Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 07

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням, 

Хохирогч Б.Б,

Ашид-Билгүүн ХХК-ны Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний мэргэжилтэн Б.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил,  

Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө.Т холбогдох эрүүгийн 201710000191 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын 1-39 тоотод оршин суух, урьд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус аймаг дахь Сум дундын 8 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 9 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай,Х овогт Ө.Т /РД: ЕЮ 98010611/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

Шүүгдэгч Ө.Т нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 22 цагийн орчим Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын 17-10 тоотод оршин суух хохирогч Б.Б гэрт нэвтэрч эмээлийн полиусан хяр хулгайлсны улмаас хохирогч Б.Б-д 384000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй ижил гэж үзэж байгаа учраас нэмж ярих зүйлгүй...Жорлон руу нь орох гээд орсон. Хүн байхгүй болохоор нь тоосгоор цоожийг нь эвдээд орсон... Эмээлийн хярыг нь авсан... 2 хярыг нь авсан. Маргааш нь борлуулах гэж байгаад эзэнд нь баригдсан... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний эмээлийн хяр аавын маань эмээлийн хяр байгаа юм. Би 2000 онд миний эмээлд богинодоод байхаар нь уртасгаж хийж байсан. Хуучин цагийн хээ нь цохимол хээ байсан учраас тэр нь утсан хээ болсон байсан учраас таньсан юм. Одоо хугархайг нь аваад ирсэн байгаа, үзэж болно, грамм авчирсан байгаа... Полиусны үнэ гэж Монголд байдаггүй учраас ажлын хөлсөөр нь нэхэмжилсэн. Хугархайг нь хэмжихэд 31 см байна лээ. Бүтнээрээ байсан бол 1м 20 см байх юм байна лээ. Эмээлийнхээ бүүргийг хэмжиж үзсэн. 4 булан нь эмээлэндээ байгаа. Энэ хүн 2 хайч хугалж байж хуулж авсан байдаг. 20 цагийн үед гэдэг нь худлаа. Манай дүү машиныг маань унаж яваад шөнийн 00 цагт ирсэн. Тэр үед дайжиж гарсан байх ёстой, Машин ирэх чимээгээр энэ хүнийг гарсан гэж бодож байна. Би хярынхаа надад өгөөд зугтсан хэсгийг аваад ирсэн... Миний хувьд Сайншандад 1 лан мөнгөөр эмээлийн хяр цохиход ажлын хөлс 60 000 төгрөгөөр цохидог. Полиусаар хэрэв эмээлийн хяр цохиход хэзээ ч мөнгөнөөс бага байна гэж байхгүй. Би дээр үеийн дахин давтагдашгүй гэж яриагүй. Зөвхөн ажлын хөлс 60 000 төгрөг байдаг юм. Энэ компани 40 000 төгрөгөөр үнэлсэн байсан... Үндсэндээ 360 грамм гэж үзэж байгаа. 360 грамм мөнгөөр ийм эмээлийн хяр хийвэл тэдэн төгрөг гарна гэсэн ажлын хөлсийг гаргасан... Манайх хойд байшинд нь амьдардаг болохоор гэрт хулгай орсныг мэдээгүй, маргааш нь ажил дээрээ очоод байж байтал энэ хүн орж ирсэн. Би хараад гайхаад миний эмээлийн хяр энд явж байдаг нь ямар учиртай билээ гээд энэ миний эмээлийн хяр байна гэхэд энэ хүн зугтаагаад явсан... 360 грамм гэж би мөрдөн байцаалтад хэлсэн. Яагаад гэхээр хугархай хяраа граммлаж үзэхэд 49 грамм байдаг. Тэгээд би бодож үзээд 360 грамм юм байна гэж би байцаагчид мэдүүлэг өгсөн. 37.5-ыг 360-д хуваахаар 9.6 болно. 10 лан байх юм бол 375 грамм болно. Тиймээс би арай 10 лан хүрэхгүй юм 9.6 лан гэж хэлж байсан...хохирлын 384 000 төгрөгөө өнөөдөр авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

 

 Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний мэргэжилтэн Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-нд ахмад Б-аас гаргасан шинжээч томилох тогтоол манай байгууллагад ирсэн. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл гаргахыг даалгасан байдаг. Энэ тогтоолд 360 грамм жинтэй хуучны полиусан хярны үнэлгээг 2017 оны 05 дугаар сарын байдлаар гаргах гэсэн тогтоол байсан. Би өөрөө дүгнэлт гаргах эрхгүй учраас Улаанбаатар хотод байх төв рүүгээ материалыг сканердаж явуулсан...Судалгаа хийгээд үзэхэд полиус гэдэг материал маань өөрөө үнэгүй. Дээр үед мөнгөн тэмдэгт хийдэг байсан металл байдаг гэсэн. Дархадуудаас асуухад  энд ямар ч үнэ байдаггүй, харин полиусаар юм хийвэл ажлын хөлс нь 40 000 төгрөгөөс 60 000 төгрөгийн үнэтэй байна гэж хэлсэн учраас зах зээлийнх нь үнэлгээгээр 40 000 төгрөг гэж үнэлсэн... 360 граммаар хийсэн хярыг 384 000 төгрөгөөр үнэлсэн. Тэр хүн тэдэн төгрөгийн юм хулгайлаад тэрнээс хугарсан байгаа нь энэ шүү гэж тогтоол дээр тусгаагүй зөвхөн 360 грамм полиусаар хийсэн эмээлийн хяр ямар үнэтэй вэ гэсэн асуултын дагуу шинжилгээ хийсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би гадуур явж байгаад Дэлгэрэх сумын зүс таних хоёр залуутай таарч 0.5 литр архи 2.5 литр пиво 2-г тус тус хувааж уугаад тухайн хоёр залуугаас салж 22:00 цагийн орчимд ганцаараа гэрлүүгээ явсан... айлын хашаа давж ороод айлын хашаанд байх модон 00 орчихоод гараад иртэл байшингийн урд байх монгол гэр гаднаасаа жижиг цагаан цоожтой байсан тэгэхээр нь монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж эвдээд... гэрийн баруун урд хэсэгт хуучин эмээл байсан тэгэхээр нь эмээлийн хяр хэсэгт байсан чимэглэлийг хайчаар хөшиж салгаж аваад гэрээдээ явсан... Маргааш нь эмээлийн үргэлжилсэн хяр чимгийг хоёр хэсэг хуваагаад зарж борлуулах зорилгоор авч явж байгаад... шинэ үйлчилгээний төвийн суурийн давхарт байх алт мөнгөний дархан дээр орж хярын хугархай хэсгээс худалдан авах уу гэж асуутал үзэж байснаа миний эмээлийн алдсан хяр байна гэж хэлэхээр нь би үзүүлж байсан хяр чимгээ тэр чигт нь үлдээгээд гарч зугтаасан, үлдсэн өөрт байсан чимгийг офицерийн 80 айлын урд газар хаясан...” гэсэн мэдүүлэг /хх 36-37 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 сарын 16-ны өглөө гэртээ ортол миний эмээлийн полиусан хяр алдагдсан байсан тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй... Тэгээд тэр өдөр шинэ үйлчилгээний төвд байрлах алт мөнгөний дарханы ажлын байранд байхад зүс үл таних залуу хяр байна та худалдаж авах уу гээд надад үзүүлтэл миний эмээлийн хяр байсан. Энэ миний эмээлийн хяр байна гэтэл тэр залуу зугтаагаад явчихсан.Миний эмээлийн хярыг хугалсан байсан, эмээлийн хярын хэсгээс нь надад авчирч үзүүлсэн...”гэсэн мэдүүлэг /хх 10 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т надад эмээлийн хяр дээр байдаг мөнгөн чимэглэл үзүүлээд энэ чимэглэл мөнгө мөн болов уу гэж асуусан.. би мэдэхгүй алт мөнгөний дарханаас асуу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 18 дугаар хуудас/,

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-наас хохирогч Б.Б полиусан эмээлийн хярыг 384 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 21 дүгээр хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Т нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 22 цагийн орчим Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын 17-10 тоотод оршин суух хохирогч Б.Б-н гэрт нэвтэрч эмээлийн полиусан хяр хулгайлсны улмаас хохирогч Б.Б-д 384000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Эмээлийн 2 хярыг нь авсан. Маргааш нь борлуулах гэж байгаад эзэнд нь баригдсан... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“...Полиусны үнэ гэж Монголд байдаггүй учраас ажлын хөлсөөр нь нэхэмжилсэн. Хугархайг нь хэмжихэд 31 см байна лээ гэв. Бүтнээрээ байсан бол 1.20 см байх юм байна лээ. Эмээлийнхээ бүүргийг хэмжиж үзсэн. 4 булан нь эмээлэндээ байгаа.  Энэ хүн 2 хайч хугалж байж хуулж авсан байдаг... Миний хувьд Сайншандад 1 лан мөнгөөр эмээлийн хяр цохиход ажлын хөлс 60 000 төгрөгөөр цохидог. Полиусаар хэрэв эмээлийн хяр цохиход хэзээ ч мөнгөнөөс бага байна гэж байхгүй. Би дээр үеийн дахин давтагдашгүй гэж яриагүй. Зөвхөн ажлын хөлс 60 000 төгрөг байдаг юм. Энэ компани 40 000 төгрөгөөр үнэлсэн байсан... Үндсэндээ 360 грамм гэж үзэж байгаа. 360 грамм мөнгөөр ийм эмээлийн хяр хийвэл тэдэн төгрөг гарна гэсэн ажлын хөлсийг гаргасан... Манайх хойд байшинд нь амьдардаг болохоор гэрт хулгай орсныг мэдээгүй маргааш нь ажил дээрээ очоод байж байтал энэ хүн орж ирсэн. Би хараад гайхаад миний эмээлийн хяр энд явж байдаг нь ямар учиртай билээ гээд энэ миний эмээлийн хяр байна гэхэд энэ хүн зугтаагаад явсан... хохирлын 384 000 төгрөгөө өнөөдөр авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний мэргэжилтэн Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Судалгаа хийгээд үзэхэд полиус гэдэг материал маань өөрөө үнэгүй. Дээр үед мөнгөн тэмдэгт хийдэг байсан металл байдаг гэсэн. Дархадуудаас асуухад  энд ямар ч үнэ байдаггүй, харин полиусаар юм хяр хийвэл ажлын хөлс нь 40 000 төгрөгөөс 60 000 төгрөгийг үнэтэй байна гэж хэлсэн учраас зах зээлийнх нь үнэлгээгээр 40 000 төгрөг гэж үнэлсэн... 360 граммаар хийсэн хярыг 384 000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ө.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...айлын хашаа давж ороод айлын хашаанд байх модон 00 орчихоод гараад иртэл байшингийн урд байх монгол гэр гаднаасаа жижиг цагаан цоожтой байсан тэгэхээр нь монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж эвдээд... гэрийн баруун урд хэсэгт хуучин эмээл байсан тэгэхээр нь эмээлийн хяр хэсэгт байсан чимэглэлийг хайчаар хөшиж салгаж аваад гэрээдээ явсан... Маргааш нь эмээлийн үргэлжилсэн хяр чимгийг хоёр хэсэг хуваагаад зарж борлуулах зорилгоор авч явж байгаад... шинэ үйлчилгээний төвийн суурийн давхарт байх алт мөнгөний дархан дээр орж хярын хугархай хэсгээс худалдан авах уу гэж асуутал үзэж байснаа миний эмээлийн алдсан хяр байна гэж хэлэхээр нь би үзүүлж байсан хяр чимгээ тэр чигт нь үлдээгээд гарч зугтаасан үлдсэн өөрт байсан чимгийг офицерийн 80 айлын урд газар хаясан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...05 сарын 16-ны өглөө гэртээ ортол миний эмээлийн полиусан хяр алдагдсан байсан тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...Тэгээд тэр өдөр шинэ үйлчилгээний төвд байрлах алт мөнгөний дарханы ажлын байранд байхад зүс үл таних залуу хяр байна та худалдаж авах уу гээд надад үзүүлтэл миний эмээлийн хяр байсан. Энэ миний эмээлийн хяр байна гэтэл тэр залуу зугтаагаад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т надад эмээлийн хяр дээр байдаг мөнгөн чимэглэл үзүүлээд энэ чимэглэл мөнгө мөн болов уу гэж асуусан.. би мэдэхгүй алт мөнгөний дарханаас асуу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-наас хохирогч Б.Б полиусан эмээлийн хярыг 384000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Т бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгчид  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ар гэрийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

 1. Шүүгдэгч Ө.Т бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т ‎эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн  хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т оногдуулсан 2 жилийн хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ө.Т цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.        

 

5. Шүүгдэгч Ө.Т нь бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ө.Т оногдуулсан 2 / хоёр / жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг 1 / нэг / жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.

 

            7.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Н.АДЪЯА