| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 221300030088 |
| Дугаар | 2022/ДШМ/34 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/34
Х.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолтой,
Шүүгдэгч Х.Х нарт холбогдох эрүүгийн 221300030088 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан болон хохирогч Ш.Н-ын өмгөөлөгч Х.Бияазханы давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгч С.Нургайып, хохирогч Ш.Н, хохирогчийн өмгөөлөгч Х.Бияазхан /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ***оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, Ц сумын ** дугаар багийн *** ажилтай, ам бүл **хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Н овогт Х.Х /РД:БЛ*************/,
2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, Ц сумын ***** ажилтай, ам бүл *** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт М.Т /РД:БЛ***************/.
3. Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт, шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэнШ.Нын толгой тус газар төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч Х.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч М.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолоор:
5.1. Шүүгдэгч Н овогт Х.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж овогт М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ийг 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор, шүүгдэгч М.Т-т оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х,М.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
5.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-аас гэмт хэргийн хор уршигт 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Тт олгож, шүүгдэгч М.Т нь хохирогч Ш.Над гэмт хэргийн хор уршигт 10.000.000 (арван сая) төгрөг төлсөн болохыг дурдаж,
5.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тээс өмгөөллийн хөлс 4.000.000 (дөрвөн сая) төгрөг гаргуулан хохирогч Ш.Над олгож,
5.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ш.Нын гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч М.Тээс сэтгэл санааны хохирол 13.457.937 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол болон бусад зардалд шүүгдэгч М.Тээс цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүгдэгч Х.Х нь М.Тийн гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба түүнд учирсан хохирол хор уршгийг бүрэн арилгахаа илэрхийлж 2 сая төгрөг өгөхөөр болсон. Хохирогч М.Тийн хувьд Х.Хг ялаас чөлөөлж өгөхийг хүсэж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.
6.2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, үүний 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгч Х.Х нь бага эмчээр ажилладаг бөгөөд урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай төрийн албан хаагч юм.Х.Х нь бусдын гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд ийнхүү гэмт хэрэгт холбогдсон ба гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа.
6.3. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Хд оногдуулсан торгох ялыг өөрчлөн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү .
7. Хохирогчийн өмгөөлөгч Х.Бияазханы гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Миний үйлчлүүлэгч хохирогч Ш.Н нь 2021 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Ц сумын 8 дугаар багийн нутаг Д үйлчилгээний төвийн гадна М.Т, Н, Е, Б нарт зодуулсны улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авч хохирсон тухай хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тогтмол мэдүүлж байжээ. Мөн хохирогч Ш.Н нь хэргийн материалтай танилцахадН Е Б нарыг хэрэгт татаагүй зөвхөн М.Тийг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байсан тул хэрэг шалгаж байсан мөрдөгчөөс Е, Б, Н нарыг яллагдагчаар татахгүй байгаа шалтгааныг асуухад тэд Т-тэй бүлэглэн таныг зодсон нь тогтоогдохгүй байна. Тэднийг шоронд явуулснаар танд ямар ашиг байна гэхээр нь хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр шалгаж тогтоогоогүй, хэрэг бүртгэгч, мөрдөгч, хэрэгт хяналт тавьсан прокурорын хэт их нэг талыг барьсан хууль бус шийдвэрийг хянан үзэж хэргийн нөхцөл байдлыг шударгаар үнэн зөв шалгуулж шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш Баасандорж гэх албан тушаалтанд бичгээр гомдол гаргасныг хэрэгт хяналт тавьсан прокурор өөрөө авч хянаад гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.
7.2. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад хэрэгт хяналт тавьсан прокурорын зүгээс М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Нын толгойн тус газар төмөр таягаар цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн М.Н , М.Е , н.Б нар нь М.Ттэй бүлэглэн Ш.Ныг зодсон нь тогтоогдохгүй байна гэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй шийдвэр байсан тул, хэргийг тал бүрээс бүрэн бодитой шалгуулж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн боловч миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, таны хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гэж шийдвэрийг амаар танилцуулсан боловч шүүгчийн захирамж гарсан эсэх нь тодорхойгүй шүүгчийн захирамжийг гардаж авч танилцаагүй.
7.3. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогч Ш.Ныг тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.Т нь иргэн Е , Б , Н гэгч нартай бүлэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд М.Т, М.Н , Е , Б нар намайг бүлэглэн зодсон гэж анхнаасаа байнга тогтвортой мэдүүлж байжээ, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын хохирогч Ш.Нын биед үүссэн гэмтлийг тогтоосон 78 тоот шинжээчийн дүгнэлтэд болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Хохирогч Ш.Н биед гавал тархины битүү хүнд зэргийн гэмтэл, гавал ясны баруун талын зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны бага далавч хүрсэн олон нийлмэл ил хугаралтай, баруун зулай болон духны хажуу руу үргэлжилсэн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины цусан хураатай, аалзан бүрхүүлийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхинд зүүн хацарт хамрын нуруу хамарсан хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд бага зэрэг хавантай, шалбарсан, духны зүүн талд шархтай, зулайн баруун талд шархтай гэмтэл тогтоогдсон дээрх гэмтлүүд нь хоёроос дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд болно. И.Н биед үүссэн гавал тархины битүү хүнд зэргийн гэмтэл, гавал ясны баруун талын зулай чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны бага далавч хүрсэн олон нийлмэл ил хугарал, баруун зулай болон духны хажуу руу үргэлжилсэн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины цусан хураа, аалзан бүрхүүлийн цус хуралттай гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд гэмтэлд хамаарна. Зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт, мөн хамрын нуруу хамарсан хөх ягаан туяатай цус хуралттай хамрын нуруунд бага зэрэг хавантай шалбарсан, духны зүүн талд шархтай, зулайны баруун талд шархтай хавсарсан гэмтлүүд нь хоёроос дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна” гэжээ. Шинжээч эмчийн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтээр хохирогч Ш.Нын толгойн хэсэгт хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хүнд, хөнгөн зэргийн олон тооны гэмтэл тогтоогдсон байна. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь хохирогч Ш.Нын толгойн тус газар төмөр таягаар нэг л удаа цохисон нь тогтоогдсон байдаг ба төмөр таягаар нэг л удаа цохиход олон тооны гэмтэл үүсэх боломжгүй гэж үзэж байгаа тул хохирогчШ.Нын толгойн хэсэгт үүссэн бусад гэмтлүүд юунаас үүссэн эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
7.4. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Т, Е, Б, Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлж шийдвэр гаргахад үндэслэл болгосон тул шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Т , Е , Б, Н нарыг хохирогч Ш.Н намайг бүлэглэн зодсон гэж шууд зааж байгаа учир тэд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс тэд өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өмгөөлөгч миний бие хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зайлшгүй нотолбол зохих зүйлүүдийг бүрэн бодитой тал бүрээс нь шалгуулж хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтад үндэслэн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаж шийдвэрлэж өгнө үү.
8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Шүүгдэгч Х.Х болон түүний өмгөөлөгч нь “шүүгдэгч Х.Хд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд тухайн анхан шатны шүүхээс оногдуулж шийдвэрлэсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлүүлэх тухай” гомдлыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлэн ялаас чөлөөлүүлэх тухай гомдлыг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын хувьд мөн анхан шатны шүүх хуралдаанд мөн адилхан энэхүү нөхцөл байдлыг тайлбарлан, шүүгдэгч Х.Х нь энэхүү гэмт хэрэг гарахад таслан зогсох зорилготой уг гэмт хэрэгт холбогдсон гэж тайлбарлаж байна. Хэргийн нөхцөл байдлыг аваад үзэхэд Х.Х нь эхлээд М.Тийг зоддог.М.Т зодуулчхаад уурандаа Ш.Ныг зоддог нөхцөл байдалтай. Тэгэхээр шүүгдэгч Х.Х нь гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор хүний биед халдсан нөхцөл байдал тогтоогдохгүй. Эхлээд гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон хүн болХ.Х. Тэгэхээр Х.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо арилгасан, мөн цаашид гарах хор уршгийг арилгахаа илэрхийлсэн боловч заавал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй. Тийм учраас өмгөөлөгч С.Нургайып болон шүүгдэгчХ.Х нараас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
8.2. Хохирогч Ш.Н болон түүний өмгөөлөгч Х.Бияазхан нараас энэ гэмт хэргийг үйлдэгдсэн үйл явц болон холбогдсон этгээдүүдийг дутуу шалгасан өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Энэ гэмт хэргийг хохирогч Ш.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн хувьд шүүгдэгч М.Т нь бусадтай буюу Е, Н, Б нартай бүлэглээд тухайн гэмт хэргийг үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн нөхцөл байдлыг дутуу шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдоогүй, 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол байдлыг дутуу шалгасан үндэслэлээр гомдол гаргасан. Уг үндэслэлээр анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан, мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгч нар энэ байр сууринаас маргаж, мэтгэлцсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь бусадтай нийлж хохирогч Ш.Нын биед хүнд хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдоогүй. Эхлээд Ц сумын Даамал төвд шинэ жил тэмдэглэж гарч ирсэн 6, 7 залуучуудын дунд асуудал үүссэн ба бие биедээ халдсан. Хохирогч Ш.Н мэдүүлэхдээ Е, Б, Н нь миний биеийн энд тэндээс цохиод байсан ба тэр цаг хугацаанд би толгойгоо хамгаалаад сууж байсан бөгөөд яг хэн нь миний биеийн аль хэсэгт цохисныг мэдээгүй гэсэн мэдүүлгийг өгдөг. Мөн хохирогч Ш.Нын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт бас бий. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг харахад хохирогч Ш.Нын толгой хэсэгт гэмтэл учирсан байгаа. Уг шинжээчийн дүгнэлттэй холбоотой шинжээч эмчээс гэрчийн мэдүүлэг авахад төмөр таягаар цохисны улмаас уг гэмтэл учирсан тухай мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Над учирсан гэмтэл Е , Б , Н , шүүгдэгч М.Т нар бүлэглэн зодсоны улмаас учирсан нь тогтоогдоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хязгаарласан, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд харагдахгүй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс уг хэргийг анхнаасаа дутуу шалгасан, хийгдэх ёстой ажиллагаанууд дутуу хийгдсэн гэх гомдлыг гаргасан бөгөөд хэрэг дутуу шалгасан нөхцөл байдал байхгүй буюу Е , Б , Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд хохирогч Ш.Н болон түүний өмгөөлөгч Х.Бияазхан нараас гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй. Иймд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдэх саналыг гаргаж байна.
8.3. Мөн шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Х.Зулхашийн тайлбарлаж буй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн зардлыг гаргуулах нь Баян-Өлгий аймаг дахь шүүхийн практикт тогтсон жишиг биш, урьд өмнө өмгөөлөгчийн зардлыг гаргаж байгаагүй гэдэг гомдлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр мөн үндэслэл бүхий шийдвэр бөгөөд хохирогч Ш.Н нь 4,0 сая төгрөгийг өмгөөлөгч Х.Бияазханы хүүхдийн дансанд шилжүүлсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Шүүгдэгч М.Тийн буруутай үйлдлийн улмаас хохирогч өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авсан учир өмгөөлөгчийн зардал гэх тухайн 4,0 сая төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй. Хэрвээ Ш.Н ньМ.Тт зодуулаагүй байсан болбол уг 4,0 сая төгрөгМ.Тээс гаргахгүй байсан. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн практик байхгүй гэдэг үндэслэлээр гаргасан тус саналыг хүлээж авахгүй боломжгүй.
8.4. Хохирогч Ш.Нын зүгээс анхан шатны шүүхээс гарсан нийт зардлыг бүрэн хангаж шийдвэрлээгүй бөгөөд гарсан зардлыг өнөөдөр хүртэл төлөөгүй гэдэг гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээд шийдвэр гаргасан ба анхан шатны шүүх хуралдаан дуусахаас өмнө нийтдээ 10,0 сая төгрөг төлөгдсөн байсан. Мөн хохирогч цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймээс хэргийн оролцогч нараас гаргасан санал, гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох санал дүгнэлтээ гаргаж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан болон хохирогч Ш.Нын өмгөөлөгч Х.Бияазханы гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасныг залруулж, шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
11. Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлууд эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
12. Шүүгдэгч Х.Хгийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Тийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчмуудад тус тус нийцсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х, М.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний тус тус үйлдсэн бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч тус бүр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохируулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчХ.Хг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч М.Тийг 11.000.000 /арван нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан байна.
13. Хохирогч Ш.Нын өмгөөлөгч Х.Бияазханы “Т , Е , Б , Н нарыг хохирогч Ш.Н нь “намайг бүлэглэн зодсон” гэж шууд зааж байгаа учир тэд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс, тэд өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өмгөөлөгч миний бие хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зайлшгүй нотолбол зохих зүйлүүдийг бүрэн бодитой тал бүрээс нь шалгуулж хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтад үндэслэн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүйгээс гадна мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Харин давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд оролцогчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянах үүрэгтэй. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан давж заалдсан гомдолд “Шүүгдэгч Х.Х нь бусдын гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд ийнхүү гэмт хэрэгт холбогдсон ба гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Хд оногдуулсан торгох ялыг өөрчлөн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилсан.
Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанаас шүүгдэгчХ.Хд оногдуулсан торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримталж чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “....бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг баталгаажуулсан. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн ялгааг нарийвчлан тодорхойлжээ. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
17. Хохирогч Ш.Нын хувьд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхдээ өөрөө хүсэж, сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй бөгөөд тухайн тохиолдолд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг илт буруу хэрэглэж, хохирогчШ.Нын өмгөөлөгчид төлсөн хөлс 4.000.000 төгрөгийг шүүгдэгчМ.Тээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
18. Тодруулбал, хохирогч Ш.Нын хууль зүйн туслалцаа авахдаа өмгөөлөгчдөө төлсөн 4.000.000 төгрөг нь шүүгдэгч М.Тийн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлийн шууд үйлчлэлийн улмаас учирсан хохирол, хор уршиг бус харин хохирогчийн өөрөө хүсэж, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх үед гаргасан зардал учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Ш.Нын шүүгдэгч М.Тт холбогдуулан гаргасан уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын дагуу хохирогч Ш.Н нь шүүгдэгч М.Тээс цаашид нэхэмжлэх хохирол, хор уршгийн төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх, шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Ш.Нын шүүгдэгч М.Тээс өмгөөллийн хөлс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчХ.Х, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан болон хохирогчийн өмгөөлөгч Х.Бияазханы давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК