Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01024

 

Х.Узбений нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,         

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00061 дүгээр магадлалтай,

Х.Узбений нэхэмжлэлтэй

Б.Бахытжан, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газарт холбогдох,

Б.Бахытжаны барьсан хашааг буулгуулж, зам чөлөөлүүлж, хуучин байдалд нь оруулах, шинээр барьсан барилгын хэрэглэгчийн шугамыг төвийн шугамаас холбуулах, гэм хорын хохиролд 80.440.519 төгрөг гаргуулах, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газар, иргэн Б.Бахытжан нарын хооронд 2014 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ”г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Бахытжаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-очир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Узбений шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  би АПС-ийн барилгыг 2004 онд Холбооны газраас худалдан авч улмаар 2 давхар болгон өргөтгөн, орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа юм. Түүний халаалт, цэвэр, бохир усны болон хэрэглэгчийн шугамууд зөвхөн нэг давхар бүхий АПС-ийн барилгад л тохирсон техникийн тооцоогоор холбогдсон. Холбооны газраас АПС-ийн барилгад татагдсан хувийн хэрэглэгчийн шугамыг би хариуцна. Бидний орон сууцны хажуу талд 4 давхар орчин үеийн том барилга барьсан Б.Бахытжан нь бидний хувийн хэрэглэгчийн шугамаас халаалт, цэвэр усны шугамыг дур мэдэн холбож авснаас болж манай барилгын халаалтын буцах шугам бараг ажиллахгүй болсон. Үүнээс болж байр хэвийн халахгүй, хөлсөлж сууж байсан иргэд нүүсэн. Мөн гуч гаруй жил авто гаражид орж гарч байсан автомашины замыг хааж хашаа татсанаас хойш гараждаа орж чадахгүй байна. Иймд бидний авто гаражид орж, гарах замыг чөлөөлүүлж, хуучин байдалд оруулж, шинээр барьсан барилгын хэрэглэгчийн шугамыг хууль зүйн дагуу холбох ёстой төвийн шугамаас холбуулж өгнө үү. Миний өмчлөлийн барилгын дулааны шугамаас Б.Бахытжан дур мэдэн салаалснаас манай барилгын дулааны горим алдагдаж, улмаар хүйтний улиралд хэвийн дулаантай байж чадахгүй болсон учир түрээслэгч байгууллага, иргэд түрээсийн “гэрээ сунгахаас татгалзаж байрнаас гарсан болно. Үүнд "Дэлхийн зөн" ОУБ-д түрээслүүлж олдог байсан орлогыг тооцсон. Харин бусад орлогыг тооцоогүй болно. Өвөл 7сар х 880 доллар=6160 доллар, зунд 5 сар х550 доллар=2750 доллар, 4 жилд /2012- 2015 он/ 35640 доллар, 2011 оны сүүлийн 6 сарын 4675 доллар, нийт 40315 доллар буюу 51.440.519 төгрөгийн хохирлыг барагдуулж, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХК Баян-Өлгий аймаг дахь газар болон Б.Бахытжан нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэх “Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Б.Бахытжаны шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Узбений эзэмшлийн газар биш, нийтийн эдэлбэрийн ч газар биш. Уг газар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн газар буюу хуулийн этгээдийн эзэмшлийн газар юм. Би уг газрыг эзэмшигч этгээдийн зөвшөөрлөөр, газар ашиглах гэрээний дагуу сар болгон төлбөрөө төлж ашиглаж байгаа юм. Миний хашаа татсан газар нь Х.Узбений байшин доторх түрээсэлж байгаа талбайд саад болоогүй бөгөөд ямар ч холбоогүй юм. Одоогийн байдлаар авто гаражид машин орж гарах боломжтой, уг байшинд байрлах үйлчилгээний газруудад иргэд чөлөөтэй үйлчлүүлдэг бөгөөд орж гарах гарах орц, явган хүний зам байгааг фото зургаар харуулж байна. “Дэлхийн Зөн” ОУБ-ын иргэн Х.Узбентэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болж, ажилчин албан хаагчдынх нь орон тоо нэмэгдэж тус байрны түрээсийн талбай багадсан учраас цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж албан бичиг хүргүүлсэн байсан. Иймд Х.Узбөний эрх зөрчигдөөгүй тул Б.Бахытжан би хохирлыг хариуцах үндэслэлгүй. Миний өөрийн барилгын суурь газрыг нэхэмжлэгч надад “эргэн тойронд нь инженерийн шугам сүлжээтэй, цэвэр, бохир ус, халаалтын шугамтай” гэж танилцуулснаар 2010 онд худалдаж авсан. Б.Бахытжан мэргэжлийн байгууллага болох Эрчим ХХК-д хандаж ном журмын дагуу зохих зөвшөөрөл, тооцоо хийсэн техникийн нөхцөлөөр дулаанаар хангах гэрээ хийж. Эрчим ХХК дулааны шугамд холбож өгсөн. Би өөрөө дур мэдэж холбож аваагүй. Нэхэмжлэгчийн дулааны хангалт буурсан нь нотлогдоогүй. Миний бие ард иргэдийн нэгэн адилаар дулаанаар хангагдах эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын тайлбартаа: “АПС-ийн барилгын хажуу талын 520 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжийн дагуу газар эзэмших эрхийн 0144535 тоот гэрчилгээгээр аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Уг газар нь одоо хүртэл, жил бүрийн Төрийн өмчийн тооллогод хамрагдаж ирсэн манай данс бүртгэлтэй, төрийн өмч. Бид хууль ёсны улсын бүртгэлтэй өмчөө хамгаалуулах, хөрөнгөө ашиглуулж орлого олох зорилгоор Газрын тухай хуулийн35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.Бахытжантай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээ хийсэн. Х.Узбен өөрийн татсан хашаа хайсаа авбал нийтийн эдэлбэр газар хүн, машин чөлөөтэй зорчих бүрэн боломжтой. Манай байгууллага иргэн Х.Узбенд барилга худалдсан болохоос халаалт, дулааны шугам худалдаагүй. Халаалт, дулааны шугамын барилга, байшин хүртэлх гадна хэсэг нь аймгийн "Эрчим"ХХК-ийн өмч ба доторх шугам, сүлжээ нь тухайн байгууллагын өөрийн нь өмч учраас энэ асуудал манай байгууллагатай огт холбоогүй, бид үүнд буруугүй. Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд иргэн Х.Узбений нэхэмжлэлд дурдаж буй хохирол болох 80,440,519 төгрөгийг манай байгууллага хамтарч           хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож, манай эзэмшил газрыг хамгаалах зориулалтаар иргэн Б.Бахытжаны барьсан хашааг хэвээр хадгалахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 11 дугаар шийдвэрээр: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч X.Узбений нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж авто гаражид орж, гарч байсан замыг хаасан Б.Бахытжаны барьсан хашааг буулгуулж, замыг чөлөөлүүлж, хуучин байдалд нь оруулахыг хариуцагч Б.Бахытжанд даалгаж, Б.Бахытжаны шинээр барьсан барилгын хэрэглэгчийн шугамыг хууль зүйн дагуу холбох ёстой төвийн шугамаас холбуулж номын дагуу болгох, Б.Бахытжаны хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 80440519 төгрөг гаргуулах, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХКомпаний Баян-Өлгий аймгийн газар иргэн Б.Бахытжан нарын хооронд 2014 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Узбений улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630353 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бахытжанаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Узбенд олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00061 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Бахытжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаартай шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2016 оны 206/МА2016/00061 дугаартай магадлалын нэхэмжлэгч Х.Үзбений шүүхэд гаргасан нэхэмжлэлийн заримыг нь хангасан хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн дагуу 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй , хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараахь үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

1. Шүүхийн дээрх шийдвэрүүдээр нэхэмжлэгч Х.Үзбений шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “авто гаражид орж, гарч байсан замыг хаасан Б.Бахытжаны барьсан хашааг буулгуулж, замыг чөлөөлүүлж, хуучин байдалд нь оруулахыг Б.Бахытжан надад даалгах тухай шаардлагыг хангасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Миний хашаа татсан газар нь Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Баян-Өлгий аймгийн газрын эзэмшлийн газар бөгөөд уг газрыг би хуулийн дагуу тус байгууллагатай байгуулсан гэрээгээр ашиглаж байсан юм. Газар эзэмшигчийн хувьд тус байгууллага нь Газрын тухай хуулийн 35.1.6-д зааснаар газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг нь бусдад ашиглуулах эрхтэй бөгөөд иргэний хувьд тухайн байгууллагатай харилцан тохиролцсоны дагуу тодорхой хөлс төлөх замаар уг газрыг ашиглах эрх гэрээгээр надад үүссэн юм.

Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Баян-Өлгий аймгийн газар, нэхэмжлэгч Х.Үзбен болон хариуцагч Б.Бахытжан бид хөршүүд мөн боловч бидний эзэмшлийн газар, тус газарт орших үл хөдлөх хөрөнгүүд хил залгаа биш байхад шүүхээс хөрш залгаа эд хөрөнгө гэж үзсэн нь буруу дүгнэлт юм. Тухайлбал нэхэмжлэгчийн эзэмшил газар, түүний үл хөдлөх хөрөнгө миний ашиглаж буй Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Баян-Өлгий аймгийн газрын эзэмшил газар хоорондын зай 5.65 м-ийн зайтай. Иймээс нь нэхэмжлэгчийн автогараж, миний ашиглаж байгаа газрыг Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хил залгаа газар, хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Баян-Өлгий аймгийн газар нь Газрын тухай хуулийн 35.1,6-д заасан газраа бусдад ашиглуулах тухай газар эзэмшигчийн хувьд эдлэх эрх; уг эрхийн дагуу иргэн миний олж авсан тухайн газрыг ашиглах эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 134.2-д зааснаар нөгөө талын эрхийг харилцан хүндэтгэх үүргийг хэрэгжүүлэхийг шаардахгүй юм.

Гэтэл шүүх нь хуулийн энэхүү зохицуулалтыг буруу тайлбарласан, уг заалтын дагуу эсрэгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох ёстой байхад уг заалтыг хэрэглээгүй.

2. Миний ашиглаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газар биш байгаагаас гадна нь нийтийн эзэмшлийн ч газар биш энэ нь хуулийн этгээдийн эзэмшил газар болох нь нотлох баримтаар тогтоогдож улмаар Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Баян-Өлгий аймгийн газартай миний байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах тухай” 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэвч шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-ийг мөн буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 138.3-т өмнө нь ашиглагдаж байсан зам, шугам, хоолойг хөршийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл ашиглалтгүй болгосон газар эзэмшигч энэ хуулийн 138.1-д заасан эрхээ алдана гэж заасан. Гэтэл уг маргаж байгаа газар нь автозамын зориулалттайгаар ашиглагдах нийтийн эдэлбэрийн газар биш бөгөөд хашаалаагүй талбайг газар эзэмших этгээдийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч өмнө нь хууль бусаар зам болгон ашиглаж байсан, бусдын эзэмшил газрыг заавал зам болгон ашиглана гэсэн нэхэмжлэгчийн хууль бус хүсэл зоригийг шүүх хамгаалсанд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 138.1-д эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн тохиолдолд газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх зам болгон уг газрыг ашиглах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Х.Үзбений эзэмшил газрын зүүн, урд, баруун талын газрууд нь бусадтай хил залгаа биш чөлөөтэй байхад газрын хойд хэсэгт байрлалтай автогаражид заавал бусдын газрыг ашиглах замаар орж гарна гэдэг нь бусад газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн хууль бус шаардлага юм. Нэхэмжлэгч Х.Үзбен нь автогаражийнхаа хаалгыг өөрчилж өөр хананаас хаалга гаргах замаар уг гаражиндаа чөлөөтэй орж гарах боломж газрынхаа урд баруун зүүн аль ч талд нь байсаар байтал бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус хүсэл зоригийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэхдээ бидний эрх зөрчигдөх эсэх, нэхэмжлэгч Х.Үзбен нь өөр байдлаар үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах боломж байгаа эсэхийг анхаараагүй. Иргэний хуулийн 106.2-т заасан зохицуулалт нь хариуцагч бидний эрхэд ч хамааралтай заалт юм. Миний ашиглаж буй газар нь нэхэмжлэгч Х.Үзбений газартай хил залгаа биш уг газар нь хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдах газар, хашаа биш буюу хоорондоо хэний ч эзэмшлийн бус 5.65 газрын зайтай тус тусдаа орших хашаа бүхий газар байхад маргааны үйл баримт, газрын байршилд буруу дүгнэлт хийж Иргэний хуулийн 140.1-т заасныг буруу тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Х.Узбен нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 720 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцыг, уг байрны зэргэлдээ орших 4 давхар орон сууцыг хариуцагч Б.Бахытжан тус тус өмчилдөг бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч Б.Бахытжаны барьсан хашаа нэхэмжлэгчийн өмчлөлийн байрны гаражид орох замыг хаасан тул хашааг буулгаж, замыг чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 498 дугаар захирамжаар бизнесийн төв барих зориулалтаар 400 м.кв газрыг Б.Бахытжанд эзэмшүүлсэн ба уг газрын урд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 520 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2006 оны 392 тоот захирамжаар эзэмшдэг байна /хэргийн 1 дүгээр хавтас 110-111, 153-160, 44 дугаар тал/.

Б.Бахытжан нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газартай 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн газраас 126 м.кв газрыг гэр барих зориулалтаар эзэмших, ашиглахаар харилцан тохирсны дагуу хашаа барьсан гэжээ.

Хариуцагч Б.Бахытжаны барьсан хашаа нэхэмжлэгч Х.Узбений өмчлөлийн барилгын гаражийн орц, гарцыг хаасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2.-т зааснаар хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх ба хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх “...хариуцагч хашаа татаж, гаражид машин орж гарах замыг хаасан нь...” Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан “хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулахдаа зохигчдын хоорондох маргаан газар эзэмшигчийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй зөрчлийг арилгуулах тухай Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан эрх зүйн зохицуулалтад хамаарна гэж дүгнэсэн нь оновчтой болоогүй байна.  

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь өмчлөлийн буюу эзэмшлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх буюу эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б.Бахытжан нэхэмжлэгчийн газар өмчлөх, эзэмших эрхийг хязгаарласан ямар нэг зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн байшингийн гаражид нэвтрэх боломжгүй болсон нь хариуцагч хашаа барьсантай холбоотой байна.

Гаражийн орц гарцыг хаасан тохиолдолд нэхэмжлэгч ийнхүү гарцыг хааж буй газрын эзэмшигч хэнд ч шаардлага тавих эрхтэй тул энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасан зөрчилд хамаарахгүй юм.

Маргааны зүйл нь хөрш залгаа эзэмшлийн газрын байршлаас орц, гарц хаагдсан талаар байх тул нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т хамаарна. 

Шүүх, нэхэмжлэгч Х.Узбений “...шинээр барьсан барилгын хэрэглэгчийн шугамыг төвийн шугамаас холбуулах, гэм хорын хохиролд 80.440.519 төгрөг гаргуулах, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газар болон Б.Бахытжан нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 497 дугаар зүйлийн 497.1-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Бахытжаны гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 206/МА2016/00061 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.2...” гэснийг “...135 дугаар зүйлийн 135.4” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бахытжаны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ