Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

 

 

 

 

А.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолтой, 

шүүгдэгч  А.Ж,С.А нарт холбогдох эрүүгийн 2113001480015 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч А.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал, шүүгдэгч А.Ж-ын өмгөөлөгч Х.Бакен, Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***** хамт ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М  овогт А.Ж  /РД:БГ00000000/

 2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, тус аймгийн ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И   овогт С.А  /РД:БГ00000000/

 

3.Нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга ажилтай, шүүгдэгч А.Ж, тус сумын ЗДТГ-ын газрын даамал ажилтай шүүгдэгч С.А нар нь бүлэглэж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Ш.С  700м2 газар, Н.У  700м2 газар, 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Ж  700м2 газар, иргэн М.Ж  1260м2 газар, иргэн М.Б  700м2 газар, иргэн Е.Г  700м2 газар, иргэн Д 700м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, 

Мөн нийтийн албан тушаалтан Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга ажилтай, шүүгдэгч А.Ж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даамал ажилтай, шүүгдэгч С.А нар нь бүлэглэж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн М.Х  732м2 иргэн П.С  1564м2 газар, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.А  707м2 газар, иргэн О.Алтынбект 700м2 газар, иргэн М.Х  1348м2 газар, иргэн Т.К  1137м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, шүүгдэгч С.А нь өөрийн эхнэрийн төрөл садны  хүн болох Б.Ж  нэр дээр авсан 700 м2 газрыг иргэн Е.Х , Х.Б  нарт 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, 3.000.000 төгрөг бэлнээр авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

 

4. Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар яллах дүгнэлтээр А.Ж,С.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн  2022/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолоор:  

5.1.Шүүгдэгч М  овогт А.Ж-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч И овогт С.А-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж,С.А нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,  

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан арван зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж,С.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолж,

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хоёр жилийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 3.000.000 (гурван сая) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж,

5.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Жаас хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул түүний  эзэмшлийн 14.500.000 төгрөгийн үнэ бүхий, “Toyota crown S-200” загварын **** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчС.Агийн эзэмшлийн 16.800.000 төгрөгийн үнэ бүхий ***** тоотод байх г-******* дугаарын гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

            6. Шүүгдэгч А.Жын давж заалдах гомдлын агуулга:

            6.1. Би дээр дурдсан 2 захирамжаар Баян-Өлгий аймгийн Б сумын төвд оршин суудаг 13 иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа өмнө нь огт ашиглагдаж байгаагүй газраас газар өмчлүүлээгүй. Тухайн 13 иргэн нь намайг шийдвэр гаргахаас өмнө тухайн газарт хашаа татаж, зарим нь байшин, амбаар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж, худаг гаргаж ашиглаж ирсэн байдаг. Тухайлбал намайг газар өмчлүүлэх шийдвэр гаргасан гэж буруутгаад байгаа 13 хүнээс иргэн П.С  Б сумын Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 46 тоот захирамжаар, М.Х  2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 118 тоот захирамжаар тус тус газар эзэмшүүлэх шийдвэр гарч дээрх иргэд захирамж гарсан үеэс эхлэн тухайн газраа эзэмшиж ирсэн байдаг.

            6.2. Дээрх иргэдийн хувьд сумын газрын даамлаар ажиллаж байсан Х.С , газар эзэмшүүлэх ажлын хэсгийн ахлагч Х.Х  нар нь намайг шийдвэр гаргахаас өмнө ашиглаж байсан газрыг нь зааж өгч, энэ талаар тэмдэглэл үйлдэж тухайн иргэдэд газрыг нь хүлээлгэж өгсөн байдаг. Мөн 2019 онд дээрх 13 иргэний эзэмшиж, ашиглаж байсан газрын кадастрын зургийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани үйлдэж, кадастрын мэдээллийн санд оруулсан байдаг. Үүний дараа нэр бүхий иргэд надад удаа дараа хандаж, эзэмшиж, ашиглаж байгаа газрыг хуулийн дагуу өмчилж өгөх хүсэлт гаргаж байсан учир би дээрх захирамжуудыг гаргасан. Надад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан АТГ-ын мөрдөгч дээрх нөхцөл байдлуудыг огт анхаарч үзээгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр намайг 13 иргэнд цоо шинээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг өмчлөх шийдвэр гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаад гомдолтой байна.

            6.3. Чухам яагаад газар өмчлөх шийдвэр гаргах болсон, нэр бүхий 13 иргэн тухайн газрыг хэдийнээс эхлэн ашиглаж, эзэмшиж ирсэн, өмнө нь эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарч байсан эсэх, тухайн газрууд нь өмнөх онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, өмнө нь ажиллаж байсан газрын даамал, газар эзэмшүүлэх ажлын хэсгийн ахлагч нар ямар үндэслэлээр газар зааж өгч, тухайн иргэдэд хүлээлгэж өгөх болсон зэрэг асуудлуудыг нэг бүрчлэн шалгасны дараа яллах дүгнэлт үйлдэх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл прокуророос дээрх ажиллагаануудыг огт хийхгүйгээр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

            6.4. Б сумын төвийн оршин байгаа газрын хилийн цэс нь хил залгаа орших Өлгий сумын хилийн цэстэй давхацсан асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Энэ талаар МХЕГ-аас ирсэн иж бүрэн шалгалтын үеэр мэдэгдэл, шаардлага өгч зөрчлийг арилгахыг эрх бүхий байгууллагуудад даалгаж ирсэн. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хилийн цэсийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл газар эзэмшүүлэх, өмчлүүлэхгүй байх чиглэл өгч үүнээс болж дээрх байдлаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахад хүндрэл учирч замбараагүй байдал үүссэн. Б сумын хилийн цэсийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтаар, Өлгий хотын хилийн цэсийг БНМАУ-ын Ардын Их Хурлыг Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтаар тус тус баталж байсан боловч 1990-ээд оноос мөрдөж ажиллаагүйгээс Б сумын төвийн нутаг дэвсгэр нь Өлгий сумын нутаг дэвсгэрт орж дээр дурдсан маргаантай асуудал үүссэн. Энэ асуудлыг Өлгий, Б сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус тус авч хэлэлцэж холбогдох шийдвэр гаргаж, саналаа хүргүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Өлгий, Б сумдын хилийн цэст өөрчлөлт оруулсан. Үүнийг анхаарч үзэхгүйгээр, холбогдох асуудлуудыг шалгаж тодруулахгүйгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Тийм учраас маргаантай асуудал хэзээнээс үүссэн, МХЕГ, Баян-Өлгий аймгийн МХГ, ГХБХБГ-аас ямар мэдэгдэл, шаардлага, чиглэл хүргүүлж байсан, үүнээс болж иргэдийн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх зөрчигдөж байсан эсэх зэрэг асуудлуудыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байсан.

            6.5. Миний бие нэр бүхий 13 иргэнд газар өмчлөх шийдвэр гаргасны дараа 2020 оны 4 дүгээр сарын үед Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-аас сумын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж гарч, Б сумын Газрын даамлын ажлыг шалгасан байдаг. Энэ үед тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газраас 13 иргэнд газар өмчлүүлсэн асуудал яригдаж, тухайн зөрчлийг арилгах чиглэлийг газрын даамалд өгсөн байдаг.Үүний дараа газрын даамал энэ асуудлыг надад танилцуулсан учир би холбогдох материалаа бүрдүүлж, газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох захирамж төлөвлөж шийдвэрлүүл гэсэн. Үүний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/106 дугаартай захирамжаар 13 иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга хүчингүй болгох”-оор хуульчилсан тул А/106 дугаар захирамжийг гаргаснаар тухайн зөрчил арилсан гэж үзэх үндэслэлтэй.

            6.6. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа увуулан ашиглах гэмт хэргийн субьектив талын санаа зорилго нь албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Надад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилго байгаагүй. Мөн би бусдад давуу байдал бий болгоогүй. Дээр дурдсанчлан 13 иргэний олон жилийн өмнөөс ашиглаж, эзэмшиж ирсэн газрыг хууль ёсны болгож өгөх гэж л захирамж гаргасан. Миний захирамж гаргасан үйлдлээс болж улс, олон нийт, иргэд байгууллагад ямар нэгэн хор хохирол учраагүй. Нэр бүхий 13 иргэнд олгосон газрыг сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/57 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Газар өмчлүүлэх шийдвэр гаргасан миний үйлдэл гэмт хэрэг биш, төрийн албаны болон хөдөлмөрийн сахилгын зөрчил учир надад сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

            6.7. Би нэр бүхий 13 иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа өөрөө бие дааж хэн нэгэнд давуу байдал бий болгохоор гаргаагүй. Сумын Засаг дарга нь газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа эхлээд тухайн иргэний ирүүлсэн өргөдлийг хүлээн авч газрын даамалд зохих журмын дагуу шийдвэрлэх талаар цохолт хийдэг. Газрын даамал тухайн иргэний өргөдлийг хүлээн авч хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, хэрэв ямар нэгэн татгалзах үндэслэл байхгүй бол Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, хууль, эрх зүйн түшмэлээр хянуулж Засаг даргад танилцуулсны дараа бичиг хэргийн ажилтнаар хэвлүүлж, Засаг даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг сумын Засаг дарга мэдэх боломжгүй. Үүнийг нарийвчлан шалгаж, хэрэв тухайн газар нь ороогүй бол татгалзах нь газрын даамлын үүрэг. Энэ талаар газрын даамлын албан тушаалын тодорхойлолтод тодорхой зааж өгсөн. Сумын газрын даамал ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс болж миний бие түүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болж ял шийтгүүлж байгаад гомдолтой байна.

            6.8. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын А.Ж надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч А.Жын гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг тул тухайн захирамжуудыг гаргаснаар гэмт хэрэг төгсөж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын нэр бүхий 13 иргэн тухайн газруудаа өмнө нь хашаа татаж ашиглаж байсан тул газар олгох тухай шийдвэр гаргасан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Хэрэв зөвшөөрөлгүйгээр хашаа татсан асуудал байгаа бол сумын Засаг даргын хувьд А.Ж уг зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй байсан. Мөн тэрээр тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг нягталж шалгах үүрэгтэй байгаа боловч энэ хэрэгт зөвхөн газрын даамалС.А буруутай мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

7.2. Газрын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, мөн хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой байтал энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй нэр бүхий 13 иргэнд газар өмчлүүлэх тухай 2 удаагийн захирамж гаргаад бусдад давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

7.3. Мөн шүүгдэгч А.Ж нь шүүгдэгч С.А-тай гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоноос гадна урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог. Шүүгдэгч А.Ж-ын үйлдэл холбогдол гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч А.Ж-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх саналтай байна. Хэдийгээр бичгээр давж заалдах журмаар бичгээр гомдол гаргаагүй ч гэсэн шүүгдэгч С.А болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан ба шүүгдэгч С.Агийн бусадтай нэгдээд нэр бүхий 13 хүнд давуу байдал болгосон үйлдэлд нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Жын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

10. Шүүгдэгч А.Ж нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын ЗДТГ-ын газрын даамал ажилтай шүүгдэгч С.Атай бүлэглэж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Ш.С  700м2 газар, Н.У  700м2 газар, 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Ж  700м2 газар, иргэн М.Ж  1260м2 газар, иргэн М.Б  700м2 газар, иргэн Е.Г  700м2 газар, иргэн Д 700м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

-Мөн нийтийн албан тушаалтан Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга ажилтай, шүүгдэгч А.Ж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даамал ажилтай, шүүгдэгч С.А нар нь бүлэглэж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн М.Х  732м2 иргэн П.С  1564м2 газар, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.А  707м2 газар, иргэн О.А  700м2 газар, иргэн М.Х  1348м2 газар, иргэн Т.К  1137м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, шүүгдэгчС.А нь өөрийн эхнэрийн төрөл садны хүн болох Б.Ж  нэр дээр авсан 700 м2 газрыг иргэн Е.Х , Х.Б  нарт 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, 3.000.000 төгрөг бэлнээр авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой. Тухайн албан тушаалтан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар олгохоор материал бүрдүүлэн олгож болохгүй. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой.

... Засаг даргын эрх мэдлийн хүрээнд өөрийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд тухайн захирамжуудыг хүчингүй болгосон байж мэднэ. Тэгэхдээ анхнаасаа зөв шийдвэр гаргаад хууль дүрмийн дагуу явах ёстой. Дээрх иргэд авсан газарт хашаа, байшин барьсан нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр энэ хэрэг шүүхээр орж хэрхэн яаж шийдвэрлэсэн шийдвэрээс хамааран уг газрыг дахин шинээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж уг иргэдэд газрын хууль дүрмийн дагуу өмчлүүлэх боломжтой” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-20 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

- Мэргэжилтэн оролцуулан өмчлөлийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 78-94 дэх тал/,

- 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/,

-2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж /2 дахь хавтаст хэргийн 149-172 дахь тал/,

-Газар өмчлөх тухай хүсэлт болон бусад холбогдох баримт материалууд, /1 дэх хавтаст хэргийн 97-126 дахь тал/,

- Б сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А106 дугаартай газар өмчлөх захирамжийг хүчингүй болгох тухай захирамж /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал/,

- Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох материалууд, /1 дэх хавтасны 128-139/,

- Баян-Өлгий аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 142-153 дахь тал/,

- Аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/518 дугаартай “Б сумын засаг даргыг огцруулах тухай” захирамж, мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаартай “А.Ж Б сумын Засаг даргаар томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 163-164 дахь тал/,

- Өмчлөлийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 132-147 дэх тал/,

-Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000479181, №000478889, №000479144, №000479132, №000479407, №000478890 дугаартай гэрчилгээнүүд /2 дахь хавтаст хэргийн 175-180 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралтууд /2 дахь хавтаст хэргийн 186-197 дахь тал/,

- Шүүгдэгч С.Агийн гарын баримт /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,

-Гэрч Н.У  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/,

- Гэрч Х.Б  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,

- Гэрч Ш.С  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,

- Гэрч Е.Х  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35- 37 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- Гэрч М.Ж н мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 129 дэх тал/,

- Гэрч Е.Г  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,

-Гэрч М.Б  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/,

 - Гэрч Б.Ж  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

 - Гэрч Е.Д мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 116 дахь тал/, 

- Гэрч Т.К  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 102 дахь тал/,

- Гэрч П.С  гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 95-96 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 133 дахь тал/,

- Гэрч М.Х  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,

- Гэрч Т.А  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

- Гэрч М.Х  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 111-112 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/,

- Гэрч О.А н мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

- Гэрч Х.Ө  мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/,

- Шинжээчийн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

- Шүүгдэгч С.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг хоёр үйлдэлд яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолоор газар авсан иргэд Б сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас авсан иргэд юм. Тэгэхдээ энэ үйлдэлд сумын Засаг дарга буруутай. Тэр уг газрыг бусдад өмчлүүлсэн захирамж гаргасан” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 62-65 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

11. Шүүгдэгч А.Ж нь 2 удаа буюу  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Б сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар нэр бүхий 13 иргэнд 11.648 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа албан үүргийн хүрээнд хийх ёсгүй үйлдэл хийж, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, өмчлүүлэх ёсгүй газар болох Б сумын 3, 5 дугаар багийн газраас иргэн Ш.С  700м2, Н.У  700м2, иргэн Б.Ж  700м2, иргэн М.Ж  1260м2, иргэн М.Б  700м2, иргэн Е.Г  700м2, иргэн Дин-М  700м2, иргэн М.Х  732м2, иргэн П.С  1564м2, иргэн Т.А  707м2, иргэн О.А  700м2, иргэн М.Харашашид 1348м2, иргэн Т.К  1137м2, нийт 11648м2  16.307.200 төгрөгийн суурь үнэлгээтэй газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, 13 иргэнд давуу байдал бий болгосон нь албаны эрх ашгийн эсрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч С.А нь Б сумын 3, 5 дугаар багийн нийт 11648м газар нь сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас иргэдэд өмчлүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж, шүүгдэгч А.Ж-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, идэвхтэй үйлдлээр Б сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар өмчлүүлэх шийдвэр гаргуулахаар сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжуудын төслийг боловсруулан батлуулж, бусдад давуу байдал бий болгосон, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, аливаа ашиг сонирхлоос ангид байх үүргээ зөрчиж, газрын даамал гэх албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, Б сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар өөрийн хамаарал бүхий этгээд эхнэр А.А  дүү Б.Ж  нэр 700 м2 газар өмчлүүлэх шийдвэр гаргуулж, Б.Ж  нэр дээрх 700м2 газрыг иргэн Е.Х , Х.Б  нарт 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, бэлэглэлийн гэрээгээр газрыг Х.Б  нэр дээр шилжүүлэн, Е.Х  3.000.000 төгрөг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                12. Шүүгдэгч А.Ж,С.А нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, Б сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжуудын, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Ж,С.А нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

 

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч А.Ж,С.А нар нь бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.  

 Иймд шүүгдэгч А.Ж,С.А нарт шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 16.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Шүүгдэгч А.Ж-ын “...Би дээр дурдсан 2 захирамжаар 13 иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа өмнө нь огт ашиглаж байгаагүй газраас газар өмчлүүлээгүй. Тухайн иргэд намайг шийдвэр гаргахаас өмнө хашаа татаж, зарим байшин, амбаар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж, худаг гаргаж ашиглаж байсан. Энэ талаар огт шалгахгүйгээр намайг 13 иргэнд цоо шинээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг өмчлөх шийдвэр гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаад гомдолтой байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/106 дугаартай захирамжаар 13 иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор тухайн зөрчил арилсан гэж үзэх үндэслэлтэй. Надад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилго байгаагүй, сумын газрын даамал ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс болж миний бие түүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болж ял шийтгүүлж байгаад гомдолтой байна. Хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хянан үзэхэд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч А.Ж-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцжээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан торгох ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгч А.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ж-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

                                   ШҮҮГЧ                                                   Д.КӨБЕШ