал гаргасан нь прокурорын 727 дугаар яллах дүгнэлтэд бичигдсэн техникийн шинжтэй алдаа шүүх хуралдааны явцад засагдсан гэж шүүх үзсэн болно” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах талаар прокуророос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаас харахад яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаагаа засуулахаар прокуророос хүсэлт гаргаж улмаар шүүх уг хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд прокурор гаргасан алдаагаа зассан ямар нэг баримт бичиг үйлдэж шүүгдэгчид энэ талаар танилцуулж, гардуулан өгснөөр яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засагдсан гэж үзнэ. Гэтэл шүүгдэгчид гардуулан өгсөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар яллахаар тогтоосон мөртлөө шүүх хуралдаан дээр ялын санал гаргахдаа гардуулан өгсөн яллах дүгнэлтээсээ өөр яллах дүгнэлт уншиж, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэснийг шүүх яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаа засагдсан гэж үзнэ гэж дүгнэлт хийж хүнийг гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд М.С-ыг “2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа” гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлсон байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 4 дүгээр сард ямар нэг дутагдал гараагүй байхад 2020 оны 4 дүгээр сарын 17 хүртэл ажиллаж байхдаа дутагдал гарсан мэтээр гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг мөн буруу тодорхойлсон. М.С- нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ц.С-отой хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь хэсэгт А тал /Ц.С-о/ нь шатахууны борлуулалт хийх газарт шатахуун түгээх станцаар борлуулалтын үйл ажиллагааг хангаж ажиллах ба цэвэр ашгийн 85% хувь ногдоно. Б тал /М.С-/ шатахуун түгээх станцад барааны тасралтгүй нийлүүлэлтийг олж, борлуулалтыг хийх ажлыг хангаж ажиллах ба тохирсон цалин авч, цэвэр ашгийн 15% ногдоно гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2 дугаар зүйлд үйл ажиллагааны орлогоос бий болсон орлогын өөрт ногдох хэсгийг талууд өөрийн үзэмжээр захиран зарцуулна гэж заасан. М.С-ыг ажиллаж байх хугацаанд “*****” ХХК нь 203,331,947 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд гэрээний дагуу М.С- 30,499,792 төгрөгийг компанийн орлогоос өөртөө авч захиран зарцуулах эрхтэй байна. Гэтэл Ц.С-о нь нэг ч удаа ашиг өгч байгаагүй бөгөөд ашгаа өгдөггүй байдлаас болж талуудын хооронд маргаан үүсэж М.С- ажлаас гарсан байдаг. Иймд талуудын хооронд үүссэн энэ асуудал нь хамтран ажиллах гэрээний хүрээнд үүссэн иргэний эрх зүйн маргаантай асуудал юм. Гэтэл хавтас хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээг шүүх нотлох баримтаар үнэлж хууль зүйн дүгнэлт хийгээгүй мөртлөө “дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй  тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.С-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.С- болон өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шинжээчийн дүгнэлтээр компанид учирсан нийт авлага 36,316,331 төгрөг, дутагдал 15,372,706 төгрөг гарсан. 36,316,331 төгрөг М.С-ыг ажиллах байх хугацаанд бусад байгууллагын өр төлбөр, зээлээр өгсөн болон бусад бараа, материалтай холбоотойгоор үүссэн авлага гэсэн дүгнэлт гарсан. “*****” ХХК-д орох ёстой байсан орлого 15,372,706 төгрөгийг М.С- нь юунд, яаж зарцуулсан талаар баримт байдаггүй. Гэрч нарын мэдүүлгээр “М.С- нь шатахууны тээврийн зардалд төлөх шаардлагатай гэх зэрэг байдлаар түгээгч нарын орлогоос бэлнээр мөнгө авдаг байсан” гэж мэдүүлдэг бөгөөд прокурорын зүгээс албан тушаалын байдлаа ашиглаж завшсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. М.С- нь дээрх мөнгийг захиран зарцуулсан тухайгаа “*****” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажиллаж байх хугацаандаа 85 хувийг Ц.С-о, 15 хувийн ашгийг миний бие авах ёстой байсан” гэж тайлбарлаж байгаа нь компанийн хөрөнгө орлогоос мөнгө авснаа илэрхийлж байна. М.С-ын өмгөөлөгч С.Батдэлгэр шинжээчийн дүгнэлтийг гаргахад М.С-ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байсан гэж тайлбарлаж байна. М.С-ыг яллагдагчаар татаж өөрт болон өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг танилцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хязгаарласан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч М.С-од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.С- нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15,372,706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-ын “... М.С-ыг “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, 2019 оны 04 сараас шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эхлүүлсэн. Компани удирдаж байгаагийн хувьд шатахууны түгээгч нарыг ажилд авч үйл ажиллагааг эхлүүлсэн. Шатахуунаа “Монсуль”, “Сан Петролиум” гэх шатахуун зардаг компаниас зээлээр авдаг, шатахуунаа борлуулчихаад өдөр тутмын орлогоос шатахуун худалдсан компанид төлбөрийг төлдөг байсан. ...Шатахуун борлуулсан бэлэн мөнгөний орлогыг М.С- өөрөө дур мэдэн тээврийн зардал, цалинд өгсөн гэдэг байсан бөгөөд М.С-од “бэлэн мөнгөний анхан шатны баримтаа бүрдүүлээч” гэж байнга шаардлага тавьдаг байсан. Эхний 2-3 сар шатахуун түгээх станцын үйл ажиллагаа дажгүй ашигтай явж байсан. Сүүлдээ шатахуун нийлүүлж байгаа компанийн өрийг төлж чадахгүй шатахууны нийлүүлэлт нь их болоод ирсэн. ...Яг тайлан гарах болохоор М.С- өөрөө гаргаж чадахгүй, манай “Комит сервес” ХХК-ийн ерөнхий нягтлан Т.Б-, тооцооны нягтлан н.Наранцацралт нарыг гуйгаад яваад байсан. Т.Б- нягтлан надад “...“*****” ХХК-ийн санхүү нэг л бишээ өглөгө, авлага нь юу болж байгаа нь ойлгомжгүй, нэг л зээлээр өгсөн гээд мөнгө нь орж ирэхгүй” байна гэхээр нь би С-од “тээвэр хийх машиныг нь энэ хүнээр хийлгэж бай” гээд Ууганбаяр гэх хүнтэй уулзаж тээвэр хийх гэрээг хийж 2-3 удаа С- Ууганбаяр луу шилжүүлсэн. Тэгсэн 2-3 сарын дараа Ууганбаяр надтай ирж уулзаад “би нэг удаа тээвэр хийж өгсөн, намайг устай бензин авчирч өглөө гээд намайг хардаж эхэлсэн, би устай бензин хийх хүн бишээ миний данс руу тээврийн мөнгө гэж орж ирснийг С- над руу яриад тээврийн хөлс гэх мөнгийг надаас өөр хүний данс руу шилжүүлж авсан” гэхээр нь уг дансыг үзсэн чинь С-ын эхнэрийнх нь данс байсан. Би С-ыг биш болчихлоо гээд “ажиллах хугацааны тайланг сар сараар гаргаж өг” гэж шаардаж эхэлсэн. Тэрнээс болоод хэрүүл үүссэн чинь С- “намайг хардлаа би үйл ажиллагааг чинь зогсоочихоод шатахуун түгээх станцад хий соруулчихаад явна” гэхээр нь би “ажлаа өгөх гэж байгаа бол ном ёсоор нь өгөх ёстой” гэсэн чинь маргаашаас нь ажилдаа ирээгүй. ...Бэлэн мөнгөний орлогыг “Комит” сервесийн кассаар оруулж бай гэж шаардаж байсан боловч тэгдэггүй байсан. ...” /1хх 51-54/,

гэрч Т.Б-гийн “...С-од удаа дараа нягтлан авах талаар хэлж байсан боловч аваагүй өөрөө анхан шатны баримтыг бүрдүүлээд боловсруулж өгдөг байсан. ...“*****” ХХК-ийн шатахуун түгээх станц нь “Лавай” нэртэй, би 2019 оны 7 дугаар сараас хойш С-ын өгсөн баримтад тулгуурлаж тайлан тооцоог гаргаж өгдөг байсан. Намайг шатахуун түгээх станцын баримтад тооцоо хийж байхад дутагдал гардаг боловч тухайн үед нь С- учир явдлыг тайлбарладаг эсвэл дутуу орхисон баримтаа авчирч өгдөг. С- тээврийн хөлс гэж бэлнээр кассаас авдаг байсан. ...М.С-ын зээлээр шатахуун авсан гэх “Алсын их хайрхан” ХХК луу утсаар залгаж ярьсан чинь “С-той тооцоо нийлнэ” гээд зээлээр авсан шатахууныхаа мөнгийг өгөөгүй, шатахуун түгээх станц нь “Сан Петролиум” ХХК-иас шатахуунаа татаж авдаг. М.С- ажиллаж байх хугацаандаа тээврийн хөлс “Сан Петролиум” ХХК-д өгнө гээд бэлнээр том машинд нь 300,000-400,000 төгрөг, жижиг машинд 150,000 төгрөг авдаг байсан. М.С-ыг ажлаас гарснаас хойш “Сан Петролиум” ХХК-тай холбогдож шатахуунаа авсаар байгаа бөгөөд “Сан Петролиум” ХХК-ийн нийлүүлж байгаа шатахуунд нь тээврийн хөлс нь орсон байдгийг мэдсэн...” /1хх 78-79/,

гэрч Б.О-ийн “...би 2020 оны 07 сараас хойш тайлан тооцоог хийгээд С-од өгдөг байсан. ...Сарын тайланг би гаргаад С-од хүлээлгэж өгөөд тооцоо нийлдэг. С-од би ямар ч дутагдалгүй тооцоо нийлдэг байсан. ...М.С- захирал шатахуун түгээх станцад ирж байгаа шатахуун ачиж ирсэн тээврийн хөлсний мөнгийг өдөр тутмын авлагаас авч өөрөө олгодог, сардаа 4-5 удаа 200,000-400,000 төгрөгийг жолоочид олгодог байсан. ...” /1хх 84-86/,

гэрч А.О-ийн “...ер нь бол С- захирал гараа болгон дээр бэлэн мөнгийг аваад тушаадаг байсан. 2020 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдөр гарч байхад ирээд эхлээд 1,150,000 төгрөг, дараа нь 1,600,000 төгрөгийг аваад явсан, тэр мөнгийг тушаагаагүй гэж мэдсэн. ...Би 2020 оны 01 дүгээр сараас хойш ажиллахаа больсон. ...Намайг ажилд орсноос хойш миний мэдэж байгаагаар 7 хоногт том машин /20 тонн, хааяа чиргүүлтэй/ машинаар хоёр удаа заримдаа гурван удаа, 6 тонн түлш ирдэг. ...Захирал М.С- шатахуун тээвэрлэж авчирсан машинд өгнө гэж мөнгө авдаг байсан, он сар өдрийг нь санахгүй байна, тухайн үед манай шатахуун түгээх станц борлуулалт ихтэй байсан учир 7 хоногт 3 машин шатахуун авдаг байсан. ...” /1хх 87, 90-92/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...шатахуун түгээх станцын 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад нийт 15,372,706.10 төгрөгийн дутагдал илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт /1хх 111-115/, М.С-ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал /1хх 143-144, 149/ хамтын ажиллагааны гэрээ /1хх 145-147/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.С- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.С-ын “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн шатахуун түгээх станцын орлогоос 15,372,706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол,  хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл заалтад зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нар “...гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-о “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бодитой дүгнэлт хийгээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг.

 

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг.

 

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог.

 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

 

Шүүгдэгч М.С-ын “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн “Лавай” шатахуун түгээх станцын орлогоос удирдлага, хариуцсан хүмүүст нь мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч хувьдаа зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг “Хөрөнгө завших” гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүгдэгчийн хувьд завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн нь хэрэгт цугларсан “*****” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.С-ын М.С-ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, хамтын ажиллагааны гэрээ, тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан чиг үүрэг болон бусдын эд хөрөнгө болон бэлэн хүлээн авч, хариуцах болсон үндэслэл зэргээс үзэхэд эдгээр нь албан тушаалын байдалтай нягт холбоотой болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал, М.С- нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх, үүргийн дагуу итгэмжлэн хариуцаж авсан мөнгөн хөрөнгөөс хууль бусаар хувьдаа авсан, өөрт олгогдсон эрхийг урвуулан байгууллагын мөнгийг ашигласан түүний үйлдлүүд нь өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор энэ хүрээнд хэрэгжсэн нөхцөл байдал нотлогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.

 

Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон М.С-од хамааралтай авлагын тооцоо болох 36,316,661.10 төгрөг нь байгууллага хоорондын өглөг, авлагын асуудал байх бөгөөд уг хэрэгтэй хамтатган шалгуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-ын зүгээс ямар нэгэн гомдол, хүсэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаагүй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаар “...шатахуун түгээх станцын 2019 оны 4 дүгээр сарын 26-аас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад нийт 15,372,706.10 төгрөгийн дутагдал илэрсэн болохыг тогтоосон. ...” шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг бүхий, хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчийн дүгнэлт нотлох баримтын эх сурвалж болдог бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нөгөөтэйгүүр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөрчил, дутагдал, авлагын тооцоог тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, түгээгч нар хариуцах талаар шалгаж тодруулсан ба шүүгдэгч болон хохирогч нарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заагдсан ашгийн 15 хувь авах асуудал нь энэ хэргийн хэмжээ хязгаарт хамаарах асуудал биш юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-о, шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-о, шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН