Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ2024/0023

 

 

 

 

   2024       04           18                                              125/ШШ2024/0023

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн өмгөөлөгч *******, гэрч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлах 1 га газрыг иргэн *******д ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлжээ.

1.2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор *******гийн эзэмшлийн газар багтсан байна.

1.3. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн маргаан бүхий газар хамаарах Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадарч овогтой Марина нь 2009 оноос хойш эхлэн Цамбагарав баг ойн зурваст газар эзэмшиж ойжуулах, нөхөн сэргээх, үр үрсэлгээ бэлтгэх чиглэлээр тасралтгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тухайн газарт цахилгааны шугам татуулж, худаг гарган, торон хашаа барьж ард иргэд хашаа давуулж хог хаядаг тул байнгын цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг, модны үрсэлгээ арчилгаа хариуцан нэг хүнийг улирлын чанартай сард 500,000 мянган төгрөгөөр цалинжуулахаас гадна талбайн манаачаар нэг айлыг 10 жил цалинжуулж ажилуулсан. Эхний жил 100 ш бургас, үхрийн нүд 500 ш, чацарганы суулгац 500 ш, улиас 50ш нийт 1150 ширхэг мод тарьсан. Анхны 5 жил модоо арчилж ургуулах ажил хийсний үр дүнд тарьсан суулгацаа мод болгож ургуулсан. Ингэж хойд хэсгээрээ ганц ч модгүй байсан газар модтой болсноос хойш жил бүр тодорхой тооны (Он оноор тоог гарган өгөх боломжтой) мод үрсүүлж аймгийн төвд болон хөдөө сумдад өгч одоогийн байдлаар 6000 гаруй мод үрсэлгээ бэлтгэн нийлүүлсэн билээ.

Мөн ургуулсан чацарганы модноосоо сүүлийн таван жил байнгын ургац авч хувийн хөрөнгө оруулалттай Багачуудын ертөнц, Хөх хулганы орон, Энхж-од зэрэг цэцэрлэгүүдэд болон Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай, хоол бэлтгэж байгаа аж ахуй нэгжүүдэд нийлүүлж ирсэн. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Дуут сумуудад үрсүүлэн тарьсан модноосоо 1000 ш мод нийлүүлсэн. (Зарим сумдын гэрээг хавсаргав) Өнгөрсөн 2022 онд 20 сая төгрөгөөр Хуучин байсан төмөр торыг өөрчилж хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөх орчин үеийн шаардлагад нийцсэн төмөр хашаагаар сольж сайжруулсан. 2023 оноос жимс, жимсгэнэ, алимны мод үрсүүлж Мянгад болон бусад сумдад 1000 мод нийлүүлэх гэрээ байгуулсан тул гэрээний дагуу нийлүүлэх ёстой байгаа юм.

Маргаан бүхий газрын ******* нь өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан. Тухайн үед ******* нь төрийн албанд ажилладаггүй байсан бөгөөд шүүгч болсноос хойш маргаан бүхий газрын үйл ажиллагаанд оролцохоо болсон бөгөөд манай нөхөр бид хоёр уг газарт үйл ажиллагаа явуулж байсан. Миний хувьд маргаан бүхий газар 12 жилийн турш мод үржүүлгийн ажлыг хийж ирсэн. Мод үржүүлгийн хувьд нэг жил тариад дараа жил нь бүрэн ургачихдаг зүйл биш. Чацарганын мод, аньс, нэрс, улиас, бургас гэх мэт бүх төрлийн үрслүүлж болох моднуудыг 10 гаруй жил тарьсан, мөн тухайн газарт худаг гаргаж, тог татаж, хашааны саад гээд паркийн хашаа шиг төмөр саадыг 30 гаруй сая төгрөгөөр хийгээд янзлаад явж байсан. Бид нарын зүгээс маш их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж тухайн ойн бүсийн модыг үрслүүлэхийн тулд маш их хэмжээний хөдөлмөр гаргаж байсан. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Жаргалант сум, аймгийн Байгаль орчны газраас хамтарсан ажлын хэсэг ирж бид нарын ажлыг дүгнээд явдаг байсан. Манайх маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл нэг өдөр улс төрийн зорилгоор аймгийн Засаг дарга нь бид нарын хийсэн ажлыг үнэлэхгүйгээр маргаан бүхий газрыг хүчингүй болгож нийтийн эзэмшил газар болгож цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргаж маргаан бүхий газрыг хүчингүй болгох үүргийг Жаргалант сумын Засаг дарга үүрэг болгосон байдаг. Уг шийдвэр нь аймгийн иргэдийн хурлаар хэлэлцэгдэж байх үед бид нар болон дарга хэлж байсан. Тухайн үед ард иргэдээ гуйж олон жил арчилгаа тордлогоо хийлгүүлээд ашиглуулж явуулчхаад үр ашгийг нь үзээгүй байхад бид нар маргаан бүхий газрыг булаан авч болохгүй. Төр нь ард иргэддээ дээрэнгүй хандаж байна. Ард иргэддээ бид нар уян хатан хандах ёстой. Тийм учраас ойн бүсийн газрыг хурааж авч болохгүй гэдгийг тайлбарыг албан ёсоор хэлж байсан.  Уг газарт бид нарын зүгээс маш их хөрөнгө мөнгө, хөлс хүч шингэсэн учраас маргаан бүхий газрыг нийтийн эзэмшил болгож чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 23-ны өдрийн 61 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчид 2010 оны 12-р сарын 29-ны өдрөөс газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Уг гэрээний 2.3-д "Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлнө" 2.4-т “Газар эзмшүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс газрын төлбөр хийх хугацааг тооцно" 2.5-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна" 4.5-т Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө" гэж тус тус заасан.

Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2017/00239 тоот гэрээний 2.3,  Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 23-ны өдрийн 61 дүгээр захирамжаар газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм. Гэтэл нэхэмжлэгч ******* нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2019 онд 1129 төгрөг, 2020 онд 2258 төгрөг, 2021 онд 258530 төгрөг, 2022 онд 683,280 төгрөг, 2023 онд 1,999,085 төгрөгийн газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч газрын төлбөрөө захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна.

Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 -т заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг *******гийн газар дээр үзлэг шалгалт хийхэд зориулалтаар ашиглаагүй болох нь нотлогдсон тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул энэ үндэслэлээр Газар эзэмших эрхийг хүчингүй болгох энэ үндэслэлээр нэхэхий эзэмших эрхийг хүчингүй болгосон болно.

3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг”-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т “Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.

Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болно. Иргэн ******* нь "Газрын даамал д" хаяглан ирүүлсэн 2021, 2022, 2023 оны огноотой тайлан ирүүлсэн баримт хувийн хэрэгт хавсаргагдсан байна. Гэтэл 2021, 2022 онд тайлан ирүүлээгүй атлаа 2023 онд 2021, 2022 оны тайлангаа ирүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2021, 2022 онд газрын даамалаар гэх хүн ажиллаж байгаагүй тул түүний газрын даамал д гэж хаягласан тайлангаар 2021, 2022 онд тайлангаа ирүүлээгүй байна.

УДШ-ийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тайлбарын 1.9-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "... удаа дараа..." гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж хууль хэрэглээний УДШ-ийн албан ёсны тайлбар байдаг.

Тиймээс гэрээнд заасан гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүргээ нэхэмжлэгч 2021, 2022 онд биелүүлээгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд огт тайлагнаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн бөгөөд уг үндэслэлд хамаарах Газрын тухай хууль тогтоомж, гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж энэ үндэслэлээр хүчингүй болгосон болно.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн талаар: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. " ... захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох", 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ... тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн заалтыг хариуцагч бүрэн хэрэгжүүлсэн болно.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******гийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын 8414007252 дугаартай 1.6 га талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.3. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг ойн бүсэд байрлалтай 1 га газрыг нэхэмжлэгч *******д ойжуулалт, нөхөн сэргээх, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшүүлсэн. Уг газар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Гэрээнд газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлнө. Газар эзэмшүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс эхлэн газрын төлбөр төлөх хугацааг тоолно. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөд тохиолдолд өөрчлөлт оруулна. Мөн газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран төлнө гэж тус тус заасан.

Хоёрдугаарт: Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөрийг төлнө. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан, улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд газрын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд “газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшүүлэгчид үүрэг” болгосон байдаг. Үүний дагуу гэрээнд газрын төлбөр төлөх үүргийг мөн тусгасан байдаг. Гэтэл газар эзэмшигч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2019, 2021, 2022, 2023 онуудын газрын төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болсон.

Гуравдугаарт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” буюу гэрээ дүгнүүлэх, газар эзэмших гэрээний үүргийн биелэлтээ тайлагнах үүргийн биелэлтүүдийг хангаагүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэрээний 4.14-д газар эзэмших гэрээг дүгнүүлэх, 7.2-т газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүрийн 6 сарын 25-ны дотор тайлагнахыг үүрэг болгосон.

Гэтэл нэхэмжлэгч нь дээр хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй байдаг. Харин 2021, 2022 онуудад тайлангаа ирүүлээгүй мөртлөө 2023 онд 2021, 2022 оны тайланг сүүлд нөхөж авч ирж өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2021, 2022 оны тайлангаа гэж хаяглан ирүүлсэн байдаг. 2021, 2022 онуудад гэдэг хүн газрын даамал байгаагүй гэдгийг хэлмээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр *******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.4. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан "Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-д Цамбагарав багийн Ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаr захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу "Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах", "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан тоотоор өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн. Дээрх асуудлыг хэлэлцэх үед Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны А/283 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсан бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдааны 13/05 дугаар тогтоолоор "Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", 13/15 дугаар тогтоолоор "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" тогтоолыг тус тус баталсан.

Аймгийн ИТХ-ын 2023 оны 13 дугаар хуралдааны дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан "Ховд аймгийг 2021-2025 хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн 2.5.3. 2.5.6. 2.5.7, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийн 3.6, 4.1, 5.6 дахь хэсэгт заасан зорилтууд, Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээ багасгах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэр болно. Иймд иргэн *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжаар *******гийн эзэмшлийн газрыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн маргаан бүхийн газрыг 3 үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарласан.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Нэгдүгээрт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Гэтэл хэргийг хэлэлцэх явцад талууд гэрээний аль зүйл заалтыг зөрчсөн талаар хариуцагч талын зүгээс тайлбарлахдаа 2022 оны гэрээний 7 дугаар зүйл, гэрээний 4.1.4, 2010 оны гэрээний 4 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн буюу 2020 оноос хойш газрын тайлан болон гэрээ ирүүлээгүй бөгөөд дүгнүүлж байгаагүй гэдэг тайлбарыг өгдөг. Гэтэл хэрэгт 2022 оны гэрээ дүгнүүлэх талаар баримт хэрэгт авагдаагүй учир үндэслэлгүй юм. Харин 2010 оны гэрээний 4 дүгээр зүйлд газар эзэмшигч буюу газар эзэмшүүлэгч газрын гэрээгээ дүгнэх үүрэгтэй гэдэг байдлаар заасан. Энэ нь нэхэмжлэгчийн буюу газар эзэмшигч талын оролцоо  гэдэг байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн. Талуудын мэтгэлцээний явцад ямар нэхэмжлэгч нь ямар байдлаар маргаан бүхий газрыг ашиглаагүй юм бэ гэж асуухаар hариуцагчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ******* нь маргаан бүхий газар дээр ойжуулалт болон нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй гэдэг байдлаар тайлбарладаг. *******г маргаан бүхий газрыг ямар үндэслэлээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байна вэ гэхээр хариуцагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон. Өөр ямар нэгэн байдлаар ажиллагаа хийгдээгүй гэдэг байдлаар тайлбарладаг. Үүнийг шүүх ******* нь маргаан бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тогтоох ёстой.  Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг 2022 оноос хойш маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулсан талаар мэдэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс үндэслэлгүй тайлбар гаргаж байна гэж үзэж байна. 2020 оноос 2022 он хүртэл ******* нь маргаан бүхий газарт ямар үйл ажиллагаа явуулж, жимс жимсгэнэ, мод сөөг тарьсан нь ургасан юм уу? ургаагүй юм уу гэдэг байдлаар өнөөдрийг хүртэл гэрээ дүгнэсэн болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид гардуулсан болон мэдэгдсэн зүйл байхгүй байна.

Харин маргаан бүхий газарт үзлэг хийсэн талаарх улсын байцаагчийн дүгнэлтийг өнөөдөр хэрэгт авч ирсэн байна. Иймд шүүх уг дүгнэлт дээр байгаа үйл баримт болон маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үйл баримтыг шүүх шалгаж нотлох баримт үнэн зөв эсэх, эргэлзээгүй эсэхийг бол шалгаж үздэг. Үүний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сард маргаан бүхий газарт үзлэг хийсэн байдаг. Тухайн үед маргаан бүхий газар ямар мод байсан, тухайн газар нь нөхөн сэргэсэн байсан юм уу? үгүй юм уу? жимс, жимсгэнэ ургасан байсан юм уу? үгүй юм уу? гэдгийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Тийм учраас ******* нь маргаан бүхий газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй байна.******* нь маргаан бүхий газарт хашаа татаж, худаг гаргаж, тодорхой хэмжээний модыг сумуудад нийлүүлэн маргаан бүхий газарт үрсэлгээ хийж ургуулсан талаарх баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа  иргэнд анх тухайн газрыг эзэмшүүлэхдээ гэрээ болон бусад зүйл дээр мод тарих болон тухайн газрын нөхөн сэргээлтийн талаар тодорхой тусгасан зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа маргаан бүхий газрын эзэмшиж байгаа иргэн өөрөө тухайн газрын нөхөн сэргээлт болон газрын төлбөр төлөлтийн талаар мэдэх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч буюу газрын албаны мэргэжилтэн нар нь өөрсдөө газрын нөхөн сэргээлт гэдэг талаараа тайлбар болон тодорхойлолтыг хэлж мэдэхгүй байна шүү дээ.

Магадгүй гэрээнд тухайн газарт мод үржүүлэх болон мод тарих зааварчилгааг тодорхой тусгаж өгсний дараа хариуцагчийн зүгээс үнэхээр маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа иргэн нь зориулалтын дагуу ашиглаж байгаа юу? Үгүй юу? гэдэг зүйлийг ярих ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс мод тарих, тухайн газрыг нөхөн сэргээх талаар наад захын мэдлэггүй байж иргэдийн хөдөлмөрийг үнэлэхгүй тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх нь эргэлзээтэй байна. Үнэхээр тухайн газрыг эзэмшиж аваад нэг ч мод тариагүй бол өөр хэрэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газарт мод тариад, үржүүлэг хийж байгаа нь нөхөн сэргээлтийн ажил биш юм уу? мод тарихыг тул заавал худаг ухаж, ус гаргадаг. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газрыг хашаалж, дараа нь мод тарьж, шат дамжлагатайгаар тодорхой цаг хугацаанд тодорхой нөхөн сэргээлт ажлуудыг хийсэн байгаа. Мөн өөрийн боломж нөхцөл болон эдийн засгаас шалтгаан жил бүр тодорхой ажлуудыг хийсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс маргаан бүхий газарт ийм ийм юм хийх ёстой гэдэг байдлаар ямар баримт нотолгоогүй зүйл хэлж байгаа нь үндэслэлгүй юм.

Гуравдугаарт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэлгүй болгосон.

Шүүх хуралдааны явцад талууд газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй талаар маргасан. Хуульд заасны дагуу ******* нь газрын төлбөр хэдэн төгрөг ёстой юм бэ? гэдгийг Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулсан байгаа учир ******* нь хуульд заасан төлбөрийг төлнө. Түүнээс биш газрын албаны программаар оногдуулсан төлбөрийг төлөх ёсгүй. Харин хуульд заасан төлбөрийг хуульд заасны дагуу программ дээр шивээд цаашаа хэрхэн яаж төлүүлэх вэ гэдэг нь тухайн төрийн байгууллагын өөрийнх нь үйл ажиллагааны асуудал юм. Хариуцагчийн төлөөлөгч нараас хуульд заасны дагуу ******* гэдэг нь газрын төлбөр өнөөдрийн байдлаар 2019-2021 он хүртэл хэдэн төгрөг төлөх ёстой юм бэ? гэж асуухаар эдгээр хүмүүс нь мэдэхгүй байна. Мөн программын алдаа байх гэх мэтээр хариулт өгч байна. Гэтэл хуульд газрын суурь үнэлгээ, түүнийг тогтоох зарчим гэж заасан. Ингэхдээ тухайн суурь үнэлгээг тогтоож, түүний дагуу тодорхойлно гэж заасан байна.

Газрын хэмжээ 1,6 га гэдэг дээр талууд маргахгүй байгаа. 2018 оны 12 дугаар сарын Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын газрын төлбөрийн хэмжээ, итгэлцүүр тогтоох журамд зааснаар 1 м2 газар нь 15 төгрөг байгаа. Ингээд *******гийн эзэмшлийн 1,6 га газрын 1м2 газрыг 15 төгрөгөөр тооцож үзэхээр 240,000 төгрөг төлөхөөр байгаа. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нар буруу тайлбарлаж программын бодсоноор төлбөр гарч ирсэн гэх зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Газрын төлбөрийн тухайд 2019 оноос 2021 он хүртэл 1м2 газрыг 15 төгрөгөөр тооцож байсан бол 2021 оноос 1м2 газрын төлбөр нь 40 төгрөг болж нэмэгдсэн байгаа.  Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны газрын төлбөрийг төлөөгүй гэдэг боловч нэхэмжлэгчийн зүгээс төлсөн гэдэг баримтаа газрын албанд өгсөн боловч газрын албанаас авах гэхээр олдохгүй байгаа юм.2020, 2021 онуудын төлбөрийг төлөөгүй гэдэг дээр нэхэмжлэгч маргахгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс удаа, дараа газрын албаны дарга н.Төгөлдөр гэх хүн дээр очиж газрын төлбөр төлөх талаараа асуусан боловч итгэлцүүрийн хэмжээ өөрчлөгдөж байгаа, мөн нэхэмжлэлийн дугаар үүсгэдэг юм. Та байж байх гэх мэтээр удаа дараа хойшлуулсан байдаг. Харин газрын төлбөрийн тухайд газрын албаны зүгээс 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр *******гийн гар утас руу 2020,2021 оны төлбөр гэх мэтээр үүсгэж явуулсан байдаг.

Нэгэнт газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд газрын төлбөр ногдуулалтын талаар тусгайлан зааж өгсөн. Гэтэл уг үүргийг газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага буюу Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилчид огт хүргүүлээгүй. Харин 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн нь татварын байцаагчийн гэрчээр асуусан мэдүүлэг, мөн татварын албанаас гаргаж ирүүлсэн тухайн газрын төлбөрийн үүсгэсэн огноо, мөн гэрч Б.Бямбажав гэх мэт хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ”. гэх үүргийг хариуцагчийн зүгээс биелүүлээгүй байна. Мөн  хуулийн 4 дэх хэсэгт “газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ”. гэж тус тус заасан. Гэтэл хариуцагчийн зүгээс 2010 оноос хойш ямар нэгэн гэрээ байгуулаагүй, төлбөрийн нөхцөл өөрчлөгдчихсөн талаар мэдэгдээгүй байдаг. Харин хариуцагчийн зүгээс иргэн *******тай цахимаар гэрээ байгуулсан гэж ярьдаг боловч уг гэрээ цахимаар байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй, тэр талаарх баримт хэрэгт байхгүй байна. Хэрэв тухайн гэрээг цахимаар байгуулсан бол нөгөө талын хүсэл зориг илэрхийлсэн, нөгөө тал хүссэнээр мэдсэнээр буюу хүлээн зөвшөөрснөөр тухайн гэрээ байгуулагдсан гэж үздэг боловч тухайн ажиллагааг хариуцагч байгууллага огт хийгээгүй байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ”. гэж  заасан гэтэл хариуцагчийн зүгээс 2024 оны 03 дугаар сард мэдэгдсэн байдаг. Тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг хүчингүй болгож байгаа талаар сонсох ажиллагаа хийж мэдэгдээгүй байдаг. Тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэрийг гаргаж байгаа албан тушаалтан сонсох ажиллагааг заавал явуулах үүрэгтэй. Магадаггүй сонсгох ажиллагааг явуулсан бол талууд үүнтэй холбогдуулан тайлбар, саналаа гаргах байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг хийгээгүй байна. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн А/283 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Б.Маринад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Уг захирамжтай холбогдуулан Б.Маринагийн ойн бүсэд холбогдох хэсгийг олон нийтийн, цэнгэлдэх хүрээлэн болгохоор тогтоол гаргасан байдаг. Уг тогтоол нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан байдаг. Тийм учраас Б.Маринагийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан учир *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

2.6. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр гарсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан. Нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөлтийн тухайд 2019 оны газрын төлбөр төлсөн талаарх баримт шүүхийн шатанд гарч ирсэн. Үлдсэн 2020, 2021, 2022, 2023 онуудад нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна шүү дээ. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байх үндэслэл нь газар эзэмшигч буруутай үйл ажиллагаа байна уу?  бусдад этгээдийн хууль бус үйл ажиллагаа байна уу? гэдэг дээр шүүх дүгнэлт хийх байх. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж газрын төлбөр төлөөгүй гэж ярлаа. Гэтэл хариуцагчийн зүгээс газрын төлбөрийн ногдуулалтыг газрын алба үүсгэдэг. Тэгэхээр маргаан бүхий актын хувьд Газрын алба ногдуулалтыг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар үүсгэсэн байна.

Харин тухайн нэхэмжлэх үүсгэсэн эсэх асуудлын хувьд нэхэмжлэгч нь өөр хүмүүстэй маргах байж. Газрын төлбөрийн итгэлцүүрийн хувьд 2021, 2022 сүүлээр газрын төлбөрийн итгэлцүүр өөрчлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. 2012 оноос 2022 он хүртэл 256,000 төгрөг байсан. Гэтэл гэрчийн мэдүүлгээр төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн учраас газрын төлбөрийг төлж чадаагүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. 2019 онд төлж байсан газрын төлбөр нь 2022 он хүртэл адилхан байсан учир бусдаас буюу хариуцагчаас шалтгаалж мөнгөн дүн өөр байсан учраас би төлж чадахгүй байсан гэж хэлж байгаа нь бичгийн нотлох баримтаар давхар нотлогдоогүй. Уг хэлсэн гэрчийн мэдүүлэг нь хариуцагчид ашигтай буюу маргаан бүхий акт үндэслэл бүхий буюу зорилгодоо нийцсэн гэдэг нь харагдаж байна. Хэрэв газрын төлбөрийн мөнгөн дүн өөрчлөгдсөн бол нэхэмжлэгчийн зүгээс өөрчлөгдөөгүй үнийн дүн буюу 256,000 төгрөгийг дүнгээр татвараа төлөх боломжтой байсан шүү дээ.Улсын дээд шүүхийн тайлбар хүртэл байгаа. Газрын төлбөрийг төлж чадахгүй байх ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм бэ? Өөрөөс нь биш бусад этгээдээс шалтгаалсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хэдий хол газар ажилдаг ч гэсэн жил бүр ээж, аав дээрээ ирдэг гэдэг тайлбарыг гэрч хэлж байна. Үнэхээр энэ нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч ирж чадахгүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Газрын төлбөрийн хувьд дан ганц дундын мэдээллийн санд бүртгэгдээгүй байж болно. Харин И-Монголиа дээр орж үзэхээр тухайн газар эзэмшигчийн газрын мэдээлэл бүгд байгаа. Газрын төлбөрийг цаг тухайд нь хараад төлөх боломж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэлээр ногдуулалт үүсгээгүй гэж ярьж байна. Манай байгууллагын зүгээс ногдуулалтыг тухай бүрд нь үүсгэж байсан.

Хоёрдугаарт: Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Үүнд: нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа ямар нэгэн шалтгаангүйгээр буюу маргаан бүхий газарт шалгалт, шинжилгээ үнэлгээ хийгээгүй байж маргаан бүхий газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм гэж маргаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ийм ийм ажил хийж, ийм ийм нөхөн сэргээлт хийсэн талаарх баримтаар хэрэгт өнөөдрийг хүртэл гаргаж ирүүлдэггүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрын хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа хийгээгүй гэж ярьж байна. Гэтэл гэрчийн мэдүүлгээр ойн бүсийн газрыг хүчингүй болгож байгаа талаараа мэдээд газрын алба дээр очсон байдаг. Тэр хугацаандаа үүргээ биелүүлээд газрын төлбөрөө төлөхгүй яасан юм бэ?

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрээг цахимаар байгуулсан талаар нэхэмжлэгч мэдээгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрын эзэмшихдээ хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний дагуу маргаан бүхий газрыг эзэмшиж авсан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс цахим хэлбэрт орсон талаар бид нарт мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй учир маргаан бүхий газрынхаа төлбөрийг төлөхгүй гэдэг байдлаар ярьж байна.

Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшиж байгаа иргэн газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Анх ******* нь 1,6 га газрыг эзэмшихдээ газрын төлбөрийг төлнө, зориулалтын дагуу ашиглана гэдэг байдлаар гэрээ, хэлэлцээр хийж уг газрын эзэмшигч болсон. Гэтэл өнөөдөр шинэчилсэн цахим гэрээг мэдэхгүй гэх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Цахим гэрээний хувьд 2010 онд байгуулагдсан гэрээний нөхцөл огт өөрчлөгдөөгүй зөвхөн төлбөрийн заалтуудад нь өөрчлөлт орсон. Тийм ээ биш манай зүгээс газрын төлбөрийг төлөх ёстойг төлөхгүй болгоод, төлөх ёсгүй газрын төлбөрийг төл гэдэг байдлаар тухай цахим гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Мөн гэрээний харилцаанд аль нэг тал нь татгалзаагүй бол тухайн гэрээг яг энэ нөхцөл байдалтайгаар үргэлжлүүлэн тооцно гэх иргэний хуулийн заалт байгаа шүү дээ.

Гуравдугаарт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”. Нэхэмжлэгч талын зүгээс маш ихээр гуйвуулан ярьж байна. Манай зүгээс маргаан бүхий газрын эзэмшүүлэхдээ Мянгад, Эрдэнэбүрэн гэх мэт сумуудыг ойжуулж өгөөч гэдэг байдлаар маргаан бүхий газрын өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх газруудыг ойжуулах зориулалтаар үржүүлэг хийсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч ******* нь татвар төлөгчөөр бүртгэгдсэн хэр нь дундын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэж байна. Тэгвэл нэхэмжлэгч нь дан ганц хариуцагчаас шалтгаалахгүйгээрээ өөрөө татвар дээр очоод газрын төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2019 онд хүртэл газрын төлбөрөө төлж явсан хэр нь 2020 онд дундын мэдээллийн санд бүртгэгдээгүй юм чинь би газрын төлбөрөө төлөхгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

2.7. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай”, мөн өдрийн 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэдэг нь дараах хууль зүйн дүгнэлтээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг зааж өгсөн ба 20.1-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус заасан. Үүний дагуу аймгийн Засаг дарга гийн зүгээс тухайн төлөвлөгөө болон саналаа өргөн мэдүүлсний үндсэн дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан.

Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 13/05, 13/15 дугаар тогтоолуудыг гаргасан ба энэ тогтоолуудыг гаргахад процессын болон ямар нэгэн алдаа гараагүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар баталж, эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх тогтоолуудыг гаргасан.

Нэгдүгээрт. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасан бөгөөд энэ нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай тогтоолд хамааралгүй ойлголт юм. Мөн Газрын тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтод дээр буюу Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ” гэж заасан байх тул Газрын тухай хуулийн 40.5 дугаар зүйл хамаарахгүй байна гэж үзэж байна.

Хавтаст хэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд маргаан бүхий газрыг ойжуулалт, нөхөн сэргээлт, жимс жимсгэнэ тариалах 3 зориулалтаар ашиглаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Маринагийн хувьд маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх талаар дүгнэлтийг 2023 онд гаргасан. Захиргааны хэргийн шүүх 2023 оны 07 дугаар сард маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Хавтаст хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21/04-47/100 дугаартай шалгалтын дүнгийн тухай Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга д гаргасан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтээр 2022 онд нэхэмжлэгч Б.Маринаг зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасны дагуу маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэх дүгнэлт гарсан байдаг.

Нэхэмжлэгч *******гийн хувьд маргаан бүхий газрыг 2010 оноос 12 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглаж байна гэж үзэж. Ховд аймгийн Жаргалант сумын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 40.1.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн газрыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж үзэж нэхэмжлэгч Б.Маринагийн үндсэн шаардлага мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлээд хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 2. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар 24-ний өдөр шүүхэд гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба Хурлаас маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил бус гэж үзсэн учраас нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул  нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж дүгнэлээ.

4. Нэхэмжлэгч  нь  Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 61 дүгээр захирамжаар ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар 1га  газрыг эзэмшиж, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, мөн өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авчээ.

5. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “... нэхэмжлэгчийг газрын төлбөр 2019 онд 1129 төгрөг, 2020 онд 2258 төгрөг, 2021 онд 258530 төгрөг, 2022 онд 683280 төгрөг, 2023 онд 1.999.085 төгрөгийг тус тус төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн буюу газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй.” гэжээ.

6. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн төлөөгүй гэх газрын төлбөр 2019 онд 1129 төгрөг гэснийг 256272 төгрөг, 2020 онд 2258 төгрөг гэснийг 256272 төгрөг, 2021 онд 258530 төгрөг гэснийг 256272 төгрөг, 2022 онд 683280 төгрөг гэснийг 640680 төгрөг, 2023 онд 1.999.085 төгрөг гэснийг 640680 төгрөг гэж өөрчилж тодруулсан.

7. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж заасан, газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд: 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээний Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2 Газрын төлбөрийн хэмжээ: нэгжийн үнэ 3 төгрөг бүгд 48000 төгрөг гэж, 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Хадгаламж банкны 160000943 тоот дансанд шилжүүлсэн байна.”гэж заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй.   

8. Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/08 дугаар тогтоолын хавсралтаар газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, солбицол, газрын төлбөрийн хэмжээг тогтоох итгэлцүүр, хэмжээг тогтоосон байх ба аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор газрын төлбөр тооцох итгэлцүүрийг шинэчлэн тогтоох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

9. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хувийн хэрэгт авагдсан 2012 оны 10 сарын 23-ны өдөр 48000 /дөчин найман мянган/ төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 40000 /дөчин мянган/ төгрөгийн газрын төлбөр төлсөн баримтаас үзвэл 2010 оны газар эзэмшүүлэх гэрээнд заасан дүнгээр газрын төлбөр төлж байсан нь тогтоогдож байна. Харин 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийн газрын төлбөр төлсөн байгаа нь  2019 оноос эхлэн Жаргалант сумын Хурлын 2018 оны тогтоолоор баталсан итгэлцүүрээр шинэчлэн бодогдсон төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

10. Учир нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд 2019 оны газрын төлбөрийн ногдуулалт 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 256272 төгрөг, 2020 оны ногдуулалт 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 256272 төгрөг, 2021 оны ногдуулалт 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 256272 төгрөг тус тус бүртгэгдсэн байна.     

11. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 онд шинэчлэгдсэн дүнгээр газрын төлбөрөө төлсөн атлаа 2020, 2021 оны газрын төлбөр ногдуулалт хийгдээгүй, төлбөрийн хэмжээг мэдээгүйгээс төлөх боломжгүй байсан гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй.

12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын албанаас нэхэмжлэл үүсгээгүй, Татварын албанаас газрын төлбөр төлөх талаар мэдэгдэж байгаагүй гэж тайлбарласан ч *******гийн дугаарын утсанд төлбөр төлөх талаар Татварын удирдлагын нэгдсэн системээс  зурвас илгээгдэж байсан байх тул “хэдэн оны төлбөр гэдгийг мэдээгүй” гэх үндэслэлээр төлөөгүй гэж тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

13. 2022, 2023 оны төлбөрийн тухайд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор шинэчлэгдэн баталсан   итгэлцүүрээр газрын төлбөр бодогдож газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд 2022 оны ногдуулалт 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 640680 төгрөг 2023 оны ногдуулалт 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 640680 төгрөг тус тус бүртгэгдсэн ч 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл үүссэн төлөвтэй байна.

14. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.гэж, 10 дугаар зүйлийн 4-т “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина.” гэж тус тус зааснаар Газрын албанаас газрын төлбөрийн ногдуулалт хийсэн ч нэхэмжлэл үүсгээгүй байсан тул Татварын албанаас нэхэмжлэгчид мэдээлэл хүргэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

15. Гэхдээ нэхэмжлэгч 2010 оноос эхлэн  2019 оныг хүртэл жил бүр  газрын төлбөрөө төлж байсан байх ба газар эзэмшилд өөрчлөлт ороогүй байхад зөвхөн ногдуулалт үүсгэж мэдэгдээгүй гэх шалтгаанаар 2020 оноос хойш газрын төлбөрөө ямар нэгэн дүнгээр төлөөгүй нь газар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.    

16. Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг 2020, 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

17. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, гэрээний  үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.”гэж тусгайлан зохицуулсан.

18. Эндээс үзвэл гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх асуудал зөвхөн нэг талын бус 2 талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралтай байна.    

19. Нэхэмжлэгч нь газар эзэмшсэнээс хойш гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа жил бүр хүргүүлж байсан нь тогтоогдоогүй, энэ талаар баримт байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй.  

20. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэдэгт хамаарахгүй гэж дүгнэв.

21. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай дүгнэлтийн хавсралтын 24-т “... зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “... өөрийн эзэмшлийн газрын хашаа хамгаалалтыг сайжруулсан, ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа нь  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,  35.3.1 дэх заалтуудыг хангаж байна...”гэж тус тус дүгнэжээ.

 22. Нэхэмжлэгч дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон байх тул шүүхээс дээрх улсын байцаагчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан эсэх талаар хянаж үзэх, дүгнэх үндэслэлгүй байна.

23. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр хашаалсан газрын төв хэсгээр насжилт өндөртэй хуучин улиас моднууд, ертөнцийн зүгээр баруун талаар бургас, улиас, шар хуайс зэрэг мод, чацаргана жимсний мод тариалсан байдалтай, нэг бүрчлэн тоолох боломжгүй байсан ба нэхэмжлэгчийн итгэмждлэгдсэн төлөөлөгчөөс мод үржүүлэг хийж бусдад нийлүүлдэг талаар тайлбарласан.

24. Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 61 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 1 га газрыг ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлсэн  байх ч газар эзэмшүүлэх гэрээ болон гэрчилгээнд 1,6 га газрыг ойжуулалт, нөхөн сэргээх , жимс жимсгэний зориулалтаар гэж бичигдсэн, газрын кадастрын мэдээллийн санд энэ байдлаар бүртгэгджээ.

25. Маргаан бүхий газрыг хашаалсан хэлбэрт өөрчлөлт ороогүй эзэмшиж эхэлснээс хойш 1.6 га хэмжээтэй байгаа, уг хэмжээнд ногдох дүнгээр газрын төлбөрөө төлж ирсэн байх ба талууд энэ талаар маргаангүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг баримтлан дүгнэлт хийхээс татгалзав. 

26. Хариуцагчаас газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай дүгнэлтээр тогтоосон гэж тайлбарласан ч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлтээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар дүгнэснийг харгалзаж үзээгүй нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

27. Нэхэмжлэгч өөрөө бодит байдлаар газраа эзэмшиж ашиглахгүй байгаа, түүний хамаарал бүхий хүн хариуцан жимс, жимсгэний мод тариалах, модны үрсэлгээ хийж бусдад худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа нь газар эзэмшүүлсэн захирамж, гэрээнд заасан газрын зориулалтад хамаарах эсэх талаар хариуцагч тодорхойлоогүй, энэ талаар маргаан бүхий актын үндэслэлд дурдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

28. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

29. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

30. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй гэж үзлээ.

31. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв .

32. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн” Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ