Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2024/0009/З |
Дугаар | 125/ШШ2024/0026 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 125/ШШ2024/0026
2024 05 14 125/ШШ2024/0026
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор ******* Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч *******д холбогдуулан “Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч *******ын 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор ******* 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтдээ:
Хүнсний чанар стандартын улсын байцаагч ******* нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг зөрчлийн бүртгэлд авч шалгасан нь зөв байх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн холбогдогчийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас иргэн ******* үндэслэлгүй шийтгэл оногдуулж, түүний эрхийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь хэрэгт цугларсан хяналт шалгалтын удирдамж, Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээлсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, холбогдогч *******ийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хүнсний чанар стандартын улсын байцаагч ******* нь иргэн ******* 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй шийдвэр болжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Булган сум пахь сум дундын Прокуррын газрын Ерөнхий прокурор *******гаас ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор *******гаас Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч *******д холбогдуулан “Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч *******ын 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч *******аас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу тус хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гомдол гаргагч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор *******гийн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч *******ын 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлттэй захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ