Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 125/ШШ2024/0024

 

 

 

 

 

 

   2024       04           30                                              125/ШШ2024/0024

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/295 дугаар захирамжаар 0242735 тоот газрын гэрээ, гэрчилгээтэй 841400073 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 га газар эзэмших эрхийг *******гээс *******т шилжүүлэн эзэмшүүлжээ.

1.2. Иргэн *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан  газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/275 дугаар захирамжаар *******ийн эзэмшлийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлах 4879,2 кв метр ойжуулах нөхөн сэргээх зориулалттай газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлж, 14 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

1.3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор *******ын эзэмшлийн газар багтсан байна.

1.4. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн маргаан бүхий газар хамаарах Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг ойн бүст байрлах, ойжуулах нөхөн сэргээх зориулалттай 4879,2 м2 газрыг 2016 онд *******ээс хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Тухайлбал, тус газрын эзэмших эрх нь ******* надад Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 19-ны өдрийн А/275 дугаар захирамжаар *******ээс шилжиж ирсэн бөгөөд тухайн өдрөө ******* миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ /дугаар / гарч, гэрээ байгуулагдан, 14 жилийн хугацаатай газар эзэмшиж байсан болно.

Миний бие 2016 оноос хойш Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг ойн бүст байрлах, ойжуулах нөхөн сэргээх зориулалттай 4879,2 м2 газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө хугацаанд нь төлж ирсэн бөгөөд газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06- ны өдөр гаргасан А/283 дугаар захирамжаар ******* миний Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг ойн бүст байрлах, ойжуулах нөхөн сэргээх зориулалттай 4879,2 м2 газрыг хүчингүй болгосон захирамж гаргажээ. Миний бие уг захирамж гарсан талаар мэдээгүй бөгөөд 2023 оны 08 сарын 10-ны өдөр тухайн захирамжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргээс хуулбар үнэн тэмдэг даруулан авсан болно.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06-ны өдөр гаргасан А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бусд тооцуулах үндэслэлийн тухайд: 1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 сарын 06-ны өдөр гаргасан А/283 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгон, миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд Сонсох ажиллагаа явуулах журмыг тогтоож өгсөн буюу 27.2.1-д "хорь буюу түүнээс доош тооны этгээдийа сонсохоор бол мэдэгдлийа этаээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах" гэж заасан байна. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга тус газрын эрхийг хүчингүй болгох талаар надад мэдэгдэл хүргүүлээгүй, мэргэжилтэн нь утсаар ярихдаа Захиргааны ерөнхий хуулийн 27.3-д заасан мэдээллийг хүргээгүй буюу хэзээ, хаана сонсох ажиллагаа хийгдэх, хуулийн ямар үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах гэж байгаа, мен хуулийн 27.4-д заасан аль хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж байгаа талаар огт мэдэгдээгүй зөвхөн ирж уулз гэсэн. Утсаар ярих бүрд очих боломжгүй байгаа талаараа мэдэгдэж байсан. Гэтэл надад бичгээр тайлбар гаргаж болох талаар огт хэлээгүй.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06-ны өдөр гаргасан А/283 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасны дагуу "Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуy тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэх үндэслэлээр холбогдох иргэндийн газар эзэмших эрхийг цуцалсан байх бөгөөд миний эзэмшиж байсан газар ч мөн уг үндэслэлд багтсан байна. Гэтэл надад дээрх захирамжийг аль үндэслэлээр миний газрыг цуцалсан талаар огт мэдэгдээгүй, миний эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг ойн бүст байрлах, ойжуулах нөхөн сэргээх зориулалттай 4879,2 м2 газарт захирамжид дурьдсан мэргэжилтний дүгнэлт гарсан талаар танилцуулаагүй төдийгүй гэрээнд заасан зөрчил гаргасан гэж огт мэдэгдэж байгаагүй. Иймд Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэл надад байхгүй, 40.1.5-д заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан, 40.1.6-д заасны дагуу газраа 2 жил ашиглаагүй үйлдэл байхгүй. Тухайлбал, Миний бие 2016 оноос хойш дээрх захирамжид дурьдсан газрыг ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээж ирсэн бөгөөд онд худаг гарган, тогтмол усалгаа, цэвэрлэгээг хийж, нэмэлтээр мод сэжмээр тарьж ургуулж, ус ирэхээ больсон тул худаг гарган усалгааны системээр тогтмол усалж байсан. Газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу тогтмол төлдөг. Иймд ******* миний Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах 4879,2 м2 газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байхад сумын Засаг дарга захирамж гарган, газар эзэмших эрхийг үндэслэлгүй хүчингүй болгосон байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06-ны өдөр гаргасан А/283 дугаар захирамж гарсан талаар ******* надад 7 сард мэдэгдээгүй, шуудангаар ирүүлээгүй. Харин 2023 оны 8 сарын 10-ны өдөр нөхөр *******ад захирамж гарсан гэж хэлсэний дагуу миний бие 2023 оны 08 сарын 10-ны өдөр газрын даамалтай уулзаж, тус захирамжыг мэдэж, гардаж авсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 46 дугаар зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно." гэж заасан байна. Мөн тус захирамжийн 2-т "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэж, улсын бүртгэлд тусгуулахыг Газрын даамал /*******/-д даалгасугай” гэж заасан хэдий ч Газрын даамал надад мэдэгдээгүй, 08 сарын 10-нд өөрөө очиж Ховд аймгийн Жаргалант сумын даргын бичиг хэргийн ажилтангаас авсан болно. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06-ны өдөр гаргасан А/283 дугаар захирамжийг ******* миний мэдэж, гардаж авсан өдөр болох 2023 оны 08 сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06- ны өдөр гаргасан А/283 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 сарын 06-ны өдөр гаргасан А/283 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хууль бусд тооцож, хүчингүй болгож өгнө үү.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ойн бүс бусад газрыг бодоход маш их цэвдэгтэй. Тус газрыг 9 сард авсан. Мөнгө төгрөг өгсөн хүн нь гэдэг хүн байсан. Энд газраа нэг хүнд өгсөн байсан. Тухайн үед Хаан банкны эрхлэгч байсан байх. Явахдаа га газраа 3 хуваасан. Тэгээд хойд талын хэсгийнхээ нэг хэсгийг зарахдаа эхнэр бид 2 тохиролцоод мөнгийг нь өгөөд авсан. Анх авахад машинтай залуучууд машин орж зогсоогоод газар нь маш их элэгдсэн, чулуун ихтэй, алаг цоо торнуудтай, шонгуудыг нь аваад явчихсан, хэсэгхэн тасархайтай, булангийн газар байсан. Хүмүүс тойрч явахаасаа залхуураад тухайн үед зам гаргаад эвдчихсэн байхад нь хар модон шон нэг ширхэгийг 6000 төгргөөр авч, төмөр тор, өргөстэй тор аваад 2016 онд битүү торлож хашааг янзалсан. Тэгээд 2017 онд сэтгэлийн хөөрлөөр мод таръя гээд гоёлын мод тарьж эхэлсэн. Тэгээд эхний ээлжинд хашаалсан байдлаар чацаргана, хайс, бургасыг тариад үз гэж гэдэг хүний заавраар бууц, модны үртэс, сайжруулсан хөрс хийгээд тарьсан тэр зунаа маш гоё ургасан. Ойн бүс нь саяхныг хүртэл маш их асуудалтай байсан. 2018-2019 онд хурайшилттай ган болсон Буянтын бага голлын ус тасарсан. Өргөө гэдэг айлаас доош айлуудад ус ирэхээ больсон учир шуудуу татсан боловч ус ирээгүй. Худаг гаргах ёстой гээд худаг гаргасан. 2019-2020 шилжих өвөл Буянт голын ус тасархаар нь чиглүүлдэг хаалтыг хийгээгүйгээс болоод тэр үед усанд автсан. Манай торны 2 талаар ус орж ирсэн. Түвдэндорж гэдэг хүн барилгын хундамын шороо авч ирээд асгаснаас болоод манай тэр хавьд байсан моднууд үхсэн. Өвөлжин, хаваржин байснаас болоод илжирсэн. Тэгээд би мэргэжлийн байгууллагын хүмүүстэй сургалтад хамрагдаж суухаар болоод сургалт авч эхэлсэн. 2021 онд өвөл түрж орж ирж байгаа бага голын усыг хаахын тулд шороо нь элсэн далан тэр үед тавьсан. Тэгээд энэ газрыг сайжруулах ёстой юм байна гээд 2019 оны сүүл 2020 оны эхэн үеэс хийж эхэлж чулууг түүж хонхорт хийж шороо асгаж газрыг тэгшилсэн. 2021 онд “” гээд орон даяар мод тарьдаг компани хүмүүсийг элсүүлж байна гэхээр тэнд элсэж суралцсан. Тэр сургалтын дараа 20-30 сантиметр моднууд сургалтад хамрагдсан хүмүүст өгсөн. Том мод ирэх байх гэж бодсон боловч жижиг моднууд ирсэн. Мод авах хүмүүс байвал мод зарж байна гэхээр нь би 10 хайлаас 4 билүү 6 хайлаас нэмж тарьсан. 2020-2021 он гээд сонгууль болоод урд өмнө нь гол хөлдөх үеэр магадгүй шинэ гарсан хүмүүс мэдээгүй юм шиг байна лээ. Тэгээд тэр моднууд бүгд байхгүй болсон. Мод тарихын өмнө хөрсийг бууц, үртэс, намарт навч их болдог учраас холиод дараад тавьчих хэсэг хугацааны дараа био хөрс болно гэсний дагуу 2021, 2022, 2023 он болон 2024 оны 1 сард хүртэл хөрсөө бэлдэж бууц асгасан. Дараагийн зүйл усалгааны асуудал байсан. Ар талын хашааг манай хадам аав худалдаж авсан. Тэр завсрын усыг 3 метр орчим ухаж худаг гаргасан. 2019 оны зун ган болсон. Хөгшин улиасууд хүртэл атирсан байсан. Хутагт 2 помп тавиад ур талын модоо хамгийн түрүүнд усалсан. Дан шаланкаар услаад болохгүй байсан учраас 2 помпоор усалж байтал хатуу хөл хорио тогтоосон. Тэгээд ойн бүс рүү хүмүүс хүрз хөрөө бариад дайрсан. Цагдаагийн газарт хэлэхэд бид нарт хамаагүй Байгаль орчны газарт ханд гэсэн тэгээд би дандаа чатаар хандаж зөвлөгөө авч асууж байсан боловч байгаль орчны улсын байцаагч Жавхланд ханд гэхээр нь бас хандсан. 

 Газрын албан дээр байнга очиж төлбөрөө төлдөг байсан. Гэтэл одоо төлбөр төлөгдөөгүй гэдэг асуудлыг би үнэхээр гайхаж байна. манайх хэдэн төгрөгийн төлбөр төлөхөөр байна гэж асуухад 200,000 орчим төгрөгийн төлбөр байсан. Манай эхнэр мессэж хүртэл бичсэн. Тэгээд аас хариу мессэж ирсэн. Газрын төлбөрийг дутуу төлсөн гэдэгт эргэлзэж гайхаж байна. 2023 оны 03 дугаар сард очиж яах вэ? гэж асуухад ойн бүсийн эрхийг чинь цуцална тийм болохоор төлөх шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд 7 сард захирамж гарсан. Иргэдийн газар эзэмших эрхийг цуцалсанаар иргэд дураараа мал шиг дайрсан. Дээд талын айл манайх руу хашаагаа сунгасан байсан. Тэгээд та яагаад хашаагаа сунгаж байгаа юм бэ? гэхэд энэ одоо чиний газар биш гэж байна лээ. Иймд хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Сонсох ажиллагааны хувьд манай гэр бүлийг оролцуулаад сонсох ажиллагаа явуулсан ямарч зүйл байхгүй. Тэгвэл шүүхэд хандана гэдгээ тухайн үед илэрхийлсэн. Ойжуулалтыг сэтгэлийн хөөрлөөр хийж болохгүй гэдгийг ойлгосон. Өнгөрсөн жил навчийг хурааж чадаагүй, хүмүүс ирээд шуудайлаад уутлаад аваад явсан.

Иргэдийн хурлын газар олгосон асуудлыг шүүхийн ажиллагааны явцад мэдсэн. Шүүхийн шийдвэр гараагүй байхад миний эрх хэвээрээ байгаа гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

2.3. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан дараахь үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 19-ны өдрийн А/275 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчид 2018 оны 09-р сарын 13-ны өдрөөс газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д "Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлнө" 2.4-т "Газар эзмшүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс газрын төлбөр хийх хугацааг тооцно" 2.5-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна" 4.5-т Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө" гэж тус тус заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.....газрын төлбөр төлөгч байна", 4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ... газарт төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч *******т нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 19-ны өдрийн А/275 дугаар захирамжаар газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч *******т нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2021 оны 78064, 2023 оны 195,190 төгрөгийн газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 -т заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг *******тын газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд *******т нь 2021, 2023 оны газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, 35.3.1 дэх заалт, 35.3.3 болон түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж мөн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно.

3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд "Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.3-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" гэрээний 3.1-т гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших ашиглах үүргийг "Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаархи хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25- ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл дээрхи хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан гэрээний үүргээ зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.

УДШ-ийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тайлбарын 1.9-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "... удаа дараа ..." гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж хууль хэрэглээний УДШ-ийн албан ёсны тайлбар байдаг.

Тиймээс гэрээнд заасан гэрээгээ жил бүр гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд огт тайлагнаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн бөгөөд уг үндэслэлд хамаарах Газрын тухай хууль тогтоомж, гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж энэ үндэслэлээр хүчингүй болгосон болно. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох", 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд... тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсэн заалтыг хаиуцагч бүрэн хэрэгжүүлсэн болно.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******тын Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай 4879,2 м2 талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь тухайн ондоо газрын гэрээг дүгнүүлэх ёстой байтал гэрээгээ дүгнүүлээгүй. Хийсэн ажлаа тайлагнаагүй байгаа нь гэрээний зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн захирамжаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Ойжуулалтын зориулалтын дагуу ашиглах ёстой байсан. Улсын байцаагчийн дүгнэлтүүдийн хувьд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн дүгнэлт гарсан учраас гэрчилгээ хүчингүй болгсон гэв.

2.5. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан "Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-д Цамбагарав багийн Ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга Э.Болормаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу "Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах”, “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан тоотоор өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн.

Дээрх асуудлыг хэлэлцэх үед Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны А/283 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсан бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. 20.1.14. 203, 5 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1. Газрын туха хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын 2023 оны 09 дүгээр зохион байгуу өдрийн 13 дугаар хуралдааны 13/05 дугаар тогто “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", 13/15 дугаар тогтоолоор "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" тогтоолыг тус тус баталсан.

Аймгийн ИТХ-ын 2023 оны 13 дугаар хуралдааны дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан "Ховд аймгийг 2021-2025 хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн 2.5.3. 2.5.6. 2.5.7, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийн 3.6, 4.1, 5.6 дахь хэсэгт заасан зорилтууд, Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээ багасгах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэр болно.

Иймд иргэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч газар эзэмших гэрчилгээг 3 үндэслэлээр Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 27.1, улсын дээд шүүхийн тайлбар мөн газар эзэмших 2016, 2018, 2022 онуудын гэрээний 2.4.1, 2.1.7 гэх мэт зүйлүүдийг зөрчсөн учраас Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцалсан гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь 2016 болон 2022 онд талууд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. 2018 онд гэрээ байгуулсан. Энэ гэрээнд ямар зүйл дурдаагүй бөгөөд сүүлд байгуулахдаа газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой гэсэн зохицуулалт байгаа. Гэрээний дагуу зориулалтаар ашиглах ёстой гэсэн заалтын хүрээнд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан. Гэрээний 4.1-д зааснаар газрыг зориулалтын дагуу ашиглахаас гадна тусгайлсан болзол нөхцөл зааж өгөхийг хэлдэг. Тэгвэл болзол гэдэг нь ирээдүйд бий болох зүйлсийг хэлдэг. Харин нөхцөл гэдэг нь ийм ийм зүйлийг мөрдөнө гэж зааж өгөх ёстой байдаг бол гэрээнд энэ талаар огт зааж өгөөгүй. Иймд гэрээний нөхцөл болзолыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Гэрээний ямар зөрчлийг хэзээ, хэдэн удаа зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Учир нь гэрээнд болзол, нөхцөлийн талаар заагаагүй учраас гэрээнд заагаагүй болзол, нөхцөлийг зөрчих боломжгүй юм. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь гэрээний үндсэн гол нөхцөл юм. Газрын гэрээг удаа дараа дүгнүүлээгүй гэж байна. Газрыг гэрээг аль аль талаас дүгнэдэг учраас төрийн байгууллагаас газраас гэрээг дүгнүүлэх талаар асуудлыг тавих ёстой. Энэ талаар мэдэгдэл нь бичгээр явагдах ёстой. Газар эзэмшигчийн буруутай үйлдлээс болоод газрыг гэрээг дүгнүүлээгүй гэх баримт хэрэгт огт авагдаагүй. Гэрээг дүгнэх талаар аль аль тал нь санаачилга гаргаагүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар гэрээг дүгнэх тал зөвлөгөө, мэдээлэл өгөх ёстой. Гэтэл гэрээг дүгнэх тал гэрээгээ дүгнүүл гэдэг зөвлөгөө мэдээлэл өгөөгүй. Энэ захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой үүрэг болохоос эрх нь биш учраас гэрээг дүгнүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод гэрээг дүгнүүлэх асуудал орхигдсон.

   Захиргааны байгууллагаас шалтгаалах асуудал байсан учраас Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Дараагийн гэрээг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэл байна. 2021 оны төлбөр буюу 78065 төгрөгийг 2022 онд төлсөн байна гэдэг тайлбар гаргаж байна. Гэтэл энэ төлбөр нэхэмжлэгчээс шалтгаалж хоцорсон юм уу? эсхүл хариуцагчаас шалтгаалж хоцорсон юм уу? гэдгийг заавал тодруулах ёстой. 2021 онд төлбөрөө төлөхөөр удаа дараа очиж байхад манай программд ингэж гарч байна, программаас зөрүүтэйгээр төлж болохгүй. Тийм учраас газрын албаны программаар тооцоолж өгсөн дүнгээр тэр үед нь төлсөн. 2021, 2023 онуудын газрын ибаримтын ТИН дугаар нэг дугаар байгаа учраас үүгээр тухайн газар газар гэдэг нь тогтоогдож байна. 2021 онд Номинчимэг гэдэг хүн тухайн газрыг эзэмшээгүй бөгөөд хариуцагчийн хэлж байгаагаар газар биш хойд талын газар байна гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэгж талбарын дугаар урд талтайгаа эсхүл хойд талтайгаа давхцах ойлголт байхгүй. Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрийг газрын алба, газрын албаны асуудал эрхэлсэн ажилтан тухайн оны эхний 2 сарын дотор газрын төлбөрийг программаараа үүсгээд явуулчихсан байх ёстой. Газрын албаны ажилтан газрын төлбөрийг программаар үүсгээд явуулчихсан гэх боловч он дуусах гэж байхад 10 дугаар сарын 27-нд үүсгэсэн байна. Энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. Хариуцагч талаас удаа дараа очиж асууж тодруулж байхад газрын төлбөрийг үүсгээгүй байсан. Газрын хэмжээний хувьд хэн аль тал нь маргадаггүй. Нэхэмжлэгчийн газар нь 2018 оноос 2021 он хүртэл газрын төлбөр нь 78000 төгрөг болохгүй. Газрын нэгж талбарыг төлбөрийг 15 төгрөгөөр тооцдог. Тэгвэл нэгж талбарын төлбөрийг тооцохоор гэрээнд заасан 73000 орчим төгрөг болж байгаа. Гэтэл программ зөрүүтэй газрын төлбөрийн нэхэмжлэл гаргасан. Программын үүсгэсэн нэхэмжлэлийн дугаараар газрын төлбөрөө төлдөг учраас хариуцагч тал нэхэмжлэлээ буруу үүсгэдэг, хугацаандаа үүсгэдэггүй асуудал гарч байна. Ийм нөхцөл байдлуудаас шалтгаалж буруу хэмжээтэй үүсдэг. Газрын төлбөрийг 2021 онд 78,000 төгрөгөөр нь үүсгэсэн бол төлөх бүрэн боломжтой байсан боловч хариуцагч тал хугацаандаа газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэж чадаагүй учраас зөвлөгөө мэдээлэл өгөх үүргийнх дагуу газрын албанаас очиж асуухад “танайх одоо энэ дүнгээр төл, өөр төлбөр байхгүй” гэж хэлсэн учраас 298000 төгрөгөөр газрын төлбөрөө төлсөн. Иймд энэ үндэслэлээр ганцхан нэхэмжлэгчийг буруутгаад газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2023 онд газрын төлбөрийг огт төлөөгүй гэж байна. Сая шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь 1,2 дугаар улирлын татвараа төлөөгүй. Төлөх ёстой мөнгөн дүн нь 195,000 төгрөг гэж тайлбараа өөрчилж байна.

Тэгэхээр Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5 дугаар зүйлд зааснаар газрын төлбөр төлөгч нь газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдөр төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж заасан. Хариуцагчийн тайлбарласнаар 195000 төгрөгөөр төлөхөөс өөр аргагүй гэж байгаа нь хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. ******* өмгөөлөгч 1,2 дугаар улирлын татварыг төлөх ёстой байсан гэж байна. 2 улирлын татварыг төлөх боломжгүй. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5-д зааснаар төлбөрийг дараа сарын 20-ны дотор гэдэг нь 4 сарын 20-ны дотор төлөх ёстой. 2 дугаар улирлын төлбөрийг 8 сарын 20-ны дотор төлөх ёстой гэж хуулийн зохицуулалтыг төлөх ёстой. 7 сарын 6 гэдэг 1 дүгээр улирлын төлбөрийг төлөх ёстой байсан. Харин 7 сарын 6-ны өдөр гэхэд 42000 орчим төгрөг төлөх эрх үүссэн байсан. Хариуцагч талын тайлбарласнаар өөрсдөө ирж төлбөрөө төлөх ёстой байсан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

   Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан. Хариуцагчийн төлөөлөгч мод нь ургаагүй байсан гээд бататгаад хэлж байх шиг байна. Хариуцагч тал мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, 2023 оны 6 дугаар сард хийсэн улсны байцаагчийн дүгнэлтүүдээс харахад нэхэмжлэгч тал газрыг зориулалтын бусаар ашигласан гэж тайлбарладаг. Тэгвэл газрыг хэдэн онд хэзээ хэдэн сараар зориулалтын дагуу ашигласан гэдгийг тусгаагүй байна. Дүгнэлтэд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг ерөнхий тайлбар байдаг. 2023 оны дүгнэлтэд тухайн газрыг сүүлийн жилүүдэд зориулалтын дагуу ашиглаагүй гэж байна. Сүүлийн жилүүдэд гэдэг нь яг хэзээ юм бэ? Үүнээс цаг хугацааг харах боломжгүй байна. Үүнийг хариуцагчаас тодруулахаар 2021 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс болон 2022 оны 3 дугаар сард зориулалтын дагуу ашиглаагүй гэж байна. Гэтэл тухайн газарт шүүхээс хийсэн үзлэгийн зураг болон бусад баримтуудаас харахад тэр газарт борлож харагдаж байгаа хэсэг нь бордоо асгасан учраас борлож харагдаж байгаа юм байна лээ. Мөн тухайн газруудад жил бүр усалгаа тордлогоо байнга хийж байсан. Усалж байна гэдэг нь тэр газарт мод тарих гээд хөрсийг нь бэлдэж байгаа үйлдэл мөн шүү дээ.

Мөн нөхөн сэргээлтийн асуудлыг хариуцагч тал ярьж байсан. Нөхөн сэргэлтийн ажлыг хийх хяналт шалгалтыг огт хийгээгүй. Гэтэл нэхэмжлэгч тухайн газарт нөхөн сэргээлтийн ажлыг байнга хийсэн, хөрсийг мод тарихад бэлдсэн. Нөхөн сэргээлт хийх хөрсийг бэлдэх нь өөрөө тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа нэг хэлбэр юм. Газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа нь битүү ойжуулсан байхыг хэлэхгүй, эхлээд 10 ширхэг мод тарина түүнийгээ ургуулж тордож, дараагийн мод тарих хөрсийг бэлдэх үйл явц нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа хэлбэр юм. Үүнийг нэхэмжлэгч тал ойлгож байгаа. Түүнээс биш ойжуулалт гэж үүнийг хэлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн газарт мод сэжмээрээ ургаж байгаа. Сэжмээр ургаж байна гэдэг чинь тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн учраас байгалийн жамаараа мод сэжмээрээ ургаж байгаа юм. Энэ нь ойжуулалтын бас нэгэн хэлбэр юм. Түүнээс биш хүний тарьсан мод нь ойжуулалт, байгалийн жамаар сэжмээр ургасан бол ойжуулалт биш гэж үзэх болохгүй. Тухайн газарт нөхөн сэргээлт хийж хөрсийг сайжруулснаар мод сэжмээр ургасан. Нөхөн сэргээлт хийж, хөрсийг сайжруулаагүй байсан бол тэр газар сэжмээр мод ургахгүй байсан. Өмнө нь сэжмээр мод ургах ямарч боломжгүй хөрстэй байсан. Харин тухайн үед үхэж байсан улиаснууд нь илүү сайн ургаж байгаа.

2023 онд моднуудыг тойроод явж байсан юм тухайн үед хэргийн оролцогч талуудад мэдэгдэж байсан ямарч зүйл байхгүй. Төрийн ажил албан бичгээр явагддаг. Тухайн хүний эрх ашгийг хөндсөн бол бичгээр гардуулалт хийхийг хуульчлаад өгчихсөн. Гэтэл нэхэмжлэгчид газрын гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдсэн баримт байхгүй. Хариуцагч талаас нэхэмжлэл гаргахад чи гардаж аваад мэдэж байсан биз дээ, тэгээд яагаад гомдол гаргаагүй юм бэ? гээд байгаа юм. Энэ дүгнэлтүүд нь өөрөө гарцаагүй үнэн зөв гэж үзэх боломжгүй. Харин энэ нотлох баримтууд үнэн зөв эсэхийг, гарцаагүй байх эсэхийг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг шалгаагүй байж улсын байцаагчийн дүгнэлт акт зөв гэж дүгнэж болохгүй.

Шүүхэд бусад нотлох баримтуудаар газрыг зориулалтын дагуу ашигласан, төлбөрийг төлсөн гэдэг нотлогдлоо. Сонсох ажиллагааны хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх мэтгэлцэж дүгнэлтээ гаргана. 6 дугаар сарын 21-ний өдөр Наранцацрал руу явуулсан баримт нь сонсох ажиллагаа юм уу? гэхээр үгүй энэ бол актыг мэдэгдсэн үйл баримт шүү гэж хэлдэг. Тэгэхээр Жаргалант сумын Засаг дарга сонсох ажиллагааг хийгээгүй. Актыг гаргасан этгээд сонсох ажиллагааг хийхээс өөр бусад этгээд хийх эрхгүй бөгөөд өөрөө сонсох ажиллагааг хийж шийдвэр гаргах бөгөөд сонсох ажиллагааг хийхдээ үндэслэл болгосон хуулийн зүйл заалт бүр дээр сонсох ажиллагааг явуулах ёстой. Сонсох ажиллагааны гол зүйл нь тухайн этгээдийн санал тайлбарыг сонсож, заавал тайлбар авч тэмдэглэлд цуглуулах ёстой. Гэтэл ийм ажиллагаанууд огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг хөндөөд байна. Энэ нь өөрөө хуульд үндэслэх, үл нөлөөтэй, зарчимд нийцсэн шийдвэр гаргах талаар тусгасан. Энэ шийдвэрийг гаргаж болно гэхдээ үр нөлөөтэй юм уу? гэдгийг заавал судалж үзсэн байх ёстой. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу бусад процесс ажиллагаа хийгдээгүй. Тухайн ямар нөхцөл байдалд өөрчлөгдөөд байгаа юм. Хариуцагч талаас болон түүний өмгөөлөгчийн зүгээс нөхцөл байдлуудыг тогтоож чадаагүй. Иймд 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/283 дугаар захирамжийн нэхэмжлэгч Наранцацралд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.7. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлээр маргаан бүхий актын үндэслэл болсон газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Маргаан бүхий актын 40.1.6-д заасан үндэслэл хуулийн дагуу явагдсан эсэхэд шүүх дүгнэлт хийх байх. Улсын дээд шүүхийн тайлбарт өөрөөс нь шалтгаалсан, өөрөөс бус өөр бусдаас шалтгаалах гэдгийг тодорхой тайлбарласан. Тэгвэл тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалсан байна. 2018, 2022 оны гэрээ байхгүй гэдэг зүйлийг яриад байх юм. Гэрээ байхгүй юм бол газар эзэмших эрх байхгүй юм байна. 2016 оны гэрээний нөхцөлөөр явагдаж байгаа. Гэрээний нөхцөл, болзол огт өөрчлөөгүй. Гэрээний тухай хууль дээр хэн аль нь татгалзаагүй бол гэрээ үргэлжлэхээр заасан. 2016 оны гэрээнд өөрчлөлт ороогүй хэвээрээ л байгаа. 2016 оны гэрээний зохицуулалт өөрчлөгдөөгүй. Сая нэхэмжлэгч тухайн газар дээр барилгын хог авч ирж асгасан гэж байна. Гэрээнд газар дээр барилгын хог асгах заалт байхгүй. Хонхорхой газарт нь машин оруулах гэж байсан гэх юм. Тэр газарт машин оруулах зориулалт байхгүй. Тайлангаа үнэхээр болохгүй байсан юм бол очиж уулзаад яах ийхээ асууж тодруулах боломж байсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хаалга нээлттэй байсан байна. Өнөөдрийг хүртэл тухайн газрыг ойжуулалтын зориулалтаар эзэмших ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эхнэрийн утасны дугаар гээд сая хэлэлцүүлгийн явцад хэлж байна. Эхнэрийнх нь тэр утасны дугаарт сонсох ажиллагааны талаар мэдэгдэж байсан байна. 3 үндэслэлийн нэгэнд нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөхийг заасан. 2019 онд Газрын төлбөрийн тухай хуульд цагаан дээр хараар бичээд тодорхой заасан байна. 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэхийг 10 дугаар сард үүсгэсэн юм байна. Гэхдээ 11,12 дугаар сард төлөх бүрэн боломжтой байсан боловч он дамжуулсан байна. 2023 оны тайлбарыг би бүх маргааны хувьд хэлж байгаа. Харин 2022 оны төлбөрийн тайлбарыг ашигтай байдлаар тайдбарлаж хэлсэн. Түүнийг гуйвуулаад байх зүйл байхгүй.

Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна гэж харж байна. Иймд маргаан бүхий акт үндэслэлтэй гарсан.

Нэхэмжлэгч надтай утсаар яриагүй нь сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэл болохгүй. Газрын төлбөрийн хувьд газрын төлбөрөө төлсөн гэдэг баримтаа авч ирээд өгөх бүрэн боломжтой байсан. Газрын төлбөр гарсан талаар мэдэгдсэн байна.  Газрын төлбөрөө төлөх талаар мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болох үндэслэл байхгүй. Гэхдээ тэр нөхцөл байдлуудыг мэдэгдээд байхад авч ирээд өгөхгүй яасан юм бэ? энэ нөхцөл байдлаа өөрөө биелүүлээгүй хэрнээ гэрт нь очоод мэдэгдэх ёстой байсан юм шиг зүйл ярих хэрэггүй учраас маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.8. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******: Ховд аймгийн ИТХ-ын өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ховд аймгийн ИТХ-д холбогдох шаардлагын хувьд Ховд аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.3-д зааснаар өргөн мэдүүлэх жагсаалтыг өргөн мэдүүлж, Газрын тухай хуулийн 20.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актуудыг гаргасан. Энэ актын хүрээнд хэн нэгний эрх ашгийг зөрчсөн акт гараагүй. Учир нь тухайн үед Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн, маргасан зүйл байхгүй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэн нэгэнд эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй учраас хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй.

******* өмгөөлөгчийн хэлж байгаатай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нэхэмжлэгчийн газрыг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд нэхэмжлэгчид холбогдуулан улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтэд Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5-д заасан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж акт гарсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тухайн актад гарын үсэг зураагүй, танилцуулагдаагүй мэт харагдаж байгаа. Гэхдээ хавтаст хэрэгт актыг танилцуулсан эсхүл танилцуулаагүй талаарх баримт авагдаагүй. Актад хуулбар үнэн дарагдсан баримт дээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэсэн он, сар, өдөр байгаа. Энэ өдөр захиргааны хэргийн шүүхэд ирж, акттай танилцсан гэж байна. Тэгвэл танилцсаны дараа яагаад гомдол гаргаагүй юм бэ?

Газрын төлбөрийн тухайд Ховд аймгийн татварын хэлтэс болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очиж үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Энэ баримтуудыг харьцуулж үзэхэд Ховд аймгийн татварын хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай албан тоотоор Наранцацрал нь 2021 онд 78,000 төгрөг, 2022 онд 175,644 төгрөг, 2023 онд газрын төлбөр төлөөгүй байсан. Газрын төлбөрийн системд нэхэмжлэхүүдийг үүсгэж нэхэмжлэгчид явуулсан гэдэг нь харагдаж байгаа. Үүнээс харахад ямар баримтууд харагдаж байгаа вэ? гэхээр 2022 он, 2023 оны газрын төлбөрүүд дээр нэхэмжлэл үүсгэсэн. 2023 оны газрын төлбөр төлөгдөөгүй. 2023 онд 185,000 төгрөгийн баримт үүссэн. 2021 онд 78,000 төгрөгийн баримт үүсгэсэн. Харин татварын лавлагаан дээр 2021 онд 38,000 төгрөгийн баримт мөн үүссэн байсан. 2022 онд 80,064 төгрөгийн төлбөрийн баримт үүсгэснээс 2022 онд 78,000 төгрөг төлсөн. Түүнээс 2,000 төгрөг үлдсэн байна. Үүнээс харвал газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж зааж өгсөн учраас төлбөрөө бүрэн төлсөн гэдэгт хамаарахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлж хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч *******  нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрийн байгууллагад  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар 24-ний өдөр шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 125/ШЗ2023/0163 дугаар захирамжаар   хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШТ2023/0819 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба Хурлаас маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил бус гэж үзсэн учраас нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул  нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч  нь  Жаргалант сумын Засаг даргын 2016  оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/275 дугаар захирамжаар ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар 4879,2м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг *******ээс эрх шилжүүлэн эзэмшиж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

5. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг газрын төлбөр 2021 онд 78064 төгрөг, 2023 онд 195190 төгрөгийг тус тус төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн буюу газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэж буруутгажээ.

6. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд:

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2 Газрын төлбөрийн хэмжээ: нэгжийн үнэ 15 төгрөг бүгд 73188 төгрөг гэж, 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Төрийн банкн дахь тоот дансанд шилжүүлсэн байна.”гэж заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй.   

7. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.

8. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2021-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

9. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан  гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.” гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

10. Хариуцагчаас нэхэмжлэгчийг газар эзэмшсэнээс хойш төлбөрөө төлж байсан эсэхтэй маргаагүй зөвхөн 2021 онд 78064 төгрөг, 2023 онд 195190 төгрөгийн газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж маргаж байх тул тухайн онуудын газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг авч үзлээ.  

11. Шүүхээс газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн нэгж талбарын дугаартай маргаан бүхий газрын  2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэл 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 46838 төгрөг, 31226 төгрөгөөр 2 удаа үүсч төлөгдсөн төлөвтэй, 2023 оны газрын төлбөр 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 195160 төгрөгийн нэхэмжлэл үүсч төлөгдөөгүй төлөвтэй харагдана.

12. Татварын газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч нь 2021 оны газрын төлбөр 31226 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 46838 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус НӨАТ-ын буцаан олголтоос төлсөн болох нь тогтоогдож байна. 2023 оны газрын төлбөрийн тухайд нэг нэхэмжлэлээр бүтэн жилээр 195160 төгрөг ногдуулсан байх тул маргаан бүхий актыг гаргахаас өмнө улирлаар болон урьдчилан төлөх боломжтой байжээ.     

13. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно. 

14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг 2021 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, 2023 оны 1 лүгээр улирлын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах үндэслэлтэй гэж дүгнэв.

15. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, гэрээний  үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан.

16. Нэхэмжлэгч нь газар эзэмшсэнээс хойш гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлсэн талаар болон гэрээг дүгнэж байсан эсэх талаар баримт байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.  

17. Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх асуудал зөвхөн нэг талын бус 2 талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралтай бөгөөд тайлан ирүүлээгүй гэх үндэслэээр гэрээгээ дүгнүүлээгүй гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэдэгт хамаарахгүй гэж дүгнэв.

18. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлтийн хавсралтын 14-т ... зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “... 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй, ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн...”гэж тус тус дүгнэсэн ба дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон. 

19. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2016 оноос хойш эзэмшсэн ба 2019 оноос 2021 онуудад мод тарьсан боловч үерт автаж ургуулж чадаагүй учраас 2021 оноос хойш хөрсөө бэлдэж байгаа гэж тайлбарласан. 

20. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмшсэнээс хойш 3 жил өнгөрсний дараагаас газраа ашиглаж эхэлсэн, мөн маргаан бүхий актыг гарахаас өмнөх 2 жилд хөрсөө бэлдэж байсан гэх нэр дор ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

21. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр хашаалсан газарт насжилт өндөртэй улиас моднуудаас өөр шинээр тарьж ургуулсан мод байхгүй, ойжуулалт, нөхөн сэргээх талаар хийгдсэн зүйлгүй, мод тариад ургаагүй болон мод усалж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа зориулалтаар ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

22. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж маргасан ч Газрын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болон 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр тус тус нэхэмжлэгчтэй утсаар холбогдож газрын хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмшлийг хүчингүй болгох талаар мэдэгдэж байсан талаар баримт хэрэгт авагдсан. Мөн зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй .

23. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

24. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

25. Нэгэнт нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн Хурлын тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

26. Иймд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч *******ын  “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв .

27. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн  орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******д  холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ