| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03597/И |
| Дугаар | 183/ШШ2024/03760 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03760
| 2024 оны 9 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/03760 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-т холбогдох,
34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, Ч.Б, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.С******* нь Б.Э*******т холбогдуулан 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие Б.Э*******т 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 7 удаагийн гүйлгээгээр 25,500,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг түүний амьдрал ахуйд тус нэмэр болох зорилгоор буюу орон сууцны урьдчилгаа төлбөрт нь зориулж зээлдүүлсэн. Тухайн үед бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохиролцоогүй, мөн зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүйгээс гадна миний хувьд түүнийг боломжтой үедээ буцаан төлөх болов уу гэж харсаар 1 жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Э*******ээс 33,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Т.С******* миний бие 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Э*******т орон сууцын урьдчилгаа төлбөрт зориулж түүний эзэмшлийн Голомт банкны **** төгрөгийн дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохироогүй, буцаан төлөх хугацаа тогтоогүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд миний хувьд өгсөн зээлээ буцааж төлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч Б.Э******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2022 оны 05 дугаар сарын 28 өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр М******* экспо дээр сүлжээний ажил үүргийг гүйцэтгэж байх явцад өндрийн шатнаас унаж, L3 нугалмын их бие бяцарч шахагдсан хугаралтай. Хугарлын улмаас их биеийн өндөр эрс намссан. Уг нугалмын их биеийн арын хана бүрэн бүтэн байдлаа алдаж нугасны суваг руу бага зэрэг цөмөрч биед хүнд гэмтэл учирсан. Тухайн үед байгууллагыг маань эхнэрийн талын ах дүү хүмүүс ажиллуулж байсан учраас битгий өгөөч байрны урьдчилгааг нь шийдвэрлэж өгье гэсэн тул холбогдох байгууллагад гомдол гаргаж эрхээ хамгаалуулж байгаагүй билээ. Дээрх гэмтлийн улмаас миний бие 5кг дээш зүйлийг өргөж чадахгүй, нуруу байнга өвдөж, гар байнга янгиж өвдөж байгаа бөгөөд байнгын өвчин намдаах эм хэрэглэж ирсэн. Гэвч энэ жилээс эхлээд өвчин намдаах эмэнд хүртэл өвчин маань намдахаа больж тариа хийлгэдэг болсон бөгөөд цаашид хагалгаанд орох, хагалгааны дараах сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул байгууллагадаа ажиллах боломжгүй болсон. Ийнхүү энэ талаараа 2024 оны 03 сарын 19-ны өдөр бичиж ажлаас гарах өргөдлөө өгсөн. 2023 оны 05 сарын 31-ний өдөр компанийн зүгээс надад байрны 30 хувийн урьдчилгаа болох 33,000, 000 төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлэн шилжүүлсэн. Тухайн үед надад эрх зүйн баримт бичгээр болоод амаар ямар нэгэн болзол тавьж байгаагүйгээс гадна энэ нь огт зээлийн харилцаа байгаагүй. Ийм учраас ажлаас гарах санал хэлмэгц нөхөж бэлэглэлийн гэрээ байгуулах гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээнд нь гарын үсэг зураагүй. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа жолооч хий гэсэн үед нь жолооч хийж, засварчин хий гэсэн үед нь засварчин хийж, холболт хий гэсэн үед нь холболт хийж байгууллагадаа бие сэтгэлээ зориулж ирсэн ч аргагүй эрхэнд эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүйд хүрсэн тул ажлаас гарсан. Миний бие дээрх 33,000,000 сая төгрөгийг компанийн зүгээс өгсөн буцалтгүй тусламж гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлд нэмэгдүүлсэн 1,000,000 төгрөгийн 600,000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Энэ 1,000,000 төгрөгийг зээлээр авсан нь үнэн. Үүнээс 400,000 төгрөгийг тухайн үед нь цалингаасаа суутгуулж, төлж байсан. Хариуцагч талаас 600,000 мянган төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх саналтай байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хаан банк дахь Т.С*******ын нэр дээрх **** тоот дансны дэлгэрэнгүй хуулгуудын хуулбар хувь, Голомт банк дахь Т.С*******ын нэр дээрх **** тоот дансны дэлгэрэнгүй хуулгуудын хуулбар хувь, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шүүхэд төлөөлөх итгэмжлэл, **** ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мемориалын баримт, **** ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар гүйцэтгэх захиралын тушаалын хуулбар хувь, **** ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, хариу тайлбар, **** ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаар албан бичгийн хуулбар хувь, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар хөдөлмөрийн гэрээний эх хувь, өргөмжлөл, батламжын зураг, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Э*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, фото зураг зэргийг ирүүлсэн.
Хариуцагчийн гэрч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай захирамжийн дагуу гэрч Э.Я*******аас гэрчийн мэдүүлэг авсан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т.С******* нь хариуцагч Б.Э*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.Э******* нь компанийн зүгээс өгсөн буцалтгүй тусламж, шагнал урамшуулал гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын 33,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 1,000,000 төгрөгийг зээлээр авсан нь үнэн. 400,000 төгрөгийг тухайн үед нь цалингаасаа суутгуулж төлсөн. Үлдэх 600,000 төгрөгийг зөвшөөрч байна гэж татгалздаг.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1.Б.Э******* болон *** ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 40 -43 дахь тал)
3.2.Хаан банк дахь Т.С*******ын нэр дээрх **** тоот данснаас 2023 оны 5 дугаар сарын 31-ны өдөр “ЕВ-*** ХХК э*******т шаг” гэсэн гүйлгээний утгатайгаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 17,000,000 төгрөг шилжүүлсэн.(хавтаст хэргийн 6 дахь тал)
3.3.Голомт банк дахь Т.С*******ын нэр дээрх **** тоот данснаас 2023 оны 5 дугаар сарын 31-ны өдөр “*** ХХК Э*******т шагнал урамшуулал олгов”, “Э******* СR-С******* тогтох” гэсэн гүйлгээний утгатайгаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 13,000,000 төгрөг шилжүүлсэн.(хавтаст хэргийн 9 дэх тал)
3.4.Голомт банк дахь Т.С*******ын нэр дээрх **** тоот данснаас 2023 оны 6 дугаар сарын 01-ны өдөр “*** ХХК Э*******т шагнал олгов”, “*** ХХК Э******* шагнал олгов” гүйлгээний утгатайгаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,500,00 төгрөг шилжүүлсэн.(хавтаст хэргийн 9 дэх тал)
3.5.Голомт банк дахь Т.С*******ын нэр дээрх **** тоот данснаас 2024 оны 2 дугаар сарын 11-ны өдөр “*** ХХК зээл олгов” гүйлгээний утгатайгаар 1,000,000 төгрөг шилжүүлсэн.(хавтаст хэргийн 57 дахь тал)
Хариуцагч Б.Э*******т 34,000,000 төгрөгийг шилжүүлсэн болон шилжүүлсэн 34,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөг нь зээл байсан тухайд талууд маргаангүй. (хавтаст хэргийн 57 дахь тал)
Харин Б.Э*******т шилжүүлсэн 34,000,000 төгрөгийн 33,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй зээлсэн эсэх? Буцалтгүй тусламж, шагнал байсан эсэхэд болон 1,000,000 төгрөгийн 400,000 төгрөгийг буцаан төлсөн эсэхэд талууд маргаантай.
4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний харилцаа үүссэн, 33,000,000 төгрөгийн зээлийн зориулалтаар олгосон, хариуцагч нь буцаан өгөх үүрэгтэй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
Хэдийгээр, нэхэмжлэгч Т.С*******ын данснаас 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, фото зураг, “шагнал гардуулж байгаа зураг дээр хажууд зогсож байгаа хүн хэн юм бол гэсэн асуултанд манай захирал Т.С*******” гэх хариуцагч Б.Э*******ийн тайлбар, “Б.Э*******ийг 2023 онд шагналд тодорхойлуулж байсан, Шагналд тодорхойлоод 33,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд шагнал гээд байгууллагаас өгч байсан. Ажилчдаа маш сайн удирдаж ажиллаж байгаа гээд шагнал болгон байрны урамшуулал 33,000,000 төгрөг өгч байна гэж хэлсэн. Кассын данс гээд захирлын хувийн данс байдаг. Тэр данснаас гаргаж байсан санагдаж байна” гэх гэрч Э.Я*******ын мэдүүлэг зэргээс үзэхэд 33,000,000 төгрөгийг зээлэх зорилгоор, буцаан төлөх нөхцөлтэйгээр Б.Э*******т олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Компанийн зүгээс өгсөн буцалтгүй тусламж, шагнал урамшуулал гэж үзэж 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн, амаар ямар нэгэн болзол тавьж байгаагүйгээс гадна энэ нь огт зээлийн харилцаа байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
5.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.“Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 187 дугаар зүйлийн 187.1.“Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ”, 8 дугаар зүйлийн 8.1. “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ”, 8.1.1.“хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”,8.1.6. “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших” гэж тус тус заасан.
*** ХХК-ийн өмнөөс шагнал урамшуулал олгох зорилгоор нэхэмжлэгч Т.С*******ын данснаас 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тухайн мөнгийг шилжүүлсэн дансны хуулга, “*** ХХК-аас 33,000,000 төгрөгийг Б.Э*******т шилжүүлсэн өөр гүйлгээ байгаа юу гэх асуултанд Байхгүй” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б*******ий тайлбар зэргээр нотлогдож байх тул Б.Э******* нь уг мөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхгүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүргийн харилцаа үүсээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.С******* нь 33,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э*******ээс шаардах эрхгүй бөгөөд 33,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Хариуцагч Б.Э******* нь 2024 оны 2 дугаар сарын 11-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан бөгөөд уг мөнгийг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч, 400,000 төгрөгийг цалингаасаа суутгуулах хэлбэрээр төлсөн, үлдэх 600,000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байх боловч 400,000 төгрөгийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э*******ээс 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.С*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*******ээс 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР