| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03049/И |
| Дугаар | 183/ШШ2024/03763 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03763
| 2024 оны 9 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/03763 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Г-д холбогдох,
3,466,086.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи ******* ******* ХХК хариуцагч Д.Г*******т холбогдуулан 938,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Тус компани нь Даваасүрэн овогтой Г*******тэй харилцан тохиролцож, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 398,960 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 549,200 төгрөг, нийт 948,200 төгрөгийн үнэ бүхий ундааг нийлүүлсэн. Уг мөнгөн дүнгээс өмнө төлсөн 10,000 төгрөгийн илүү төлөлтийг хасаж 938,200 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр Д.Г*******тэй удаа дараа уулзаж, утсаар холбогдсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй”, Мөн Жи эн бевережис ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр P******* нэрийн Р23-08-618 сериал дугаартай хөргөгчийг хариуцагчийн түрээсэлж байсан Дөл маркет байршуулан ашиглуулж байсан боловч 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус дэлгүүрээс хөргөгч алга болсон. *******э талаар хариуцагч Д.Г*******ээс тодруулахад тус дэлгүүрт үлдээсэн гэх боловч дэлгүүрийн эзэн ямар ч хөргөгч үлдээгээгүй, байгаагүй гэх тайлбарыг өгсөн. нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасны дагуу дээрх хөргөгчийг Д.Г*******т хамтран ажиллах хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн бөгөөд Д.Г******* нь дэлгүүрийн эзэнтэй байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болгох үед тухайн нөхцөл байдлыг нэхэмжлэгч талд нэн даруй мэдэгдэж, хөргөгчийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч Д.Г******* Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т заасан “...эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх” үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч компанид дээрх хөргөгчний 2,527,886.72 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна”, 342.3-т “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу тус компани хариуцагч Д.Г*******ээс дээрх хөргөгчний төлбөр болох 2,527,886.72 төгрөгийг шаардах эрхтэй. Нийт 3,466,086.72 төгрөг гаргуулна” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, худалдан авагч Дөл маркет-Г*******тэй холбогдох авлагын тооцооны баримт, тооцооны баримт, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, P******* нэрийн хөргөгч тараалтын маягтын баримт, үндсэн хөрөнгө харилцагчаар тайлангын баримт, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлангын баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Жи ******* ******* ХХК нь хариуцагч Д.Г*******т холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 948,200 төгрөг, Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохиролд 2,527,886.72 төгрөг, нийт 3,466,086.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Г*******т нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1.Хариуцагч Д.Г******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 398,960 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 549,200 төгрөг, нийт 948,200 төгрөгийн үнийн дүн бүхий барааг нэхэмжлэгч Жи ******* ******* ХХК-аас хүлээн авсан байна.(хавтаст хэргийн 5 - 7 дахь тал)
3.2.2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр P******* нэрийн Р23-08-618 сериал дугаартай хөргөгчийг хариуцагч Д.Г*******т хүлээлгэн өгсөн байна. (хавтаст хэргийн 21 дэх тал)
3.3.Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайланд P******* нэрийн Р23-08-618 сериал дугаартай хөргөгчийн үнийг 2,527,886.72 төгрөг гэж бүртгэсэн байна. (хавтаст хэргийн 23 дахь тал)
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч Жи ******* ******* ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 26-наас эхлэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Д.Г*******т 2,347,480 төгрөгийн үнийн дүн бүхий ундаа нийлүүлж, хариуцагч нь 1,409,280 төгрөг төлсөн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь барааны төлбөр 948,200 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзаа хууль заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлох эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, худалдан авсан барааны төлбөр 948,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1. “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 342 дугаар зүйлийн 342.3. “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,527,886.72 төгрөгийн үнийн дүн бүхий P******* нэрийн Р23-08-618 сериал дугаартай хөргөгчийг Д.Г*******т хүлээлгэн өгсөн, хариуцагчийн түрээсэлж байсан Дөл маркетад байршуулан ашиглуулсан боловч буцааж өгөөгүй гэх тайлбараас үзэхэд хариуцагч Д.Г******* нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан үүргээ зөрчсөн байх тул тус хуулийн 342 дугаар зүйлийн 342.3-д заасны дагуу хөргөгчний үнэ 2,527,886.72 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Д.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хөргөгчний үнэ 2,527,886.72 төгрөгийг хариуцагч Д.Г*******ээс гаргуулж, нэхэмжлэгч Жи ******* ******* ХХК-д олгох нь үндэслэлтэй байна.
6.Шүүхээс хариуцагчид 2024 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн. Шүүх хурлын товыг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийн 80116078 дугаар руу залгаж мэдэгдсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 76 дугаар зүйлийн 76.2-д “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасныг үндэслэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,464 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г*******ээс 3,466,086.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи ******* ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 82,464 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР