Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 125/ШШ2024/0025

 

 

 

 

 

 

 

 

 

2024       05         01                                         125/ШШ2024/0025

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАРИМ

ХЭСГЭЭСЭЭ ТАТГАЛЗСАНЫГ, ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН

ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙГ БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр би “*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бүс нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" 396 дугаар захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Манай “Ан агнуурын холбоо” ТББ нь тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Ховд аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэл гаргах үед хариуцагчийн маргаан бүхий акттай танилцаагүй байсан тул дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудтай танилцаж, маргаан бүхий акт тодорхой болсноос гадна тухайн маргаан бүхий акт нь хэрэгжээд дууссан байна.

Хэдийгээр маргаан бүхий акт хэрэгжээд дууссан хэдий ч 2024 онд мөн адил тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулагдах тул нэхэмжлэгчийг хувьд хариуцагч байгууллагыг дахин ижил агуулга бүхий хууль бус захиргааны акт гаргахаас сэргийлэх буюу нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан өөрчилж байна.

  1. Амьтны тоо хэмжээг багцлан сум, агнуурын бүс нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" 396 дугаар захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох,
  2. Зөвшөөрлийн тухай хууль батлагдан, Амьтны тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаа нь 2023 онд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулагдах үеийн техник тоног төхөөрөмж нь дараа дараагийн дуудлага худалдааны үед засагдах боломжтой байна. Мөн дуудлага худалдаанд явсан этгээдүүд нь аль хэдийн ангаа хийн тухайн акт биелэгдэж дууссан тул нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу “дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай “Ан агнуурын холбоо” ТББ нь Ховд аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбар, хүсэлттэй танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн зүгээс "*******" ТББ-ын тус шүүхэд гаргасан "Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" 396 дугаар захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох" гэх нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны акт нэгэнт биелэгдэж дууссан учир хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” НҮТББ нь анх Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн "дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан" хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бүс нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Зөвшөөрлийн тухай хууль батлагдан Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаа нь 2023 онд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулагдах үеийн техник, тоног төхөөрөмж нь дараа дараагийн дуудлага худалдааны үед засагдах боломжтой байна. Мөн тухайн дуудлага худалдаанд ялсан этгээдүүд нь аль хэдийн ангаа хийн тухайн акт биелэгдэж дууссан байх тул нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох "Дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “*******” НҮТББ-ын захирлын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/07 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлээр төлөөлөгч *******д “... нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах” эрхийг олгосон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

   2. Ховд аймгийн Засаг дарга ******* 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/697 тоот итгэмжлэлээр төлөөлөгч ******* “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан бүхий л эрх, үүрэг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн заасан 28.2.7-д зааснаас бусад төлөөлөгчийн эрхийг эдэлж, үүргийг” олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "*******" ТББ-ын тус шүүхэд гаргасан "Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны акт нэгэнт биелэгдэж дууссан учир хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-дХариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдох хэргийн “Амьтны тоо, хэмжээг багцлан сум, агнуурын бус нутгаар хуваарилсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар "Тусгай зориулалтаар 2023 онд агнаж, бариулах амьтны тоо хэмжээг батлах тухай" захирамж болон түүний хавсралтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг, “... дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагаас нэхэмжлэгч нь татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              М.МЯНГАНБАЯР