| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/00758/И |
| Дугаар | 183/ШШ2024/04014 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/04014
| 2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2024/04014 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М
Хариуцагч: Б,
Зээлийн гэрээний үүрэгт 4 895 068 493.12 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй болон боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай үндсэн,
2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ***** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.И
хариуцагчийн төлөөлөгч Б.Б
хариуцагчийн өмгөөлөгч Б.М
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэвэлмаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *********г хариуцагч ********** ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 000 төгрөг, зээлийн хүү 2 395 068 493.12 төгрөг, нийт 4 895 068 493.12 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй эсхүл боломжгүй бол бусад эд хөрөнгөөр хангуулахаар шаардсныг,
*********г, ********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ***** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********г болон ********** ХХК нь харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу миний бие тус компанид 2 500 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн хугацааг удаа дараа сунгаж нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаагаар сунгасан. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож тус компанийн өмчлөлийн ******* ХК-д эзэмшдэг 69 654 ширхэг хувьцааг барьцаалахаар тохиролцож ***** тоот барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч зээлдэгч нь зээлийн гэрээний өр төлбөрийг огт төлөөгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2 500 000 000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү 2 395 068 493.12 төгрөг, нийт 4 895 068 493.12 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зээлдэгчээс гэрээний үүрэгт 4 895 068 493.12 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй эсхүл боломжгүй бол бусад эд хөрөнгөөр нь хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайлбал, хүү болон хүүгийн хувь хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байр суурьтай байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байдаг. Зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулахдаа жилийн 24 хувийн хүүтэйгээр байгуулсан байдаг. Уг хүүгийн хувь нь иргэний хуульд заасанчлан манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохироож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч *********г нь нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилготой байсан эсэх нь тогтоогдоогүй. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн хүрээнд өмнөх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *********г нь зээлийн гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн эсэх талаар нотлох баримтаар гаргаж өгнө үү гэж нэхэмжлэгч талаас шаардсан боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Байнга ашиг олох зорилгоор зээл олгодог эсэх талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй. Тиймээс зээлийн хувь хэмжээг шүүхээс манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа ******* ХК-ийн хувьцааг дурдсан. ******* ХК нь бие даасан хуулийн этгээд юм. Бие даасан хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ***** барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. ******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээг нотлох баримтын хүрээнд авч үзвэл тус гэрээний 10.1 дэх заалтад талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлээд эрх бүхий байгууллагад бүртгүүлсний хүчин төгөлдөрт тооцно гэж тусгасан. Гэрээ байгуулагдсанаас хойш талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарсан ч гэсэн нотариатаар гэрчлүүлсэн баримт тогтоогдоогүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн баримт нь тодорхойгүй байна. ********** ХХК-ийн дүрмийн 36 дугаар зүйлийн 36.1.10 дахь хэсэгт хэмжээ, хэлцэл батлах тухай тусгаж өгсөн байдаг. Мөн дүрмийн 36 дугаар зүйлийн 36.1.11 дэх хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл батлах тухай тусгаж өгсөн. 40 хувийн хувьцааг тухайн бие даасан хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж байж хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар батлагдсан тохиолдолд хэлцэл хийх тухай зөвшөөрлийг авдаг. Гэрээ байгуулах үед ямар нэгэн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хийгдээгүй байдаг. Гэрээг албан ёсны баримт бичиг гэж үздэг. Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол цаасан болон цахим баримт нь хууль тогтоомжийн дагуу стандартын бүрдлээр баталгаажна гэж заасан байдаг. Хариуцагч талаас нэхэмжлэлийн тодорхойлох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Иргэн *********г болон ********** ХХК нар нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан.Энэхүү зээлийн барьцаанд ******* ХК-ийн 69.654 ширхэг 40 хувийн хувыдааг барьцаалах тухай ***** дугаартай барьцааны гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн. Талуудын хоорондын барьцааны зүйл болсон хувьцааны эрх нь Иргэний хуулийн 84 зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан эдийн бус хөрөнгө юм. Мөн зүйлийн 84.2 дах хэсэгт биет буюу эд хөрөнгийг хөдлөх, үл хөдлөх гэж ангилан, 84.5 дах хэсэгт эдийн бус хөрөнгийг тодорхойлсон. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байхаар заасан. Харин Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэгч буюу зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг ********** нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхгүй байна. Иймд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Түүнчлэн ********** ХХК-ийн дүрмийн 36.1.10 их хэмжээний хэлцэл батлах, 36.1.11 сонирхлын зөрчилтэй хэлцэл батлах, 36.1.15. 36.1.18 гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг тогтоох, 36.1.25. компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох, 36.1.27 хэсэгт тус заасны дагуу ******* ХК-ийн 40 хувийн хувьцааг барьцаалах асуудал нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш бөгөөд ********** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр мөн бие даасан хуулийн этгээд болох ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн зөвшөөрлийн үндсэн дээр барьцаанд тавих эрх зүйн үндэслэл бүрддэг. Гэтэл дээрх 2 компанийн хувьцаа эзэмшигчдийн буюу эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр барьцааны гэрээ байгуулагдсан. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.4-т Хуулийн этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргана гэснийг зөрчсөн. Мөн барьцааны гэрээг нотариатаар орж баталгаажуулаагүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй буюу Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэн *********г болон ********** ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ***** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулиар эрхгүй этгээд гэрээг хийсэн бол гэрээ байгуулсан этгээд нь компанийн өмнө хариуцлага хүлээхээс биш гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь үндэслэлгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ гэдгийг гэрчилсэн нотариатч байгаа. Нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байхад шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тухайн гэрээг баталсан нотариатын үйлдэл нь хүчин төгөлдөр бус болох ёстой. Нотариатч нь гэрээг батлахдаа хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг шалгасан эсэх талаар тусдаа маргаан үүсгээд шалгуулж болно. Зээлийн зориулалт нь маргааныг шийдвэрлэхэд огт хамааралгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс 2024.01.05-ны өдрийн нэхэмжлэгчээс төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл, 2019.11.01-ний өдрийн ******* зээлийн гэрээ, 2019.11.04-ний өдрийн төлбөрийн баримт, ******* тоот Зээлийн гэрээ болон ***** тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022.09.30-ны өдрийн *******/02 тоот ******* тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.11.01-ний өдрийн дугаар ***** Барьцааны гэрээ, *********гээс ********** ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлүүд /хх-ийн 3-20/
6. Хариуцагчаас 2024.04.15-ны өдрийн ** дугаар итгэмжлэл, ********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн тооцоолол, ******** ХК-ийн дүрэм, ********** ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...********** ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, миний бие тус компанид 2 500 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хухугацааг удаа дараа сунгаж нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаагаар сунгасан. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож тус компанийн өмчлөлийн ******* ХК-д эзэмшдэг 69 654 ширхэг хувьцааг барьцаалахаар тохиролцож ***** тоот барьцааны гэрээг байгуулсан. Гэвч уг хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 2 500 000 000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү 2 395 068 493.12 төгрөг, нийт 4 895 068 493.12 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй эсхүл боломжгүй бол бусад эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээгээр 2 500 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийг******** захирал хувьдаа ашигласан зүйлгүй бөгөөд ********* ХХК-ийн зээлийг төлж, үйл ажиллагааг явуулах зорилгоор авсан. Нэхэмжлэгч *********г нь ********* ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгийг хэлье. Уг зээлийн гэрээний хүүгийн хувьд өндөр бөгөөд их хэмжээний мөнгөний хувьд маш өндөр хүү тооцогдож байга тул арилжааны банкны дундаж хүүгээр хүүг тооцож, багасгаж өгнө үү. Уг зээлийн барьцаанд ******* ХК-ийн 69 654 ширхэг хувьцааг барьцаалахаар тохиролцсон гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул сөрөг нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлаж, маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №******* зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2 500 000 000 төгрөгийг, 45 хоногийн хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэйгээр зээл олгож, эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 5-7/
4.2 Уг зээлийн гэрээний баталгаа болгон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дугаар ***** барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр ********** ХХК нь өөрийн эзэмшлийн ******* ХК-ийн хувьцааны 40 хувь болох 69 654 ширхэг хувьцааг барьцаалсан гэрээг байгуулсан байна./хх-ийн10-14/
4.3 Талууд 2022 оны 6 сарын 28-ны өдрийн №*******/01 гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хүртэл сунгаж, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн №*******/02 гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2023 оны 10 сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаагаар сунгаж, барьцааны гэрээ зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хүчин төгөлдөр байна гэж тохиролцжээ./хх-ийн 8,9/
5. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 04-ний өдөр хариуцагч ********** ХХК-ийн Капитрон банкны ******* тоот дансанд 2 500 000 000 төгрөгийг *******ээс зээл олгов. гэсэн гүйлгээгээр шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна./хх-ийн 19/
5.1 Нэхэмжлэгч нь ********** ХХК-д 2020 оны 02 сарын 01-нд, 2020 оны 07 сарын 01-нд, 2021 оны 08 сарын 14-нд, 2022 оны 02 сарын 15-нд, 2022 оны 02 сарын 01-нд, 2022 оны 05 сарын 23-нд, 2022 оны 08 сарын 30-нд тус тус мэдэгдэл хүргүүлж байсан талаарх баримтыг ирүүлсэн байна./хх-ийн 15-20/
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж тус тус зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан асуудлаар маргаагүй байна.
6.1 Харин хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс маргаан үүссэн байх ба хариуцагч тал уг зээлийн гэрээний хүү хэт өндөр тул арилжааны банкны дундаж хүүгээр хүүг тооцож, багасах үндэслэлтэй тул шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж зааснаар зээлийн хүүг багасгаж тооцуулахаар тайлбарлав.
Хэргийн баримт болон талуудын тайлбар зэргээс талуудын байгуулсан зээлийн гэрээний хүүг хэт өндөр, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үндэслэлгүй байх тул хүүг багасгах үндэслэлгүй байна.
6.2 Иймд зээлийн үндсэн төлбөрт 2 500 000 000 төгрөг, 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хүүнд 2 395 068 493.12 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагч тал зээлийн гэрээний хүү тооцох хугацааны тухайд маргаангүй ба дээрх гэрээний дагуу хариуцагчийн 1 өдөрт төлөх хүү 1 612 903,2 төгрөг байх ба үүнийг 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх 1**5 хоногоор тооцоход, зээлийн гэрээний дагуу төлөх хүү 2 395 068 493.12 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч ********** ХХК талуудын хооронд байгуулсагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.
7.1 Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* ХК-ийн 40 хувийн хувьцааг барьцаалах асуудал нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш бөгөөд ********** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр мөн бие даасан хуулийн этгээд болох ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн зөвшөөрлийн үндсэн дээр барьцаанд тавих эрх зүйн үндэслэл бүрддэг. Гэтэл дээрх 2 компанийн хувьцаа эзэмшигчдийн буюу эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр барьцааны гэрээ байгуулагдсан. Энэ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.
8. Компанийн тухай хуулийн 59.1-т Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. гэж, 87.1.1-т Их хэмжээний хэлцэлд дараах хэлцэлд хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/ гэж, 88.1-т Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана. гэж тус тус заажээ.
8.1 Хэргийн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас ********** ХХК нь ******* ХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмших эрхтэй этгээд хэдий ч тус компанийн хувьцааг бусдад барьцаалахдаа ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********** ХХК-иас 4 895 068 493.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********гт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй болон боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 773 693 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ********** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 24 633 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********гт олгож, нэхэмжлэгч *********гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********** ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ