Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1425

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00992 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохирол 28 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83А дугаар байр, 98 тоот орон сууцны өмчлөгч юм. Б.М-ээс уг орон сууцыг тавилгын хамт нэг м.кв талбайг нь 1 850 000 төгрөгөөр тооцон 180 375 000 төгрөгөөр Г.Б- нь худалдан авахаар аман хэлцэл байгуулсан. Тухайн үед гэрээг бичгээр байгуулаагүй, орон сууцны үнийг төлөх хугацааг тохироогүй бөгөөд Г.Б- нь орон сууцны төлбөрт 14 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 166 375 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. Мөн гэрээнээс учирсан хохирол болох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцыг хөлслүүлсэн бол нэг сарыг 800 000 төгрөгөөр тооцон нийт 28 800 000 төгрөгийн орлого олох байсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.М- болон түүний нөхөр Б.Б нарын “Е” ХХК-ийн ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83А дугаар байр, 98 тоот 97.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.Б- нь нэг м.кв талбайг нь 1 500 000 төгрөгөөр тооцон, 146 250 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг орон сууцны төлбөрт Г.Б- нь нийт 96 000 000 төгрөгийг төлсөн. Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, төлбөр төлөх хугацааг тохиролцоогүй ба нэхэмжлэгч талаас гэрээний дагуу төлбөр шаардаж, мөн гэрээнээс татгалзах мэдэгдлийг худалдан авагч Г.Б-д ирүүлээгүй тул Б.М- нь гэрээнээс татгалзах эрхгүй юм. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохиролд 28 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1 059 825 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 301 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, өмгөөлөгч Т.Д нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх” гэсэн шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг мөн шүүх харгалзан үзээгүй.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.М- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83А байрны 98 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 97.5 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд Г.Б-ы худалдан авах хүсэл зоригийг хүлээн авч уг орон сууцыг 2013 оны 4 дүгээр сард түүний эзэмшилд шилжүүлсэн. Тухайн үед бүрэн тавилгатай гурван өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 850 000 төгрөгөөр тооцон нийт 180 375 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож аман хэлбэрээр хэлцэл хийсэн. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээгээр худалдан авагч Г.Б- нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах, худалдан авах хөрөнгийн үнийг төлснөөр худалдагч Б.М- нь өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Ийнхүү хариуцагчид итгэн орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн боловч тохиролцсон үнийг төлөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй уг хөрөнгийг өдийг хүртэл ашиглаж, үр шимийг хүртсээр байна.

Хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгч байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 14 000 000 төгрөгийг төлсөн ба үүргийн зөрчил хангалттай хэмжээд арилаагүй тул уг хугацаанаас эхлэн хариуцагчаас орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг шаардсаар ирсэн. Гэвч түүний өвчин зовлон, гачигдлыг ойлгож өнөөдрийг хүртэл хүлээсэн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр огт тохиролцоогүй ба орон сууцны үнийг бүрэн төлнө гэсэн итгэл үнэмшлийн хүрээнд хариуцагчид орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн.

Иймд хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг сануулж, биелүүлэх хангалттай хугацаа олгосон боловч зохих ёсоор гүйцэтгээгүй тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр хугацаа хэтрүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-тай байгуулсан гэрээнээс татгалзаж түүний эзэмшилд шилжүүлсэн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан болно.

Маргаан бүхий орон сууцтай холбоотой эрхийг бие даан хэрэгжүүлэх субъект нь нэхэмжлэгч Б.М- бөгөөд бусдын хийсэн хэлцэлтэй холбоотой үр дагаврыг хүлээх ёсгүй юм. Хариуцагчийн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаагаас үүдэн өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцыг ашиглах, үр шимийг хүртэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтайгаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны эзэмшлийг шилжүүлж бодит үйлдэл хийсэн, хариуцагч орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авчихаад үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосноос хойш буюу 2016 оноос хойш огт төлбөр төлөөгүй. Уг нөхцөл байдлаа төлбөр төлөх хугацааг тогтоогүй, төлбөр төлөөгүй байдлаа төлбөр төлөхийг шаардаагүй учраас гэсэн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохиролд 28 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83А байрны 98 тоот 97.5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг Г.Б-д м.кв талбайг 1 850 000 төгрөгөөр үнэ тохирч худалдахаар аман хэлцэл байгуулж, 2013 онд уг орон сууцыг түүний эзэмшилд нь шилжүүлсэн гэж нэхэмжлэгч Б.М-, уг орон сууцыг Б.М-ээс м.кв-ын үнийг 1 500 000 төгрөгөөр тохиролцож худалдан авахаар аман хэлцэл байгуулсан, нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн Б.Балдан-Осорт 96 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр төлөх хугацааг тогтоогоогүй, 2013 оны 4 дүгээр сараас орон сууцанд амьдарч байгаа, төлбөр төлөхийг шаардсан, хугацаа тогтоосон, үүргээ биелүүлэхгүй бол гэрээнээс татгалзах талаар мэдэгдэж байсан удаагүй” гэж хариуцагч Г.Б- тус тус тайлбарласан ба шүүх зохигчдын тайлбар, гэрч У.Намууны мэдүүлгийг үнэлж, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч буюу худалдагч Б.М- нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авагч Г.Б-ы эзэмшилд шилжүүлсэн боловч гэрээний төлбөрийг төлөх хэлбэр, хугацааг ямар байдлаар тогтоосноо баримтаар нотлоогүй, гэрээний төлбөр төлөхийг шаардаж, хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзах санал гаргаж байсан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Дээрхээс үзвэл хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах үндэслэл нэхэмжлэгч талд үүссэн, ийнхүү татгалзах саналаа худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгч талд мэдэгдсэн, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймд гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно. Түүнчлэн, Г.Б- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг худалдагч талаас шилжүүлэн өгсний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байх тул бусдын өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж, өмчлөгчид хохирол учруулсан гэж үзэхгүй бөгөөд 28 800 000 төгрөгийг хохирол гэж шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасанд хамаарахгүй.

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг үнэлэн, нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах, орон сууцыг буцаан шаардах, хохирол шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 361 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ