Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 610

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Э.Г , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн улсын өмгөөлөгчөөр,

шүүгдэгч Г.Б

шүүгдэгч Ө.Э  тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г , Б , Э  нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705006660088 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод  тодорхой оршин суух хаяггүй,  гавьяа шагналгүй,

урьд 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2015 онд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан Г .

 

2.Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл ганцаараа, гавьяа шагналгүй,  урьд 2008 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч суллагдсан, / Б .

 

3.Монгол Улсын иргэн,  Төв аймгийн Баянжаргал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, охины хамт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э .

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Г , Г.Б , Ө.Э  нар бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг 10а байрны гадна иргэн П.Энхбаярт хүч хэрэглэн зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан гар утас, мөнгөн бугуйвч гутал зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Г  шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын явцад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Г , Э  бид гурав хамт караокед орж байж байгаад  Г  түрүүлээд гараад явсан.  Э  бид хоёр караокены тооцоо хийчихээд Ганбаганы араас нь гарахад Г  хохирогч Энхбаяртай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь Э  бид хоёр очиж Ганбаганыг салгаж авсан. Тэгтэл Г  байж бай гэж хэлээд Э  бид хоёроос салаад урагшаа гүйгээд явсан. Тэгэхээр нь Э  бид хоёр Ганбаганыг ардаас ирэх байх гэж бодоод яваад өгсөн. Тэгтэл Г  ирэхгүй болохоор нь Ганбаганы араас очиход Г  цагдаагийн машинд сууж байсан. Э  бид хоёр гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

Шүүгдэгч Ө.Э  шүүхийн хэлэлцүүлэгт:  Б ий ярьж байгаа бүгд үнэн зөв байна. Б  бид хоёр гэмт хэрэг хийгээгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч П.Энхбаяр мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 2 цаг өнгөрөөд 3 цаг болох үед найз Чулуунбаатараар байрныхаа орчимд машинаар хүргүүлээд орц руугаа орохоор булан тойртол өөдөөс 3 үл таних залуу хүрч ирээд намайг үгийн зөрөөгүй цохиж унагаагаад өшиглөж дэвсэж зодсон. Ингэж зодож байхдаа Самсунг эс 1 маркийн гар утас, бугуйнд байсан мөнгөн бугуйвч, хүзүүнд байсан бурханы сахиусыг дээрэмдэж авсан. Зодуулж газар унахад өмдний халааснаас утас унасныг нэг нь авсан байсан. Бугуйвч яаж авсныг мэдэхгүй байна. Гар бугуйгаараа шалбарсан байсан. Намайг унахад хаа сайгүй өшиглөж зодсон.  Гутал сугалж тайлаад аваад зугатсан, тэр үед эхнэр цонхоор харж мэдэж орилоход гутлыг минь хаячихаад зугатсан. Нэг нь яах аргагүй миний утсыг газраас авсан байсан...миний зүүн талын нүд юм харахааргүй хавдаж хөхөрсөн,  толгой дагзаар битүү хавдар, хөндүүр, орой дээр 2 газарт язарсан, баруун гарын бугуй бугуйвчны ормоор шалбарсан, хөлийн хумснаас цус гарсан гэмтэлтэй байна...” /хх-ийн 12/ гэсэн,

...намайг орц руугаа орохоор байрны булан тойртол 3 залуу үгийн зөрүүгүй ирж цохиж унаган, өшиглөж дэвсэж зодсон. Ингэхэд нэг эрэгтэй нь намайг араас хоолойгоор боож гараараа тэвэрсэн байхад нэг нь гутлыг нь тайл тайл гээд байхыг би сонссон. Тэгэхээр тэд нар миний гутлыг дээрэмдэж авсан. Тэдгээр 3 залуу залуу 3-уулаа нийлж зодож цохиж, дэвсэж өшиглөж намайг гэмтээж эд зүйлийг маань дээрэмдсэн. Хэн нэг нь оролцоогүй гэж хэлэхээргүй учир нь намайг цохиулаад газар унахад ар нуруун дээрээс 2 талаас 3 зэрэг өшиглөөд байсан ба энэ байдлыг эхнэр маань дээрээс цонхоор хараад орилж доош бууж ирсэн. Харин эхнэрийг маань гарч ирэхэд хоёр нь зугатаад нэг нь үлдсэн намайг зодож цохьсон хэвээр байсан. /хх-ийн 159/ гэсэн,

 

гэрчээр П.Батдулам мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр П.Энхбаяр 19 цагийн үед найзуудтайгаа уулзана Гачуурт явлаа гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгсэн чинь 03 цагийн үед манай байрны орцны үүдэнд манай нөхрийн дуу гараад орилоод байхаар нь цонхоор харахад манай нөхрийг  одоо энд баригдаж ирсэн 3 залуу нийлээд зодож байхаар нь би гүйж гараад очиход 2 залуу нь алга болчихсон, хар хувцастай малгайгүй жижигхэн халзандуу үстэй гэмээр залуу манай нөхрийг газар явган суулгачихсан цохиод зогсож байхаар нь би чи яагаад манай  нөхрийг зодоод байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд яваад өгсөн. Би ойролцоо цагдаа дуудаад хайхад 10-р байрны хажууд цагдаагийн машин байхаар нь очиж хэлээд тэр манай нөхрийг зодоод зугатаасан нэг залуугийнх нь араас очиж барьж аваад цаашаа явж байгаад түрүүлээд алга болсон хоёр залууг нь барьж авсан юм. Эхэлж баригдсан залуугаас нь манай нөхрийн Самсунг эс 1 маркийн гар утас гарч ирснийг цагдаа хурааж авсан. Манай нөхрийг зодсон 3 залуу их согтуу байсан. /хх-ийн 13/ гэсэн,

 

Яллагдагчаар Г.Б  мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 11-нд Г , Э  бид 3 уулзалдаад Өргөө орчмоор архи ууж яваад харанхуй болохоор нь ээж Балжмааг Өргөөгийн арын нийтийн байранд хүргэж өгөөд буцаж гараад 3-уулаа дахин авч уугаад караокед оръё гээд хорооллын эцсийн замын баруун талын Нийтийн караоке гэж бичсэн газарт орж 2 шил архи хувааж уугаад гурвуулаа гарсан. Гараад миний дотор эвгүйрхээд бөөлжиж доош сууж үлдсэн. Э  надтай үлдсэн байсан ба Ганбаганыг тэнд хүнтэй муудаад байх шиг байна гэхээр нь очоод салгачихаач гэж явуулсан. Э  байрны араар тойрч яваад эргээд удалгүй хүрээд ирсэн. Яасан гэхэд мэдэхгүй ээ гайгүй юм шиг байна гэхээр нь Э  бид хоёр цааш явах гээд Ганбаганыг хүлээтэл ирэхгүй болохоор нь Ганбаганын байгаа зүг рүү явахад өөдөөс цагдаа ирээд бариад авсан. Тиймээс надад хийсэн хэрэг байхгүй. /хх-ийн 49/ гэсэн,  

 

Яллагдагчаар Ө.Э  мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 11-нд Г  бид хоёр 14 цагийн орчимд Б тэй хорооллын Өргөө орчимд уулзаж 1 шил 0,75 литрийн Хараа архийг 3-уулаа Өргөөгийн арын байрны голын сааданд хувааж уусан. Тэгээд Б ий эд зүйлийг Өргөөгийн арын нийтийн байр руу зөөж өгсөн, үүнийхээ дараа 22 цагийн орчимд хорооллын эцэст замын баруун  талд байрлах караокед  орж 2 цаг үйлчлүүлсэн. Караокед 1 шил 0,75 литрийн хараа архи хувааж уусан. Цагаа дуусгаад гараад явахад Г  замын зүүн талд өндөрдүү залуутай муудаад хоорондоо зодолдоод дээр доороо ороод газар өнхрөөд байхаар нь Б  бид хоёр Ганбаганыг болиулж салгаж автал цагдаа хүрээд ирсэн. Б  бид хоёр тэр залууг зодож цохиогүй. Ганбаганыг тэр залуутай зууралдаад байж байхад боль гээд татаж авсан. Би гурав уулзсанаасаа хойш 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан байсан. /хх-ийн 56/ гэсэн,

 

Яллагдагчаар Э.Г  мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 11-нд 14 цагийн орчимд Э , Б  бид 3 Өргөө кинотеатрын орчимд байх Г хэлбэртэй цагаан 9 давхар байшингийн  орчимд уулзалдсан. Э  бид хоёр нарангийн голд хадмындаа хамт байсан бөгөөд Б  Хэнтийгээс ирлээ гэж 10-11 цагийн орчимд утсаар ярьсан болохоор уулзахаар очсон. Гурвуулаа уулзалдаад 0,5 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Б ий ээжийг нүүлгэж хойшоо гэр хороолол руу нийтийн байр руу ойр зуурынх нь зүйлийг зөөж өгөөд 19 цагийн орчимд хорооллын эцэст байх караокед орж 1 цаг дуулаад 1, шил 0,75 литрийн архи хувааж уусан. Дахин 1 цаг сунгахдаа 4 пиво нэмж уугаад цаг дууссан  тул гарч яваад хохирогчтой таарсан...тэр залуу ганцаараа тэр байр руу орж явж таарсан уу гарч явж таарсан уу таарсан. Би нэлээн согтуу явсан. Зөрж өнгөрөхдөө замаа харж яваач гээд муудалцсан. Ингээд тэр байрны булан руу шахаж байгаад тэр залууг гараараа цохиж унахад нь дээрээс нь дэвсэж өшиглөсөн. Намайг ингэж зодох үед хажууд Э  Б  хоёр ирээд боль гэж салгаад аваад явахад надад зодуулдаг залуу байр руу ордог замын эсрэг талд яваад очсон зогсож байсан ба би тэр залуу руу эргээд очсон...газарт нэг утас харагдсан болохоор авсан ба түүнийг нь аваад цааш яваад цагдаад баригдсан. /хх-ийн 61-62/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд,

     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11656 дугаартай: Д.Энхбаярын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-22/ гэсэн дүгнэлт,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/,  эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 82/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-86/, цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх-ийн 4/,

 

шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Г.Б ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95/, ял шалгах хуудас /хх-ийн 90/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 110-113/, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 114/

Ө.Э ын ял шалгах хуудас /хх-ийн 88/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97/

Э.Ганбаганын ял шалгах хуудас /хх-ийн 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-145/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Г , Г.Б , Ө.Э  нар 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны гадна иргэн П.Энхбаярт хүч хэрэглэн зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан гар утас, мөнгөн бугуйвч гутал зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

хохирогч П.Энхбаярын”...орц руугаа орохоор булан тойртол өөдөөс 3 үл таних залуу хүрч ирээд намайг үгийн зөрөөгүй цохиж унагаагаад өшиглөж дэвсэж зодсон. Ингэж зодож байхдаа Самсунг эс 1 маркийн гар утас, бугуйнд байсан мөнгөн бугуйвч, хүзүүнд байсан бурханы сахиусыг дээрэмдэж авсан...” /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг, “...намайг орц руугаа орохоор байрны булан тойртол 3 залуу үгийн зөрүүгүй ирж цохиж унаган, өшиглөж дэвсэж зодсон...нэг эрэгтэй нь намайг араас хоолойгоор боож гараараа тэвэрсэн байхад нэг нь гутлыг нь тайл тайл гээд байхыг би сонссон. Тэгэхээр тэд нар миний гутлыг дээрэмдэж авсан. Тэдгээр 3 залуу 3-уулаа нийлж зодож цохиж, дэвсэж өшиглөж намайг гэмтээж эд зүйлийг маань дээрэмдсэн...Харин эхнэрийг маань гарч ирэхэд хоёр нь зугатаад нэг нь үлдсэн намайг зодож цохьсон хэвээр байсан. /хх-ийн 159/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч П.Батдуламын”...03 цагийн үед манай байрны орцны үүдэнд манай нөхрийн дуу гараад орилоод байхаар нь цонхоор харахад манай нөхрийг  одоо энд баригдаж ирсэн 3 залуу нийлээд зодож байхаар нь би гүйж гараад очиход 2 залуу нь алга болчихсон... тэр манай нөхрийг зодоод зугатаасан нэг залуугийнх нь араас очиж барьж аваад цаашаа явж байгаад түрүүлээд алга болсон хоёр залууг нь барьж авсан юм. Эхэлж баригдсан залуугаас нь манай нөхрийн Самсунг эс 1 маркийн гар утас гарч ирснийг цагдаа хурааж авсан... /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11656 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22/,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/,  эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 82/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-86/, цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх-ийн 4/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос нэр бүхий шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Г , Г.Б , Ө.Э  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ял оногдуулах  хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Г , Г.Б , Ө.Э  нарт эрүүгийн хариуцлага  оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.   

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Б , Ө.Э  нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг “миний үйлчлүүлэгч Г.Б , Ө.Э  нар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргав.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Энхбаярын”... 3 үл таних залуу хүрч ирээд намайг үгийн зөрөөгүй цохиж унагаагаад өшиглөж дэвсэж зодсон...” /хх-ийн 12/ гэсэн, “...тэдгээр 3 залуу залуу 3-уулаа нийлж зодож цохиж, дэвсэж өшиглөж намайг гэмтээж эд зүйлийг маань дээрэмдсэн. Хэн нэг нь оролцоогүй гэж хэлэхээргүй учир нь намайг цохиулаад газар унахад ар нуруун дээрээс 2 талаас 3 зэрэг өшиглөөд байсан...харин эхнэрийг маань гарч ирэхэд хоёр нь зугатаад нэг нь үлдсэн намайг зодож цохьсон хэвээр байсан. /хх-ийн 159/ гэсэн мэдүүлэг,

гэрч П.Батдуламын”... энд баригдаж ирсэн 3 залуу нийлээд зодож байхаар нь би гүйж гараад очиход 2 залуу нь алга болчихсон... тэр манай нөхрийг зодоод зугатаасан нэг залуугийнх нь араас очиж барьж аваад цаашаа явж байгаад түрүүлээд алга болсон хоёр залууг нь барьж авсан юм...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,

цагдаагийн ажилтны илтгэх хуудсанд “...үүрэг гүйцэтгэх хугацаанд хариуцсан нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад П.Энхбаярыг Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Э.Г , Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Г.Б , Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Ө.Э  нар нь бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлж цааш шалгуулахаар жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв” гэж тэмдэглэгдсэн байна. /хх-ийн 4/

Эдгээр мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Б , Ө.Э  нар дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэж мэдүүлж байгаа нь няцаагдаж байх тул тэдгээрийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Түүнчлэн нэр бүхий шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул  эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 330.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Ганбаганы эд зүйлсийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г , Б , Э  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г д 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч Г.Б ,  Ө.Э  нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон Э.Ганбаганы 100 хоног, Г.Б ий 12 хоног, Ө.Э ын 5 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Г , Г.Б , Ө.Э  нараас тус тус 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Энхбаярт олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ирсэн куртик 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэгийг Э.Г д өөрт нь буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Г , Г.Б , Ө.Э  нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ