Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 125/ШШ2024/0020

 

                                                                                   

 

 

 

 

2024      04          08                                        125/ШШ2024/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*******” ХХК-нийн гомдолтой,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан

Гомдлын шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-йг хүссэн гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1936000117 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст 2019 оны 6 сарын 21-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн ******* ХХК-нд хүргүүлсэн байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заажээ.

Улсын байцаагч ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн Дарви сумын Хөшөөт багийн иргэн ******* өргөдөл, МХЕГ-ын 01/39 дугаартай удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтыг үндэслэл болгож байгаа талаар дурдсан. Тэгвэл 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гаргасан иргэний гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн гэж үзвэл 71 хоногийн дараа, харин 01/39 тоот удирдамжийн дагуу хийгдсэн гэх хяналт шалгалт дууссан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцвол 7 хоногийн хугацаа тус тус өнгөрсөн байх бөгөөд эдгээр нь ажлын 3 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх талаарх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь зохицуулалтыг зөрчсөн байна.

2019 оны 4 сарын 22-ны өдөр нээсэн зөрчлийн хэргийн хугацааг Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 14 хоногоор сунгаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2019 оны 5 сарын 20-ны өдөр дууссан. Нэгэнт зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах ёстой байтал зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйл болон 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх зохицуулалтыг тус тус зөрчиж байна.

Улсын байцаагч нь зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдүүлээгүй буюу нотлогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дэх заалтыг зөрчиж байна.

Манай компани шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулахаар Мэргэжлийн хяналтын газрын даргад хандан гомдол гаргасан бөгөөд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 330 дугаар албан бичгээр хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна гэжээ.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын үндэслэл нь хариуцагч шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн процессын зөрчил гаргасан гэж үзэж гомдол  гаргасан.

Нэгдүгээрт: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан гэтэл хариуцагч *******гийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэн байдаг. Уг тогтоолын үндэслэлдээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн Дарви сумын Хөшөөт багийн иргэн ******* өргөдөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/39 тоот удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтыг үндэслэн байдаг. Гомдол мэдээллийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Хяналт шалгалтын удирдамжийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан. Гэтэл *******гийн хувьд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн гэж үзвэл 70 гаруй хоногийг дараа зөрчлийн хэргийг нээсэн. Иймд хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн байна гэж үзнэ.

Хоёрдугаарт: ******* ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Ховд аймгийн мэргэжлийн хяналтын дарга 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан.  Үүнээс хойш уг зөрчлийн хэргийг хэрэгт бүртгэлтийн хугацааг сунгасан баримт байхгүй байна. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байх үед ******* байцаагч нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шийтгэл ногдуулсан.  Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8, 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн.1-т “Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” бол хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.

Гэтэл хугацаа дууссан байхад шийтгэх ногдуулсан нь хууль бус юм.

Манай зүгээс 2019 оны 08 сард нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд  20 гаруй өөрчлөлт орсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон ба уг өөрчлөлтөөр  ажлын 3 хоногийг ажлын 5 хоног болон өөрчилсөн. Маргааны үйл баримтын хувьд ажлын 3 хоног гэх хуулийн зохицуулалт үйлчилж байсан.

Зөрчил үйлдсэн нотлох баримт бүрдээгүй байхад зөрчил ногдуулсан гэх үндэслэлээсээ албан ёсоор татгалзаж байна.

Хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө оролцогчид хэргийн материал танилцуулах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан эрхийг эдлүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ******* ХХК-иас ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй, зөрчлийн материалыг танилцуулах ажиллагааг огт хийгээгүй гэв.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн тавьсан 2019 оны 06 сарын 21-ны өдрийн тоот шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна.

1. Ослын акт гаргаж өгнө үү гэсэн өргөдөл АМХГ-т ирсэн:

******* ХХК-нийн бохирын машины жолооч ажилтай Р.Нэргүй ажил үүргээ гүйцэтгэж байгаад угаартаж Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар Улаанбаатар хотруу эмчилгээнд явсны дараа “... тус компани нь өргөдлийн хариу өгөхгүй байна акт гаргуулж өгнө үү. гэсэн гомдлыг манай байгууллагад ирүүлсэн.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг гаргаж манай байгууллагад ирүүлэх талаар тус уурхайн даргад хандахад “... бид нар холбогдох материалыг Улаанбаатар хотруу явуулсан” гэдэг, төв оффиссын ажилтан ******* .******* нартай удаа дараа утсаар холбогдсон боловч актыг гаргаж ирүүлээгүй.

2 Өргөдлийн дагуу судлахад ******* ХХК-нийн ажилтан Р.Нэргүй ажлын байран дээрээ өвдсөн, холбогдох үзлэг, шинжилгээ болон угаарын хийн шинжилгээ хийгдээгүй, тухайн компани ажилтан болон манай байгууллагад албан бичгээр акт ирүүлээгүй байсан. Монгол улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 7.2-д "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэх заалттай. Иймд энэ хугацаанд “*******” ХХК акт гаргаж ирүүлэх боломжтой байсан.

Гомдлыг хүлээн аваад зөрчлийн хэрэг шууд үүсгэх боломжгүй, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад өвдсөн тул үйлдвэрлэлийн хурц хордлогын акт гаргаж ирүүлэх болохоор цаг хугацаа шаардлагатай байсан. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хурц хордлогын акт гаргаж ирүүлэхэд эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, шинжилгээн дээр тулгуурлана. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж байхдаа цусанд карбоксигемоглобин /угаарын хийн/ шинжилгээ хийлгээгүй, төв эмнэлэг энэ шинжилгээг хийдэггүй байна. Ажилтан Р.Нэргүй Улаанбаатар хотод эмчлүүлж байх хугацаандаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хандан үзлэг хийлгэж, цус, шээсний шинжилгээ өгч, эмч нарын хамтарсан дүгнэлт гаргуулж манай байгууллага, компанид хүргүүлсэн.

Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчин 3 сарын дараа тус компаниас манай байгууллага болон тухайн иргэнд албан бичгээр хариу ирүүлсэн /2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/189 тоот/, тус бичигт ослын акт нөхөн гаргах боломжгүй. Энэ албан бичиг ирсний дараа МХЕГ-ын 01/39 тоот удирдамжаар Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “*******” ХХК-нийн *******д хяналт шалгалт хийхэд орон тооны бус байнгын комисс ажиллаагүй, акт гаргаж ирүүлээгүй учраас зөрчлийн хэрэг нээсэн.

-Зөрчлийн хэрэг нь ажилтан Р.Нэргүйтэй холбоотой, мөн МХЕГ-ын 01/39 тоот удирдамжаар хийсэн шалгалтаар зөрчил илэрсэн тул тогтоолд дурьдсан.

3. Нотлох баримт бүрдээгүй байхад шийтгэл оногдуулсан....

“*******” ХХК нь Монгол улсын хууль тогтоомжийг үл тоон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан "Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах бүхий орон тооны бус байнгын комисс байгуулж ажиллана"/, Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.-д " ...хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж заасан Үүнд 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.3-д ажлын байр, нэгж, хэсэг салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгслээр явж байх үед

Өнөөдрийг болтол “*******” ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй, акт гаргаж ирүүлээгүй байгаа нь хууль, дүрмийг зөрчсөн нотлох баримт болж байна.

4 Тайлбар, мэдүүлэг авах, зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй... Зөрчлийн хэргийг Монгол улсын Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор хууль цаазын зөвлөх ******* хяналтан дор явуулсан болно.

Зөрчлийн хэргийн материалыг тухай бүр “*******” ХХК-д явуулж байсан. Утсаар холбогдоход утсаа авдаггүй, уурхайн дарга нь ажилд томилогдоод удаагүй энэ талаар мэдэхгүй төв оффисыхон мэднэ гэдэг хариу өгдөг. Тус компанийн 01/454 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Гомдол гаргагч “*******” ХХК нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн   тоот “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар гомдлын  шаардлага гаргажээ.

2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “*******” ХХК-ийг ажлын байран дээрээ өвдсөн ажилтанд акт тогтоогоогүй гэх үндэслэлээр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгосон байна.

4. “*******” ХХК-аас  шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчлийн хэрэг нээх хуулийн хугацааг хэтрүүлж зөрчлийн хэрэг нээсэн, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн, “*******” ХХК-ныг холбогдогчоор тогтоогоогүй, тайлбар гаргах мэдүүлэг авах, зөрчлийн хэргийн материалтай танилцуулах зэрэг хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй гэж маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргаж байна. 

5. Хэргийн үйл баримтын талаар: Р.Нэргүй нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “*******” ХХК-ныг үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөөгүй талаарх гомдлыг гаргасан.

            6.Улмаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  улсын байцаагч ******* нь  ******* өргөдлийг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 01/39 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны  өдрийн хугацаанд                “*******” ХХК-нд хяналт шалгалт хийж, “хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж 2019 он 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ” *******” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн   дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна. 

            7. Зөрчлийн хэрэг нээх хуулийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

            7.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 2.4-д зөрчлийн хэрэг нээх гэжээ.

            7.2. Р.Нэргүй нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан хэдий ч хариуцагч нь ******* өргөдлийг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 01/39 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны  өдрийн хугацаанд “*******” ХХК-нд хяналт шалгалт хийж, “хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж 2019 он 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргасныг тухайн зөрчлийг илрүүлсэн байна.

            7.3. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр                             “*******” ХХК-ны зөрчлийг илрүүлсэн ба энэ өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор  буюу 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэхийг шийдвэрлэнэ.

            7.4. Гэвч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь хуулийн дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. 

            7.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д  дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй, 1.1-д зөрчлийн шинжгүй, 1.2-д Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 1.3-д тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон, 1.4-д  зөрчил хүн нас барсан, 1.5-д тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны эсхүл шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлүүд хамаарч байх ба зөрчлийн хэрэг нээх хугацаа хэтрүүлсэн нь зөрчлийн хэрэг нээхгүй байх үндэслэлд хамаарахгүй байна. 

            8.Зөрчлийн хэрэг бүртгэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд

            8.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн  хэрэг бүртгэлт явуулна, 2-д Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай  бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг  зөрчлийн хэрэг бүртгэлтийг  удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэжээ.

            8.2. Зөрчлийн хэргийн материалаас үзвэл  2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуулийн 14 хоногийн хугацаа 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь  2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолоор 14 хоногийн хугацаагаар  буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13/12 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 30 хоногоор  тус тус сунгасан, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Шийтгэлийн хуудас” оногдуулснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссан болох нь тогтоогдож байна.   

            8.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-д Хугацааг хоногоор тоолоход  уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна гэсний дагуу  зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг тооцоход

            -зөрчлийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нээсэн

            - зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоног 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан,

            -зөрчлийн хэрэг бүртгэлтийг  удирдах албан тушаалтны 14 хоногоор сунгах хугацаа 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан,

            -прокурорын 30 хоног сунгах хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дууссанаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа  дуусахаар байна.    

            8.4. Дээрхээс үзвэл хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “*******” ХХК-д шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулжээ.

            8.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан  дараах үндэслэл тогтоогдвол  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана, 1.4-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэж заасан ба хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад                      “*******” ХХК-нд шийтгэлийн хуудас ногдуулсан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна. 

            9. Зөрчилд холбогдогч “*******” ХХК-ний  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчсөн тухайд:

            9.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн  зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана, 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. 2-т ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах, хуульд заасан бусад эрх эдлэхээр  тус тус заажээ.

            9.2. Зөрчлийн хэргийн материалын 2019 оны 06 дугааг сарын 21-ний өдрийн 1936000117 дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд                            “... Холбогдогч ******* ХХК-д зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа сунгах тогтоол, Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа сунгах тухай саналыг Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа  явуулдаг тус компаний  төлөөлөгчийн  газрын ажилтан тухай бүр хүргүүлж байсан боловч  тус компаниас ямар ч хариу болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй болно. ...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч байгууллага ******* ХХК нь  ямар нэгэн байдлаар танилцаж, мэдүүлэг өгөөгүй болно гэж тэмдэглэсэн нь зөрчлийн холбогдогчоор “*******” ХХК-нийг тогтоогоогүй, холбогдогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.      

            9.3. Хариуцагч нь зөрчлийн хэргийн материалыг тус компаний  төлөөлөгчийн  газрын ажилтан Р.Нямцэцэгээр дамжуулан “*******” ХХК-нд хүргүүлж танилцуулсан гэх боловч “*******” ХХК-наас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл олгоогүй, энэ талаарх баримт зөрчлийн хэргийн материалд байхгүй тул Р.Нямцэцэгийг “*******” ХХК-нийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй учир “*******” ХХК-нд  хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

            9.4. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 4 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байна гэж үзвэл 72 цагийн дотор өөр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 5 дахь хэсэгт Хуулийн этгээд энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхээс хууль ёсны төлөөлөгчийг томилж болно гэж зааснаас үзвэл хариуцагч нь  хуулийн этгээдэд  төлөөлөгч томилохыг бичгээр мэдэгдэх,  хуулийн этгээд төлөөлөгчийг заасан хугацаанд томилж ирүүлээгүй тохиолдолд хариуцагчид төлөөлөгч томилох эрхийг олгосон гэж үзэх ба “*******” ХХК-д хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэхийг  бичгээр мэдэгдээгүй, төлөөлөгч томилох эрхээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй байна.

            9.5. Өөрөөр хэлбэл  “*******” ХХК-нийг төлөөлөх эрх бүхий этгээдийг холбогдогчоор тогтоогоогүй, хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлэхгүйгээр тухайн компанид хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна.

            10. Дүгнэвэл Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасан хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн,  3.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар холбогдогч нь тодорхойлсон ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,  нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хохирогчийн гомдолтой танилцах, тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах зэрэг эрх зөрчигдсөн байх тул  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн   тоот “Шийтгэлийн хуудас”-ыг хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ны  гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж,  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн   тоот “Шийтгэлийн хуудас”-ыг  хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ЯНЖИНДУЛАМ