| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/06043/И |
| Дугаар | 183/ШШ2024/03511 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/03511
| 2024 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2024/03511 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М
Хариуцагч: М
Хариуцагч: Б
Гэм хорын даатгалын нөхөн төлбөрт төлсөн 86 001 811 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А
хариуцагч М.Б
хариуцагч Б.
нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ХК хариуцагч Б.*******, М.******* нарт холбогдуулан Гэм хорын даатгалын нөхөн төлбөрт төлсөн 86 001 811 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* ХК нь "Хаан банк" ХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр №********* дугаартай "Тээврийн хэрэгслийн даатгал"- ын гэрээг байгуулсан. Дээрхи даатгалын гэрээний хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шене Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлд ******* УНӨ улсын дугаартай "Beiben" маркийн тээврийн хэрэгслийн Б.******* нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас **** УБХ улсын дугаартай "Toyota Land cruiser-200" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас "*********" ХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны едер №********* дугаартай "Тээврийн хэрэгслийн даатгал"-ын гэрээгээр даатгагдсан даатгалын зүйл болох **** УБХ улсын дугаартай "Toyota Land cruiser-200" маркийн автомашинд нийт 110 453 000 төгрөгийн хохирол учирсан болох нь даатгалын хохирол үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий "Арвижих эстимэйт" ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *********дугаартай "Авто машин техникийн үнэлгээний тайлан"-гийн үнэлгээгээр тогтоогдсон, даатгалын тохиолдол бий болсон нь нотлогдсон тул "*********" ХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 86 001 811 төгрөгийг даатгуулагч "Хаан банк" ХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр автомашины шууд эзэмшигч Ч.*********т олгосон. Улмаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоолд, Б.*******ын 2019 оны 06 дугаар сарын 02 ны өдрөөс 03-нд шилжих шөнө Тев аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай замд "Beiben" маркийн ******* УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн а/, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас "Тоёота Ланд-200 маркийн **** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар "Тоёота Ланд-200 маркийн **** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учруулж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О**********нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо, Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/******* дугаартай магадлалаар, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна. 4 хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу "*********" ХК нь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлсөн төлбөр, гэм хорын хариуцлагыг хуулийн дагуу шаардах эрхтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-д заасныг тус тус үндэслэн Б.******* болон М.******* нар нь "*********" ХК-нд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул тэднээс 86 001 811 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.******* нь 2019 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө **** УНӨ улсын дугаартай Beiben маркийн тээврийн хэрэгслий жолоодож Өмнөговь аймаг руу явах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Ногоон дов гэдэг газар Ч.*****ийн жолоодож явсан **** УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 110 453 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож миний бие энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан. Энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газраас 3 жил шалгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Б.*******ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, надаас 51 953 000 төгрөгийг гаргуулж ********* ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манай өмгөөлөгчөөс шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаж, Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Б.*******ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Энэ хэрэгт **** УБХ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Арвижих эстимэйт ХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тогтоож, автомашин, техникийн үнэлгээний тайлан гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Зам тээврийн осол гарсны дараа Төв аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн ажилтнууд хэргийн газрын үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлд зөвхөн тээврийн хэрэгслүүдийн явсан чиг, үл хөдлөх цэгээс хэмжсэн хэмжээсүүдийг тэмдэглэж, хэргийн газрын үзлэг дууссаны дараа тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт хүлээлгэн өгсөн байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг тогтоох талаар ямар нэг ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэлд үзлэг огт хийгээгүй, мөн хэргийг шалгах явцад л тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй Мөн хэрэгт **** УБХ улсын дугаартай Тоёота ланд крууйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгааг хавсаргасан байдаг. Энэ гэрээний 6 дугаар хэсэгт Даатгалын зүйлд учирсан хэсэгчилсэн болон бүрэн сүйрлийн хохирлыг даатгагч барагдуулсан бол эвдэрч гэмтсэн эд хөрөнгө нь даатгагчийн өмчлөлд шилжинэ гэж заасан. Гэрээний энэ заалтаас үзвэл даатгалын нөхөн төлбөр олгосны дараа эвдэрч гэмтсэн эд хөрөнгө даатгагчид шилжих ёстой байтал тээврийн хэрэгсэлд хийсэн нөхөн үзлэгээр тээврийн хэрэгслийн рам, зорчигчийн арын суудал болон бусад нэр төрлийн зүйлийг солиогүй байхад Ч.********* нь даатгалын нөхөн төлбөр авсан нь тогтоогддог. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад миний зүгээс хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчин Ц.********гээс автомашинд учирсан эвдрэл, гэмтэл, үнэлгээний талаар асуухад тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг нүдэнд ил харагдах эвдэрч гэмтсэн эд ангиудыг үзсэн, 7 нэр төрлийн ангийн үнэлгээг тогтоохдоо эд ангийг кадалж шалган эвдэрсэн эсэхийг нэг бүрчлэн нарийвчлан үзэлгүйгээр дүгнэлт гаргасан талаар мэдүүлсэн. Үнэлгээнд бүрэн солих шаардлагатай гэж заасан 92 нэр төрлийн эд ангиуд дотор дээрх 7 нэр төрлийн эд ангиас гадна нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтанд үзүүлж тогтоолговол зохих олон төрлийн эд ангиуд байгаа юм. Энэ асуудлыг мөрдөн байцаалтын явцад хангалттай шалгаж тогтоогоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч М.*******ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* ХК нь гэрээнийхээ дагуу тухайн 86 001 811 төгрөгийг олгосон байдаг. Гэхдээ тухайн гэрээний зүйлийг олгох уу, олгохгүй юу гэдэг асуудлыг бодит байдлаар нь тусгаж үзэх ёстой байсан. Үнэхээр эд ангийг солих шаардлагатай юм уу, засах шаардлагатай юм уу гэдгийг Арвижих Эстимэнт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний баганад заасан байдлаар олгосон. Өөрөөр хэлбэл солих, засах гэдэг 2 гол зүйл маань хоорондоо агуулгын хувьд болон үнэлгээний хувьд асар зөрүүтэй. ********* ХК-иас эд ангийг солих гэдэг байдлаар төлбөрийг олгочихсон. Гэтэл даатгалынхаа гэрээний заалтаар солих гэж байгаа бол тухайн эд ангийг сольсон гэдгийг бүрэн баталгаажуулах ёстой. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. ********* ХК нь гэм хорын хохирол учруулсан гэдэг байдлаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэхдээ Б.*******ын буруутай үйлдлийн улмаас энэ зам тээврийн осол гарсан уу, гараагүй юу гэдгийг өнөөдөр аль нэг шатны шүүх мөн прокурорын байгууллагын тогтоолоор бүрэн тогтоогдсон уу, тогтоогоогүй юу гэдэг асуудал энэ хэрэгт ач холбогдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн Эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм хорын хохирл нэхэмжилж байна. Гэтэл үүний өмнө хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тухайн осол гарсан эсэхийг ямар нэгэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол хэрэгт байхгүй. Шинжээчийн дүгнэлт гарснаар тухайн хүний буруутай юу, буруугүй юу гэдэг асуудлыг тогтоодоггүй. Өөрөөр хэлбэл буруутай юу, буруугүй юу гэдэг асуудлыг эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар тогтооно уу гэхээс биш зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага болон агуулга, үндэслэл мөн шинжээчийн дүгнэлт хоёр хоорондоо ямар нэгэн харилцан шалтгаант холбоо байхгүй байгаа учраас нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
4. Хариуцагч Б.*******ын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* ХК нь Ч.*********тай даатгалын гэрээ байгуулсан. Тухайн гэрээнийхээ дагуу 86 001 811 төгрөгийн хохирол барагдуулсан гэж үзээд байна. Гэтэл тухайн гэрээнд автомашиныг ********* ХК нь өөрийнхөө эзэмшилдээ авч хохирлыг барагдуулах байтал тухайн үед шууд 86 001 811 төгрөгийг Ч.*********т олгоод автомашиныг ********* ХК нь өөртөө аваагүй. Тухайн автомашиныг Ч.********* бусдад 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан гэдэг. Тэгэхлээр Ч.********* нийтдээ автомашиндаа 160 000 000 гаруй төгрөг авчихсан байгаа нь нотлох баримтаар нотлогдлоо. Тийм учраас ********* ХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт итгэмжлэл, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.08.15-ны өдрийн 4575 дугаар албан бичиг, жолоочийн хариулцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа, даатгалын мэдүүлэгийн хуудас, Таванбогд ХХК-ийн нэхэмжлэл, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.22-ны өдрийн ********* дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.20-ны өдрийн 2022/ДШМ/60 дугаар магадлал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-6-32, /
6. Хариуцагчаас 2021.10.03-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2021.10.03-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.03-ны өдрийн 453 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, /хх-ийн 146-159/
7. Шүүхээс талуудын хүсэлтээр Төв аймгийн Прокурорын газрын 2024.01.30-ны өдрийн **** дугаар албан бичиг, арвижих эстимэйт ХХК-ийн 2019.07.04-ний өдрийн *******дугаар үнэлгээний тайалан, Замын цагдаагийн газрын 2019.06.03-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдох жолоочийн биеийн байцаалт, осол гарсан замын байдлын дүгнэлт, 2019.06.21-ний өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Прокурорын газрын 2024.02.29-ний өдрийн ***** дугаар албан тоот, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.22-ны өдрийн 2022/ШТ/****дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.20-ны өдрийн 60 дугаар тэмдэглэл, гэрч Ч.*********ын гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 67-101/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэх эрхийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай юу, болгоомжгүй үйлдэл, эсвэл буй гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаар бусдад хохирол учирсан болон гэм хорийг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлага, гуравдагч этгээдээс гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт даатгалын гэрээнд заасан байгаа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх, даатгуулагчийн эрх нь даатгуулагч даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж тус тус заасныг үндэслэн М.*******, Б.******* нараас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 86 001 811 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.
3. Хариуцагч Б.******* татгалзлын үндэслэлээ Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна. Үүнд бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай, боломгоомжгүйгээр үйлдэл, эс үйлдэхүй үйлдэж гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл хэрэгт хариуцагчийг яг энэ хуульд зааснаар буруутай гэдгийг нь тогтоогдон, прокурор болон шүүхийн тогтоол байхгүй учир нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэж маргасан.
4. Хариуцагч М.*******, түүний өмгөөлөгч хариу тайлбартаа: ********* ХК-иас шинжээчийн дүгнэлтээр тухайн 86 001 811 төгрөгийн хохирол учирсан гэдэг. Гэтэл энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг зөвхөн нэг хэсэг ажиллагаа. Уг шинжээчийн дүгнэлт гарснаар тухайн хүний буруутай юу, буруугүй юу гэдэг асуудлыг тогтоодоггүй. Шинжээчийн дүгнэлт бол зөвхөн тухайн эд зүйлд ямар нэр төрөл, хэдэн нэр төрөл, хэдэн төгрөгийн эд зүйлийн хохирол учирсан бэ гэдгийг тогтоож байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага болон агуулга, үндэслэл мөн шинжээчийн дүгнэлт хоёр хоорондоо ямар нэгэн харилцан хамаарал, шалтгаант холбоо байхгүй байгаа учраас ннэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэж тайлбарлав.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 ********* ХК болон Ч.********* нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ********* дугаар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Тоёота ланд круйзер 200 маркийн **** УБХ улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн даатгалын хамгаалалтын Класс 4 ангилалд даатгуулж, холбогдох даатгалын хураамжийг төлж даатгуулсан байна.
Гэрээгээр даатгагч буюу ********* ХК нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ. /хх 9-10/
5.2 Дээрх гэрээний даатгалын зүйл болох Тоёота ланд круйзер 200 маркийн **** УБХ улсын дугаартай автомашинтай 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлд ******* УНӨ улсын дугаартай "Beiben" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас мөргөлдөн зам тээврийн осол гарчээ.
5.3 Уг ослыг Төв аймгийн Цагдаагийн газраас шалгаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөн аймгийн Прокурорын газраас Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ****дүгээр шийтгэх тогтоолоор Б.*******ыг зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцон, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэснийг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 445 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 17-30, тоотын хуудас бичих/
6. Дээрх ослын улмаас ********* ХК нь гэм хорын даатгалын нөхөн төлбөрт 86 001 811.20 төгрөгийг даатгуулагч Ч.*********т 2019.11.07-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх ба энэ талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч Ч.********* мэдүүлсэн байна.
6.1 Үүнийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-т Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ. гэж зааснаар ********* ХК нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
6.2 Харин Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө. гэж зааснаар хариуцагч Б.*******, М.******* нараас дээрх нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардсан нь дараах үндэслэлгүй байна.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоосон байх шаардлагатай.
8. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Б.*******, М.******* нарыг эрүүгийн хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоосон, түүнчлэн даатгалын зүйл болох Тоёота ланд круйзер 200 маркийн **** УБХ улсын дугаартай автомашинд хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
8.1 Нөгөөтэйгүүр, хариуцагч талаас хэрэгт Төв аймгийн Прокурорын газрын 2023.08.22-ны өдрийн 248 дугаар хариу мэдэгдэх хуудсыг ирүүлсэн ба уг баримтад ...Эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 445 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. гэснийг, нэхэмжлэгч тал маргаагүй.
9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******, М.******* нараас даатгалын нөхөн төлбөрт 86 001 811 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ********* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ