| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04562/И |
| Дугаар | 183/ШШ2024/03765 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03765
| 2024 оны 9 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/03765 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С-д холбогдох
40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* ХХК нь хариуцагч Ч.С*******т холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Н******* ХХК-ны хувьцаа эзэмшигч Ш.Т*******, Г.Ал******* нар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ** тоот салбар компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг Ч.С******* /РД:**/-тай байгуулсан байдаг. Ингэхдээ хариуцагчтай 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тогтвортой ажиллах амлалт бичиг зурсан бөгөөд тухай бичигт компанийн хувьцаа эзэмшигчид болон Гүйцэтгэх захирал ажиллахаар болсон Ч.С******* нар нь 5 жилийн хугацаатай ажиллах талаар албан бичгийг зурсан байдаг. Гэтэл хариуцагч 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэнэт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан бөгөөд 2024 оны 4 дүгэр сарын 15-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж тасалбар болгохыг хүссэн өргөдлийг гаргасан байдаг. Ингээд тус ХХК-ны зүгээс амлалт бичиг болон хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шаардлага тавьж 1 сарын дараа ажлаас чөлөөлөгдөхийг сануулсан, мөн өөрийн амлалтын дагуу 5 жил тогтвор суурьшилтай ажиллаагүй тул мөнгийг тусламж үзүүлснийг шийдвэрлэхийг сануулж буцааж өгөх талаар хэлсэн боловч дээр шаардлагыг биелүүлээгүй орхиод явсан байдаг. Мөн тогтвортой ажиллах албан бичиг заасны дагуу 40,000,000 төгрөгөөс буцааж төлсөн зүйлгүй байна. Иймд хариуцагч нь өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тогтвортой ажиллах амлалт бичгийг зөрчсөн гэж үзэж дээрх мөнгийг буцаан нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Ч.С******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.С******* миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нэхэмжлэл гаргасан компаниудад 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 4 жил гаран ажилласан. Ажиллаж байх хугацаандаа олон тооны гэрээ хэлцэл байгуулах ажлуудыг гардан хийж гүйцэтгэж байсан. Энэхүү ажлуудын үр дүнг харгалзан үзэж, компаниас надад буцалтгүй тусламж олгосон. Компанийн үйл ажиллагаа, бизнесийн нууцтай холбоотой хэд хэдэн өндөр үр дүнтэй гэрээнүүдийг амжилттай хийж гүйцэтгэж байсан. Дээрх нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, Н******* ХХК-ийн дүрмийн хуулбар хувь, Ч.С*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гараар бичсэн хүсэлт, Ч.С*******ийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гараар бичсэн өргөдөл, цахим гүйлгээний баримтын хуулбар хувь, тогтвортой ажиллах амлалт бичиг, Н******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22/01 дугаар тушаал, Н******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 22/01 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүлээлцэх актын хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас Н******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дугаар тушаалын хуулбар хувь, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүлээлцэх актын хуулбар хувь, Хаан банкин дахь Ч.С*******ийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, тодорхойлолт зэргийг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н******* ХХК нь тогтвортой ажиллах амлалт бичгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор 40,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ч.С******* нь ажиллаж байх хугацаандаа олон тооны гэрээ хэлцэл байгуулах ажлуудыг гардан хийж гүйцэтгэж байсан учраас үр дүнг харгалзан үзэж, компаниас надад буцалтгүй тусламж олгосон тул эргүүлэн төлөх үндэслэлгүй гэж татгалздаг.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1.2022 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Ч.С******* нь Ф******* И******* ХХК-ийн захиргаанд хүсэлт гаргасан. (хавтаст хэргийн 7 дахь тал)
3.2.Н******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22/01 дугаартай тушаалаар Ч.С*******ийг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон. (хавтаст хэргийн 11 дэх тал)
3.3.2022 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Ч.С******* нь Н******* ХХК-тай 22/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 12 дахь тал)
3.4.2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк дахь Ч.С*******ийн нэр дээрх ** тоот дансанд “Орон сууцны дэмжлэг, буцалтгүй тусламж, хаанаас: 15000 Ф******* интернэшнл ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар 40,000,000 төгрөгийн орлого орсон. (хавтаст хэргийн 37 дахь тал)
3.5.Хариуцагч Ч.С******* нь Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тогтвортой ажиллаж амлалт бичгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. (хавтаст хэргийн 10 дахь тал)
3.6.2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ч.С******* нь Ф******* И******* ХХК-ийн захиралд хандан, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. (хавтаст хэргийн 8 дахь тал)
3.7.Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар Гүйцэтгэх захирал албан тушаалтай Ч.С*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. (хавтаст хэргийн 14 дахь тал)
3.8.2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ч.С******* нь Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн нотломж үйлдсэн. (хавтаст хэргийн 14 дахь тал)
4.Хариуцагч Ч.С*******ийг Ф******* И******* ХХК, нэхэмжлэгч Н******* ХХК-тай зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болон ажлаас чөлөөлсөн тухайд, Ф******* интернэшнл ХХК-аас 40,000,000 төгрөгийг Ч.С*******т шилжүүлсэн тухайд талууд маргаангүй.
Харин нэхэмжлэгч Н******* ХХК нь тогтвортой ажиллах нөхцөлтэйгээр 40,000,000 төгрөгийг хариуцагч Ч.С*******т олгосон, тогтвортой ажиллах амлалтаа зөрчсөн тул хариуцагчаас 40,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэхэд талууд маргаантай.
5.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 187 дугаар зүйлийн 187.1. “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ”, 8 дугаар зүйлийн 8.1. “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ”, 8.1.1. “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж тус тус заасан.
Хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан Тогтвортой ажиллах амлалт бичиг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан шинжтэй үүргийг талууд харилцан хүлээсэн хэлцэл байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна” 12 дугаар зүйлийн 12.3. “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж заасан.
Хавтас хэрэгт авагдсан Тогтвортой ажиллах амлалт бичгийн агуулгаас үзэхэд ажилты ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох суурь зарчмыг зөрчсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачлагаар цуцлах эрхийг хязгаарласан шинжтэй байх тул хүний эрхийг нь хязгаарласан, ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан үндэслэлээр уг хэлцлийг хүчин төгөлдөр бус шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Н******* ХХК болон хариуцагч Ч.С******* нарын хооронд хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгч Н******* ХХК-аас 40,000,000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүргийн харилцаа үүсээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н******* ХХК нь 40,000,000 төгрөгийг хариуцагч Ч.С*******аас шаардах эрхгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.С*******аас 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР