Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/1048

 

 

 

 

 

2022               11             3                                          2022/ДШМ/1048

 

С.Гад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Гад холбогдох эрүүгийн 2102 00285 0236 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн Сын Г, ...... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ................. тасгийн их эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ..................... дүүргийн ... дугаар хороо, ................ гудамжны ... дугаар байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

 

Шүүгдэгч С.Г нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа:

Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг,

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 8.2 дахь хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг,

“Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж,

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.Мцт түүний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5540372625 тоот дансаар дамжуулан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Сын Гыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор ...эд зүйл өгсөн...” гэж хуульчлан заасан. Дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй, хахууль өгөгчийн хүсэл зорилгоор түүний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх, түүнд давуу байдал бий болгох зорилготойгоор үйлдэгддэг гэмт хэрэг байна. Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаартай тогтоолд “...Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөрийн хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай...” гэж тайлбарласан. Миний үйлчлүүлэгч С.Г нь хүний их эмч мэргэжлээр 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Талийгаач М.Мц нь 2018 оны 5 дугаар сарын 23-ний өдөр “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д зүүн хөлийн шилбэний мэс засалд орж хагалгаа амжилтай болсон. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн боловч хагалгаа эхлэхээс өмнө, мэдээгүйжүүлэх эмийн харшлын улмаас нас барсан харамсалтай үйл явдал болсон. Аливаа хүний эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, улмаар баярлаж, талархсан сэтгэлээр бэлэг сэлт /мөнгө, бусад зүйл/ өгсөн, түүнийг хүлээн авсан үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үү, эмчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл үү гэдгийг ялгаж тогтоох шаардлагатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухай этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашиг бодит, хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан баримтаар С.Гын Хаан банкны дансаар 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг тус тус шилжиж орсон үйл баримт тогтоогдсон. Мөн талийгаач М.Мц 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орсон ба хагалгаа амжилттай болсон. Миний үйлчлүүлэгч С.Г шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт “...Өмнөх хагалгаа сайн болсон, хурдан эдгэсэн, баярлалаа “та надад дансаа өгөөч” гэхээр нь би юм бодолгүй дансаа өгсөн нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн. Түүнчлэн талийгаач М.Мц нь 500.000 төгрөг, 300,000 төгрөгийг ямар зорилгоор өгсөн, өөртөө эсхүл бусад ямар давуу байдал бий болгох зорилгоор өгсөн болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Дээрх нөхцөл байдал, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл миний үйлчлүүлэгч С.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, мөн түүний үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хууль болон эмчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Уг гэмт хэрэг нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөгчөөс хахууль өгөхийг шаардсан. Мөнгийг авснаар гэмт хэрэг төгсдөг. Шүүгдэгчээс гаргасан гомдолд тухайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, ялимгүй гэмт хэргийн шинжтэй байна гэдэг байдлаар гомдол гаргасан байна. Уг гэмт хэрэг нь материаллаг хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хахууль өгөхийг шаардсан, авснаар гэмт хэрэг төгсдөг. Хахууль өгөгч талийгаач Мц ямар зорилгоор тухайн мөнгийг С.Гад өгөөд байгаа гэдэг нь тодорхойгүй гэж байна. Гэтэл хахууль өгсөн гэх талийгаач Мц нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, хагалгаа хийлгэх зорилгоор мөнгийг өгсөн. Мөн хагалгаанд орсны дараа мөнгө өгсөн болох нь тогтоогддог. Шүүгдэгч С.Гын үйлдэл нь эмчийн ёс зүйг зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг ярьж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэлт хийхэд Мц нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зүүн хөлийн шилбэний хагалгаанд орсон байдаг. Ингэж орохдоо С.Гын шаардсаны дагуу 500.000 төгрөгийг өгсөн. Гэтэл уг мэс заслын эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг эмчилгээ буюу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх байсан. Ингээд 2 жилийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хагалгаанд орсны дараа С.Гаас 300.000 төгрөг шаардсан талаар гэрч Мт, Т нар мэдүүлдэг. С.Г нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан болох нь тогтоогддог. Шүүгдэгч С.Гын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг ханГтай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Г нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа:

Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараах зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг,

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 8.2 дахь хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг,

“Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж,

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.Мцээс өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5540372625 тоот дансаар дамжуулан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ж.Мдн “...Талийгаач анх 2018 оны 5 дугаар сард хотод эмчлүүлж байгаад хөдөө гэртээ ирээд “Гэмтлийн эмнэлгийн Г гэдэг эмчид 500.000 төгрөг өгсөн” гэж ярихаар нь “хөлтэй л болж байвал мөнгө яах вэ” гэж хэлж байсан. Дүү Мт нь 500.000 төгрөгийг Гад бэлнээр өгсөн гэж байсан. ...2020 оны 6 дугаар сарын эхээр шарил хадгалах өрөөнөөс шарилыг нь авах гээд Гэмтэл согог судлалын төвийн гадаа бид нарыг зогсож байтал миний араас нэг хүн татах шиг болохоор нь эргээд хартал Г гэдэг эмч нэг гартаа 10.000 төгрөгийн дэвсгэртүүд барьчихсан миний гарт атгуулах гээд байхаар нь би “аваагүй, би хуулийн өмнө наадахыг чинь шийднэ, та нар хүн алчхаад яах гээд байна” гэчхээд шарил хадгалах өрөө рүү алхаад үүдээр нь орох гэтэл араас татаад миний дээлийн өвөрт тэр мөнгөнүүдээ чихчхээд юу ч ярилгүй зугтаагаад явчихсан. ...” /1хх 18- 20/,

гэрч Ц.Тгийн “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор Мц надад “Г эмчид 200.000 төгрөг өгье гэсэн чинь 300.000 төгрөг өг гээд байна гээд надаас 200.000 төгрөг байна уу, Г эмчид өгөх гэсэн юм” гэхээр нь би 200.000 төгрөг бэлнээр Мцт өгсөн. Мц намайг “энд сууж бай” гэж үлдээгээд мөнгөний машин дээр очиж өөрийнхөө данс руу надаас авсан мөнгөө хийгээд, “Г эмч рүү 300.000 төгрөг шилжүүлчихлээ” гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараад гэртээ хариад байж байтал Мцийн утсаар яриад “Г эмч байна, ирж эмнэлэгт хэвт гэж байна” гээд бид хоёр Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хамт явсан” /1хх 21-23/,

гэрч М.Мтгийн “...Мц эгч хөлийн ясаа хадуулах мэс засалд орсныхоо дараа над руу утсаар залгаад “эгчдээ 500.000 төгрөг байвал өгөөч, эмчдээ өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь 500.000 төгрөгийг бэлнээр эгч Мцт аваачиж өгсөн. Дараа нь асуухад “500.000 төгрөгөө Г эмчид өгсөн” гэж ярьж байсан. ...Г эмчид 300.000 төгрөг өгөхөөр боллоо. 200.000 төгрөг өгье гэж гуйсан чинь багадаж байна, заавал 300.000 төгрөг өг гэж байна” гэж ярьсан. Тэгээд маргааш нь талийгаач Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд, маргааш өдөр нь нас барсан. ...Би тухайн үед машинд сууж байхад аав Мд машинд орж ирж суугаад “нөгөө эмч нь энгэр рүү 300.000 төгрөг хийчхээд яваад өгөх юм” гээд уйлаад 10.000 төгрөгийн дэвсгэртүүд харуулж байсан. ...” /1хх 26-27/,

гэрч Ц.Тшийн “...Тэгээд байж байтал орой 20 цагийн үед Т эгч над руу залгаад “найдваргүй гэж байна, ар гэрийнхнээ дууд гэж байна” гэсэн. Ингэж байж байгаад шөнийн 00 цагийн үед талийгаач нас барсан. Тэгээд талийгаачийн аав Мд нь тэр даруй хот руу гарсан бөгөөд бид нар шөнийн 02 цагийн үед тосож авсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 6 цагийн үед гэмтлийн эмнэлгийн моргоос шарилыг нь авах гээд манай гэр бүлийнхэн ирсэн. Талийгаачийн шарилыг манай нөхрийн машинд хийж авч явна гээд моргийн үүдэнд машинаа байрлуулсан байсан бөгөөд би багажны хаалгыг онгойлгоод зогсож байсан. Моргийн үүдэнд Мд ах зогсож байсан бөгөөд тэр үед нэг нүдний шилтэй, бордуу өнгийн куртиктэй 30 орчим насны залуухан эрэгтэй хүн ирээд Мд ахын дээлийн энгэр рүү нь юм хийчхээд яваад өгсөн. Мд ах “хүүе, хаая” гээд үлдсэн. Тэр үед моргоос шарил гарч ирж байсан болохоор бид нар юм хэлж чадалгүй, яаж ч чадалгүй үлдсэн юм. Шарилыг ачсаны дараа би Мд ахаас “саяны хүн юун хүн бэ” гэж асуухад Мд ах “нөгөө 300.000 төгрөг авсан эмч нь энэ байна, 300.000 төгрөгөө миний өвөр рүү хийчхээд яваад өглөө” гэхээр нь би “яах гэж авсан юм, нүүр рүү нь шидэхгүй яасан юм” гэж хэлж байсан. Тэгээд бид хэд талийгаачийн шарилыг аваад нутаг руугаа явцгаасан. Т эгчээс сонсоход тэр 300.000 төгрөгийг хагалгаанд орохын өмнө Г гэгч эмч талийгаачаас авсан гэж байсан. ...” /1хх 28-30/,

гэрч Х.Цгийн “...2020 оны 6 дугаар сарын эхээр талийгаачийн шарилыг гэмтлийн эмнэлгээс гаргасан. Би тэгэхэд бага зэрэг хоцорч очсон. Манай хамаатнууд талийгаачийн шарилыг аваад нутаг руугаа явсан бөгөөд би явалгүй хотод үлдсэн. Тухайн үед манай дүү Тш, талийгаачийн аав Мд нар “өвөрт нь 300.000 төгрөг хийчихлээ, яах гэж авсан юм, буцаагаад өгөхгүй яасан юм” гэх зүйл ярьж байсан. ...” /1хх 31-32/,

гэрч Б.Б-Оын “...Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан эрүүл мэндийн даатгалаас төлбөрийг нь олгох тусламж үйлчилгээний жагсаалт байдаг. Уг жагсаалтад орсон тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр төлөх бөгөөд өвчтөн зөрүү төлбөрийг нь өөрөө төлөх ёстой байдаг. Харин өндөр настан, насанд хүрээгүй хүн, группт байдаг хүнд тусламж үйлчилгээг төлбөргүй үзүүлэх ёстой. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/293 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Төлбөрийн жишиг хэмжээ журам батлах тухай” журам байдаг. Уг журамд нийцүүлэн эмнэлгүүд өөрсдийн төлбөртэй тусламж үйлчилгээний журмыг батлан гаргадаг. Манай эмнэлгийн хувьд хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн захирлын 315/А тушаалаар төлбөртэй, тусламж үйлчилгээний журмыг баталсан байдаг. Уг журамд зааснаар зарим тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх бөгөөд жишээлбэл, гоо заслын болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, гэмтэл согогийн бус оношилгоо эмчилгээ, үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр авч буй нэмэлт тусламж үйлчилгээ /өрөөний нөхцөл/ зэрэг ордог. Бусад эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас төлөх бөгөөд, үйлчлүүлэгч төлбөрийн 15 хувийг нь өөрөө төлдөг юм. Өвчний түүхээс харахад талийгаач М.Мц 2018 онд шилбэний хугарлыг хадах мэс засалд орсон байна. Эмчлэгч эмч С.Г байсан байна. Талийгаач 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай эмнэлэгт шилбэний хадаасыг авхуулахаар хэвтээд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хагалгаа эхлэх явцад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Эмчлэгч нь мөн С.Г байсан байна. Үйлчлүүлэгч эмнэлгийн кассын ажилтанд зөрүү төлбөрөө төлөх бөгөөд, кассаас НӨАТ-ын баримтыг үйлчлүүлэгчид өгдөг. Эмч эмнэлгийн төлбөр тооцооны асуудалд оролцох ёсгүй. Эмчилгээний төлбөрийг кассын ажилтнуудад л төлөх ёстой...” /1хх 38-40/,

гэрч К.Бийн “...Манай эхнэр Мэндбаяр 2018 оны 5 дугаар сард зам тээврийн осолд орж Гэмтлийн эмнэлэгт хөлөө хадуулах мэс засалд орж байсан. Тэр үед эхнэрийн эмчлэгч эмч нь С.Г гэх эмч байсан. Эхнэрийг би эмнэлэгт сахиж хамт хэвтэж байсан бөгөөд эхнэрийн хэвтэж байсан өрөөнд Өвөрхангайгаас нэг малчин охин мотоциклийн осолд орсон гээд ирж хэвтэж байсан. Тэр охиныг нөхөр нь гэх залуу сахиж байсан. Тэр охины нэрийг Мц гэж байсан санагдаж байна. Тэр охин ...манай эхнэртэй адил хөлөө хадуулах мэс засалд орж байсан байхаа. ...2018 оны 5 дугаар сард намайг эхнэрээ сахиад хэвтэж байх үед Мц гэх охин намайг гуйж миний данснаас уг 500.000 төгрөгийг Г эмчийн данс руу шилжүүлсэн. ...Тухайн үед Мцт “Г эмчийн данс руу энэ мөнгийг хийчихмээр байна” гэхээр нь би шилжүүлж байсан санагдаж байна. Мц надад бэлнээр 500.000 төгрөг өгч байсан. ...” /1хх 41-42/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-13/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А дугаар тушаал /1хх 80-88/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ц.Амар “...С.Гын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Мөн түүний үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хууль болон эмчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил юм. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 3 дугаар зүйл /Конвенцын хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

 

Тус конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

 

Ингэхдээ тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж, 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон.

 

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул хууль ёсоор эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгох, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана.

 

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч С.Г нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэс засалд орохоор хэвтсэн М.Мцээс 800.000 төгрөгийг авсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Харин шүүгдэгч С.Гын үйлдэл Эрүүл мэндийн тухай хууль болон эмчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шүүх шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй тул шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлын “...Мөн түүний үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хууль болон эмчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил юм. ...” гэсэнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                Б.БАТЗОРИГ