Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/974

 

                                                         С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа, Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.А-д холбогдох 2206 01497 1425 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

**** овгийн С.А, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ***** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: *********/;

Шүүгдэгч С.А нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 23 цагийн орчимд ****** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар гудамжны ** тоотод өөрийн гэртээ согтуугаар хохирогч Б.Д-той тухайн цаг үедээ үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Б.Д нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт бодит байдалд нийцээгүй. Цагдаагийн дэслэгч Г.Д өмгөөлөгчгүй эрүүлжүүлэхээс гаргаж, шууд тулгаж асуулт тавьж байцаасан. Хохирогч өөрийн хийсэн үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлээгүй. Тухайн үед гэр оронд минь орж ирээд цай хоолоо өгч, архи нэхэхэд нь архи гаргаж өгөхөд голж одон медалийг минь авч чулуудан, үндэс угсаа, яс үндсээр минь доромжилсон бөгөөд зодох гээд дайрах үед нь маш их цочирдон, хийх үйлдлээ хянах чадваргүй болсон. Нэг мэдсэн хүн хутгалчихсан гэдгийг мэдээд ухаан балартаж эрүүлжүүлэхэд ухаан орсон. Би хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Хэргийн үйл баримтын талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийн талаар маргасан. Учир нь, хохирогч Б.Д нь хэрэг гарах өдөр С.А-тэй хэрүүл маргаан үүсгэсэн байдаг ба түүний Онцгой байдлын газраас өгсөн тэмдгийг “төмөр” гэж авч чулуудсан, мөн түүнийг “буриадын хүүхэд” гэх зэргээр бах таваа ханган ярьж, доромжилсон үйлдлийн улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж, уг гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хууль тогтоогчоос энэ гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж заасан. Гэрч Ж.У, хохирогч Б.Д, гэрч М.Э нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзвэл хохирогч Б.Д нь архидан согтуурсан үедээ С.А-г үндэс угсаа, гарал үүслээр нь доромжилж, мөн түүний бахархаж явдаг Онцгой байдлын алба, улсад үр бүтээлтэй үнэнч шударга ажилласных нь төлөө өгсөн одон медалиа бахархан үзүүлэхэд авч чулуудан “чи юу хийсэн юм” гэх зэргээр нэр төрийг нь гутаан доромжилсон үйлдлийг нь хууль ёсны, зүй ёсны үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

Хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд нь миний үйлчлүүлэгчийг хохирогчийг хутгалах, гэмтээх санаа зорилго огт агуулаагүй болохыг нотлохын зэрэгцээ уг гэмт хэргийн гол шинж болох тухайн үеийн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгоогүйн илрэл бөгөөд  гагцхүү “хүн хутгалчихлаа” гэж хэлэхэд нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, хутгалуулсан газар нь алчуур тавьж, тусламж үзүүлэх оролдлого хийсэн гэж үзэж байна. Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Энэ зүйл хоромхон зуурт болсон, миний бие эрүүл саруул болсон, тухайн гэмт хэрэг гарахад миний буруутай үйлдэл нөлөөлсөн” гэснээс үзэхэд тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь харагдаж байна. Мөн шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар огт маргаагүй бөгөөд зөвхөн зүйлчлэлийн талаар маргаж гомдол гаргасан. Шүүгдэгчийн хоригдож байгаа хорих ангийн эмчийн тодорхойлолтоор түүний биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа, эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн тусламж авсан. Мөн С.А нь өндөр настай, тэтгэвэрт байдаг, улсын байгууллага, тэр дундаа Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Урьд ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг.

Хохирогч Б.Д нь С.А-г дээрх байдлаар доромжилсон үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд орсон, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг. Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд тус шүүх хуралдаанд Л.Мөнхтуяа өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч С.А-ийн биеийн байдал хүнд, хорих ангид эмчийн хяналтад байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Б.Д нь “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн, мөн үйлдлийн шинж, хэрэг гарах болсон нөхцөл, шалтгаан зэргийг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тус шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд, түүнд холбогдуулан хэлж байгаа тайлбар зэргээс харахад хоёрдмол утгатай байна. Нэг талаас шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй утга агуулга харагдаж байх боловч нөгөө талаас зүйлчлэл дээр маргаж байна. Өөрийн хийсэн үйлдэл, гэм буруугийн талаар маргаж байгаа гэдэг бол тухайн зүйлчлэлийн талаар маргасан гэж ойлгоно. Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ  хохирогч нь шүүгдэгч С.А-г “Чи буриадын хүүхэд, буриадын хүүхэд хутгалчихдаг гэсэн шүү” гэж хэлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Энэ үйлдлийг нь хүнийг хүндээр доромжилсон, гүтгэсэн, яс үндэстэй нь холбогдуулан доромжилсон гэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.А нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ****** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар гудамжны ** тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Б.Д-той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Д-ийн “... Би Ж.У ахтай хамт С.А ахынд очиж, 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уучихаад, ... гэр лүүгээ явахаар хувцасаа өмсөөд сууж байхад С.Ад ах согтуурхаж, хутга шөвөг яриад байхаар нь “буриадын хүүхэд хутгалчихдаг гэсэн шүү” гэж хэлэхэд “би буриадын хүүхэд” гэж хэлээд хар өнгийн иштэй том хутгаар миний зүүн талын хэвлий хэсэгт нэг удаа хутгалахад Ж.У ах дундуур орж болиулсан. ...”   /хх 18/,  

гэрч Д.Г-ын “... Намайг очиход С.А нь манай аав Б.Д-ийг хутгаар хэвлий хэсэгт нь хутгалчихсан, аав орон дээр нь шархаа дараад хэвтэж байсан. Би шууд 103-т дуудлага өгсөн. ...” /хх 20- 21/,

гэрч М.Э-ийн “... маргалдаж байгаад хоорондоо барьцалдах шиг болохоор нь өрөөнөөс гарч очиход, Д ширээний хажуу талд дээшээ харчихсан, гэдсээ дарчихсан сууж байсан. Юу болсон талаар асуухад С.А нь Б.Д-ийг хутгалсан талаар У хэлсэн бөгөөд Д-ийг хойш нь хэвтүүлж цамцыг нь сөхөж үзэхэд 3 см хэмжээтэй шарх үүсчихсэн, цус гарч байхаар нь нь маск болон алчуураар дарж, эхнэрийг нь дуудсан. Эхнэр нь хүүгийнхээ хамт ирж, хүү нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 23-24/,

гэрч Ж.У-ын “... 22 цагийн үед Д хамт А-ийн гэрт очсон. ... Тэгээд С.А, Б.Д нар хоорондоо маргалдаж эхлэхэд би “эвтэй бай” гэж хэлсэн. ... Б.Д-ийн биед С.А гэмтэл учруулсан ба ... хэвлий хэсэгт хутгалж гэмтээсэн. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Д-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд сул цус /мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5380 дугаартай дүгнэлт /хх 76-77/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, өвчний түүхийн хуулбарууд /хх 52-72/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үг хэллэг нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хэмжээнээс доогуур ял буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нар “... шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

Түүнчлэн, тухайн нөхцөл байдалд өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэн үзвэл хохирогч Б.Д, шүүгдэгч С.А нар нь ахуйн хүрээнд архидан согтуурах явцдаа хохирогч Б.Д-ийн өмнө нь ажиллаж байсан албаны тэмдгийг авч шидэх, “буриадын хүүхэд хүн хутгалчихдаг” гэж хэлсэн зэрэг маргааны улмаас шүүгдэгч С.А нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогчийг хутгалсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн дээрх үйлдэлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдал үүссэн гэж үзэхээргүй, энэ ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хохирогчийг зүй бус үйлдэл гаргасан гэж дүгнэж байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд шүүгдэгчийг сэтгэл санааны цочролд оруулах хэмжээнд хүндээр доромжилсон байдал тогтоогдохгүй байна.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.А нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР  

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР