Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 125/ШШ2024/0027

 

 

 

 

 

2024       05           17                                              125/ШШ2024/0027

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* /цахимаар/ болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 139 дугаар захирамжаар *******д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд байрлах, 1,5 га газрыг ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

1.2. ******* нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул түүний эзэмшиж байсан ******* нэгж талбарын дугаартай, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 1,5 га газрыг эхнэр ******* 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авчээ.

1.3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор *******ын эзэмшлийн газар багтсан байна.

1.4. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн маргаан бүхий газар хамаарах Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нөхөр *******аас өвлөх эрхийн дагуу нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт ойн бүсэд байрлах газрыг өвлөж авсан. Миний нөхөр ******* нь 2022 онд нас барсан юм.

Тус сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 139 дугаар захирамжийг үндэслэн эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаартай, 15.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар ойжуулалт, газар хамгаалах, нөхөн сэргээлт, жимс жимсгэнийн зориулалтаар эзэмшиж байсан.Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн А/283 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжаар нийт 36 айлын газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн дотор миний нөхөр. *******ын дээрх газар мөн орсон байна.Дээрх Жаргалант сумын А/283 дугаар захирамжид дурдснаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан - ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгал орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зурагзүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн... гэж үзэж хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна

Учир нь манай зүгээс Газрын тухай хуулийг болон газар эзэмших гэрээгээ удаа дараа, ноцтой зөрчиж, зориулалтын бусаар ашиглаж байсан зүйл огт байхгүй бөгөөд газрын төлбөр хураамжаа зохих журмын дагуу төлөөд явж байсан бөгөөд ямар ч байгаль орчны байцаагч болон байгаль орчны мэргэжилтний дүгнэлтийг надад гардуулж өгч байгаагүй болно. Тухайн үед ойн бүсэд хүмүүс амиа хорлох, хог хаягдал, үнс нурмаа ил задгай хаях, мод бут тайрч авч түлэх, архидан согтуурах болон гэмт хэрэг гарах гэх мэт шалтгаанаас болж ойн бүсийг хамгаалалтад авах шаардлага үүссэн байсныг манайх авч 30 гаруй машин хог цэвэрлэн ачуулж, суваг шуудуу ухаж 5000 гаруй мод тариалж арчилж ургуулан газрыг нөхөн сэргээж, хашаа хайс хийж хамгаалсан,

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь бидний эрх ашгийг хөндсөн буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.", мөн 37.5.-д "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно." гэж тус тус заасны дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж нь "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт" байна.Засаг дарга сөрөг нөлөөлөл бүхий  захиргааны акт гаргахдаа дараах байдлаар хууль зөрчжээ. Захиргааны акт батлан гаргах үйл ажиллагааны журам зөрчсөн тухай: Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 27.2. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж /захиргааны акт/-ыг гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийх, ёстой байсан. Сонсох ажиллагааг хийгээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. 16 дугар зүйлийн дагуу мэдээлэл авах захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авч, архивын баримт болон газар эзэмшүүлэх тухай хувийн хэрэгтэй танилцаж, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргаж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, үүнтэй холбогдуулан хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ гомдолтой байна.

 Захиргааны үйл ажиллагааг хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг заасан бөгөөд тус хуулийн 4..2.1 хуульд үндэслэх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэснийг Засаг дарга дээрх шийдвэр гаргах ажиллагаандаа баримтлаагүй гэж үзнэ. Мөн захиргааны байгууллагаас гарч байгаа аливаа шийдвэр үндэслэл бүхий байхаас гадна тодорхой ойлгомжтой байх шаардлагатай билээ. Гэтэл дээрх Ховд аймгийн Жаргалант сумын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн хавсралт хэсэгт дурдсан 36 иргэн аж ауй нэгжүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтын яг аль хэсгийг нь зөрчсөн гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, .40.1.6 дахь заалтыг 3-ланг нь зэрэг зөрчсөн гэж үзэж байгаа юм уу эсхүл аль нэг заалтыг нь зөрчсөн гэж үзэж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэг ч гэм буруутай, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, их хэмжээний хөрөнгө, мөнгө, хөдөлмөр, цаг хугацааг үр дүнгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн А/283 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн *******т хамаарал бүхий хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* гуайн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Газрын төлбөрийг ******* гуай өөрөө 2020 он хүртэл цаг хугацаанд нь төлөөд явж байсан бөгөөд 2020 оноос хойш өөрийнх нь бие өвдөж хэвтэрт орсноос хойш газрын төлбөрийн нэхэмжлэх ирж байгаагүй. Мөн ын хувьд босож, сууж чадахгүй хэвтэрт асаргааны байдалтай 2-3 сар болоод нас барсан.

Тухайн газрыг 2020 оноос хойш миний бие болон манай гэр бүлийн хүн ашиглаж, хамгаалаад, бут сөөг, жимс ногоог нь тарьж ургуулан, худаг гаргуулан хариуцаж ирсэн. Бид нарын хувьд тус газрыг 2 жилийн хугацаанд 12,000,000 төгрөгийн зарлага гаргасан. 2020 онд Ховд аймгийн Булган сумаас суулгац авч ирж тарьсан бөгөөд хашаанд мал орж ирээд бохирдуулсан байсан хаягдлыг машинаар олон удаа зөөж холдуулан цэвэрлэж, 2021 онд алимны мод 20 ширхэг, бэсрэг алимны мод 20 ширхэг, портер машинаар бууц, шороо ачиж ирж буулгаж, 2022 онд худаг гаргуулан мод болон хашаагаа хамгаалан арчилж зориулалтын дагуу ашиглаж ирсэн.

Иймд бид нарын зүгээс тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа учир Цогтбаяр даргын захирамж болон хурлын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.3. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сум, 12 дугаар баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын 8414007086 дугаар бүхий 10738 м2 талбай бүхий газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 139 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай, ойжуулах, нөхөн сэргээх газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2 дугаар заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тоот гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-т заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон

1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 05- ны өдрийн 139 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчид 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Уг гэрээний 2.3-д "Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлнө" 2.4-т "Газар эзэмшүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс газрын төлбөр хийх хугацааг тооцно" 2. 5-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна" 4.5- т Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө" гэж тус тус заасан. Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тоот гэрээний 2.3-т "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно" гэж тус тус заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөр төлөгч байна", 4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газарт төлбөр ногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 139 дүгээр захирамжаар газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2020 оны 243232, 2021 оны 21232, 2022 оны 214760, 2023 оны 429520 төгрөгийн төлбөрийг тухайн ондоо хугацаандаа төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 -т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг *******ын газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд улсын байцаагчийн 2023 оны 6 дугааp сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлтээр "******* нь мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй" гэж дүгнэлт гарсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул энэ үндэслэлээр Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж мөн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно.

3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг”-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25- ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.

Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болно. УДШ-ийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тайлбарын 1.9-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "... удаа дараа ..." гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж хууль хэрэглээний УДШ-ийн албан ёсны тайлбар байдаг.

Тиймээс гэрээнд заасан гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүргээ нэхэмжлэгч 2021, 2022 онд биелүүлээгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд огт тайлагнаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 -т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн бөгөөд уг үндэслэлд хамаарах Газрын тухай хууль тогтоомж, гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж энэ үндэслэлээр хүчингүй болгосон болно.

Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.4. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 139 дүгээр захирамжаар ....ойжуулах, нөхөн сэргээх ... зориулалттай газрыг эзэмшүүлсэн байдаг. Дээрх газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр хүчингүй болгосон.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигчийн үүргийг заасан буюу газрын төлбөр төлөх үүргийг заасан бөгөөд Газрын тухай хуульд зааснаас гадна газар эзэмших эрхийн шийдвэр гарсны дагуу газар эзэмшигчтэй байгуулсан гэрээ байгаа. Тус гэрээнд газрын төлбөр төлөхийг тусгасан бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй. Харин бусад үндэслэлүүдээр газрын төлбөрийг төлөхгүй байх боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2020, 2021, 2022, 2023 онуудын газрын төлбөрүүдийг хугацаанд нь бүрэн төлөөгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болсон. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар буюу газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Тухайн үндэслэлийн хувьд Газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 28 дугаартай дүгнэлтээр ....зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй олон газрын төлбөрийг төлөөгүй болохыг тогтоосон.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд энэ үндэслэлийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.14-т газар эзэмшигч гэрээг дүгнүүлэх, газар эзэмшигч гэрээг жил бүрийн 6 сарын 25-ны өдрийн дотор тайлагнах үүргийг тусгасан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үүргээ биелүүлээгүй буюу газрын гэрээгээ дүгнүүлж, тайлагнаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон.

 Иймд газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.5. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан "Баруун бүсийн (тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-д Цамбагарав багийн Ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй азар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга Э.Болормаа Монгол Улсын Засаг ахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу "Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах", "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" зэрэг суудлуудыг 1/1448 дугаартай албан тоотоор өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн. Дээрх асуудлыг хэлэлцэх үед Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 ны А/283 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсан бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдааны 13/05 дугаар тогтоолоор "Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", 13/15 дугаар тогтоолоор "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" тогтоолыг тус тус баталсан.

Аймгийн ИТХ-ын 2023 оны 13 дугаар хуралдааны дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан "Ховд аймгийг 2021-2025 хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн 2.5.3. 2.5.6. 2.5.7, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийн 3.6, 4.1, 5.6 дахь хэсэгт заасан зорилтууд, Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээ багасгах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэр болно.

Иймд иргэн Ж. гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн болон 2022 оны Газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлийн хувьд тайлбар гаргана.

2022 оны Газар эзэмшүүлэх гэрээг тай байгуулаагүй бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан заалтыг заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох гэрч нарын мэдүүлгээр 2016 оноос хойш тай гэрээгээ шинэчилж байгуулаагүй. Харин тус гэрээнд зааснаар талуудын хувьд шүүхээс хийсэн үзлэг болон бусад гэрч нарын тайлбаруудаар 2020-2023 онуудад газрыг зориулалтын дагуу ашиглаж, хангалттай нөхөн сэргээлт хийгээд явж байсан нөхцөл байдал тогтоогддог. Хэрэгт худаг гаргаж, алимны мод суулгаж, нөхөн сэргээлт хийж, арчилж байсан талаарх 2021, 2022 оны үйл баримтууд болох фото зургууд зэрэг хавсаргагдсан байгаа. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтүүд нь няцаагдаж байна гэж үзэхээр байна. Тухайн дүгнэлтүүдийг холбогдох этгээдүүдэд мэдэгдсэн асуудал байхгүй. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын дүгнэлтийг Ховд аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга д хандан гаргасан байгууллага хоорондын дотоод шалгалтын материал болохоос биш гадагш чиглэсэн буюу иргэнд чиглэсэн үндэслэлтэй дүгнэлт биш юм. Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр газрыг зориулалтын дагуу хэдэн жил ашигласан эсэх нь тодорхой бус байгаа. ын зүгээс мод тарих болон жимс, жимсгэнэ тарих зэргээр нөхөн сэргээлт хийсэн байхад ямар үндэслэлээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Тухайн гэрээнд зориулалтын дагуу ашиглах, хэдэн тооны мод тарих гэх мэт байдлаар тухайлсан үйл ажиллагааных нөхцөл байдлын талаар тусгаагүй байж зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй. 2022 оны Газар эзэмшүүлэх гэрээг 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хэрэгжихээр заасан бөгөөд өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн захирамж гарах хүртэл газар дээр 2016 оны гэрээ хэрэгжиж байсан. Тус гэрээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “хур систем болон и газар системээс гаргуулаад бид нарын зүгээс хэвлэх боломжтой болдог” гэх байдлаар тайлбарлаад байна. Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа нь албан ёсны бичгээр явагдах ёстой болохоос биш амаар тайлбарлаад зогсох асуудал биш бөгөөд талууд тайлбарынхаа үндэслэлийг холбогдох баримтаар нотлох ёстой. Тус хэрэгтэй төсөөтэй маргаан дээр миний хувьд өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд он, сар, өдрөөрөө гэрээ гарч ирдэг учраас эдгээр хүмүүстэй гэрээ байгуулагдаагүй. Харин бүртгэлийн ажилтны зүгээс программаас гэрээг гаргаж ирээд дугаар, огноог гараар тавьсан нөхцөл байдал харагддаг. Ямар ч төрлийн гэрээний хувьд гол онцлог нь талууд харилцан тохиролцсон хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хүлээн зөвшөөрч бичгээр байгуулагдсан байх хуулийн шаардлага байдаг. Гэтэл нэг тал нь гэрээний маягтыг авч ирээд та нар өөрсдөө харах ёстой байсан, үзэх ёстой байсан учраас хэвлэсэн гэдэг байдлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тайлбар гаргаж байгаа нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Цахим гэрээ байгуулахын тулд холбогдох баримт бичгийг үндэслэж бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд программаас хэвлэсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 35 дугаар зүйлийн 35.3.3-т тус тус зааснаар тухайн иргэнийг газрын төлбөрөө төлөөгүй болон төлбөрийн үнийн дүнгийн талаар талууд харилцан маргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2020-2023 онуудын газрын төлбөрийг төлөөгүй бөгөөд 2022 онд 243,232 төгрөг, үүнээс баримтаар өгсөн 21,000 төгрөгийг хасахаар 221,232 төгрөгийг төлөөгүй гэж маргадаг. Мөн 2021, 2022, 2023 оны 21,232 төгрөг, 214,760 төгрөг, 429,520 төгрөгийн газрын төлбөрийн үнийн дүн болон төлбөр төлөөгүй гэх асуудлын хувьд нэхэмжлэгч талаас маргахгүй байгаа. Харин 2020 оны нийт 243,232 төгрөгийн газрын төлбөрийн хувьд маргаж байгаа бөгөөд ийм хэмжээний газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй бөгөөд төлөх боломжгүй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2021 онд 21,000 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн бөгөөд 2016 оны газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор шинэчилсэн байдлаар гэрээ болон ногдуулалт, гэрчилгээг хэвлэж аваагүй. ын хувьд 70 гарсан настай хүн бөгөөд өөрийн биеэр биечлэн газрын алба дээр газрын төлбөрөө төлөхөөр очоод газрын төлбөрийн үнийн дүнг асууж байгаад 21,000 төгрөгийн төлбөрөө хийсэн гэж үзсэн. Харин газрын мэдээллийн сангийн нэгдсэн системд үүсгэгдсэн 243,232 төгрөгийн төлбөр нь 2020 ондоо биш дараах хугацаанд үүсгэгдээд огноог зассан нэхэмжлэх гэж үзэж байна. Хэрвээ 243,232 төгрөгийн газрын төлбөр үүссэн бол 2021 онд мөн энэ дүнгээр нэхэмжлэх үүсгэгдэх ёстой байсан боловч 21,232 төгрөгийн төлбөр үүсгэгдсэн байсан. ын хувьд 2021 онд ковид-ын нөхцөл байдал болон биеийн байдлын хувьд хагалгаанд ороод асаргаанд байсан учраас газрын төлбөрийн талаар асууж тодруулж, холбогдох боломжгүй байсан.

2022 гуай хэвтэрт байж байгаад нас барсан учраас 2022, 2023 оны газрын төлбөрөө цаг хугацаандаа төлөх боломжгүй байсан буюу өвлөх эрхийг хэн авах нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Хэрвээ хариуцагч байгууллагаас сонсох ажиллагаа явуулаад газар эзэмшигчийг нас барсантай холбогдуулан ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй учраас өвлөх эрхийн гэрчилгээг хэн дээр гаргахыг мэдэх боломжгүй байсан. Сүүлд өвлөх эрхийг гуай өвлөж аваад газрын төлбөрөө төлөөд үргэлжлүүлээд үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан боловч захиргааны байгууллагын зүгээс урьдчилан ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдлыг судалж тогтоож, холбогдох нотлох баримтаа цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Захиргааны байгууллагын  аливаа шийдвэр нь зорилгодоо нийцсэн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд суурилагдсан байх ёстой. Гэтэл гийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон асуудал нь захиргааны байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас хамаарсан буюу газрын төлбөрийн нэхэмжлэхээ цаг хугацаандаа үүсгээгүй нөхцөл байдал болон нас барсан бүртгэл хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн.

Тухайн газрыг 10 хэдэн жилийн хугацаанд ямар ч үржил шимгүй байхад нь мод болон жимс, жимсгэнэ тарьж ургуулан нөхөн сэргээлт хийгдсэн байхад дээрмийн хэмжээний газар эзэмших гэрээг цуцалсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Цогтбаярын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн тухайн захирамж нь хууль бус учраас тус захирамжийг үндэслэж гаргасан Ховд аймгийн Засаг дарга Болормаагийн санаачилж оруулсан 2023 оны 08 дугаар сард Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ....ойн бүс газрыг бүх нийтийн эзэмшил болгон ашиглуулахаар тогтоосон тогтоолын тай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасан. Тус маргааны хувьд шүүхэд хандсан учраас эцсийн шийдвэр гарах хүртэл ямар нэгэн ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байсан учраас үндэслэлгүй захиргааны акт юм. Шүүхэд хандсан асуудлыг тухайн үед 2023 оны 08 дугаар сард талууд хангалттай мэдэж байсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.7. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэд хэдэн нөхцөл байдлыг тодруулах шаардлага гарч байна. Гэхдээ эхлээд өмгөөллийн дүгнэлтээ гаргая.

Нэгдүгээрт: ын хувьд давхар хашааны газар эзэмшдэг байсан юм байна. Шинээр гаргаж өгөөд байгаа баримт нь маргаан бүхий газартай холбоотой баримт мөн эсэх нь өнөөдөр шинээр гаргаж өгсөн баримт дээр тодорхой биш байна. Тухайн баримт нь өмнөх газрын төлбөр болон өөрийнх нь хашааны төлбөрийн аль нь болохыг тодруулах шаардлагатай байна. Мөн 6,000 төгрөгөөр газрын төлбөр төлж байсан баримтыг харахаар Төрийн банкны хуучин дансанд төлж байсан бөгөөд 2020 онд нэхэмжлэгч өөрөө төлбөрөө шинэ дансанд төлсөн байна. Ингэхээр “би одоо мэдээгүй, мэдэгдээгүй ....” гэж үзэх үндэслэл талийгаачийн хувьд тогтоогдохгүй байна. Шинэ дансыг 2020 онд мэдсэн тохиолдолд 2021 онд гуай хүүхдээ газрын төлбөрийг төлүүлэхээр явуулах үедээ оюун ухааны хувьд чадамжтай, хэвтрийн дэглэмтэй байсан. Тухайн үед шинэ дансаа мэдэж байсан учраас 2021, 2022, 2023 онуудад газрын төлбөрөө төлөх боломжтой байсан гэж харж байна.

Хоёрдугаарт: Газрын гэрээг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинэчилсэн гэрээ байгуулагдаагүй байна гэж тайлбарлаад байна. Гэтэл газрын төлбөрөө төлөх шинэ дансаа мэдэж байсан тохиолдолд заавал шинэчилсэн гэрээ байгуулагдах ёсгүй. Хэрвээ төлбөрийн хэмжээн дээрээ маргаж байгаа тохиолдолд хуучин газрын төлбөрийг мөнгөн дүнгээр төлсөн талаар баримт байхгүй байна. Нэхэмжлэгч 2019-2021 он хүртэл газрын төлбөрөө хуучнаар буюу бага дүнгээр төлбөрөө төлсөн, оюун ухааны хувьд чадамжтай байсан зэрэг байдлууд нь хуульд заасан үүргээ биелүүлэх бүрэн боломжтой. Нөгөө талаас тус гэрээний төлбөрийн дүнгийн хувьд 2018, 2021 онуудад шинэчлэгдсэн. Сайтын хувьд ганцхан газартай холбоотой дагнасан сайт байхгүй бөгөөд Монгол Улс 2019 оноос хойш цахим системд шилжиж хоорондоо бүгдээрээ холбоотой болсон.

Нэхэмжлэгчийн нэр дээр ямар шалтгаанаар E баримт дээр нэр нь орж ирээд газрын төлбөр татагдаад байсан гэхээр Е мongolia-аас тэтгэврээ авдаг учраас системүүд хоорондоо татагдаад байдаг. Хэрвээ тус газрыг цаашид өвлөж, эзэмших хүсэл зориг байсан бол хүсэлтээ гаргах байсан. Өвлөх эрх нас барсан үеэс эхэлж, гэрчилгээг дараа нь олгодог учраас хүсэлтийг хэзээ өгсөн талаар шүүгчийн нотлох баримт судлах үеэр судлуулсан. Хүсэлтийг маргаан бүхий акт гарсны дараа өгсөн нь нас барсан үеэс хойш 1 жилийн дотор хүсэлтээ гаргаагүй байна. Ер нь 1 жилийн дотор ямар нэгэн хүсэлт гаргаагүй учраас газрыг өвлөж, төлбөрийг төлөөд явах хүсэл зориг байхгүй гэж миний зүгээс харж байгаа учраас шүүгч анхаарч үзэх байх. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс өв хэзээ нээгдэх болон гэрчилгээ гарах хугацаа зэргийг нэг агуулгаар тайлбарлаад байгаа боловч нас барснаас хойш 1 жилийн дотор газар өвлөх хүсэлтээ өгөх хүсэл зориг байхгүй байсан учраас хүндэтгэн үзэх шалтгаантай гэж харах үндэслэлгүй. Миний хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганчимэгээс газрыг хэзээнээс ашиглаж, хариуцаж байгаа талаар асуусан. Шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн нөхцөл байдал илэрхий харагдаж байгаа боловч холбогдох баримтаа гаргаж өгөхгүй байгаа. Үндсэн гэрээний нөхцөл, зориулалт өөрчлөгдөөгүй учраас тухайн гэрээг хэн аль нь татгалзаагүй тохиолдолд гэрээг сунгасанд тооцохоор заасан Иргэний хуулийн зохицуулалт байгаа. Хуучин оны гэрээнээс хэн нэгэн татгалзсан нөхцөл байдал байхгүй учраас үргэлжлээд явж байгаа гэж үзнэ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах эрхээ эдэлж байгаа бол үүргээ мөн адил хүлээх ёстой. Хэвтрийн дэглэмтэй хүний хувьд нотариат дуудаад итгэмжлэл хийлгэх бүрэн боломжтой байсан бөгөөд заавал биеэрээ очиж төлбөр төлөх ойлголт яригдахгүй.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлж хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

2. ******* нь нас барсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг дугаарт бүртгэсэн нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжтай маргах эрх нь нэхэмжлэгчийн хувьд өвийг хүлээн авч бүртгүүлснээр нээгдэнэ.

3. Нэхэмжлэгчийн өвлөх эрхийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нотариат  баталгаажуулж гэрчилгээ олгосон байх тул эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх талаар дүгнэх шаардлагагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Аймгийн Хурлаас маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараагаар нийтийн эзэмшилд авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж үзэв.

5. Жаргалант сумын Засаг даргын 2009  оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/139 дугаар захирамжаар *******д ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар 1.5 га газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байсан.

6. Хариуцагч Жаргалант сумын Засаг даргаас *******ыг  2020 оноос 2023 оны газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн буюу газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэжээ.

7. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд нарийвчлан зохицуулсан. 

8. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан байна.

9. 2020 оноос 2023 оны газрын төлбөрийн талаар маргаж байх тул тухайн онуудын газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг авч үзвэл: Газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр маргаан бүхий газрын  2020 оны газрын төлбөрийн нэхэмжлэл 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 243232 төгрөг, 2021 оны газрын төлбөр 2021 оны 2 дугаар сарын О5-ны өдөр 243232 төгрөг, 2022 оны газрын төлбөр 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 429500 төгрөг, 2023 оны газрын төлбөр 2023 оны 1 дугаар сарын 24-ны өдөр 429520 төгрөгийн нэхэмжлэл үүсч төлөгдөөгүй төлөвтэй.

10. Татварын газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгдээгүй байна. 

11. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, гэрээний  үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан.

12. Нэхэмжлэгч нь газар эзэмшсэнээс хойш гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлсэийг дүгнэж байсан эсэх талаар баримт байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр 2021, 2022 оны гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй байна.  

13. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн дагуу ямар нэгэн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай дүгнэлтийн хавсралтын 15-т ... зориулалтын үйл ажиллагаа явуулаагүй  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “... мод үржүүлгийн зориулалтаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн...”гэж тус тус дүгнэжээ. 

14. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр хашаалсан газар насжилт өндөртэй улиас модноос гадна тарьж ургуулсан бургас, чацарганын зэрэг моднуудыг тоолох боломжгүй байсан ба бэсрэг алим, арнетик жимсний мод суулгасан                                байдалтай байсан.

15. Нэхэмжлэгчээс газар эзэмшигч нь 2009 онд газар эзэмшсэнээс хойш 2020 он хүртэл газартаа байнга үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө хугацаанд өөрөө очиж төлдөг байсан талаар тайлбарласан ба шүүхэд гаргаж өгсөн хийсэн ажлын тайлангууд, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдоно.

16. Мөн нэхэмжлэгчээс Г. нь 2020 оны  хойш  өвчний учир биеийн байдал нь муудсаар 2021 оноос хэвтэрт орж 2022 онд нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг тайлбарлах боломж олгоогүй буюу сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан нь үндэслэлтэй бөгөөд захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүйгээс захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй бодит байдалд тохироогүй байна.

17. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан ажиллагааг явуулаагүйгээс маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримтууд тухайлбал, 2022, 2023 оны улсын байцаагчийн актыг газар эзэмшигч нас барсны дараа гаргасан байх ба хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа “газар эзэмшигчийг нас барсныг мэдээгүй” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй.

18. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан; гэж, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д “Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ.”, 531 дүгээр зүйлийн 531.1-д “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.”, 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.” гэж тус тус заасан.

19. Иймд газар эзэмшигч ******* нас барсан, түүний эрхийг өвлөх хууль ёсны өв залгамжлагчийн эрх баталгаажаагүй байхад газар эзэмшигчийг нас барснаас хойш үйл баримтад үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байгаагүй гэж дүгнэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.захиргааны  акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******д   холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох нь зүйтэй гэж үзлээ.

20. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

21. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор сул газар болсон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

22. Иймд нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох сумын Засаг даргын захирамж гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй нь тогтоогдсон хэдий ч аймгийн Хурлын тогтоолыг дээрх үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэлгүй.

 23. Харин нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, маргаан бүхий газрын эзэмшлийн талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах боломжоор хангах нь зүйтэй байна

24. Иймд  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

25.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.1, 106.3.2  дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6  дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******т холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.