Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Хохирогч У.Л,

Шүүгдэгч Б.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б. Б холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт хохирогч У.Л хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хохирогч намайг өдөр утсаар яриад дуудсан. Уулзаад гэрт нь очоод 2 пиво уусан. Дараа нь би бас 2 пиво авсан. Уусны дараа энэ намайг үгээр өдөөд, доромжлоод гадаа нь гараад үзье гээд байхаар нь би гараад чулуу аваад шидсэн... Уухаасаа өмнө ажил дээр хэрэлддэг байсан...эмчилгээний төлбөр гэж 10 000 төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч У.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “ Б-г утсаар дуудаад гэрт хамт очсон. Манай хамаатан гэрт нэг шил архитай ирээд, би 2 пиво авч уусан. Тэгээд энэнээс болж маргасан. Гадаа ухаангүй болтлоо зодуулсан байсан. Шөнө дунд гэртээ орж ирж унтаад маргааш нь ажил дээр очиход дарга загнаад эмнэлэг явсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...Ажлаас 4 хоногийн чөлөө авсан өдрийн 40 000 төгрөгөөр ажилладаг. Толгойны эм аваад 60 000 төгрөг болсон...Эхнэр нь ирээд цагдаагаас өргөдлөө буцаагаад авсан учраас гарын үсэг зур гэхээр нь гарын үсэг зурсан... надад 10 000 төгрөг өгөөд 20 000 төгрөгийг нь дараа өгье гэж хэлсэн” гэв.

 

Хохирогч У.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шиг санаж байна би хамт ажилладаг Б гэх залуутай хамт пиво уусан...Б бид 2 ажлаасаа болж хоорондоо маргалдаад Б анх гэрт байхад миний толгой руу гараар нэг удаа цохьсон... мөн гадаа гараад тоосго барьчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 6-7, 10-13 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л, Б 2 хоорондоо маргалдаад барилцаж авахаар нь би дундаар нь орж салгасан...гэрээс гараад нөгөө 2 дахин маргалдаад Б газраас чулуу аваад Л-ийн толгой руу цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орцных нь үүдэнд Л  намайг өдөөд байхаар нь би газраас цементэн шавар аваад шидэж Л-н нүүрийг оносон мөн гараараа хэд хэдэн удаа цохиход Б намайг салгаад гэрт хүргэж өгсөн...Би өөрийнхөө бурууг хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай: “...У.Л-н биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дотор салстын цус харвалт, дух, зүүн хөмсөгний дээд хэсэг зүүн чамархай, зүүн шанаа, зүүн хацар хамарсан зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт хохирогч У.Л-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б.Б бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хавтас хэргийн 55 дугаар хуудаст хохирогч У.Л нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн боловч У.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт:“... энэ хүсэлтийг би бичээгүй, Б-н эхнэр над дээр ирээд чиний өргөдлийг цагдаагаас авчихлаа, одоо чи гарын үсэг зураад л болно гэхээр нь болдог юм байх гэж бодоод л гарын үсэг зурсан, тэгээд ч би бичиг үсэг мэдэхгүй болохоор юуг нь ч  мэдэлгүй гарын үсэг зурсан, надад 10 000 төгрөг л өгсөн, 30 000 төгрөг би аваагүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн“... манай эхнэр энэхүү хүсэлтийг бичээд Л-оор гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд хохирогчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийллээр хийгдээгүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, бичиг үсэг мэдэхгүй учраас хууль бус хүсэлтийг хохирогч У.Л-ийн өмнөөс шүүгдэгч Б.Б-ийн эхнэр бичиж гарын үсэг зуруулсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Хохирогч У.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 30 000 төгрөг нэхэмжилсэн ба 10 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн болно. Харин цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б. Б бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 4 / дөрвөн / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА