| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2023/0051/З |
| Дугаар | 125/ШШ2024/0022 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 125/ШШ2024/0022
2024 04 12 125/ШШ2024/0022
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАРИМ
ХЭСГЭЭСЭЭ ТАТГАЛЗСАНЫГ, ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН
ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙГ БАТАЛЖ ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би даргалж,
Нэхэмжлэгч “Степ номад” ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай” 396 дугаартай захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулах тухай А/431 дүгээр захирамжийн Багц 2-ын 3 дахь хэсэгт ялагчаар шалгарсан Буянт алтайн нутаг ХХК, багц 3-ын 1 дэх хэсгийн ялагчаар шалгарсан Цөгц нуур ХХК /1 толгой угалз/, Би Ти энд Ти Си ХХК /1 толгой тэх/-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаагаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч "Степ Номад" ХХК нь "Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай” 396 дугаар захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох; Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулах тухай” А/431 дүгээр захирамжийн Багц 2-ын 3 дахь хэсэгт ялагчаар шалгарсан "Буянт алтайн нутаг” ХХК, Багц 3- ын 1 дэх хэсгийн ялагчаар шалгарсан "Цөгц нуур" ХХК /1 толгой угалз/, “Би Ти энд Ти Си" ХХК /1 толгой тэх/-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох; шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбар, хүсэлттэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдсэн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхээр ийнхүү хүсэлтийг гаргаж байна. Үүнд:
1.Зөвшөөрлийн тухай хууль батлагдан Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаа нь 2023 онд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулагдах үеийн техник, тоног төхөөрөмж нь дараа дараагийн дуудлага худалдааны үед засагдах боломжтой байна. Мөн тухайн дуудлага худалдаанд ялсан этгээдүүд нь аль хэдийн ангаа хийн тухайн акт биелэгдэж дууссан байх тул нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох "Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулах тухай” А/431 дүгээр захирамжийн Багц 2-ын 3 дахь хэсэгт ялагчаар шалгарсан "Буянт алтайн нутаг" ХХК, Багц 3- ын 1 дэх хэсгийн ялагчаар шалгарсан "Цөгц нуур" ХХК /1 толгой угалз/, "Би Ти энд Ти Си" ХХК /1 толгой тэх/-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох" хэсгээс татгалзаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий акттай холбоотой ямар нэгэн хохирол, төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэхгүй болно гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Степ Номад" ХХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан "Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" 396 дугаар захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох; Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулах тухай" А/431 дүгээр захирамжийн Багц 2-ын 3 дахь хэсэгт ялагчаар шалгарсан "Буянт алтайн нутаг" ХХК, Багц 3-ын 1 дэх хэсгийн ялагчаар шалгарсан "Цөгц нуур" ХХК /1 толгой угалз/"Би Ти энд Ти Си" ХХК /1 толгой тэх/-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Хариуцагчийн зүгээс "Степ Номад" ХХК-нийн тус шүүхэд гаргасан "Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" 396 дугаар захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох; гэх нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны акт нэгэнт биелэгдэж дууссан тул хүлээн зөвшөөрч байна.
Дээрх шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч тал тухайн маргаан бүхий акттай холбоотой ямар нэгэн хохирол, төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэхгүй, маргаан бүхий акттай холбоотой асуудлаар маргахгүй талаар хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Степ номад” ХХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн Засаг даргын захирамжийн дуудлага худалдааны багц 2-ын 3 дахь хэсэг, багц 3-ын 1 дэх хэсгийн ялагчийг баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай” 396 дугаартай захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулах тухай А/431 дүгээр захирамжийн Багц 2-ын 3 дахь хэсэгт ялагчаар шалгарсан Буянт алтайн нутаг ХХК, багц 3-ын 1 дэх хэсгийн ялагчаар шалгарсан Цөгц нуур ХХК /1 толгой угалз/, Би Ти энд Ти Си ХХК /1 толгой тэх/-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчлөн тодруулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулах тухай А/431 дүгээр захирамжийн Багц 2-ын 3 дахь хэсэгт ялагчаар шалгарсан Буянт алтайн нутаг ХХК, багц 3-ын 1 дэх хэсгийн ялагчаар шалгарсан Цөгц нуур ХХК /1 толгой угалз/, Би Ти энд Ти Си ХХК /1 толгой тэх/-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай” 396 дугаартай захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Степ номад” ХХК-нийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 002 тоот итгэмжлэлээр төлөөлөлгч Б.Дагиймаад “... нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах” эрхийг олгосон байна.
Хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаас 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/696 тоот итгэмжлэлээр төлөөлөгч Ч.Эрдэнэбатад “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан бүхий л эрх, үүрэг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн заасан 28.2.7-д зааснаас бусад төлөөлөгчийн эрхийг эдэлж, үүргийг” олгосон байна.
Маргаан бүхий актууд хэрэгжиж дууссан бөгөөд үр дагаврын талаар талууд маргаангүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Степ номад” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдох хэргийн “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай” 396 дугаартай захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулах тухай” А/431 дүгээр захирамжийн Багц 2-ын 3 дахь хэсэгт ялагчаар шалгарсан Буянт алтайн нутаг ХХК, багц 3-ын 1 дэх хэсгийн ялагчаар шалгарсан Цөгц нуур ХХК /1 толгой угалз/, Би Ти энд Ти Си ХХК /1 толгой тэх/ -д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагаас нэхэмжлэгч нь татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ