Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/940

 

                                                              М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батзориг,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргил,

яллагдагч М.Б, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЗ/2323 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батзоригийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцэл болон яллагдагч М.Б-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн М.Б-д  холбогдох 2206 00000 0524 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн М.Б, **** оны * дүгээр сарын *-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ****** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ******* дүүргийн * дүгээр хороо, **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:********** /;

Яллагдагч М.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн урд 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Н-той үл ялих зүйлээр маргалдан улмаар гараараа 3-4 удаа нүүр лүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй гэж үзлээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын гаргасан хүсэлтүүдийг хянан үзэхэд хохирогч С.Н нь яллагдагч М.Б-д цохиулсны улмаас газарт унаж ухаан алдаж амь нас нь хохирсон байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэр дурдсан гэрчүүдийг дахин асууж мэдүүлгийн зөрүүг гаргах, мөн дүгнэлт гаргасан шинжээч нарыг дахин асууж, мэдүүлгийн зөрүүг арилгах, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нь хохирогчийг архины хамааралтай талаар тайлбарлаж байх тул Цагдаагийн мэдээллийн “АСАП” сангаас хохирогчийн хувийн мэдээллийг гарган авч хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг нэмж хийх нь зүйтэй гэж үзэн М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Захирамжийн тодорхойлох хэсэгт “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын гаргасан хүсэлтүүдийг хянан үзэхэд хохирогч С.Н нь яллагдагч М.Б-д цохиулсны улмаас газарт унаж ухаан алдаж амь нас хохирсон...” гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж хуульчилсан байх бөгөөд тухайн хэлэлцүүлгээр гэм буруугийн талаарх асуудал яригдаагүй байхад шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлийг нотлох баримтад тулгуурлан тайлбарлаж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан буюу шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт... няцаан үгүйсгэсэн үндэслэл” тусгагдана гэснийг зөрчсөн.

2. Прокуророос М.Б-д холбогдох хэргээс амь хохирогч С.Н нас барсан гэх хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хохирогч С.Н-ын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, С.Н нь нас барсан гэх хэрэг бүртгэлтийн хэрэгт хийгдэж байгаа ажиллагааг М.Б-ийн амь хохирогч С.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хийлгэхээр буцаасан нь буруу байна. Учир нь, шүүхээс М.Б-ийн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдсэн хэргээс С.Н нас барсан гэх хэргийг тусгаарласан нь хууль зөрчсөн гэж үзээгүй атлаа, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч С.Н-ын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтэд дурдсан ажиллагааг хэрэг бүртгэлтийн 220602816 дугаартай тусгаарласан хэрэгт хийгдэж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцвэл зохих хэм хэмжээнээс хэтрүүлсэн байх тул шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2323 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжид үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч М.Б-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Анхан шатны шүүх М.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Амь хохирогч С.Н-ын амь хохирсон шалтгаан болон М.Б-ийн цохисон үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа талаар бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын багийн ахлагч тэргүүлэх зэргийн шинжээч эмч маш нарийн тайлбарлаж мэдүүлэг өгсөн.

Энэ нь амь хохирогч 24 цагийн өмнө тархиндаа хүнд гэмтэл авсан болох нь цусны бүлэнгийн нөжрөлтөөр нарийн тогтоогдож байгааг мэдүүлсэн байцаалтад хохирогчийн өмгөөлөгч бид нар хамт байлцсан. Тэрээр амь хохирогчийн амь нас хохирсон тархины хүнд гэмтлүүдийг урьд нь авсан байсан, 3 цагийн дотор ийм нөжрөлт үүсэхгүй, энэ гэмтлүүдийг аваад тухайн хүний эрүүл мэндийн байдлаас болж хэдий ч хугацаанд амьд явж болно.

М.Б-ийн нүүр лүү цохисон үйлдэл, амь хохирсон нас барсан асуудалд шууд шалтгаант холбоо байхгүйг тодорхой мэдүүлсэн юм.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр М.Б-ийн амь хохирогчийн нүүрэнд учруулсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэдгийг ч дүгнэсэн. Иймд прокурорын эрх мэдлийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

            2.  Амь хохирогчид учирсан гэмтлийн талаар 2 удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй 2 тал маргаагүй, харин энэ гэмтлийг авсан хугацааны хувьд тайлбарлаж мэдүүлэг өгөхдөө эхний шинжээч эмч цаг хугацааг тогтоох боломжгүй мэтээр мэдүүлснийг давтан шинжээч эд эсийн шинжилгээгээр урьд нь 24 цагийн дотор үүссэн гэмтэл, түүнээс 3 цагийн дотор үүсээгүй болохыг дурдсан учраас дахин шинжээч томилох шаардлагагүй юм. Харин шүүх хуралд давтан шинжээчийн багийг байлцуулан энэ талаар тайлбар мэдүүлэг авах боломжтой юм.

            3. Хохирогчийн өмгөөлөгчийн мэдүүлгийн зөрүүгийн талаар шалгуулах тухай. Анх цагдаа дээр гэрч нарыг согтуу байцаан мэдүүлэг авсан бөгөөд гол гэрч Г.Б нь өөрийн сүүлийн мэдүүлгээ үнэн зөв гэдгээ мэдүүлсэн. Энэ хэрэгт хамт байсан гэх Н.Ү-ийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа бөгөөд түүнийг архи авахаар яваад өгснийг гол гэрч Г.Б мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн 2323 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү. ... ” гэв. 

Яллагдагч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...   Түргэний эмч ирээд үзлэг хийх үед амь хохирогч хөлөө жийгээд газар сууж байсан. Түргэний эмч үзлэг хийж дуусаад явахдаа “Энэ хүн чинь ухаангүй согтуу байна. Гэрт нь хүргэж өгөөд унтуул. Эсвэл цагдаад өгөөд эрүүлжүүл” гэж хэлсэн. Зүгээр болохоор нь Г.Б бид хоёр амь хохирогчийг хаяж явах гэж байгаад болиод цагдаад хүлээлгэж өгсөн. Цагдаа ирээд талийгаачийн чихийг хүчтэй үрэх үед талийгаач уурлаад “болиоч” гэж хэлж байсан. ... Г.Б-ийн гэрт аваачиж унтуулахаар болоод цагдаагийн машины арын төмөр шал руу дамжилж байгаад шидсэн. Тухайн өдөр баярын өдөр байсан учраас зам дээр ямар ч тээврийн хэрэгсэл байгаагүй. Маш хурдтай явж байсан. ... Хашааны гадаа очоод амь хохирогчийг өргөх үед хохирогч амны хаалтаа өөрөө зуурчихсан, амнаас нь цус садарчихсан байдалтай байсан. Өргөөд дийлэхгүй байсан учраас цагдаа хамт өргөлцөөд Г.Б-ийн гэрт оруулсан. ... цагдаа амь хохирогчийн амнаас гарсан цусыг цамцаар нь арчиж байсан. ... Цагдаагийн машинд суугаад 20-30 минут болж байтал цагдаа ирээд “Одоо чи нэг ордоо” гэхээр нь ороод талийгаачийн биед хүрэхэд халуун байсан. Амьсгалыг нь үзэхэд мэдэгдэхгүй байсан. ...  Намайг хоригдож байх хугацаанд мөрдөгч ганц ч удаа ирээгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний эцэг зүгээр явж байгаад амиа алдсан. Гэтэл хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэнийг ойлгохгүй байхаас гадна санал нийлэхгүй байна. Түргэн тусламжийн эмч ирээд анхны тусламж үзүүлэх боломжтой байхад нь Г.Б, М.Б нар “Тасраад уначихсан” гэж хэлээд тусламж үзүүлээгүй. Хэрэв эмчид цохисон, зодсон гэж хэлсэн бол анхны тусламж үзүүлэх байсан гэж бодож байна. ... Аав маань надад зодуулсан, тархиндаа гэмтэл авсан гэж огт хэлж байгаагүй. ... Эзэнгүй хэргийг тусгаарлаж байгааг эсэргүүцэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ын өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжид болсон үйл явдлын талаар бичсэн болохоос гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгахаар 6 асуудал бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан. Тухайлбал, гэрч Г.Б нь 3 удаа өөр мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүд нь М.Б-ийн мэдүүлгээс зөрдөг. М.Б “Ч гэдэг хүн байсан” гэж хэлдэг бол Г.Б “Ч гэж хүн байгаагүй” гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт гурван удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд 3 цаг, 24 цаг, 6 цагийн дотор цусны бүлэн үүсдэг гэж гурван өөр байдлаар дүгнэсэн. Иймд шинжээчийн дүгнэлтийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Прокурор хэргийг авангуутаа нэг үйлдлийг тусгаарлаад энэ хэргийг шүүхэд шилжүүлчихсэн. Хэргийг тусгаарласан тогтоолтой бид шүүхэд ирээд хавтаст хэргээс танилцсан. М.Б-ийн үйлдлээс болж С.Н-ын амь хохирсон байхад хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргилын гаргасан “... гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нараас дахин мэдүүлэг авах, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах... зэрэг ажиллагааг нэмж хийлгүүлэх”-ээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, М.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч М.Б-д холбогдох 2206 00000 0524 дугаартай эрүүгийн хэргээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн урд хэсэгт 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр С.Н нь бусдад зодуулж, гавал тархины гэмтлийн улмаас буюу гадны нөлөөтэй нас барсан” гэх хэргээс тусгаарласан нь эргэлзээтэй, М.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч С.Н-ын амь нас хохирсон шалтгаант холбоо байгаа эсэхийг хангалттай шалгаж тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт хийж, М.Б-д холбогдох хэргийг тусгаарлах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байжээ

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “... М.Б-д холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийлгэх, ...”-ээр бичсэн прокурор Ч.Батзоригийн эсэргүүцэл мөн яллагдагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “... хохирогч С.Н нь яллагдагч М.Б-д цохиулсны улмаас газарт унаж ухаан алдаж амь нас нь хохирсон байна. ...” гэж гэм буруугийн талаар хэлэлцээгүй атлаа хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Үүнээс гадна, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЗ/2323 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батзоригийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцэл, яллагдагч М.Б-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ  

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                ШҮҮГЧ                                                            М.АЛДАР