Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

 

 

 

 

Э.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолтой,

шүүгдэгч  Э.Ч-т холбогдох эрүүгийн 2213000660079 дугаартай, 2 хавтастай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Бахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим, орчуулагч Б.Жанерке нар оролцов.   

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, *** хамт ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт Э.Ч /БА00000000/ нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн “Toyota Kluger” загварын **** БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Тухайн ангиллын тээврийг хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох”,  12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэнХ.Сн жолоодож явсан улсын дугааргүй, ногоон өнгийн  “G5-Gold” загварын мотоциклын араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Х.Сн амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт, мөн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Прокурорын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 69 дүгээр яллах дүгнэлтээр Э.Ч-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн  2022/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолоор:   

3.1.Шүүгдэгч Ц овогт Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, 

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

3.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад гэмт хэргийн хор уршигт 10.562.550 төгрөг төлж өгсөн болохыг дурдаж,

3.7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн шүүгдэгч Э.Ч-оос сэтгэл санааны хохиролд 10.000.000 (арван сая) төгрөг гаргуулах болон тэжээгчээ алдсаны  тэтгэмжтэй холбоотой иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдолд:

4.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үед бусдын амь насыг хохироосон үйлдэлд нь 2 жил 1 сарын хорих ял, мөн хэргийн газрыг орхин явсан үйлдэлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсанд талийгаачийн ар гэрийнхэн бид гомдолтой байна.

4.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б  овогтой А  би тус аймгийн А сумын 1 дүгээр багт нөхөр, 1 хүүхдийн хамт амьдарч байсан, хүүхэд минь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, бид хувийн цөөн малтай байсан ба түүнийг хөдөө хүн дээр тавьж маллуулдаг байсан. Тэр өдөр миний нөхөр Х.С нь хөдөө байгаа малаа эргээд сумын төвд орж ирж байхад жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуу хүний гайгаар машинд дайруулан амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдсон.

4.3. Тэр үед миний нөхөр эрүүл байсан, архи дарс уудаггүй хүн байсан, цэргийн албаа хаасан, дээд боловсрол эзэмшсэн хүн байсан, 1991 онд төрсөн, 31 настай, мөрөөрөө амьдарч байсан, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн эгчтэй байсан. Бид талийгаачийг санаандгүй алдаад 4 сар өнгөрч байгаа ба бид одоо хүртэл өвөлжөөнөөсөө зусланд нүүж гарч чадахгүй байна.

4.4. Талийгаачийн төрсөн эцэг, эх, ах дүү гэр бүлийн гишүүд бид цэл залуухан хийж бүтээх насанд байгаа хайртай дотнын хүнээ алдаж, нөхөж баршгүй гарз хохирол амсаад байна. Миний нөхрийн амь насыг хохироосон хүн өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бидний сэтгэл санаанд учирсан хохирлыг бага ч болов нимгэлээгүй байна. Одоогийн үйлчилж байгаа хуулиар бусдын 2 тооны бяруу хулгайлсан эсхүл өөрийн эхнэртээ гар хүрсэн хүнд 2 жилийн ял өгдөг. Гэтэл хүний амь нас хохироосон хүнд хоёрхон жилийн ял өгсөн нь арай дэндүү шударга бус байна гэдгийг хохирогчийн эцэг, эх, ах, дүү нарын зүгээс ч гэсэн мөн гомдолтой байна.

 

4.5. Амь хохирогчийн эхнэр болох А би нөхрөө нас барсны дараа тавхан хоногийн дараа хагалгаагаар амаржиж хүүхэдтэй болсон. Сэтгэл санааны хувьд маш гүнзгий хямралтай байсан тэр үед Цагдаагийн байгууллагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, аймагт 6 удаа дуудагдаж ирсэн. Би тухайн үед нялх нойтон хүүхэдтэй, бие дээрдээгүй, дээрээс нь сэтгэл зүйн хувьд хямралтай байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эцэг, эхийн аль нэгийг тогтоож өгөхийг хүссэн боловч миний хүсэлтийг миний сонгож авсан өмгөөлөгч болон цагдаагийн мөрдөгч авч хэлэлцээгүй тул би хэнд хандахаа мэдэхгүй болж их зовж, ядарч зүдэрсэн.

4.6. Хохирогчийн ар гэрийнхэнд нь ямар гомдол санал байгаа талаар миний өмгөөлөгч бид нараас асууж ярилцаагүй, бид нарыг сонсоогүй, биднийг хууль зүйн мэдээллээр хангаагүй, гомдлыг барагдуулах талаар санал санаачилга гаргаагүйгээс болж, зохих байгууллага, албан тушаалтанд хандаж гаргах байсан санал, хүсэлт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлж чадаагүй, хэлэх үгээ хэлж чадаагүй хохирсон дээрээ хохироод хоцорсон.

4.7. Шүүгдэгчийн хувьд амь хохирогч талаас гаргаж өгсөн нотлох баримтын дагуу гарсан оршуулгын зардлыг л төлсөн, би анхнаасаа сэтгэл санааны хохиролд 10,0 сая төгрөг гаргуулна гэж хэлж байсан боловч, бидэнд учирсан нөхөж баршгүй гарз хохирлыг арилгасангүй, гэмт хэргийн хохирлын хувьд нөхөн сэргээгдээгүй, шүүгдэгч нь тухайн өдөр хэтэртлээ архи уугаад машин жолоодоогүй байсан бол миний нөхөр өдийд амьд сэрүүн байх байсан. Урьдчилсан хэлэлцүүлэгт миний өмгөөлөгч ирэхгүй байж болно гэхээр нь би ирээгүй, би анхнаасаа чөлөөтэй мэтгэлцэж чадаагүй тул надад учирсан хохирол арилаагүй тул ар гэрийнхэн бидний зүгээс сэтгэл санааны хохиролд 50,0 сая төгрөг гаргуулахыг хүсэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирсон ял оногдуулах талаар санал дүгнэлт гаргах үүрэгтэй прокурор болон шүүхийн зүгээс хуульд заасан доод хэмжээний яг оногдуулсан явдалд гомдолтой байна.

4.8. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдлоо хоёр агуулгын хүрээнд гаргасан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулсан гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг багасгаж өгөх тухай санал гаргасан. Харин анхан шатны шүүх хуралдаанаас хүний амь нас хохирсон мөн гэмт хэргийн улмаас хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч Э.Ч-ийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хэрэгсэхгүй болгож хоёр жил нэг сарын хугацаатай хорих ялыг биечлэн эдлүүлэх ял үндэслэлтэй юм.

5.3. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай анхан шатны шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгсөн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл байгаа тохиолдолд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, өөрчлөх гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бодит дүгнэлт хийгээгүй байна. Иймд 2022 оны 6 дугаар сарын 02-ний өдрийн 71 дугаартай анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах санал гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

6. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол  үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.  

 

7. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүхий л нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг ойлгоно.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй болно.

 

9. Шүүгдэгч Э.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн “Toyota Kluger” загварын **** БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглох”,  12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Х.Сн жолоодож явсан улсын дугааргүй, ногоон өнгийн  “G5-Gold” загварын мотоциклын араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Х.Сн амь насыг хохироож, мөн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

 

10. Э.Ч-ийн дээрх согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, болгоомжгүйн улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар, мөн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан санаатай үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь долоон жилийн хугацаагаар хасаж, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял, түүнчлэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйлдэлд нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцсэн буюу ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг хуульд зааснаар харгалзаж үзсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “хуульд заасан доод хэмжээний ял оногдуулсан” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь анхан шатны шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж буйгаа илэрхийлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан. Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан. Түүнчлэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтыг хуульчилсан байна. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хохирол, хор уршгийн заримыг нь  хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангасан байна.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой шаардлагыг анхан шатны шүүх хэлэлцээгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсан тул түүний энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан эдийн бус гэм хортой холбоотой болон амь хохирогчийн хүүхдүүдэд тэжээгчээ алдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон эсэх талаар баримтууд эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохтой холбоотой хүсэлтээ эрх бүхий захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, эсхүл иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар мэдүүлэх зэргээр шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ