| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0044/э |
| Дугаар | 000046 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 000046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд Дүүргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 849 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Г
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой Э.А-тай хамт архи ууж байхдаа хоорондоо маргалдаж Э.Адарсүрэнгийн зүүн гар хэсэгт нь архины шилээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найзынхаа биед хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна. Бид хоёр их согтсон байсан. Нэг мэдэхэд л машин тэрэг яриад маргаад байх шиг байсан гэжээ.
-Хохирогч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой Г бид 2 дэлгүүр дээр уулзсан. Бид 2 уулзаад 0.75 литрийн вино, 0.750 литрийн архи, 0.500 литрийн 2 архи уусан. Г бид хоёр хоёулаа их согтсон байсан. Бид 2 архи ууж байхдаа машин тэрэг ярьж байснаа санаж байна. Нэг ухаан орсон чинь миний зүүн мөр халуу оргиод гэртээ орж байснаа санаж байна. Архи ууж байхдаа бид 2 маргалдаад муудалцаад байх шиг байсан. Г ямар нэгэн хутга мэс гэх зүйл байхгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-7 ху/
-Гэрч Ч.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой нөхөр хөргөгчинд байсан дарсыг аваад айлд очно гээд эрүүл гэрээс гарсан. Шөнийн 02 цагийн үед А гэртээ ганцаараа орж ирэхдээ куртик нь цус болчихсон байсан. Би юу болсон талаар асуусан чинь хүнд хатгуулчихлаа гэж хэлсэн. Хэн хатгасан юм бэ? гэсэн чинь хүмүүс таарсан гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Г өөрөө би А-г хатгасан юм гэж хэлээд цагдаа дээр очсон байсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/
Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Шөнө 02 цагийн үед Г гэртээ ганцаараа орж ирээд орон дээр хэвтэж байгаад найзыгаа би шаачихлаа шүү дээ гэж хэлээд өөрөө цагдаад дуудлага өгөөд явчихсан гэсэн мэдүүлэг /хх11 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаартай шинжээчийн... Э.А биед зүүн бугалга, зүүн суганд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана, гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 13 ху/,
-Д.Г-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-24 ху/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой Э.А-тай хамт архи ууж байхдаа хоорондоо маргалдаж Э.А-ийн зүүн гар хэсэгт нь архины шилээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг хохирогч Э.А-ийн... Г бид хоёр хоёулаа их согтсон байсан. Бид 2 архи ууж байхдаа машин тэрэг ярьж байснаа санаж байна. Нэг ухаан орсон чинь миний зүүн мөр халуу оргиод гэртээ орж байснаа санаж байна. Архи ууж байхдаа бид 2 маргалдаад муудалцаад байх шиг байсан. Түүнд ямар нэгэн хутга мэс гэх зүйл байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-7 хуудас/, гэрч Ч.С /хх 10 ху/, Г.А /хх 11 ху/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед зүүн бугалга, зүүн суганд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэнийг тогтоосон 93 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Э.А нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.