Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 000039

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч О.К

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.К-д хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн  ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, О.К,

Шүүгдэгч О.К нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр   фитнесс төвийн багш нарын өрөөнд нэвтрэн орж Huawai P9 lite маркийн гар утсыг хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.К шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би барилга дээр ажиллаж байгаад ажиллахгүй гэхээр нь архи уусан. Тэгээд Чарменг фитнесс төвийн тэнд хүн бужигнаад байхаар нь орсон. Гэтэл тэнд нээлттэй хаалганы өдөр болж байсан юм билээ. Тэгээд энд ер нь юу байдаг юм бол гэж бодоод Батбаярын хамт дотогшоо ороод Батбаяр фитнесийн үүд хэсэгт үлдээд би дотогшоо ороод нэг онгорхой өрөө байхаар нь ороод ширээн дээр байсан гар утсыг аваад халаасандаа хийсэн. Тэгээд тэндээс гараад Батбаярт би явлаа гэж хэлээд салаад явсан. Ганцаараа наадмын талбайн тэнд ногоо зарж байсан хүмүүс дээр очоод 2 залуу байхаар нь  50.000 төгрөгөөр зарсан. Хамт явсан хүн маань миний хулгай хийснийг мэдээгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Н.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр өдөр манай ажлын байр болох Чарменг төв дээр нээлттэй хаалганы өдөр болсон юм. Би өөрийн Хуавай П-9 загварын гар утсаа ажил дээр өрөөндөө цэнэглээд орчихсон байсан. Тэгсэн манай ажлын гадна хаалгаар үл таних 3 хүн орж ирээд нэг нь үүдэн дээр үлдээд нөгөө нь 2 нь цаашаа фитнесс клуб руу орсон. Тэгэхээр нь сэрэмжлээд араас нь яваад очсон чинь манай багш нарын өрөөний гадна талд 1 нь үлдчихсэн, нөгөөдөх нь өрөөний дотор тал руу ороод гарч байсан. Тэгэхээр нь би зөрж ороод утсаа үзтэл миний утас алга байсан. Тэгэхээр нь би тэр хавийн ажлынхаа хүмүүсээс асуутал савхин хүрэмтэй сахалтай үл таних хүн танай өрөөнд орчихоод гарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь араас нь гараад хайж байгаад хамт явж байсан 2 хүнийг олж авсан. Тэгээд тэр хүнээс асуутал Бакей гэх казах залуу чиний утсыг аваад бид 2-оос салаад явсан гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Шүүх хуралдаанд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 06-07 ху/,

Гэрч  Ш.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...К бид хоёр 2002 онд гэр бүл болоод 3 хүүхэд төрүүлсэн. Кадалбек зан байдлын хувьд түргэн ууртай хүн байгаа юм. Бусдаар бол ажилсаг гэр бүлдээ хайртай сайн аав. Архи уучихсан согтуу байхдаа хүний гар утсыг авчихлаа гэж надад хэлж байсан. Тэрнээс биш хулгай хийхээр хүн биш байгаа юм. Хохирогч гэх залууд би хохирлын мөнгийг нь барагдуулж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/

-Бан хас ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 242 дугаартай: Huawai P9 lite /Хуавай П-9 Лите/ маркийн гар утас 700.000 төгрөг гэх дүгнэлт  /хх 16 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

-О.К  яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 24-26 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  нь зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгч О.К-ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэж үзэхгүй. Чарменг фитнесс төв нь нийтийн үйлчилгээний газар хэн ч орох эрхтэй. К 3 хаалга нэвтэрч багш нарын өрөөнөөс гар утас  авсан. УДШ-ийн 2005 оны 28 дугаар тогтоолд ...нийтийн үйлчилгээний газарт нэвтэрсэний дараа хулгай хийвэл хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй гэсэн байгаа учир зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1дахь ... “хэсэгт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэж заасан бөгөөд Чарменг фитнесс төв нь үйл ажиллагаа явуулах зориулалттай байр учир зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч О.К нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  Чарменг фитнесс төвийн багш нарын өрөөнд нэвтрэн орж Huawai P9 lite маркийн гар утсыг хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Х “...Би өөрийн Хуавай П-9 загварын гар утсаа ажил дээр өрөөндөө цэнэглээд орчихсон байсан. Тэгсэн манай ажлын гадна хаалгаар үл таних 3 хүн орж ирээд нэг нь үүдэн дээр үлдээд нөгөө нь 2 нь цаашаа фитнесс клуб руу орсон. Тэгэхээр нь сэрэмжлээд араас нь яваад очсон чинь манай багш нарын өрөөний гадна талд 1 нь үлдчихсэн, нөгөөдөх нь өрөөний дотор тал руу ороод гарч байсан. Тэгэхээр нь би зөрж ороод утсаа үзтэл миний утас алга байсан” гэх мэдүүлэг,  гэрч Ш.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Архи уучихсан согтуу байхдаа хүний гар утсыг авчихлаа гэж надад хэлж байсан. Хохирогч гэх залууд би хохирлын мөнгийг нь барагдуулж өгсөн гэх мэдүүлэг /хх 11 ху/, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.К дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.К нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэж, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч талуудтай тохиролцсоны үндсэн дээр 550.000 төгрөг бэлнээр авч хохиролгүй болсон. Үлдэгдэл 150.000 төгрөгийг хохирогч нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.