Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03719

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 9 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03719

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ХХК-д холбогдох

 

Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Г******* ХХК-д холбогдуулан гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч Д.А******* нь 2014 онд Гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн **** тоот бүхий 174 м/кв газрыг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Гурван талт гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Хоёр талт гэрээг тус тус байгуулсан. Гэрээнд нэг талаас иргэн Д.А******* нөгөө тал болох төсөл хэрэгжүүлэгч Г******* ХХК-д өөрийн эзэмшлийн 174 м/кв газрыг шилжүүлэн өгч, компани уг газар дээр орон сууц барьж 30 м/кв орон сууцыг иргэнд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Ингээд Д.А******* нь 2014 оны 6 сард газраа чөлөөлж нүүсэн. Мөн гэрээнд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс иргэнд 5 м/кв үйлчилгээний талбайг үнэ төлбөргүй олгоно гэж заасан байгаа. Мөн талууд 2014 оны 5 сарын 30-нд Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ хийж гэрээнд түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр 450,000 төгрөг байх бөгөөд үүнийг 6 сараар хувааж тооцон олгоно гэж заасан. Энэ гэрээг анх хийснээс хойш өргөө 10 жил өнгөрсөн боловч гэрээнд заасан газар дээр орон сууц барих ажил удааширч, элдэв шалтаг шалтгаан тоочсоор өдий хүрч олон жил хохироосоор ирсэн. Энэ хугацаанд уг компанийн гүйцэтгэх захирал солигдсон, өөр газарт орон сууц өгнө гэх мэт шалтгаанаар гэрээнд өөрчлөлт, нэмж оруулж байсан ч ямар ч өөрчлөлт гараагүй гэрээний үүргээ биелүүлээгүй юм. Энэ олон жил хүлээсний эцэст гэрээнд заасан байршилд Түмэн-Амгалан хотхон баригдаж 2024 оны 8 сард ашиглалтад орох сураг дуулаад Г******* ХХК-ний гүйцэтгэх захирал Г.М*******тэй очиж уулзахад “-Танд энэ байрнаас өгөх боломжгүй дараа баригдах байрнаас өгнө” гэж байгаа нь олон жил хүлээсэн намайг үл ойшоож гэрээний үүргээ биелүүлэхгүй, хариуцлагагүй хандаж байна. 2014 оны 06 сарын 30-нд түр оршин суух хугацаан дахь орон сууц түрээслэх төлбөр олгох гэрээ хийсэн боловч 2014 онд 2 удаа, 2015 онд мөн 2 удаа нийт 10,800,000 төгрөг өгөөд дахин өгөөгүй. Бид энэ хугацаанд үргэлж нэхэж шаардаж байсан юм. Ингээд бид 2014 оны 12-р сард хаан банкны лизингээр байр авч зээлийн төлбөрт сар бүр 750,000 төгрөг төлж байна. Түрээсийн мөнгө өгч байсан бол банкнаас өндөх хүүтэй мөнгө авахгүй(зээл) байсан. Иймд Г******* ХХК нь 2014.08.19-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Хоёр талын гэрээнд зааснаар иргэн Д.А*******ын 174м.кв газрын оронд Баянзүрх дүүргийн *** хотхонд 30м.кв орон сууц олгох гэрээний үүргээ биелүүлэхийг үүрэг болгохыг даалгах, Г******* ХХК-с түр оршин суух хугацаа дахь орон сууцын түрээсийн төлбөр болох 45,900,000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэл дээр дурдсан *** тоот газрын гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байдаг. Яг энэ газартай холбоотой 3 хүний нэр манай компанитай цуг яригдаж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр н.О*******, н.Ц*******, Д.А******* гэсэн. Энэ 3 хүмүүс нь гэр бүлийн хамааралтай хүмүүс юм. Өөрөөр хэлбэл нэг нэгнийгээ төлөөлж гэрээнд гарын үсэг зурах хэмжээний харилцаатай хүмүүс гэсэн үг. Энэ нь юу вэ гэхлээр манай компанид энэ 3 хүн гурвуулаа гэрээ байгуулсан. н.Ц******* гэдэг хүн төлөөлөгчөөр, Д.А******* гэдэг хүн тусдаа тэгээд  нийт 2 гэрээ байгуулсан байдаг. Яг тухайн  газрынх нь хүрээллээр бид бүхэн гэрээ байгуулсны дараа Д.А******* гэдэг хүний яг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас **** тоот гэж заасан гэрчилгээний хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Ингээд үзэх юм бол манай хариу тайлбарын хүрээнд юу гэж заах вэ гэхээр тухайн гэрчилгээ, газар зүйн байршлаар харах юм бол манай компанийн хувьд тендертэй холбоотой авсан газар бүр яг тухайн газарт нь барилга ашиглалтад орсон 2 блок нь Д.А******* гэдэг хүний эзэмшиж байсан, тухайн газарт ямарваа нэгэн барилга байгууламж баригдсан зүйл байхгүй. Д.А******* гэдэг хүн өөрөө газар эзэмших гэрчилгээгээ манай компанид шилжүүлж өгөөгүй. Газар эзэмших гэрчилгээ нь хэн дээр байгаа вэ, гэхээр Д.А*******д өөрт нь байгаа. Энэ асуудлаар маргаж байна гэж үзэх юм бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж нотлох баримтаар өгмөөр байна. Дараачийн нэг зүйл нь түрээсийн байрны төлбөрийг яриад байна. Манай зүгээс гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацаанд түрээсийг өгсөн байдаг. Түүнээс хойш яагаад олгоогүй вэ гэхээр талуудын хооронд байгуулагдсан түр оршин суух гэрээ гэж байгаа. Энэ гэрээний 2.2 дахь хэсэгт юу гэж заасан байдаг вэ гэхээр, тухайн орон сууцны түрээсийн гэрээний мөнгөн дүнг компаниас иргэнд олгохдоо иргэнээс ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 6 сарын дотор олгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч шүүх хуралд гаргасан тайлбартаа, удаа дараа очиж уулзсан ч надад олдоогүй гэсэн тайлбарыг хэлж байгаа боловч үүнийг нотлох ямар нэгэн баримт байхгүй. Манай компанид ямар нэгэн албан байдлаар өгсөн өргөдөл, нэхэмжлэх хүсэлт байхгүй. Тийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил гэж хуульд заасан. Тийм учраас одоо 2024 он болж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Манай талаас орон сууц, түрээсийн гэрээний үүргийг биелүүлж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул  нэхэмжлэгч тал шаардах эрх байхгүй. Эхний яг орон сууцын хувьд газар эзэмших гэрчилгээ нэгдүгээрт манайд ирээгүй байхад байрыг олгох боломжгүй байгаад байна. Хамгийн түрүүнд дурдсан тухайн гэр бүлийн хамааралтай. Ц*******, О*******, А******* гэдэг 3 хүнийг тухайн газартай холбоотойгоор манай компаниас Х******* хотхоны 308 дугаар байранд аль хэдийн нэг байр олгочихсон байгаа. Тэгээд Д.А******* гэдэг хүн гарын үсэг зураад ордерыг нь өөр дээрээ авах хүсэлт Г*******д компаниас, Бэрэн монпэйж гэсэн групп рүү явуулсан албан бичиг байгаа. Газрынхаа гэрчилгээг, газрынхаа эзэмших эрхийг манай компанид шилжүүлсний дараа манайхаас байрыг олгох нөхцөл шаардлага нь бол бүрэн боломжтой гэж харж байгаа. Нэхэмжлэл дээр тухайн 2 блок ашиглалтад орчихсон байна,  бид нар очиж уулзахад дараагийн ээлжийн орон сууцнаас өгнө гэсэн хариу тайлбар өгсөн гэж дурдсан байдаг. Энэ нь өөрөө ямар учиртай вэ гэхээр хамгийн анх 2022 онд эхний ээлжийн блокууд ашиглалтад ороод эхлэх үеэс орон сууцын захиалгын гэрээ байгуулсан иргэд өөрсдөө ирж уулзаад тоотоо сонгоод гэрээгээ шинэчилж байгуулаад явцгаасан байдаг. Гэтэл эдгээр хүмүүс ирж уулзаагүй. Ямарваа нэгэн шаардлага гаргаж байгаагүй. Тийм учраас  тухайн ээлжийн оршин суугчдын захиалга дүүрчихсэн. Тэгээд та бүхний гомдлыг барагдуулах үүднээс газрынхаа эзэмшил гэрчилгээг өгчих. Дараа нь бид бүхэн дараагийн ээлжид ашиглалтад орох байрнаас үүргээ биелүүлье гэдэг шаардлагыг тавьсан. Ийм байхад Д.А******* нь эвлэрэх боломжгүй гээд ингээд шүүх дээр нэхэмжлэл гаргаад явж байгаа. Тйимээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний хуулбар хувь, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн гурван талт гэрээний хуулбар хувь, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний хуулбар хувь, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний хуулбар хувь, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *******/23 дугаартай түр оршин суух хугацаан дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний хуулбар хувь, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц түрээслэх гэрээний хуулбар хувь, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар хувь, дипозит дансны дэлгэрэнгүй хуулгуудын хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, барилгын схем зураг, шаардлага хүргүүлсэн хүсэлтийн хуулбар хувь, фото зураг зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь зэргийг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Г******* ХХК-д холбогдуулан 2014.08.19-ний өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Хоёр талт гэрээнд заасны дагуу Баянзүрх дүүргийн *** хотхонд 30м.кв орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг даалгах, Түр оршин суух хугацаа дахь орон сууцын түрээсийн төлбөр болох 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Д.А******* гэдэг хүн өөрөө газар эзэмших гэрчилгээгээ манай компанид шилжүүлж өгөөгүй. Газар эзэмших эрх манайд ирээгүй байхад байрыг олгох боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил гэж хуульд заасан. Тийм учраас одоо 2024 он болж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул нэхэмжлэгч тал орон сууц, түрээсийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрх байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Д.А*******, Г******* ХХК, Нийслэлийн засаг дарга нарын хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Гурван талт гэрээ байгуулагдсан.(хавтаст хэргийн 6 - 9 тал)

 

3.2. 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Д.А*******, Г******* ХХК нарын хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан.(хавтаст хэргийн 10 - 13 тал)

 

3.3. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Д.А*******, Г******* ХХК нарын хооронд *** дугаартай Гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан.(хавтаст хэргийн 14 - 16 тал)

 

3.4. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.А*******, Г******* ХХК нарын хооронд №*******/23 дугаартай Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ байгуулагдсан.(хавтаст хэргийн 17 - 18 тал)

 

3.5. 2014 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Д.А******* болон Б.Лхагвасүрэн нарын хооронд Орон сууц түрээслэх гэрээ байгуулагдсан.(хавтаст хэргийн 17 - 18 тал)

 

3.6. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хаан банк ХХК болон Д.А******* нарын хооронд №*** дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдсан.(хавтаст хэргийн 21 - 24 тал)

 

3.7. Нэхэмжлэгч Д.А*******ын Хаан банкны *** дугаартай дансанд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г******* ХХК-с нөхөн олговор /6 сар/ шилжүүл гэсэн утгатайгаар 2,700,000 төгрөг(хавтаст хэргийн 28 дахь тал), 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2-р ээлжийн түрээсийн байрны нөхөн олговор-ари гэсэн утгатайгаар 2,700,000 төгрөг(хавтаст хэргийн 34 дэх тал), 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Г******* ХХК-с түрээсийн төлбөр /БЗД 12 хор гэсэн гүйлгээний утгатайгаар 2,700,000 төгрөг(хавтаст хэргийн 40 дэх тал), 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г******* гэсэн гүйлгээний утгатайгаар 2,700,000 төгрөг (хавтаст хэргийн 43 дахь тал) шилжүүлсэн байна.

 

Зохигчид 2014 болон 2015 онуудад Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт болон гурван талт гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр нэхэмжлэгч Д.А******* нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах, 174 м/кв талбайтай, эзэмших эрхийн *** дугаартай газраа бүрэн чөлөөлж, газрын гэрчилгээгээ төсөл хэрэгжүүлэгч Г******* ХХК-д шилжүүлэн өгсөн, хариуцагч Г******* ХХК нь Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 2 өрөө, 34,08 мкв орон сууцыг нэхэмжлэгч Д.А*******д өгөхөөр тохиролцсон тухайд талууд маргаангүй.

 

Мөн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  №*******/23 дугаартай Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээгээр компани нь барилгын ажил үргэлжлэх хугацаанд тухайн газарт оршин суух иргэний түрээсийн орон сууц, ажлын байрны төлбөрийг хариуцах, түрээсийн орон сууцны орон сууцны нэг сарын төлбөр 450,000 төгрөг гэж тохиролцсон тухайд талууд маргаангүй.

 

Харин нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэх өгөх үүрэгтэй эсэх, түр оршин суух хугацаа дахь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх үйл баримтад маргаантай.

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлйин 343.1. “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 344 дүгээр зүйлийн 344.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 346 дугаар зүйлийн 346.1. “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж тус тус заасан.

 

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр хариуцагч Г******* ХХК нь Баянзүрх дүүргийн ** тоот хаягт байрлах 2 өрөө, 34,08 мкв орон сууцыг 2027 оны 1 дүгээр улиралд барьж дуусган, нэхэмжлэгч Д.А*******д хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Д.А******* нь байрны үнэ 61,344,000 төгрөгийн 54,000,000 төгрөгт өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах, 174 м/кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тооцуулж урьдчилан өгөх, үлдэгдэл 7,344,000 төгрөгийг байр ашиглалтад орон үед төлөхөөр тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 3.1.6, 3.1.7 болон 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Гурван талт гэрээний 2.3.3-т эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг эх хувиар нь төсөл хэрэгжүүлэгч талд гаргаж өгөх үүргийг хүлээсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.3-н 3-т нэхэмжлэгч нь хүлээсэн үүргээ биелүүлсэн, 2014 оны 06 сард газраа чөлөөлөн нүүсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу үүргээ биелүүлсэн, орон сууцны үнийн дүнгийн 54,000,000 төгрөгт ногдох хэсэг нь төлөгдсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлйин 343.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 34,08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөхийг хариуцагч Г******* ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах, 174 м/кв талбайтай эзэмших эрхтэй газрыг газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас орон сууцыг өгөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Учир нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Гурван талт гэрээний дагуу Нийслэлийн засаг дарга нь гурван талт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх, тухайн хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүргийг хүлээсэн байх ба нэхэмжлэгч Д.А******* энэ үүргийг хүлээгээгүй байна.

 

5. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 189 дүгээр зүйлийн 189.1. “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.5. “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж тус тус заасан.

 

 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  №*******/23 дугаартай Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээгээр компани нь барилгын ажил үргэлжлэх хугацаанд тухайн газарт оршин суух иргэний түрээсийн орон сууц, ажлын байрны төлбөрийг нэг сарын төлбөр 450,000 төгрөгөөр тооцож, хариуцан төлөхөөр тохиролцсон, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.5-т “ -Эхний ээлжийн байр ашиглалтанд ортол түрээсийн байранд түр суурьшуулах бөгөөд түрээсийн төлбөрийг төсөл хэрэгжүүлэгч тал хариуцна” гэж заасан байх тул талуудын хооронд Нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.А******* нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан түр оршин суух хугацаа дахь орон сууцны түрээсийн төлбөрийг хариуцагч Г******* ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан.

 

Хариуцагч нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил гэж хуульд заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч талд шаардах эрх байхгүй гэх татгалзсан татгалзлын зарим хэсэг нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2,700,000 төгрөгийг хариуцагч төлснөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 9 жилийн турш түр оршин суух хугацаа дахь түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардсан талаарх үйл баримтыг баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх сүүлийн 3 жилийн хугацаа дахь түр оршин суух хугацааны түрээсийн төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.2.3-д заасны дагуу дуусаагүй гэж үзэж 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хугацаанд ногдох 36 сарын түрээсийн төлбөрт 16,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч олгож, үлдэх 29,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 34,08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгч Д.А*******д хүлээлгэн өгөхийг хариуцагч Г******* ХХК-д даалгаж, хариуцагч Г******* ХХК-аас 16,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*******д олгож, үлдэх 29,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г******* ХХК-иас 309,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 34,08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгч Д.А*******д хүлээлгэн өгөхийг хариуцагч Г******* ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан хариуцагч Г******* ХХК-аас 16,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*******д олгож, үлдэх 29,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 309,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А*******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР