Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням, 

Хохирогч Н. О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,  

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О. М холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

О.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

     

Шүүгдэгч О.М  нь 2016 оны 10 дугаар сард Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...дэлгүүрт нэвтэрч 50 блок ченж эссэ, 50 блок энгийн эссэ тамхийг хулгайлсаны улмаас хохирогч Н.О 3 050 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ... “ нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч “Еssе сhаngе “ нэртэй тамхи 50 блок, “Мild Seven” нэртэй тамхи 50 блок, энгийн “Еssе” тамхи 20 блок, “LD club” нэртэй тамхи 50 блок, “West”   нэртэй тамхи 50 блок, “Воhim” нэртэй тамхи 50 блок, “Улаан LD” тамхи 50 блок, “Winston” нэртэй тамхи 50 блок, сэрүүн нэрийн пиво 24 лааз зэргийг хулгайлсны улмаас 11 618 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“ Мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...хохирогч    бид 2 хоорондоо ярилцаад хийсэн хэргийнхээ талаар буруугаа хүлээгээд, хохирол төлөх тал дээр бэлэн мөнгө байхгүй байгаа учраас гуйгаад  гэрээ байгуулсан... Бэлэн 1 480 000 төгрөг байсан. Би эндээс 80 000 төгрөгөнд түлш хийсэн, хотод очиход яг 1 400 000 төгрөг үлдсэн байсан...Надад бэлэн мөнгө байхгүй байгаа болохоор хохирогчийн нэхэмжилсэн мөнгөөр нь хохирол барагдуулах талаар гэрээ хийсэн. Хэрэв би үүнийг нь аваагүй гэж гэрээ хийх юм бол надтай гэрээ хийхгүй учраас нэхэмжилсэн мөнгөөр нь гэрээг хийсэн” гэв.

 

Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “10 дугаар сард 3 050 000 төгрөгийн тамхи алдсан.2017 оны 4 дүгээр сард тамхи алдсан нь мэдүүлэгт байгаа. Нэмж хэлэхэд бид гэрээ хийсэн байгаа. Би алдсан зүйлээ нэхэмжилж байгаа. Орлогын мөнгө 2 050 000 төгрөг байсан гэдэг нь үнэн. Манайх нөөцөндөө тамхи их байлгадаг. Тэрнээс алга болсон тамхийг нэрлэж хэлсэн... Нийт хохирол болох 14 630 000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар сар бүр 406 000 төгрөгөөр төлөхөөр гэрээ хийсэн” гэв.

 

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон... Манай дэлгүүрээс үдээш хойшхи буюу өдрийн 12 цагаас хойшхи орлого бэлэн 2 050 000 төгрөг, 50 блок “Еssе сhаngе “ нэртэй тамхи 50 блок, “Мild Seven” нэртэй тамхи 50 блок, энгийн “Еssе” тамхи 50 блок, “LD club” нэртэй тамхи 50 блок, “West”   нэртэй тамхи 50 блок, “Воhim” нэртэй тамхи 50 блок алдагдсан... М 2017 оны 04 сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө хулгай хийгээд баригдсаныхаа дараа л М 2016 оны 10 дугаар сард ээмэг болон дэлгүүрээс хулгай хийсэн талаараа хэлсэн...гэсэн мэдүүлэг / хх- 35-39, 200, дугаар хуудас /,

 

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон. Өмнөх өдөр нь би эгч О хамт байж байгаад шөнийн 00 цагт дэлгүүрээ хаагаад харьцгаасан юм. Манайх орсон орлого мөнгө хийдэг хайрцгандаа байлгадаг юм... 2017оны 4 сарын 13-ны өдрийн орлого бол 2 050 000 төгрөг орсныг бол тухайн орлого бичдэг тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байсан...” / хх-ийн 40-41, 202-203 дугаар хуудас/,

 

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 00 цагт би дэлгүүрээ хаасан... Манай дэлгүүрээс 2 050 000 төгрөг, “Мild Seven” нэртэй тамхи 1  хайрцаг, “change esse” 1 хайрцаг, энгийн “Еssе” тамхи 1 хайрцаг, “LD club” нэртэй тамхи 1 хайрцаг, “West”   нэртэй тамхи 1 хайрцаг, “Воhim” нэртэй тамхи 1 хайрцаг, “саарал LD” тамхи 1 хайрцаг, “алдагдсан уг бараануудын авсан баримтыг хэрэгт хавсаргасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 204 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед намайг лангуун дээрээ байхад 20 гаран насны шар царайтай, хар өнгийн савхин куртиктэй саравчтай малгайтай залуу ганцаараа орж ирээд тамхинууд үйлдвэрийн үнээр  зарж байна гээд надаа тамхинуудынхаа үнийг хэлсэн....Саарал LD 12 блок, “Еssе сhаngе “ тамхи 13 блок, “Мild Seven” тамхи 6 блок, “ Улаан West” 5 блок, энгийн “Еssе” 5 блок нийтдээ 1 003 000 төгрөгийн тамхи авсан.../   / хх-ийн 50-51 дүгээр хуудас /,

 

Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 сарын 13-14 ны шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон юм. Тэгээд дараа нь манай охин О тооцоог нь гаргаж цагдаад өгсөн юм. Учир нь манай том охин О бараа татан авалтаа хийгээд дүү О хүлээлгэн өгдөг юм. Тэгээд О барааг хүлээн авч агуулахад хийдэг байсан болохоор тухайн хулгайд алдсан барааны тооцоог гаргасан юм... М гээд залуу манай дэлгүүрээс бэлэн 2 050 000 төгрөг хулгайлсан байхад өөрөө болохоор 1.480.000 төгрөг хулгайлсан гээд байсан. Ер нь бол манай дэлгүүр өдөртөө дунджаар 2 сая гаран төгрөг олдог... / хх-ийн 8 дугаар хуудас /,

 

            Яллагдагч О.М хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би хамгийн анх 2016 оны 10 сарын эхээр яг хэдэнд гэдгийг бол сайн санахгүй байна дэлгүүрийн эзэн О хамт Замын-Үүд явчихаад үүрээр 05 цагийн үед байх ирсэн юм. Тухайн үед бид 2 муудаад маргалдсан байсан ба намайг зайл барь гэж гэрээсээ хөөсөн юм. Тэгээд л өглөө үүрээр шандад ирээд О гэрт нь унтсан. Үүрээр О-г унтаж байхад би цүнхийг нь нээж үзэхэд дотор нь хос алтан ээмэг байхлаар нь авчихсан юм... би цүнхэнд байсан машины түлхүүр болон дэлгүүрийн түлхүүрийг нь аваад машиныг нь унаад дэлгүүрийн гадаа очиж дэлгүүрлүү түлхүүрээр нь орж хойд талын агуулахруу нь цаашаа орж 1. Энгийн эссе тамхи 50 блок /том цаасан хайрцагтай/ 2. Ченж эссе тамхи цаасан хайрцаг дотроо 37-38 орчим блок тамхи аваад гарсан юм. Тэндээс өөр зүйл огт аваагүй ба хулгайлсан зүйлээ хашаандаа аваачиж нуусан юм. Тэгээд би буцаад О гэрт очиж машин болон дэлгүүрийн түлхүүрийг нь цүнхэнд нь хийгээд тэндээ унтсан...тамхи хулгайлахаас өмнө нь өглөө үүрээр болохоор О цүнхнээс нь алтан ээмгийг нь хулгайлсан байсан юм...Түүний дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө О дэлгүүрийн дээврээр нь дамжин агуулахруу нь орж дотроос нь Энгийн эссе тамхи 50 блок /том цаасан хайрцагтай/, 2. Улаан вест тамхи 50 блок /том цаасан хайрцагтай/, 3. Саарал ЛД тамхи 50 блок /том цаасан хайрцагтай/ Венстох тамхи 50 блок /том цаасан хайрцагтай/, 5. Ченж эссе тамхи 14-15 блок, 6. Майлд севен тамхи 12-13 блок, 7. Лаазтай сэрүүн пиво 24 ширхэг буюу 1 сагс, Дэлгүүр дотроос нь бэлнээр 1.480.000 төгрөгийг авсан юм. Тухайн үед юм хулгайлж байхад цаасан хайрцагтай өндөг унаад хагарсан юм. Тэндээс өөр зүйл ааваагүй юм. Гэтэл би 1.480.000 төгрөг хулгайлсан байхад надаас 2 050 000 төгрөг нэхэмжлээд байгаа.Мөн огт хулгайлаагүй Бохем нэртэй тамхи 50 блок, нарийн ЛД тамхи 50 блокийг хулгайлсан гээд илүү нэхэмжлээд байгаа үүнийг хүлэнэ зөвшөөрөхгүй байна / хх-ийн 09 дүгээр хуудас /,

 

Ашид – Билгүүн ХХК-ний 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 602 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх  57 дугаар хуудас  /,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-23 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 24-25 дугаар хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 134 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь 2016 оны 10 дугаар сард Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...дэлгүүрт нэвтэрч 50 блок ченж эссэ, 50 блок энгийн эссэ тамхийг хулгайлсны улмаас хохирогч Н.О 3 050 000 төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ үйлдэл нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй дээрхи нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч “Еssе сhаngе “ нэртэй тамхи 50 блок, “Мild Seven” нэртэй тамхи 50 блок, энгийн “Еssе” тамхи 20 блок, “LD club” нэртэй тамхи 50 блок, “West”   нэртэй тамхи 50 блок, “Воhim” нэртэй тамхи 50 блок, “Улаан LD” тамхи 50 блок, “Winston” нэртэй тамхи 50 блок, сэрүүн нэрийн пиво 24 лааз зэргийг хулгайлсны улмаас 11 618 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн бодитойгоор тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас 2017 оны 04 сарын 13-аас 14-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэргийн улмаас 11 618 000 төгрөгний хохирол учруулсан нь гэрч Х.А, О, А.О, Г.Н, Б.Б, М.Б, Ч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэв.

 

 Гэтэл гэрч Х.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...ингээд би тамхи авахаар болж саарал LD тамхи 12 блок, CHАNGE ESSE  тамхи 13 блок, MILD тамхи 6 блок, улаан WEST тамхи 5 блок, хулстай ногоон хайрцагтай ESSE тамхи 5 блок нийтдээ 1 003 000 төгрөгний тамхи авсан /хх-ийн 50-51/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгч О.Мөнхнасангийн аваагүй гэж маргаж байгаа “Воhim” нэртэй тамхи 50 блок, “Улаан LD” тамхи 50 блок,  CHАNGE ESSE  тамхи 50 блок байсан талаар гэрчлээгүй байна.

 

Гэрч М.Б, Н.О, Д.Ч нар нь хохирогч Н.О гэр бүлийн хамаарал бүхий бөгөөд алдагдсан бэлэн мөнгө 2 050 000 төгрөг байсан гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, маргаж байгаа тамхины талаар мэдүүлээгүй байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан тул эдгээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримтаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ... дугаарт гэрчилгээнээс үзэхэд ...хязгаарлагдмал хариуцлагатай компанаар бүртгүүлж Н. О нь 2014 оны 03 сарын 07-ны өдрөөс захирлаар томилогджээ. Уг компани нь 2011 оны 06 сарын 27-ны өдрөөс тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй атлаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны бүртгэл хөтөлж тооллого хийж тооцоо бодсон актаа гаргаж өгөөгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хулгайд алдсан гэх ямар нэр төрлийн хэдий хэмжээний тамхи дутагдаж, хэдэн төгрөгний хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хулгайд алдсан гэх тамхины нэр төрөл, тоо ширхэг, учирсан хохирлыг хууль дүрэмд нийцүүлэн гаргаагүй, зөвхөн хохирогчийн гар бичмэлийг үндэслэн 2 удаагийн үйлдлээр 14 668 000 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үндэслэл журам зөрчигдсөнөөс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд эргэлзээтэй учраас шүүгдэгчийн маргаж байгаа, илүү тооцож нэхэмжилж байгаа үнийн дүнг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс яллах дүгнэлтэд дурьдсан 14 668 000 төгрөгнөөс нотлогдохгүй байгаа тамхины үнэ 3 198 050 төгрөг, бэлэн мөнгө 570 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, буцаан өгсөн тамхины үнэ 640 000 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгч О.М бүгд 10 259 950 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан прокурор, хохирогч хоёрын тооцоо нийлсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн, юуг үндэслэн тооцоо нийлж байгаа нь тодорхойгүй, хохирогч прокурортой хулгайлагдсан эд хөрөнгийн тооцоо нийлэх хууль зүйн үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хохирогч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...О.М 2021 оныг хүртэл сар бүр 406000 төгрөг төлж байхаар гэрээ хийсэн...” гэж мэдүүлсэн ба уг гэрээг хохирогч нь нотлох баримтаар шүүх хуралдаанд шинжлэн судлах, эсхүл нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргахыг хүсээгүй, шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт:“... Надад бэлэн мөнгө байхгүй байгаа болохоор хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээр хохирол барагдуулах талаар гэрээ хийсэн. Хэрэв би  аваагүй зүйлээ аваагүй гэх юм бол хохирогч надтай гэрээ хийхгүй байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэгээс үзэхэд гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзээгүй болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгчид  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч О.М бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.М  урьд цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.М бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

           1. Шүүгдэгч  О.М бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ‎эдлэх ялд оруулан тооцсугай.

 

 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-аас 10 259 950 / арван сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-т олгосугай.

            7. Нэхэмжлэлийн зөрүү 3 768 050 / гурван сая долоон зуун жаран найман мянга тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Н.АДЪЯА