Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/04016

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар ***/ШШ2024/04016

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г холбогдох

Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 875 303 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Г

хариуцагчийн төлөөлөгч Д.Ц

нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч **********д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 5 729 419 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 145 884 төгрөг, нийт 11 875 303 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 875 303 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь иргэн ********** нь зээлдүүлэгч **********-тай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны зээлийн гэрээ байгуулаад 25 000 000 төгрөгийг сарын 2.5 хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд **********ын бусдаас худалдан авч байгаа ******** дугаарыг барьцаалан гэрээний нөхцлийг талууд тохиролцож тухайн зээлийг авч байсан. Зээлийн гэрээний хавсралтаар барьцааны гэрээг үйлдсэн. Зээлдэгч ********** нь анх зээлийн гэрээг байгуулахад хийгдсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Сар бүрийн 18-ны өдөр 645 833 төгрөгийг тасралтгүй хуваарийн дагуу төлөхөөр талууд гарын үсэг зурсан ч хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй. Хуваарийг зөрчиж, цөөн хэдэн удаагийн төлөлт хийсэн. Зээлийн төлсөн төлөлтийг дэлгэрэнгүй бэлдэж, салбарын захиралд хянуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч **********ыг зээл төлөх бүхий л боломжоор хугацаагаар хангаж хүлээсэн ч гэсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийг шүүхэд гаргасан өдрийн байдлаар 551 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэ хугацаанд зээлдэгчийн бүртгэлтэй ***** дугаар руу холбогдож зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад удахгүй төлнө, дугаараа зараад хохирлоо барагдуулж ав, би төлөх боломжгүй гэх зэрэг тайлбарыг хэлдэг байсан. Сүүлдээ утсаа ч авахаа больсон. Зээлдүүлэгч **********-ийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байхад тоохгүй байдаг байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрхийнхээ дагуу зээлдэгч барьцаа дугаараа зарж, зээлийн төлөлт рүү хий гэсний дагуу зээлдүүлэгч байгууллагаас зээлийн барьцаанд байсан ******** утасны дугаарыг зах зээлийн үнэлгээг тогтоолгож, 20 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан хэдий ч зээлийн үлдэгдэл төлбөр бүрэн хангагдахгүй байсан. Хөрөнгийн үнэлгээний *********** ХКК-ийн тайланг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Хариуцагч нь хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан шүүхийн захирамж гарч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасны үндсэн дээр оршин суугаа хаягыг тодорхой болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 5 729 419 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 145 884 төгрөг нийт 11 875 303 төгрөгийг хариуцагч **********аас нэхэмжилж байна. Монгол Улсын Засгийн газрын короно вирус цар тахлын үед улс орон даяар авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** тогтоолоор баталсан байдаг. Уг тогтоолын 8 дугаар зүйлд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд банк болон ББСБ, хадгаламж зээлийн хоршооны зээлийн харилцаанд зээлдэгчтэйгээ харилцан тохиролцож, хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар заалт байдаг. Гэтэл **********тай байгуулсан зээлийн гэрээ нь энэ хязгаарлалтаас хойш гарсан зээл учраас хөнгөлөлт, чөлөөлөлтөд орохгүй учраас зээлийн гэрээний үүрэгт 11 875 303 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч ********** нь 7 удаагийн төлөлтийг хийсэн. Нийт 5 040 000 орчим төгрөг болж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дахь хэсэгт зээлийн төлбөрийг төлөхгүйгээр 2 сараас илүү хугацаа өнгөрөх юм бол хариуцагчийн зөөвшөөрлийг шаардахгүйгээр өөрсдөө барьцааг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж заасан байдаг. Тийм учраас 07 дугаар 18-ны өдөр, 08 дугаар сарын 18-ны өдөр гээд 2 сарын хугацаа өнгөрөөд түүнээс хойш 1 хоног гээд 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлээд энэхүү дугаарыг зээлдэгч нь өөрийн эзэмшилд авч, худалдан борлуулах эрхтэй. Хариуцагч талын зүгээс 08 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүрэг дуусан гэж үзэж байгаа. Гэрээнд зааснаар 2 сар үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулна гэж зохицуулаад, стандарт нөхцөлийг бий болгосон байдаг. Нэмэгдүүлсэн хүүгээ нэмээд явж байснаа 20 000 000 төгрөгөөр зарсан хэрнээ үлдэгдэл төлбөрөө авна гээд байгааг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.01.03-ны өдрийн 50 дугаар албан бичиг, 2021.11.18-ны өдрийн ******** дугаар зээлийн гэрээ, 2021.11.18-ны өдрийн ******** дугаар барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, **********ын 2021.11.18-ны өдөр гараар бичсэн хүсэлт, мөнгөн шилжүүлэгийн баримт, *********** ХХК-ийн 2024.01.12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.20-ны өдрийн ****** дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.19-ний өдрийн **** дугаар шийдвэр, 2023.02.09-ний өдрийн ** дугаар худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.02.09-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, 2023.02.09-ний өдрийн ******* дугаар барьцааны гэрээ, ********** ХХК-ийн 2024.04.03-ны өдрийн тодорхойлолт, ********** ХХК-ийн салбарын гэрчилгээний хуулбар, 2020.11.18-ны өдрийн *** дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол, ******* ХХК-ийн 2024.09.06-ны тодорхойлолт, ********** ХХК-ийн 2021.11.18-ны өдрийн *************** дугаар хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 4-23, 36-38, 55-62, 82-83, 90-91/

4. Хариуцагчаас итгэмжлэл зэргийг ирүүлсэн . /хх-ийн 45 /

5. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр ******* ХХК-ийн 2024.05.31-ний өдрийн 12-01/4376 дугаар тоот, ********** ХХК-ийн 2024.06.06-ны өдрийн 04/452 дугаар албан тоот, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ********** ХХК-ийн 2020.11.19-ний өдрийн *** дугаар зээлийн нэмэгдүүлсэн хүү болон зээлийн эргэн төлөлтөнд өөрчлөлт оруулах тухай албан бичиг, 2020.03.10-ны өдрийн 22 дугаар дэлхий нийтээр дэлгэрч буй Коронавирусын дэгдэлттэй холбоотой зээлийн шимтгэл хураамжийг тодорхой хугацаанд зогсоох тухай албан бичиг, ******* ХХК-ийн 2024.09.17-ны өдрийн ******** дугаар албан бичиг, дугаар эзэмших эрх шижлүүлэх зөвшөөрлийн хуудас, 2020.09.24-ний өдрийн барьцаа төлбөр буцаах маягт, иргэний үнэлэхний хуулбар, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн мэдээлэл, дараа төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 73-79, 92-97/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Нэхэмжлэлийн үндэслэл нь иргэн ********** нь зээлдүүлэгч **********-тай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны зээлийн гэрээ байгуулаад 25 000 000 төгрөгийг сарын 2.5 хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд **********ын бусдаас худалдан авч байгаа ******** дугаарыг барьцаалан гэрээний нөхцлийг талууд тохиролцож тухайн зээлийг авч байсан. Зээлдэгч ********** нь анх зээлийн гэрээг байгуулахад хийгдсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Нэхэмжлэлийг шүүхэд гаргасан өдрийн байдлаар 551 хоног хугацаа хэтэрсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрхийнхээ дагуу зээлдүүлэгч байгууллагаас зээлийн барьцаанд байсан ******** утасны дугаарыг зах зээлийн үнэлгээг тогтоолгож, 20 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан хэдий ч зээлийн үлдэгдэл төлбөр бүрэн хангагдахгүй байсан. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 5 729 419 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 145 884 төгрөг нийт 11 875 303 төгрөгийг хариуцагч **********аас нэхэмжилж байна. Монгол Улсын Засгийн газрын короно вирус цар тахлын үед улс орон даяар авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** тогтоолоор баталсан байдаг. Уг тогтоолын 8 дугаар зүйлд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд банк болон ББСБ, хадгаламж зээлийн хоршооны зээлийн харилцаанд зээлдэгчтэйгээ харилцан тохиролцож, хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар заалт байдаг. Гэтэл **********тай байгуулсан зээлийн гэрээ нь энэ хязгаарлалтаас хойш гарсан зээл учраас хөнгөлөлт, чөлөөлөлтөд орохгүй учраас зээлийн гэрээний үүрэгт 11 875 303 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч ********** нь 7 удаагийн төлөлтийг хийсэн. Нийт 5 040 000 орчим төгрөг болж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дахь хэсэгт зээлийн төлбөрийг төлөхгүйгээр 2 сараас илүү хугацаа өнгөрөх юм бол хариуцагчийн зөөвшөөрлийг шаардахгүйгээр өөрсдөө барьцааг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж заасан байдаг. Тийм учраас 07 дугаар 18-ны өдөр, 08 дугаар сарын 18-ны өдөр гээд 2 сарын хугацаа өнгөрөөд түүнээс хойш 1 хоног гээд 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлээд энэхүү дугаарыг зээлдэгч нь өөрийн эзэмшилд авч, худалдан борлуулах эрхтэй. Хариуцагч талын зүгээс 08 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүрэг дуусан гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн хүүгээ нэмээд явж байснаа 20 000 000 төгрөгөөр зарсан хэрнээ үлдэгдэл төлбөрөө авна гээд байгааг зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ************** дугаар Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ********** ХХК нь 25 000 000 төгрөгийг, сарын 2.5 хүүтэйгээр 12 сарын хугацаатай **********д зээлдүүлж, зээлдэгч нь төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр гэрээг байгуулсан байна.

Дээрх гэрээний баталгаа болгож хариуцагч **********ын худалдаж авсан ******** дугаарыг барьцаалж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээг байгуулж, дугаарын эзэмших эрхийг ********** ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн байна. /хх-ийн 7-9/

Гэрээний дагуу нэхэмжлэгч ********** ХХК нь 2021.11.18-ны өдөр хариуцагч **********ын хүсэлтээр зээлийн 25 000 000 төгрөгийг В.******гийн дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, түүнчлэн хариуцагч нь зээлийн хүүнд нийт 50 59 684.70 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаагүй байна./хх-ийн 11, 12, 23/

5. Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч ********** ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох ******** дугаарыг *********** ХХК-иар зах зээлийн үнэлгээг 18 500 000 төгрөгөөр тогтоолгож, уг дугаарыг 2023 оны 02 сарын 09-ниы өдөр А.*******д 20 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан баримт хэрэгт авагдсан байна.

6. Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй байна.

7. Талуудын байгуулсан гэрээний 3.5-д хэрэв зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлсэн мөнгө түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 2 сар төлөөгүй тохиолдолд 2 сар хүлээж, 2 сар 1 дэх хоногоос энэхүү заалтаар харилцан тохиролцсоны дагуу зээлдэгч байгууллага нь барьцаа болох дугаарыг шууд худалдан борлуулж зээлсэн мөнгөө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлын хамт үл маргах журмаар гаргаж авахыг зээлдэгчид мэдэгдэж, гарын үсэг зурсан байна.

8. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байна.

Харин талуудын байгуулсан гэрээний 3.5-д зааснаар нэхэмжлэгч нь ******** дугаарыг хариуцагчийн төлбөр хийгээгүй хугацаанаас хойш 7 сарын дараа худалдан борлуулсан байх ба уг дугаарыг 20 000 000 төгрөгөөр худалдаж, уг мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон тооцооллыг ирүүлсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг 2 сар 1 хоногийн дараагаас худалдан борлуулах үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч нь ******** дугаарыг *********** ХХК-иар зах зээлийн үнэлгээг 18 500 000 төгрөгөөр тогтоолгосонд болон уг дугаарыг бусдад 20 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан асуудлаар маргаагүй байна.

9. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж заасан хэдий ч талуудын байгуулсан гэрээний 3.5-д зааснаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлтэй.

Тодруулбал, 2022 оны 9 сарын 23-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй 2 сарын хүүнд 1 270 833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254 166 төгрөг, үндсэн зээлийн 5 000 000 төгрөг, нийт 6 525 000 төгрөгийг хариуцагч **********аас гаргуулж, нэхэмжлэгч ********** ХХК-д олгох үндэслэлтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********аас 6 525 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5 350 303 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамжид 119 350 төгрөгийг гаргуулж, **********-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ