Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1421

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01198 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Э-ийн хариуцагч БДЭМТхолбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Э- нь улсад 25 жил, үүнээс 15 жил нь БДЭМТмэс заслын эмчээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс БДЭМТполиклиникийн эрхлэгчээр ажилласан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэх комисс гарч Ж.Э-ийг ажлаа хүлээлгэж өг гэсэн. Ингээд түүнийг тасгийн эрхлэгчийн ажлаас халж, мэс заслын эмчээр ажиллуулах тушаал гарсан. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж халсан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж халж байгаа нь тодорхойгүй байна. Үйл баримтын тухайд 2019 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс БДЭМТалбан бичиг ирүүлж “Кафе бэнэ Монголия” компанийн ажилчид танай эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эсэх, хамрагдсан бол компанитай байгуулсан гэрээ, ажилтнуудын нэрсийн жагсаалтыг өгнө үү гэсэн. Ж.Э- эмч цахимаар шүүж үзээд үзлэгт хамрагдаагүй гэдэг мэдээллийг даргадаа өгч, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс манай эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй талаар мэдэгдсэн. Энэ үйл явдал болсноос хойш 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “К” ХХК-ийн ажилчид үзлэгт хамрагдсан, үзлэгийн дэвтэрт Ж.Э-ийг поликлиникийн тамга дарж баталгаажуулсан гэж ажлаас нь халсан. Поликлиникийн эрхлэгч нь урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөрийн чадвар алдсаны магадлагаанд эмчлэх эмч нар, лабораторийн эмчийн дардас, бусад эмч нарын дардас дарагдсаны дараа хамгийн сүүлд тамга дардаг. Гэтэл энэ бүх зүйлийг шалгаж тогтоогоогүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.Э-ийг Поликлиникийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Б/62 тушаалаар Ж.Э-ийг ажлаас чөлөөлж, мэс заслын эмчийн ажилд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй. Ж.Э- нь ажлын хариуцлага алдаж, байгууллагын дотоод журам зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1ё-д заасан байгууллагын тамга тэмдгийг хувийн зориулалтаар ашигласан зөрчил гаргасан. Өмнө нь удирдлагын багийн хурал дээр Ж.Э-т удаа дараа сануулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралд тасгийн эрхлэгч Ж.Э- нь тасгийн сувилагчаа согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа хийж байсныг нуусан, групп тогтоосон хүмүүст хуурамчаар лист олгож, тамга тэмдэг дарсан тул сануулах арга хэмжээ авсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны удирдлагын багийн хуралд Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс албан бичиг ирсэн, эрхлэгч Ж.Э- нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй хүмүүст тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Иймд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар албан тушаал бууруулсан ч цалингийн хэмжээ буураагүй, энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, мэс заслын эмч Жүгдэрийн Эрдэнэчимэгийг тус төвийн Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төсвөөс 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчид удирдлагын зөвлөлийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар олон удаагийн зөрчилтэй үйлдлийг сануулж, сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Мөн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус төвийн Поликлиникийн эрхлэгчийн талаар дүгнэлт ирүүлсэн тул удирдлагын зөвлөлийн 2020 опы 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж тамга тэмдэг түших ажилдаа хариуцлагагүй хандсан Ж.Э-ийг поликлиникийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн.Ж.Э-т тус төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/26 тоот тушаал, тушаал хэрэгжүүлэн ажиллуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/62 тоот тушаалаар поликлиникийн дардсыг хариуцуулан өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тус дардсыг би ганцаар хариуцдаггүй, сувилагч авч явж цэнэглэдэг гэх зэргээр өөрийгөө хаацайлдаг. Шүүх хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1.ё-д “ажилтан.... тамга тэмдэг дардас тушаал, шийдвэр зэрэг баримтуудыг хувийн зорилгоор ашиглах хүнд дамжуулахыг хориглоно гэсэн заалт нь ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хориглох зүйл болно” гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа Ж.Э-ийг ажилд эгүүлэн тогтоож байгаа нь хуульд нийцээгүй. Ямар ч үндэслэлгүй тогтоогдоогүй зүйлийг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй бөгөөд мэргэжлийн хяналтын хэлтсийн дүгнэлтийг үндэслэсэн болно.Тамга тэмдэг түших үүрэгтээ хайнга хандсаны улмаас үзлэг шинжилгээнд хамрагдаагүй иргэд үзлэг шинжилгээнд хамрагдсан эрүүл гэсэн тодорхойлолттой хүнсний газар ажиллаж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Нэгэнт ажил үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа учраас ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон тушаал үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч БДЭМТхолбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Поликлиникийн эрхлэгчийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Ж.Э-ийг Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн тасгийн тамга тэмдгийг түших, хадгалах хамгаалах ажилд хариуцлагагүй хандаж алдаа гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалыг бууруулан мэс заслын эмчээр томилсон байна. /хх7/

 

            Нэхэмжлэгч нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэх тушаалын үндэслэлийг зөвшөөрөхгүй маргасан ба Хөдөлмөрийн дотоод журмаар хориглосон үйлдэл болон “Байгууллагын баталгааны дардас хариуцуулах тухай” 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/26 дугаар тушаалыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байна.

 

            Дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар поликлиникийн эрхлэгч Ж.Э-ийн хариуцсан хэсэгт дэг журам алдагдсан талаар буюу сувилагч ажлын байранд Ч.Оюунчимэг архи уусан байхад холбогдох арга хэмжээ аваагүй гэж буруутган сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн баримт хэрэгт авагджээ. /хх 55/ Үүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар Ж.Э- нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй хүмүүсийн дэвтэрт поликлиникийн дардас дарж баталгаажуулсан талаарх асуудлыг хэлэлцэн, поликлиникийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар тусгагдсан байна. /хх-52/

 

            Ажил олгогч буюу хариуцагчаас эхний удаа сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч Ж.Э- эсэргүүцэж маргаагүй, сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан талаар гомдол гаргаагүй байна. Харин Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хууль бус гэж маргасан ба тушаалд заасан тасгийн тамга тэмдгийг түших, хадгалах, хамгаалах ажилд хариуцлагагүй хандаж алдаа гаргасныг ажил олгогчоос шалгаж, тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэрэгт Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 02-13/53 дугаартай “Грийн импекс” ХХК-ийн ажилтнуудын үзлэг, шинжилгээг Эрүүл мэндийн төвд зохих заавар журмын дагуу хийгдээгүй талаарх албан бичиг авагдсан ч, уг албан бичиг нь сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тушаал гарснаас хойш огноологдсон тул тушаалын үндэслэл болох боломжгүйгээс гадна поликлиникийн дардас, тэмдгийг буруу ашигласан болон эрхлэгч Ж.Э-ийг буруутгасан агуулгагүй байна.

 

Мөн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тус Эрүүл мэндийн төвд 02-17/368 тоот албан бичгийг ирүүлж лавлагаа хүссэн, уг албан бичгийн хавсралтаас үзвэл 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үзлэг шинжилгээнд нэр дурдсан хүмүүс орсон эсэхийг лавласан агуулгатай байна. /хх 103/

 

Дээрх албан бичигт Эрүүл мэндийн төвийн дарга 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр дурдсан хүмүүс үзлэг шинжилгээнд ороогүй талаар хариу өгчээ. /хх 104/ Эдгээр баримтуудын агуулга, хугацааг нягталж үзвэл Ж.Э- нь тасгийн тамга тэмдгийг түших, хадгалах, хамгаалах ажилд хариуцлагагүй хандаж алдаа гаргасныг тогтоосон агуулгагүй, 8 сарын өмнөх үйл явдлын талаар лавласан байна.

 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.9 дэх, мөн хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дахь сахилгын зөрчилд тооцож, шийтгэл ногдуулах аль үндэслэл, хориглох зүйлийг ажилтан Ж.Э- зөрчсөнийг шалгаж тогтоосон талаарх өөр баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаагүй байна.

 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ж.Э-ийг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогчоос тогтоосныг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан Б/62 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй, сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг Т.Ариунтуяа гэж буруу бичсэнийг Т.Ариунзаяа гэж залруулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01198 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунтуяа” гэснийг “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунзаяа” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ